Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2024/0318

 

 

 

 

 

 

 

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч С.Б

Хариуцагч Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг дарга

Гуравдагч этгээд Б.Х

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/** дугаартай захирамжийн Б.Х-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Тэлмэн сумын Хар Чулуу нэртэй өвөлжөөний газрыг Б.Х-т эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 118/ШШ2024/0013 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 118/2024/0004/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Б нь Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргад холбогдуулж “Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/** дугаартай захирамжийн Б.Х-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Тэлмэн сумын Хар Чулуу нэртэй өвөлжөөний газрыг Б.Х-т эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 118/ШШ2024/0013 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал давж заалдах гомдолдоо:

“...Тус шүүхээс Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/** дугаартай захирамжийн Б.Х-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Тэлмэн сумын Хар чулуу нэртэй өвөлжөөний газрыг Б.Х-т эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэн Б.Х нь 1217002***дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Улаан хад гэх газрын гэрчилгээний дугаартай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Харин Б.Хын хар чулууны өвөлжөөний гэрчилгээнд 121700*** гэж Улаан хадны өвөлжөөнд олгогдсон гэрчилгээний дугаар тавигдсан байгаа нь Завхан аймгийн Тэлмэн сумын Хар чулуу нэртэй өвөлжөөний газрыг Б.Х-т эзэмшүүлсэн гэрчилгээ нь хууль бус актын шинжтэй байдаг.

Өөрөөр хэлбэл Б.Х-т Тэлмэн сумын нутагт Хар чулуу гэх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 118/ШШ2024/0013 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Газрын тухай хуулийг үндэслэлтэй тайлбарлаж, нэхэмжлэгч С.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/** дугаартай захирамжаар Тэлмэн сумын Хар чулуу нэртэй өвөлжөөний газрыг Б.Х-т эзэмшүүлсэн гэрчилгээ нь хууль бус актын шинжтэй хэмээн маргажээ.

3. Гуравдагч этгээд Б.Х-т Завхан аймгийн Тэлмэн сумын Дунд шургах “Хар чулуу” гэх газарт 0.2 га газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 121700*** дугаартай газар эзэмших гэрчилгээг 1999 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Тэлмэн сумын Засаг дарга олгожээ.

4. Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Тэлмэн сумын Шургах багт газар эзэмшүүлэх зөвшөөрлийг 2 дугаар хавсралтаар баталсугай гэсэн боловч уг хавсралт нь Тэлмэн сумын болон Завхан аймгийн архивд хадгалагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч С.Б нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “...өөрийн хүү Б.Түвдэнсүрэнд Хар чулууны өвөлжөөний газрыг эзэмшүүлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.

6. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан.

7. Анхан шатны шүүх “...маргаан бүхий А/** дугаар захирамж, уг хэргийн гуравдагч этгээд Б.Х-т олгосон 121700118 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн 121700118 дугаарт бүртгэсэн Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ зэрэг баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Б-ын эзэмших хүсэлт гаргасан газрын байршил нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг зөрчиж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж үндэслэлтэй дүгнэжээ. 

8. Нэхэмжлэгч С.Б нь өөрийн төрсөн эх Б.Х-т газар эзэмшүүлсэн нь хууль бус хэмээн маргахдаа “...тухайн өвөлжөөний газрын хашаа хороог С.Б барьсан байхад С.Д хүүдээ шилжүүлж өгөх, өвлүүлэхээр хүсэлтээ гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй...” гэх боловч энэ нь анх газар эзэмшүүлсэн захирамжийг шүүхээс хууль бус гэж үзэн хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.   

9. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актуудын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 118/ШШ2024/0013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА