Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 22

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Б.Энхмэнд /онлайнаар/

          Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/54 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Г од холбогдох 1929000850038 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 5/03 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, 1990 онд Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймаг, Манлай сум, Өгөөмөр 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Их Өлзийт овогт Д.Г  /РД:............/.

Шүүгдэгч Д.Г  нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой согтуугаар Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн нутаг “Дугуй бууц” гэх газарт иргэн А.З тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор нь Д.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар  зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:  Шүүгдэгч Д.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г оос 1600000 төгрөг гаргуулан хохирогч А.З т олгож, шүүгдэгч Д.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуур 1 ширхэг, хагарч бутарсан сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: 

“ Анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн зүйлийн 1.3-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Б  гэж, шүүгдэгч Д.Г од түүний үйлдсэн гэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн дүгнэлт нь утга, найруулгын алдаатай, нотлох баримтанд үндэслэгдээгүй, эргэлзээ, таамаглал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Прокуророос яллагдагч Д.Г ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй болохыг тогтоосон нотлох баримтууд хэрэгт хангалттай цугларсан гэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанд ял оногдуулах санал гаргасаар байтал шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч Д.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Дээд шатны прокурор Б.Энхмэнд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд эргэлзээгүй байна гэх заалтыг зөрчсөн.

Хэргийн зүйлчлэлийн хувьд анхан шатны шүүхээр дахин авч хэлэлцэхээр байна.

Хоёр хүн харилцан зодолдсон зүйл байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хөдөлмөр хамгаалалтай холбоотой зохицуулалтыг зохицуулсан болгоомжгүй үйлдлийг заасан байна.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйл дээр энэ томьёолол байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд зааснаар  болгоомжгүй үйлдлийг яллаж оруулсан прокурорын алдаа яригдаж байгаа.

Хэргийн үйл баримтыг судалж үзэхээр болгоомжгүй үйлдэл гэхээс илүү үйлдэлдээ болгоомжгүй хандсан санаатай хэлбэр харагддаг.                                                                   

Шийтгэх тогтоол анх гарахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж шийдсэн боловч шийтгэх тогтоолын хувийг гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцсон. Энд прокурорын алдаа цаана нь явж байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр ярьж шийдэх чиглэлийг өгсөн байгаа.

Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна. Прокурорын эсэргүүцэл дээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэсэн байгаа. Би  хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Г од холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

  1. Хяналтын прокурор Д.Ганчимэг нь яллагдагч Д.Г ыг иргэн А.З тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зүүн гарын шуунд нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан хохирол, хор уршиг учирсан байх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

Энэ гэмт хэргийн онцлог нь бланкет бүтэцтэй байх тул гэмт эс үйлдэхүйн шинжийг тогтоохдоо эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг эрх зүйн баримт бичигт хэрхэн томьёолсныг анхаарах шаардлагатай. ууль тогтоох эрх мэдлийн байгууллага болох УИХ-аас бүрэн эрхийн хүрээнд нийтийн ашиг сонирхлыг илэрхийлж баталсан, бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргаж буй эрх зүйн баримт бичгийг хууль гэж ойлгоно.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэсэн ба “Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага” гэдэгт Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1-5.1.5, 5.4 дэх хэсэгт заасан нийтийн эрх зүйн этгээд буюу захиргааны байгууллага хамаарахаар заажээ.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэжээ.

Прокурор нь яллах дүгнэлт болон шүүх хуралдаанд ял оногдуулах талаарх тайлбар,  дүгнэлтдээ Д.Г ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон боловч Д.Г  нь иш татсан дээрх хэм хэмжээний аль хэмжээг хэрхэн зөрчсөн, ямар нөхцөл байдлыг нь болгоомжгүй гэж үзэж байгаа үндэслэлээ тодорхойлж нотлоогүй нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн  32.10 дугаар зүйл, 34.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй нийцээгүй байна.

  1. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6-36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгээс үзвэл, нотлох баримтын эх сурвалжийг нэрлэн жагсаасан, харин шүүгдэгч Д.Г ын гэм бурууг тогтоосон нотлох баримтын агуулгыг бичээгүй, аль нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, нотлох баримтыг хэрхэн харьцуулсан, шүүх хуралдаанаар ямар үйл баримтыг олж тогтоосон, яллах дүгнэлтэд заасан хэргийн зүйлчлэлийг өөрчлөх болсон үндэслэл буюу хүндэвтэр хохирол учирсан гэх нөхцөл байдлыг хөнгөн хохирол гэж, хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэснийг хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэж, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг санаатай үзсэн үндэслэлүүдийнхээ огт дурдаагүйгээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлт хийжээ.

Иймд нотлох баримтад үндэслээгүй, хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж гарсан шүүхийн шийтгэх тогтоолыг хуульд заасан шаардлагын дагуу үйлдэгдээгүй гэж үзнэ.

  1. Хэрэгт авагдсан зарим нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжээгүй байна. Тухайлбал,  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.30-д шөнийн цаг гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг ойлгоно гэж, мөн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт энэ хуульд заасан хойшлуулшгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно гэжээ.

Иргэн Б.Н гаас 22 цаг 45 минутанд гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг прокурор яллаж байгаа гэмт хэргийг нотлох зайлшгүй шаардлагатай нотлох баримт болгон яллах дүгнэлтдээ тусгажээ./ хэргийн 24, 72, 87 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэрч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэх эсэхийг тодруулахгүйгээр Д.Г ын төрсөн дүү Г.Б гээс мэдүүлэг авсан байна. / хэргийн 25, 72, 87 дугаар хуудас/

Хэрэгт гэрчээс мэдүүлэг авах нь хойшлуулшгүй ажиллагаа байсан эсэх, тэрээр өөрөө мэдүүлэг өгөхийг хүссэн талаар нотлох баримт алга байна.

4. Д.Г  нь өөрийгөө бага боловсролтой гэжээ. /хэргийн 31, 48, 86 дугаар хуудас/

Бага, дунд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар бага боловсролыг 5 жилд эзэмшиж, эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж, бичиж сургах чадвартай болсон иргэнийг бага боловсролтой гэж үзнэ.

Монгол хэлний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “монгол хэл, бичиг” гэж монгол хэл, кирилл болон үндэсний бичгийг ойлгоно, 8 дугаар зүйлийн  8.1-д Монгол Улсын хэмжээнд кирилл болон үндэсний бичгийн зөв бичих тус тусын нэгдмэл дүрэмтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээд уг дүрмийг дагаж мөрдөнө гэжээ.

 Иймээс “Бичиг мэдэхгүй” гэдэгт  үсэг мэдэхгүй, эсхүл зөв бичих дүрмийн дагуу авиаг үсгээр зөв дуудан, зөв хэлбэрээр тэмдэглэж, холбож үг бүтээж чадахгүйгээс өөрийн үзэл бодол, хүсэл зоригоо илэрхийлж чадахгүй, түүнчлэн өөр хүн уг бичсэн үгийн утгыг ойлгохгүй нөхцөл байдал үүсэхийг ойлгохоор байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй.

Д.Г  нь өмгөөлөгчгүй байцаалт өгөх тухай саналд 13 үг бичсэнээс 11-ийг, хэргийн материал танилцуулсан гэх тэмдэглэлд 3 үг бичсэнээс 2-ыг, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээний талаарх баталгаа, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүдэд тус бүр 2 үг бичсэнээс бүгдийг Монгол хэлний зөв бичих дүрмийн дагуу зөв бичээгүйгээс үг бүтээж өгүүлбэр болгон хүсэл зоригоо ойлгомжтой илэрхийлж чадаагүй байна. Иймээс түүнийг боловсролын агуулгаар бага боловсролтой гэж үзэхэд эргэлзээтэй, харин түүнийг бичиг мэдэхгүй гэж үзэхээр байна. /хэргийн 70 дугаар хуудас/

Бичиг мэдэхгүй хүнийг яллагдагчаар татаж мэдүүлэг авах /хэргийн 48-49 дүгээр хуудас/ болон бусад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж яллагдагчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаа мэдэх, 7.5 дугаар зүйлд заасан мэдээлэл авах, 7.7 дугаар зүйлд заасан гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзлээ.

  1. Д.Г  нь 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдөр өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэснээр түүнээс хэргийн талаар мэдүүлэг аваагүй, харин 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 50 минутанд Өмнөговь аймгийн Манлай суманд өмгөөлөгч Н.Энхтөрийг оролцуулан мэдүүлэг авсан тэмдэглэлүүд хэргийн 31, 34 дүгээр хуудсанд авагдсан байна.

Д.Г  нь өмгөөлөгч Н.Энхтөртэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг  2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулжээ. /хэргийн 51 дүгээр хуудас/

Манлай, Ханбогд сум нь хоорондоо 100 гаруй км зайтай болох нь Өмнөговь аймгийн статистикийн үзүүлэлтээр тогтоогддог. Иймд П.Ганболдоос гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа явуулахдаа түүний өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг хангасан эсэхэд эргэлзээ төрж байна.

Дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байх тул прокурорын эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээн авах боломжтой.

Харин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ноцтой зөрчсөн ажиллагааг анхан шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг урьдчилан хэлэлцүүлэг хийлгэхээр шүүхэд шүүхэд бус прокурорт буцаах нь хэргийн бодит байдлыг тогтоох, эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Г од холбогдох 1929000850038 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/54 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Г од холбогдох 1929000850038 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.

            2.  Дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсан болохыг дурдсугай.

            3. Хэргийг прокурорт очтол Д.Г од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4.  Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                    ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                               Ц.ОТГОНЦЭЦЭГ