Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00351

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00339 дугаар шийдвэр,

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 44 дүгээр магадлалтай,

 *******ийн нэхэмжлэлтэй,

Д.Мөнхзоригт холбогдох,

 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч*******ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

 Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Даваадорж овогтой Мөнхзоригийн 5059255309 дансанд 2017.08.29-ний өдөр 3,000,000 /гурван сая/ төгрөг, 2017.08.30-ны өдөр 3,000,000 /гурван сая/ төгрөгийг тус тус гар утаснаасаа мобайл банкаар шилжүүлсэн болно.******* нь миний төрсөн эгч А.Навчаатай хамтран амьдарч гэрлэлтээ бүртгүүлсэн байсан, миний хүргэн ах болох хүн гэдэг утгаар нь би нийт 6,000,000 төгрөгийг зээлсэн. Надаас энэ мөнгийг авахдаа байрны урьдчилгаанд мөнгө хэрэгтэй байна. Мөнгө зээлээч би 14 хоногийн дараа цалингийн зээл гаргуулаад буцаагаад өгье гэсэн. Миний эгч А.Навчаа нь 2017.02 дугаар сард Солонгос улс руу явсан бөгөөд тэнд ажиллаж байсан. Тэгээд миний эгч А.Навчаа нь 2018.01.18-ны өдөр Монгол улсад ирэхдээ өөр хамтран амьдрагчтай болсон тул*******, А.Навчаа нар гэрлэлтээ цуцлуулсан. Тэгээд би*******оос 6,000,000 төгрөгөө авах тухай хэлэхэд өгөхгүй гэж хэлсэн. Хариуцагч******* нь манай эгчтэй хамт амьдрах хугацаандаа өөрийн цалингийн зээл, өөрийн төрсөн ах Д.Мөнх-Эрдэнэгээс зээлсэн мөнгийг буцааж төлөхөд энэхүү 6,000,000 төгрөг орсон гэж тайлбарлах боловч эдгээр мөнгийг манай эгч А.Навчааг Солонгос улсад байхад нь ээж бид хоёр бүгдийг нь төлөөд дуусгасан.*******ийн цалингийн зээлийг 2017.05.11-ний өдөр би түүний данс руу 6,313,633 төгрөг хийж хаасан. Иймд би*******т ямар нэгэн өр байхгүй тул хариуцагч*******оос 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч А.Мөнхзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд гэр бүлээ өөдөн татахаас илүүтэй хадам болох Алтан-Очирын хашаа байшинг олсон цалин хөлсөөрөө өөдөн татаж, засаж янзлан эхнэр А.Навчаа бид хоёр өөрнөөсөө гарч болох бүхэл санхүүгээрээ туслаж амьдарч байсан. 2016 онд миний эхнэр А.Навчаагийн төрсөн дүү А.Жавзандулам нь бид хоёрт хандаж манай найз залуу Швед улс руу хүн гаргадаг гэж хэлээд миний цалингийн зээл 9,000,000 төгрөг, миний төрсөн ах Д.Мөнх-Эрдэнээс 3,000,000 төгрөг зээлж аваад хоёр хүний төлбөр болгож А.Навчаад өгсөн. Гэтэл эхнэр А.Навчаагийн дүү А.Жавзандуламын найз залуу гэх Н.Мөнхбаяр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж энэ үйлдэлдээ эрүүгийн хэрэг үүсгүүлэн Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн. 2017 онд миний эхнэр А.Навчаа БНСУ руу 3 сарын аялалын визээр ажил хийхээр яваад харлаж үлдсэн. Энэ хугацаанд эхнэр А.Навчаа нь төрсөн дүү ******* рүү мөнгө шилжүүлж миний цалингийн зээлийн үлдэгдэл болох 6,000,000 төгрөг, миний ахаас авсан 3,000,000 төгрөгийг хаасан. Ингэхдээ *******ийн данснаас миний данс руу шилжүүлсэн. 2018.01 дүгээр сард А.Навчаа нь Солонгос улсаас Монгол улсад ирсэн. А.Навчааг Солонгос улс руу явахад бид хоёр хэвийн харьцаатай байсан. Тэрээр Солонгос улсад байхдаа өөр хүнтэй болсон байсан. Тэгээд бид хоёр таарч тохирохгүй болоод 2018.04.12-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Иймд нэхэмжлэгч *******ийн надаас нэхэмжилээд байгаа 6,000,000 төгрөг нь би түүний эгч А.Навчаатай хамт амьдарч байхдаа миний цалингийн зээл 9,000,000 төгрөг, миний ах Д.Мөнгөн-Эрдэнээс зээлсэн 3,000,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг надад буцааж өгсөн мөнгө гэж би боддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.28-ны өдрийн 153/ШШ2019/00339 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч*******оос 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******оос улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.25-ны өдрийн 1737 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.28-ны өдрийн 153/ШШ2019/00339 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч******* миний зүгээс хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө нэхэмжлэгч ******* болон түүний эгч А.Навчаа нарт холбогдуулан 3,186,000 төгрөгийг тэднээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь нийт 12 сая төгрөгийг цуглуулан *******, А.Навчаа нарын төрсөн дүү А.Жавзандуламын найз залуу болох Н.Мөнхбаярт Швед улсын виз гаргуулахаар шилжүүлсэн боловч залилангийн гэмт хэргийн хохирогч болон үлдсэн. Миний хувьд уг гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэх үед өөрт учирсан хохирлыг А.Навчаа болон ******* нараас 3 удаагийн шилжүүлгээр 12,000,000 төгрөгөө авсан байсан тул тухайн үед хохирол гомдолгүй гэж мэдүүлсэн байсан бөгөөд А.Навчаа нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө *******ийн дансаар шилжүүлж 2,500,000 төгрөгийг надад өгсөн гэж мэдүүлдэг ба уг 2,500,000 төгрөгийг ******* нь надад өгөөгүй юм. Нийт 12 сая төгрегнөөс Н.Мөнхбаяраас авсан 1,500,000 төгрөг, манай ах Д.Мөнгөн-эрдэнийн дансанд хийсэн 1,000,000 төгрөг, зээл хаасан 6,313,633 төгрөг зэргийг хасаад үлдэгдэл 3,186,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийг хүссэн. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон А.Навчаагийн мэдүүлэг болох 2,500,000 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан *******ийн эзэмшлийн 5021299431 тоот дансны хуулга болон ******* нь уг мэдүүлгийг хүлээн зөвшөөрч байгаа зэргээр нотлогдох боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийг нотлох баримтууд нь *******ийн нэхэмжлэлтэй*******т холбогдох иргэний хэрэгт бүрэн цугларсан тэдгээрийг үндэслэн шүүхээс үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байгаа юм. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох ёстой байдаг гэж үндэслэлгүй дүгнэлт хийгээд ИХШХШТХ-н 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-н 26 дугаар зүйлийн 26.2, 73 дугаар зүйлийн 73.1-д заасан хариуцагчийн эрхийг ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд манай өмгөөлөгч Д.Хуягбаатар нь Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн танхимд Х.Мөнхтуулын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжпэгчийн өмгөөлөгчөөр оролцох болсон тул давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргаж өгсөн боловч өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүйгээр хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-н 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.28-ны өдрийн 153/ШШ2019/00339 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 44 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

А.Батзориг нь*******т холбогдуулан 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

******* нэхэмжлэлийн үндэслэлээ ....Д.Мөнхзориг нь надаас байрны урьдчилгаанд мөнгө хэрэгтэй байна, ... гэж 6,000,000 төгрөг зээлэхийг хүсэхэд нь зөвшөөрч 2017.08.29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2017.08.30-ны өдөр 3,000,000 төгрөг, бүгд 6,000,000 төгрөгийг*******ийн ХААН банкны 5059255309 тоот дансанд шилжүүлж өгсөн гэж тайлбарлсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн 5021299431 тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр 6,000,000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн дансанд шилжин орсон, тэрээр мөнгийг захиран зарцуулсан нь үгүйсгэгдээгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зээлийн гэрээг хэлэлцэн тохирсноор амаар байгуулж болох бөгөөд амаар байгуулсан тохиолдолд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-д зааснаар хүү, алданги авах эрхээ алдах боловч үндсэн зээлийг шаардах эрхтэй.

Талууд зээл олгох талаар амаар хэлэлцэн тохирч, мөнгийг зээлийн зориулалтаар шилжүүлсэн нь хэргийн дээрх баримтаар тогтоогдсон, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

2. Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ...******* миний данс руу шилжүүлсэн 6,000,000 төгрөг нь би түүний эгч А.Навчаатай хамт амьдарч байх хугацаанд авсан цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг, ах Д.Мөнгөн-Эрдэнээс зээлсэн 3,000,000 төгрөгийг А.Навчаа дүү *******ээр дамжуулан надад буцааж өгсөн мөнгө гэж тайлбарлжээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж,*******ийн цалингийн зээлийн 6,000,000 төгрөгийн өрийг өөрийн эзэмшлийн 5863198446 тоот данснаас 2017.05.11-ны өдрийн гүйлгээгээр 6,313,633 төгрөгийн дүнгээр*******ийн эзэмшлийн ХААН банкны 5863198446 тоот харилцах дансанд шилжүүлэн төлсөн гэж, харин Д.Мөнгөн-Эрдэнээс зээлсэн 3,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг А.Навчаагийн нэрээр Х.Алтан-Очир 2017.05.15-ны өдөр түүний дансанд шилжүүлж өгсөн, 2,000,000 төгрөгийг******* бэлнээр авснаа зөвшөөрч мэдүүлсэн гэсэн тайлбар гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, үүнийг хариуцагч үгүйсгэсэн баримт гаргаагүй байна. (хх-65, 70,152-153,155)

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт шаардаж буй 6,000,000 төгрөгийн зээл, хариуцагчийн татгалзалдаа зааж буй 9,000,000 төгрөгийн өрийн асуудал нь цаг хугацааны хувьд болон мөнгөний гүйлгээ хийсэн данс нь өөр өөр байна.

Хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ шүүхэд өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд шүүх түүнд энэ үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангасан, тэрээр татгалзлын үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй, маргаанд хэрэглэвэл зохих хуулийг сонгон хэрэглэсэн, шийдвэр, магадлал хуулийн үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд хянаж анхан шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг зөрчөөгүй байна.

Учир нь хариуцагч******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогч биш А.Навчаад холбогдуулан гаргах боломжгүй гэх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх хуулийн үндэслэлгүй байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдааны товыг зохигч нарт мэдэгдсэн нь (хх-205) баримтаар тогтоогдсон, тэрээр хуралдааны бэлтгэл хангах үүрэгтэй тул ... өмгөөлөгч Д.Хуягбаатарыг ... давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй гэх хариуцагчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00339 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 44 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч*******ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагч*******ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 111,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧ                                                            Б.УНДРАХ

Х.СОНИНБАЯР

                                                                                             Д.ЦОЛМОН