Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
Хэргийн индекс | 105/2022/0522/Э |
Дугаар | 2022/ШЦТ/553 |
Огноо | 2022-04-12 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/553
2022 04 12 2022/ШЦТ/553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Д-ийн Гт холбогдох эрүүгийн 2106 02729 0570 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ******-ны **** тоотод хамтран амьдрагч Т.Юыг гэрээс гаргахгүй гэх шалтгаанаар түүний зүүн гарын шууг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь зүүн шуунд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай эхнэр архи уусан үедээ алга болчихдог юм. Уг нь намайг асарч байх ёстой хүн. Асаргааны мөнгө авдаг. Тэгээд гарч архи ууна гэхээр би гаргахгүй гэсэн чинь намайг заамдчихаад тавихгүй байхаар би цохисон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ******-ны 14-267 тоо гэх ертөнцийн зүгээр зүүн урд зүгт харсан саарал өнгийн төмөр гүйдэг хаалгатай, банз модон хашаа байв... үзлэгийг цааш хашаанд орж хийхээр тогтов... хашааны хойд талд улаан ба улаан тоосгон байшингийн хойд үзүүрт өвсөн дунд байсан хар өнгөтэй нийт урт 20 см, ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг 8 см урт, үзүүр хэсгээс бариул хэсэг хүртэл 4 см хүртэл хэмжээтэй өргөссөн хутга байсныг ... эд мөрийн баримтаар бэхжүүлж хураан авав... Үзлэгийг цааш улаан өнгийн тоосгон байшинд орж хийхээр тогтов... хутгаар зүссэн гэх хойд талын өрөөнд орж... хойд буланд байрлуулсан орны хажууд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн алчуур байх ба ... гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч эд мөрийн баримтаар хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-18 дугаар хуудас),
Т.Юын биед үзлэг хийсэн: “... зүүн гарын гадна шуу хэсэгт 5х2 см хэмжээтэй зүсэгдсэн шархтай...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудас),
Хохирогч Т.Юын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед би дэлгүүр орж 0.75 литрийн Хараа архи авч ирээд нөхөр Д.Гын хамтаар уусан. Уг архиа уунгаа хоол хийгээд мах чанаж идэж байгаад 14 цагийн үед архиа дуусгаад би гэрээс гарах гэсэн чинь нөхөр Г намайг гаргахгүй гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би гарна гээд хувцсаа өмстөл нөхөр ширээн дээр байсан мах идэж байсан хар өнгийн иштэй хутгаар миний зүүн гарын шууны гадна хэсэгт 1 удаа зүсчихсэн... би архи уучхаад нэмж архи уух гээд гэрээс гарах гэтэл нөхөр намайг гаргахгүй гээд би гарна гэж дайраад тэгээд нөхөр Г уурлаад хутга бариад зүссэн... Д.Г нь архи уучихсан үедээ агсан тавиад байдаг байсан. 2020 онд нэг удаа агсан тавиад над руу хутга бариад дайрч байсан. Мөн хэд хэдэн удаа намайг зодож баривчилгаанд явж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-30, 32 дугаар хуудас),
Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед барилга дээр ажил хийдэг байсан ба 2021 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг болж байхад ажилдаа явахаар гараад орой 23 цаг өнгөрч байхад гэртээ иртэл аав, ээж хоёр гэртээ байхгүй байсан ба манай хажуу айлын хүн танай аав ээж хоёр хутга шөвгийн асуудал болоод ээжийг чинь эмнэлэг аваад явсан. Аавыг чинь цагдаа руу аваад явсан гэж хэлсэн... Манай аав Г болон ээж Ю нар нь архийг бол байнга уугаад байдаггүй. Сардаа 2, 3 удаа уучихдаг. Нэг уучихаараа хааяадаа үргэлжлүүлж 1, 2 хоног уугаад байдаг. Архи уучихаараа хоорондоо маргалдаад, хэрэлдэх гээд байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11624 дүгээр: “... Хэсэг газрын үзлэгт: Зүүн шууны гадна доод хэсэгт 4х0.2 см арьсны түвшингээс доош хонхойж орсон хүрэн өнгийн сорвитой. ДҮГНЭЛТ: 1. Т.Ю-н биед зүүн шуунд сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас),
Шүүгдэгч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... би эхнэр Т.Юын хамт 0.75 литрийн Хараа архи хувааж уусан... ширээн дээр байсан махыг хутгаар огтолж идэж байхад манай эхнэр Т.Ю гэрээс гарч явна гэсэн би чамайг гаргаж явуулахгүй гэж хэлээд бид хоёр зууралдаж байгаад би мах огтолж байсан хар иштэй жижиг хутгаар Т.Юын гарын шуу хэсэгт нэг удаа зүссэн. Тэгээд би өөрөө цагдаа дуудсан... би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8, 10 дугаар хуудас),
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 151-159 дүгээр хуудас),
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, торгуулийн хуудасны бүртгэл, саатуулсан хүний талаарх болон Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн Цагдаагийн байгууллагын нэгдсэн системийн бүртгэл (хавтаст хэргийн 83-146 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 86 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дугаар хуудас),
Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас),
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар хуудас),
Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “... Шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ******-ны **** тоотод Д.Г, Т.Ю нар ахуйн хүрээнд архидан согтуурч, Т.Ю гэрээс гарлаа гэхэд Д.Г нь түүнийг гаргахгүй гэж хутгаар зүүн гарынх нь шууг зүсэж гэмтэл учруулсан байна.
Хохирогчид Шүүхийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11624 дугаар дүгнэлтээр “зүүн шуунд сорви” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Шүүгдэгч Д.Г болон хохирогч Т.Ю нар нь 1995 оноос хойш хамтран амьдарч дундаасаа 3 хүүхэдтэй болсон байх тул гэр бүлийн харилцаа хамааралтай хүмүүс байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Д.Г нь хутгаар хохирогчийн зүүн шууг хатгаж эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Т.Юд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11624 дүгээр дүгнэлтээр “зүүн шуунд сорви” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Г нь хохирогч Т.Юын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг, мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгодог.
Шүүгдэгч Д.Г нь хохирогч Т.Юын эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Т.Ю нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, мөн хавтаст хэргийн 161 дүгээр хуудас хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд “... санал, гомдол байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Д.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас шүүгдэгчид “3 сар зорчих эрх хязгаарлах ял согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах санал” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч “хэлэх зүйлгүй” гэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.
Шүүгдэгч Д.Г нь 1960 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 61 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг, 2021 оны 3 дугаар сард тал харвасан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял болон торгох ял оногдуулах боломжгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хутгаар халдаж хохирогчид зүүн шуунд сорви бүхий хөнгөн хохирол учруулсан, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэж байсан гэх хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг, 61 настай зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Д.Гт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооноос явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоов.
Мөн зорчих эрх хязгаарлах ял эдэлж байх хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 20 см урттай, ажлын хэсгийн урт нь 12 см, бариул хэсэг нь 8 см урт, үзүүрээс бариул хүртэл 4 см өргөссөн хар өнгийн хутга 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн алчуур 1 ширхгийг тус тус устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.
Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Говогт Д-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Гт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооноос явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Гт зорчих эрх хязгаарлах ял эдэлж байх хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 20 см урттай, ажлын хэсгийн урт нь 12 см, бариул хэсэг нь 8 см урт, үзүүрээс бариул хүртэл 4 см өргөссөн хар өнгийн хутга 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн алчуур 1 ширхгийг тус тус устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ