Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 4

 

2018 оны 09 сарын 17 өдөр

            Дугаар 189/ШШ2018/00004

                        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол 69а байр, 48 тоотод оршин суух, Хиргис Эрдэнэбулганы Мөнхжаргал /РД:ГЮ89031400/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Өндөртолгой 3 дугаар байр, 45 тоотод оршин суух, Боржигон Цэрэндоржийн Батхүү /РД:МЗ87051518/-д холбогдох

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уртнасан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Мөнхжаргал нь 2011 оны 10 дугаар сард Ц.Батхүүтэй танилцаж, 2012 оны 02 дугаар сараас хамт амьдарсан. Ц.Батхүү хамт амьдрах хугацаандаа маш их харддаг байсан. Мөн Э.Мөнхжаргалд гар хүрч зүүн нүдэнд цус хуртал цохисон учраас Хан-Уул дүүргийн цагдаад өгч байсан. Э.Мөнхжаргалын ажил дээр ирж доромжилдог, удаа дараа гар хүрдэг байсан. Э.Мөнхжаргалын төрсөн ганц эрэгтэй дүү, хамаатан, садан нь ирэхэд дургүй байдаг байсан. Сэтгэл санааны дарамттай, хүчирхийлэлд өртөж байсан учраас 2012 оны 6 дугаар сараас 09 сар хүртэл харилцаа холбоогоо тасалсан боловч Ц.Батхүү гэмшин уучлал гуйсан учраас буцаж нийлэн хамт амьдарч 2013 оны 09 дүгээр сард хүүтэй болсон. Э.Мөнхжаргал болон Ц.Батхүү нар тусдаа амьдраад 2 жил 6 сар болж байгаа. Э.Мөнхжаргал одоо АНУ-д магистарт сурч байгаа. Ц.Батхүү хамт амьдрах хугацаандаа худалдаж авсан буйдан, ширээ, сандал, хананы шүүгээгээ буулгаад өөрөө аваад явсан. Цаашид Ц.Батхүүтэй хамт амьдрах ямар ч боломжгүй. Эд хөрөнгийн талаар  маргаангүй. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Иймд Э.Мөнхжаргал, Ц.Батхүү нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Батхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Би Э.Мөнхжаргалын гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Мөнхжаргал нь хариуцагч Ц.Батхүүд холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Ц.Батхүү нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.

Шүүх нэхэмжлэгч Э.Мөнхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан.

Нэхэмжлэгч Э.Мөнхжаргал гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй. 

Нэхэмжлэгч Э.Мөнхжаргал, хариуцагч Ц.Батхүү нар 2011 онд танилцаж, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүү Б.Билэгт төрж, эх Э.Мөнхжаргалын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн 1122000436 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн 1122002958 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, АНУ-ын Иллиноис мужийн хүүхдийн эрүүл мэндийн хуудас, Чикагогийн коллежийн хүүхдийн хөгжлийн лаборатори сургуулийн элсэлтийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-8-15/

Мөн тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлд уригдагч тал уулзалтад хүрэлцэн ирээгүй, өргөдөл гаргагч тал шүүхэд хандах хүсэлт гаргасан байна.

Нэхэмжлэгч Э.Мөнхжаргал гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...Ц.Батхүү харддаг ба олон нийтийн газар зодож, удаа дараа гар хүрч байсан. Бид тусдаа амьдраад 2 жил 6 сар болж байна. Би одоогоор АНУ-д суралцаж байгаа. Цаашдаа хамтран амьдрах боломжгүй...” гэж тайлбарласан, хариуцагч Ц.Батхүү “...Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйл байхгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс  гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх зэрэг үүргээ биелүүлээгүйгээс болсон гэж үзэв.

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Э.Мөнхжаргал үр хүүхэддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, эхдээ ээнэгшин дассан зэргийг харгалзан 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Билэгтийг эх Э.Мөнхжаргалын асрамжид байлгах нь зүйтэй гэж үзнэ.

Хариуцагч Ц.Батхүү бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй. 

Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй.

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийн өмнө хүлээх үүрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан болно.

Зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаагүй байна.

Шүүх нэхэмжлэгч Э.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Батхүүгээс 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Мөнхжаргалд олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар  нэхэмжлэгч Хиргис Эрдэнэбулганы Мөнхжаргал, хариуцагч Боржигон Цэрэндоржийн Батхүү нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Билэгтийг эх Э.Мөнхжаргалын асрамжид байлгасугай.

3. Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх,  үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх,  суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах үүрэгтэй болохыг эцэг Ц.Батхүү, эх Э.Мөнхжаргал нарт мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Э.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Батхүүгээс 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Мөнхжаргалд олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ихэрбаярт даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНГЭРЭЛ