Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/521

 

 

 

     2022          4           06                                         2022/ШЦТ/521

           

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ын Бт холбогдох эрүүгийн 2206 00000 0613 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ****** байрны ** тоотод хохирогч Г.Утай маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар   

 

Хохирогч Г.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 02 цагаас хойш Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ** байрны ** тоотын залуу хүүхдээ зодоод хүүхэд нь авраарай гээд уйлаад байсан. Тэр хүүхэд сүүлийн 2 сар орчим шөнө зодуулаад уйлдаг байсан. Тэгээд 03 цагийн үед бүр аймар уйлаад байхаар нь би найз Мын ** тоотын хаалгыг тогшоод “та нар яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ” гэтэл нэг эмэгтэй гарч ирээд хэл амаар доромжлоод байж байтал нөхөр нь гэх залуу гарч ирээд “миний хүүхдээ зодох та нарт хамаагүй” гээд дахин муухайгаар хэлж доромжлоод байсан. Яг тэр үед хүүхэд нь эхнэрийнх нь гар дээр аймар уйлаад байхаар нь 108 дуудна гэтэл нөхөр нь цохих гэж дайраад араас хөөгөөд манайд орж ирээд шууд миний нүүр рүү гараараа нэг удаа унатал цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ Миний хацар хавдаад яс нь цөмөрсөн юм шиг байна. доод талын шүднүүд хөдөлсөн байна. шанаа, эрүү, толгой маш их өвдөж байна. Би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас)

 

Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 02 цагаас хойш манай хөрш айлын 2 орчим настай хүүхэд маш их уйлаад ааваа гээд орилоод байхаар нь хана нүдсэн чинь чимээгүй болсон. Тэгээд дахиад уйлаад эхлэхээр нь би найз Уын хамтаар очоод хаалгыг нь нүдэнд “та нар хүүхэд зодохоо болиоч, 108 дуудлаа шүү гэтэл хаалганы цаанаас 1 эмэгтэй “энэ ямар өвчтэй гичий вэ гээд доромжлоод байсан. Тэгээд цаанаас нь нөхөр нь гарч ирээд “хүүхдээ зодно уу, байна уу хамаагүй” гээд У руу дайраад хэл амаар доромжлоод байж байхаар нь гэртээ орох гээд зугтсан чинь манайх руу орж ирээд намайг түлхээд Уын нүүр рүү гараараа цохиод авсан. Тэгээд У газар унасан. Тэгээд би тэр залуутай хэрэлдээд хөөж гаргаад цагдаа дуудсан. Надад ямар нэгэн гэмтэл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дүгээр хуудас),

 

Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Надад өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ***** байрны А блок 5-** тоотод оршин суудаг юм, хөрш айлынхаа дуудлагын дагуу цагдаагийн байгууллагад ирсэн. 2022 оны 01 сарын 26-27-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад манай хөрш айл буюу Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ***** байрны А блок 5-** тоотоос хана хүчтэй нүдсэн. Би сэрээд байж байтал 2-3 минутын дараа манай хаалгыг хөршийн хоёр эмэгтэй маш хүчтэй нүдсэн. Манай эхнэр, ээж хоёр хаалга онгойлгосон. Нөгөө хоёр эмэгтэй үүдэн дээр ээж эхнэр хоёр руу дайрч, орилж хашхирч байсан. Тэгэхээр нь би босч очоод уулзтал тэр хоёр “хүүхдээ зодож, яргаллаа ” гэх утгатай зүйл ярьсан. Би хаалгаа хаах гээд цааш нь түлхээд хаалгаа өөр рүүгээ таттал нүүр лүү самардаж дайрсан. Тэгээд би уурандаа нэг эмэгтэй нь гараараа 1 удаа цохисон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

 

Гэрч О.Ишхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний нөхөр болох Ц.Б нь 1989 оны ** дүгээр сарын **-ны өдөр ****** аймаг, ******* суманд төрсөн, 32 настай, айлын хүүхдийн бага нь юм. 2012 онд Үндэсний Батлан хамгаалах их сургуулийг Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр төгсөн. Дээд боловсролтой, Одоогоор хувийн бизнес эрхэлдэг. Нөхөр бид хоёр 2007 оны ** дүгээр сарын **-ний өдөр үерхэж эхлээд 2011 оны ** дугаар сарын **-ны өдөр хуримаа хийж улмаар 2013 онд анхны хүүхэд болох охиноо төрүүлсэн түүнээс хойш 2020 онд хоёр дахь хүүхэд буюу хүүгээ төрүүлсэн. Одоо манай том охин 8 настай дунд сургуулийн 3 дугаар анги харин хүү маань 1 настай. Миний нөхөр Ц.Бын зан байдал нь их өрөвч зөөлөн сэтгэлтэй, ээжийгээ маш их хайрладаг, ээжийгээ өөрийнхөө хажууд байнга асарч хамгаалж явдаг. Найз нөхөд дундаа нэр хүнтэй найзууд болон бусад тусламж хүссэн хүн болгонд тусалдаг. Мөн бусдыг баярлуулах дуртай. Түргэн уур уцааргүй эвээр учир байдлыг олох гэж хичээдэг. Нөхөр бид хоёр хуримаа хийссэнээс хойш 11 жилийн турш нэг ч удаа согтуу хүн дагуулж гэртээ ирж үзээгүй. Мөн ахуйн хүрээний архидалт зохион байгуулж хүүхдүүдийнхээ хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэж үзээгүй. Ямар ч тохиолдолд хүүхдүүд рүүгээ, болон ээж, эхнэр лүүгээ чанга дуугарч хүүхдүүдээ загнаж үзээгүй. Гэр бүл эхнэр хүүхдүүд нь хамгийн нандин, хамгийн үнэтэй зүйл нь Гэртээ тав тухтай, зөөлөн дулаан уур амьсгалыг бүрдүүлж байдаг. Надтай танилцаж үерхэж эхэлснээс хойш намайг загнах, над руу уурлах үйлдэл гаргаж байгаагүй. Нөхөр бид хоёр орой бүр хамт суугаад өөрсдөдөө тухайн өдөр хэрхэн яаж өнгөрүүлсэн талаар ярилцдаг. Бүх зүйл дээр шийдвэр гаргахдаа надтай заавал зөвшилцөж шийдвэрээ гаргадаг. Манай бага хүүхэд шөнө, орой бүр уйлаагүй. Гомдол гаргасан ** тоотын айлтай ганцхан хөрш биш өөр бусад айлуудтай хөрш залгаа. Манай нэг настай хүүхэд өөрийн санаа бодлоо бүрэн дүүрэн илэрхийлж ярьж чадахгүй болохоороо уйлдаг. Хүүхдээ хэзээ уйлахыг бид нар хянах боломжгүй. Хүүхдийн уйлах дуу, хөрш айлуудад тэвчиж боломгүй тийм чанга чимээ биш. Миний бие сэтгэл зүйч хүнийхээ хувьд хүүхдийнхээ сэтгэл хөдлөө илэрхийлэх, илэрхийллийг нь болиулах гэж орлодоггүй. Хүүхдийнхээ сэтгэл хөдлөө илэрхийлэх чадварт нь нөлөөлөхүйц үйлдэл хийдэггүй. Гэтэл хүүхэд уйлах дууг овжиноор ашиглан шалтаг гаргаж шөнийн 03 цаг 30 минутад хана нүдэж, хаалга балбаж, ээж бид хоёрыг тайлбарлаж ярих боломж олгохгүйгээр хүүхдээ зодож тамлаж байхыг минь нүдээр үзсэн мэт доромжилж загнасан бүдүүлэг үйлдлийг нь таслан зогсоож гэрээсээ түлхэн гаргах явцад тухайн хүний биед хөнгөн гэмтэл учирсан байх хүүхдийн уйлах чимээг дөвийлгөж бодит байдлыг гуйвуулж нөхрийг маань ийм хэрэгт хариуцагч болгосонд маш их харамсаж байна. Нэг удаагийн уйлах чимээг байнга уйлдаг гэж гуйвуулж байгаа хүн өөрт учирсан гэмтлийг санаатай учруулсан мэтээр дүрсэлж байгаад огт эргэлзэхгүй байна. Хэргийг нөхцөл байдлыг аль аль талыг харгалзан шийдэж өгөхийг хүсье.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2339 дугаар: “... ДҮГНЭЛТ 1. Г.Уын биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун доод зовхи, баруун хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... тухайн эмэгтэйг гэрээсээ түлхэж гаргаж байгаад нүүрэн тус газарт нь баруун гараараа алганы доторх махан булчингаараа нэг удаа түлхэх маягтай цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),        

Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

           

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Иргэний  үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дугаар хуудас), “Хас Аз Түнш” ХХК-ийн депозит дансны хуулга, дүрэм, Улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээний хуулбар (нийт 11 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

                       

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “... Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

             

            Үйл баримтын талаарх дүгнэлт

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           

2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ****** байрны ** тоотод шүүгдэгч Ц.Б нь хохирогч Г.Утай маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газар гараараа цохиж гэмтэл учруулсан байна.

 

Хохирогчид Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2339 дугаар дүгнэлтээр “тархи доргилт, хамар ясны хугарал, баруун доод зовхи, баруун хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхины цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн толгой, нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

           

Хохирогчид Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2339 дугаар дүгнэлтээр “тархи доргилт, хамар ясны хугарал, баруун доод зовхи, баруун хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхины цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Г.Уын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хохирогч Г.У нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар 130.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирлыг барагдуулахаар шүүх хуралдааныг 30 минут завсарлуулах хүсэлт гаргаж, уг хугацаанд хохирогч Г.Уд баримтаар нэхэмжилсэн хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгч Т.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

           

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг гаргасан болно.

                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, учирсан хохирлыг нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд  зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Б торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд  зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ