Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 26

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                Д.Сүрэнхор

Шүүгдэгч                                                 Д.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                     Э.Алтан-Уяа

Нарийн бичгийн дарга                         Ж.Ариунжаргал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолтой Д.О.д холбогдох 1815000000242 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.О.н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Д.О

 Шүүгдэгч Д.О нь 2018 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан үзүүр” гэх газраас Б.Г.н 11 тооны адууг хулгайлан авч 8.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн  109 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Д.О.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.О.г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.О.д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн **-** улсын дугаартай “Hyundai Porter2” маркийн тээврийн хэрэгсэлийг Ө.Г.т олгож, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, **-** БУА улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгсэлийг  улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан СД 1  ширхэгийг хэрэгт хавсаргаж,  эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорьж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О давж заалдах гомдолдоо: “ ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байна. Харин **-** БУА улсын дугаартай KIA BONGO маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгосныг зөвшөөрөхүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаггүй ба өмчлөгч нь өөр хүн байхад улсын орлого болгож шийдвэрлэснийг гэм буруугүй хүнийг хохироосон хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна. Иймд тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгчид нь буцаан олгож өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Сүрэнхор дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.О.д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан үзүүр” гэх газраас Б.Г.н 11 тооны адууг хулгайлан авч 8850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Д.О.г бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Харин шүүх Д.О.н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх **-** БУА улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь: Шүүгдэгч Д.О.н гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг үндэслэн Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 5/19 дугаартай тогтоолооор яллагдагч Д.О.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг анхан шатны шүүхэд гаргасан /хх 177/ байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг даруй шүүхэд шилжүүлнэ” гэж,

хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх ... прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж, 17.5.дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Эрүүгийн хариуцлага нь хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд прокурор Ц.Гэрэлбаатар нь шүүгдэгч Д.О.д оногдуулах ялын төрөл, хэмжээг яллах дүгнэлтдээ зааж, харин албадлагын арга хэмжээг хэрэглэх талаар санал гаргаагүй, энэ талаар яллах дүгнэлтэд тусгаагүй байхад шүүх **-** БУА улсын дугаартай Kia Bongo тээврийн хэрэгслийг улсын орлого болгуулахаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох **-** БУА улсын дугаартай Kia Bongo тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигчийг Ч.Энхтөр гэж бүртгэж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр олгогдсон /хх 154/, уг автомашин нь гэмт хэрэг үйлдэгдэх үед Д.О.н эзэмшилд байсан эсэх нь тодорхойгүй байхад тээврийн хэрэгслийг хураахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-т заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн Шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймд шүүгдэгч Д.О.н гаргасан “...**-** БУА улсын дугаартай KIA BONGO маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгосныг зөвшөөрөхүй байна...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “**-** БУА улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлсүгэй” гэснийг

“**-** БУА улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ч.Э.д буцаан олгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.О.н давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.ХҮРЭЛБААТАР

                                               ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН