Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: З.Ж нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ОАЗД-д холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “ОАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2021/0012/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ж, түүний өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.                 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч З.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З.Ж надад ОАЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаартай захирамжаар Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр болох 7-р хороололд 100 м.кв талбай бүхий газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Дараа нь 2019 оны 10 дугаар сарын 03-нд газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж, энэ өдрөөс хойш 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрээг байгуулсан юм. Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дугаартай ОАЗД-ын захирамжаар надад өмнө нь эзэмшүүлсэн АЗД-ын 2016 оны А/502 дугаар захирамжийн 7 дугаар мөрөн дахь заалтыг хүчингүй болгосон байна.

            ЗД-ын энэ захирамж нь илтэд үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр болжээ. Учир нь:

            1. З.Ж надад дээрхи газрыг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших гэрээг байгуулсан.

            2. Монгол Улсын Газрын тухай хуульд заасан 2 жилийн хугацаа дуусаагүй байна.

            3. Дэлхий нийтэд тархсан “COVID-19” цар тахлын улмаас олон удаагийн хөл хорио тогтоогдож, санхүүгийн бэрхшээл тулгарч, төлөвлөж байсан ажил зогсонги байдалд орсон.

            Иймд ОАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү”[1] гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З.Ж нэхэмжлэл нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Энэ нь Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Уг нь ОАЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хүчингүй болгох тухай” А/502 дугаар захирамжаар З.Ж-д Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр болох 7-р хороололд 100 м.кв талбай бүхий газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гарсан А/502 дугаартай захирамжийн дагуу олгосон газрыг ашиглаагүй 3 жил болсны дараа Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Тэгэхээр  өөрсдөө олгосон газар дээрээ дахиад газар эзэмшүүлэхээр гэрээ байгуулаад байгаа нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй байна гэж үзэж байна. Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон учраас эрхийн гэрчилгээнд улсын бүртгэлийн дугаар тэмдэглэх болсон. Энэ өөрчлөлтийн хүрээнд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний үнэт цаас солигдож шинэ загвартай болсон гэж байна. Тэгвэл 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэхээр шийдвэр гаргачихаад 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр энэ нь хугацаа нь дуусчихсан байсаар байтал тухайн үедээ үүнийг З.Ж-д ямар нэгэн байдлаар “Чи энэ газраа 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш дахиад гэрчилгээг чинь шинэчлээд өглөө, газар эзэмших гэрээг чинь шинээр байгуулъя үүнээс хойш 2 жил болно шүү” гэсэн байдлаар газар эзэмшүүлэх гэрээ хийгээд гэрчилгээг шинээр олгочихоод өнөөдөр зориулалтын дагуу ашиглаагүй гэж үздэг. Газрын тухай хуулийн 2 жилийн дотор ашиглаагүй гэж үзээд байгаа юм бол 2 жилийнх нь хугацаа болоогүй байна. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаар захирамжийг гэрээндээ үндэслэж байгаа юм бол 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд зориулалтын дагуу ашиглаж байна уу, үгүй юу гэдгийг харж хугацааг тооцох ёстой байтал энэ хугацаа нь болоогүй байхад газраа зориулалтын дагуу ашиглаагүй гээд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгоод, захирамжид өөрчлөлт оруулж байгаа нь хууль зөрчиж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үүнтэй холбогдох хууль, дүрэм байгааг шүүх давхар анхаарч шийдэх ёстой. Иргэний хуулийн “Гэрээ” гэж юуг ойлгож тайлбарлах талаар зохицуулалтыг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Гэрээ гэдэг бол аливаа асуудлаар талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн бичиг баримтыг хэлдэг. Тэгэхээр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж байгаа явдал нь ОАЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаар захирамжийг хэрэгжүүлж байгаа хэрэг. Үүнийг хэрэгжүүлж байна гэдэг нь хугацаа тоолоход газар эзэмшүүлэх гэрээний шинэ байгуулсан гэрээ чухал ач холбогдолтой. Өмнө нь хуульд заасан 2 жил газраа ашиглаагүй нь илэрхий тодорхой 1 жил өнгөрсөн байсан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр газраа зориулалтын дагуу ашигласангүй гээд гэрээ болон эрх олгосон захирамжид өөрчлөлт оруулж гэрээг хүчингүй болгох нөхцөл үүссэн. Гэтэл энэ хугацаанд ямар ч асуудал гаргаагүй явж байгаад 2019 онд дахиад гэрээ байгуулж байгаа явдал нь хугацаа сунгагдсан гэж ойлгогдохуйц байгаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд бүх нийтийг хамарсан өвчин гарч хүнд нөхцөл байдал бий болоод иргэн, хуулийн этгээд хэнд ч гэсэн эдийн засаг, санхүүгийн маш хүнд нөхцөл байдал бий болсон. Яг өнөөдөр барилгын ажил юм уу, ямар нэгэн үйлчилгээний ажил хийхэд бараа материал нь олдохгүй, Монгол Улсын хилээр барилгын материал, шаардлагатай материалууд орж ирэхээ больчихсон, хуучин юмнуудаа зарж байна. Үүнтэй холбоотойгоор газраа ашиглаж чадахгүй байхад тэр газарт өөр бусад 7 хүнд газар эзэмшүүлсэн мөртлөө зөвхөн З.Ж-д холбогдуулаад энэ газрын эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож байгаа явдал нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. ОАЗД-ын А/221 дугаартай захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэсэн байсан. Мөн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хүргүүлсэн мэдэгдэлд газрын төлбөрийг төлөөгүй гэсэн заалт байсан. Түүнтэй холбоотойгоор төлбөр төлсөн баримтыг газрын төлбөрийн тооцоо байхгүй, төлбөрөө төлсөн гэсэн баримтыг гаргаж өгсөн байгаа. Газар ашиглах тухай гэрээнд заасан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг төлөөгүй гэдэг заалтыг ярьж байна. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн газар ашиглах тухай гэрээнд 2 жил ашиглаагүй бол гэж заасан байгаа” гэв.

            Хариуцагч ОАЗД С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн З.Ж-ийн нэхэмжлэлтэй ОАЗД-д холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

            ОАЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хүчингүй болгох тухай” А/502 дугаар захирамжаар иргэн З.Ж-д Цагаанчулуут баг, 7 дугаар хороололд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 100 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

            Үүнээс хойш иргэн З.Ж нь өөрийн эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байсан тул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 189 дугаартай газар эзэмших эрх хүчингүй болгох тухай мэдэгдлийг шуудангаар иргэн З.Ж-д хүргүүлсэн.

            Энэхүү мэдэгдлийн дагуу иргэн З.Ж нь холбогдох тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй тул ОАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” А/221 дүгээр захирамж гарч иргэн З.Ж газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэрийг хүчингүй болгосон.

            Иргэн З.Ж нэхэмжлэлд дурдсан “газар эзэмшүүлэх гэрчилгээ авснаас хойш 2 жил болоогүй байгаа” гэсэн хэсэгт дараах тайлбарыг өгч байна. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэдэг болсон. Хуулийн энэхүү өөрчлөлтийн хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэт цаас солигдож шинэ загвартай болсон. Үүний дагуу улсын хэмжээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн солих ажил хийгдэж байгаа бөгөөд иргэн З.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлэн авсан байна.

            Дээрх тайлбар, хавсаргасан нотлох баримтыг үндэслэн иргэн З.Ж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[2] гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаартай захирамжаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хүчингүй болгох тухай” шийдвэр гарсан. Энэ гаргасан захирамжийн дагуу олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж, 2019 оны 10 дугаар сарын 03-нд гэрээг шинэчлэн байгуулсан. Гэрээ, гэрчилгээг шинэчлүүлэхдээ зөвхөн өмнөх гэрээ, гэрчилгээг шинэчилсэн болохоос биш тухайн 2016 оны захирамжийг үндэслэж гэрээ, гэрчилгээг шинэчилсэн зүйл байхгүй. Энэ нь Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 134 дүгээр тушаалаар газрын нэгж талбарыг дугаарлах журамд өөрчлөлт орсон. Үүний дагуу газрын нэгж талбарын дугаарт өөрчлөлт орсонтой холбоотой асуудал. Сайдын 2019 оны 134 дүгээр тушаалаар нэгж талбар дугаарлах журам өөрчлөгдсөнтэй холбогдуулж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчилсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээнд улсын бүртгэлийн дугаар бичигдэх болсон тул гэрчилгээг шинэчилж гаргаж өгсөн байдаг. Тэгэхээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаартай захирамжаар газар эзэмшүүлсэн гэж үзэж, АЗД газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 189 тоот албан бичгээр З.Ж-д мэдэгдэл хүргүүлсэн. Албан бичгээ шуудангаар хүргүүлж, хүлээж авсан өдрийг нь тооцож үзээд иргэн З.Ж албан ёсоор хүсэлтээ ирүүлээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж тооцож, АЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

            Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэг. Шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн тухайд: Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “ОАЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаартай захирамжаар бусад 7 хүнд газар эзэмшүүлсэн бөгөөд энэ хүмүүсийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, манай газрыг хүчингүй болгосон нь тэгш бус хандаж байна. Тийм учраас энэ захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлж авсан бусад хүмүүсийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон эсэх талаар нотлох баримтуудыг гаргуулах” гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хянан үзэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт нь “ОАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, З.Ж нэхэмжлэлээр үүссэн уг маргаан бүхий газартай хамааралгүй өөр бусад этгээдийн газар эзэмших эрх, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг захиргааны байгууллагаас шаардах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтуудыг хэрэгт цуглуулах шаардлагагүй гэж үзсэн.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шүүгчийн захирамжийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулан амаар гаргаж байгааг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хүсэлт шийдвэрлэсэн захирамжид мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргахгүй болохыг тайлбарлан өгсөн болно.

            Хоёр. Нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч З.Ж нь ОАЗД-д холбогдуулан “ОАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дугаартай захирамжийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Иргэн Х овогтой Б нь газар эзэмших эрхийн 000633845 дугаарын гэрчилгээ бүхий Орхон аймаг, Баян-өндөр сум, Цагаан чулуут баг, 7 хороололд байрлах 100 м.кв газраа иргэн З овогтой Ж-д шилжүүлэх хүсэлтээ эрх бүхий захиргааны байгууллагад гаргаж, улмаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 /Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно/-т зааснаар ОАЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хүчингүй болгох тухай” захирамж, түүний хавсралтын 7 дахь мөрөнд зааснаар Х.Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг З.Ж-д шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар[3] тогтоогдсон.

             ОАЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаартай захирамжийг[4] үндэслэн З.Ж-д 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 000633755 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г олгож, “Газар эзэмшүүлэх гэрээ”-г[5] байгуулсан. Мөн 2019 он 10 дугаар сарын 03-ны өдөр 0000028999 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г шинэчлэн олгож, мөн өдөр “Газар эзэмшүүлэх гэрээ”[6] дахин байгуулжээ.

            Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд З.Ж нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/-т  зааснаар газраа гэрээний үндсэн дээр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан болох нь нотлогдож байна.

            ОАЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаартай захирамж буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг Х.Б-оос З.Ж-д шилжүүлсэн захиргааны акттай хэргийн оролцогч нар маргаагүй, анх газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр шийдвэрлэсэн дээрх захирамж нь хууль зөрчсөн талаар ОАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дугаар захирамжийн үндэслэлд тусгаагүй байгаагаас дүгнэвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг Х.Б-оос З.Ж-д шилжүүлсэн шийдвэр, үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

            ОАЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаартай захирамж нь З.Ж-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн олгож байгаа захиргааны акт бөгөөд иргэнд газар эзэмших эрх олгосон шинжээрээ уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 /Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно/-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарна.

            Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 /Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно.../-т зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт нь хууль бус болох нь тогтоогдвол түүнийг батлан гаргасан захиргааны байгууллага өөрөө хүчингүй болгож болохоор зохицуулсан. Хуулийн энэхүү зохицуулалт нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт нь анх гарахдаа “хууль бус”, хууль зөрсөн гэдэг нь тодорхой хугацааны дараа тогтоогдсон тохиолдолд уг “хууль бус” шийдвэрээ түүнийг батлан гаргасан захиргааны байгууллага өөрөө хүчингүй болгож, алдаагаа өөрөө засах агуулгатай юм.  

            ОАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дугаартай захирамжид ОАЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаар захирамжийн З.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон үндэслэлээ “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж;

             мөн захирамжийн 1 дэх заалтад “Иргэн З овогтой Ж нь эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй байх тул газар эзэмших эрх олгосон АЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хүчингүй болгох тухай” захирамж, түүний хавсралтын 7 дугаар мөрийн “...З.Ж-д Цагаанчулуут баг, 7 дугаар хороололд 100 м.кв газрыг худалдааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай” гэжээ.

            Энэхүү захирамжийн “Захирамжлах” хэсгээс харвал ОАЗД нь ОАЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаар захирамжийн З.Ж-д холбогдох хэсгийг өөрөө хүчингүй болгох шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

            Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд  ОАЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаар захирамжаар Х.Б-с З.Ж-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр хууль бус байсан уу? Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл үүссэн үү? гэвэл анх газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр нь “хууль бус” болох нь тогтоогдоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар тухайн захиргааны актыг ЗД өөрөө хүчингүй болгох үндэслэл үүсээгүй байжээ. 

            Иймд ОАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дугаар захирамжаар ОАЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаар захирамжийн З.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө...хүчингүй болгоно/, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/-т заасан ЗД өөрөө хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгох хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

            ОАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дугаар захирамжийн “гарчиг” хэсэг нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” гэсэн бөгөөд захирамжийн “Үндэслэл” хэсэг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг буюу “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийг зааж, захирамжийн “Шийдвэрлэх” буюу “Захирамжлах”  хэсэгт “ОАЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хүчингүй болгох тухай” захирамж, түүний хавсралтын 7 дугаар мөрийн “...З.Ж-д Цагаанчулуут баг, 7 дугаар хороололд 100 м.кв газрыг худалдааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

            Албан бичгийн гарчиг буюу тэргүү нь түүний агуулгыг товч, хураангуй байдлаар илэрхийлдэг бөгөөд захирамжийн гарчигаас харвал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр З.Ж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зорилго бүхий захиргааны акт гаргах захиргааны байгууллагын хүсэл зориг илэрхийлэгдэж байна. Гэсэн ч захирамжаар шийдвэрлэсэн асуудал нь хуульд нийцүүлэн гаргасан ОАЗД-ын 2016 оны А/502 дугаартай захирамжийн З.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлаа шийдвэрлээгүй орхигдуулсан нь захиргааны шийдвэр зорилгодоо нийцээгүй, бодит байдалд тохироогүй байна.

            ОАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дугаартай захирамжаар З.Ж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй ч захирамжид түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа хоёр жил дараалан ашиглаагүй” гэж үзсэн маргааны үйл баримтад шүүхээс дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэв.

            Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/-т зааснаар гэрээний үндсэн дээр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр газар эзэмшиж байгаа этгээд нь газар эзэмших, ашиглах явцдаа хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргасан, газраа гэрээнд заасан зориулалтаар эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох агуулга бүхий зохицуулалт юм. Тодруулбал, Газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй этгээд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх явцад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдвол тухайн шатны ЗД газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргана гэсэн үг юм.

            “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох”, “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох” гэсэн ойлголтууд нь хоёр өөр агуулгатай, ялгаатай ойлголт юм. Тодруулбал, “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох” гэдгийг анхнаасаа газар эзэмших эрх олгосон шийдвэр нь хууль ёсны бөгөөд түүнийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байх ба газар эзэмшигч нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр газар эзэмших явцдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдвол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох гэсэн агуулгаар ойлгох нь зүйтэй.

            Харин “Газар эзэмшүүлсэн шийдвэрийг шийдвэр гаргасан захиргааны байгууллага өөрөө хүчингүй болгоно” гэдгийг анх газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа захиргааны байгууллага хууль, тогтоомж зөрчсөн, хууль бусаар газар эзэмших эрх олгосон нь тогтоогдвол хуульд заасны дагуу хууль бус шийдвэрээ хүчингүй болгохыг ойлгоно.

            ОАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дугаар захирамж нь ““Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” гэсэн “баримт бичгийн тэргүү” буюу “гарчиг”-тай, шийдвэр гаргах үндэслэл буюу захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг гол үндэслэл болгосон боловч “Захирамжлах” хэсэгт анх газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж тус тус зааснаар захиргааны акт нь агуулга ойлгомжтой, тодорхой, салаа утгагүй, шийдвэрийн гарчиг, тэргүү хэсэг, захирамж гаргах хуулийн үндэслэл, шийдвэрлэж байгаа асуудал нь хоорондоо тохирсон, ямар нэг салаа, хоёрдмол утгагүй байх учиртай.

            Гэтэл ОАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дугаар захирамж нь захиргааны актын энэхүү шаардлагад нийцээгүй байна.

            З.Ж-д анх 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 000633755 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г олгож, “Газар эзэмшүүлэх гэрээ”-г  байгуулсан. Мөн 2019 он 10 дугаар сарын 03-ны өдөр 0000028999 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г шинэчлэн олгож, “Газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан байгаагаас дүгнэвэл анх газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаагүй, газар дээр худалдаа үйлчилгээний зориулалт бүхий ямар нэгэн объект, байшин барилга бариагүй 2-оос дээш жилийн хугацаа өнгөрсөн байна.

            Гэхдээ энэ хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг захиргааны байгууллага тогтоосны үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эсэх талаар үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно/-т зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, 24.2/Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ/, 25 дугаар зүйлийн 25.1/Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна/-т зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлэх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1/Захиргааны акт...-ыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/, 27 дугаар зүйлийн 27.1 /Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно/, 27.4/Сонсох ажиллагааг дараах хэлбэрээр явуулна.../, 27.5 /Сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна/-т зааснаар сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах шаардлагатай.

            Хариуцагч талаас “...З.Ж нь өөрийн эзэмшил газраа хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байсан тул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 189 дугаартай газар эзэмших эрх хүчингүй болгох тухай мэдэгдлийг шуудангаар иргэн З.Ж-д хүргүүлсэн” гэж тайлбарласан. Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 189 дугаартай албан бичигт “...Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцлийг үүсгэсэн байна. Иймд таны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдэж  байна” гэжээ.

            Энэхүү албан бичгээр газар эзэмшигч З.Ж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг түүнд мэдэгдсэн боловч, шийдвэр гаргах ажиллагаанд түүнийг татан оролцуулж, оролцоог хангах, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох нөхцөл бий болсон нь “хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх”-ийг сонсох, энэ талаар шаардлагатай нотлох баримтыг цуглуулах зэрэг шийдвэр гаргах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ажиллагаануудыг захиргааны байгууллагын зүгээс бүрэн хийгээгүй байна.

            Нөгөө талаас нэхэмжлэгч З.Ж нь “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэдэгдлийг шуудангаар хүлээн авсан. Гэхдээ тухайн үед хатуу хөл хорио тогтоосон үе байсан учраас очиж уулзаж, хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа нөхцөл байдлаа тайлбарлаж, хүсэлт гаргах боломж байгаагүй. Захирамж тийм хурдан гарна гэж бодоогүй байсан” гэж тайлбарлаж байгаа бөгөөд газар эзэмшигч өөрөө захиргааны байгууллагад нөхцөл байдлаа тайлбарлах, өргөдөл хүсэлт гаргах, газраа зориулалтын дагуу ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх, түүнийг нотлох баримтаа хүргүүлэх зэргээр өөрийгөө захиргааны байгууллагад сонсгоогүй байна.

            Тухайн шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх үед улс орон даяар “Ковид 19” өвчний улмаас удаа дараа хатуу хөл хорио тогтоож байсан цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны журам буюу Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааны олон хэлбэрээс сонгон тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлэх боломжтой байхад зөвхөн мэдэгдэл хүргүүлсэн, хариу ирүүлээгүй гэх үндэслэлээр шийдвэр гаргасан учир  дутагдалтай ханджээ.

            Иймд дээрх үндэслэлүүдээр ОАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “хуульд үндэслэх”, 4.2.5 дахь хэсэгт заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6 дахь хэсэгт заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зэрэг захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцээгүй, тухайн маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, ашиг сонирхолд сөрөг нөлөө учруулж байгаа гэж үзэн хууль бус захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 48 дугаар зүйлийн 48.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дүгээр зүйлийн 38.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг баримтлан З.Ж-ны нэхэмжлэлийг хангаж, ОАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Ж улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.УУГАНЦЭЦЭГ

 

[1] ХХ-ийн 1 дэх тал.

[2] ХХ-ийн 30 дахь тал.

[3] ХХ-ийн 40-54 дэх тал.

[4] ХХ-ийн 20-21 дэх тал

[5] ХХ-ийн 55-58 дахь тал.

[6] ХХ-ийн 6-11 дэх тал.