Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2024/0319

 

 

 

 

 

 

 

 

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өмгөөлөгч Ч.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Ч

Хариуцагч Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Ч-ийг уг албан тушаалд томилохыг даалгах, 2023 оны 4 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд авах ёстой байсан цалин хөлс буюу хохирол 27,814,139 төгрөгийг иргэн Я.Т-аас гаргуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0004 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Ч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э, И.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 122/2023/0003/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ч нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулж “Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Ч-ийг уг албан тушаалд томилохыг даалгах, 2023 оны 4 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд авах ёстой байсан цалин хөлс буюу хохирол 27,814,139 төгрөгийг иргэн Я.Т-аас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 122/ШШ2024/0004 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 27 дугаар зүйлийн 27.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б.Ч-ийг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Ч-ийг уг албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж, үлдэх 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд авах ёстой байсан цалин хөлс буюу хохирол 27,814,139 төгрөгийг иргэн Я.Т-аас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгч нь Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Ч-ийг уг албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах ...шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоол, Дарьганга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01\10 дугаартай албан бичиг, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01\2004 тоот албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 04\2586 тоот албан бичгүүдийг шүүхийн шийдвэрт дурджээ.

Харин хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудад огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй атлаа хариуцагчийн Б.Ч-ийг томилоогүй үйлдлийг “хууль бус” гэж дүгнэжээ.

Төрийн албан хаагчийг томилох, чөлөөлөхтэй холбогдсон харилцаанд эрх бүхий албан тушаалтан, төрийн албан хаагч Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлөөс гаргасан тогтоол, журмын холбогдох заалтыг мөрдөх, биелүүлэх үүрэгтэй.

...Гэтэл Б.Ч нь хуулиар хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргаж өгөөгүй бөгөөд үүнийгээ ч шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Хариуцагч хөрөнгө орлогын мэдүүлгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлээгүй гэдгийг нотолдог. Хэрэгт хөрөнгө орлогын мэдүүлгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн, Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулсан тухай баримт авагдаагүй. Үнэхээр тухайн албан тушаалд томилогдохыг хүссэн бол өөрөөс шалтгаалах, хуулиар хүлээлгэсэн наад захын тодорхой үүргээ өөрөө биелүүлж байж, хуульд заасан шаардлагыг хангаж байж томилогдох байсан.

Түүнчлэн Б.Ч нь Дарьганга сумын Засаг даргын Тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд ажилладаг, цалин хөлсөө тогтмол авч байгаа нь түүний 2023 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, цалингийн карт, шүүхэд гаргасан нэхэмжлэл, ажилд томилогдсон тушаал, нэхэмжлэгч хариуцагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогддог. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-д “төрийн жинхэнэ албан хаагч үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх” үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1.6-д “багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх” эрхтэй гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Албан тушаалтан өөрийн үйл ажиллагааны шударга, төвийг сахисан байдалдаа ёс зүйн шалтгаанаар эргэлзээ төрвөл албан үүргээ гүйцэтгэхээс, эсхүл давхар ажил, албан тушаал эрхлэхээс татгалзах үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчиж байгаа юм.

Тэрээр сумын Тамгын газраас хөдөлмөрийн харилцаагаа цуцлаагүй, төрийн байгууллагад хууль ёсоор томилогдож, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэн, төрөөс цалин хөлс, нэмэгдэл урамшууллаа авсаар байгаа, төрийн албан хаагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй өөрийнх нь буруутай үйлдэл нөлөөлсөөр байхад шат шатны Төрийн албаны зөвлөл Б.Ч-ийг томилохыг даалгаж, Б.Ч ч томилуулахаар шаардаж Төрийн албаны тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсгийн “төрийн жинхэнэ албан хаагч албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгөх, биелүүлэхийг шаардахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа төрийн байгууллага, албан тушаалтан, төрийн албан хаагчийн энэхүү хууль бус үйлдэлд шүүх дүгнэлт хийлгүй зөвхөн хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй юм. Энэ нь хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.6-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга “Хурлын нарийн бичгийн даргыг хуульд заасан журмын дагуу томилох” бүрэн эрхийг заасан. Гэтэл Б.Ч дээрх хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Төрийн албаны шат шатны байгууллага, албан тушаалтан хууль бус даалгавар, шаардлага өгч байгаа тохиолдолд хариуцагч хууль болон холбогдох журмыг зөрчиж, Б.Ч-ийг томилох боломжгүй юм. Томилсон тохиолдолд хууль зөрчигдөх нөхцөл үүсээд байхад шүүх нэхэмжлэгчийн хууль зөрчсөн үйлдлийг харгалзалгүй, хариуцагчийн томилоогүй үйлдлийг хууль бус гэж тогтоосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд “Б.Ч-ийг Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Ч-ийг уг албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж шийдвэрлэсэн” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсье” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж, нэхэмжлэгч Б.Ч-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” тогтоолоор “...Төрийн албаны тусгай шалгалтаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд тусгай шалгалт өгч 93.30 оноо авсан Б.Ч-ийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсүгэй” гэжээ.

3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Я.Т 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлд “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...Б.Ч-ийг удирдах албан тушаал хийхэд ёс зүйн хувьд тэнцэхгүй, ажил хийх мэдлэг чадваргүй... нарийн бичгийн даргаар авч ажиллуулах боломжгүй” гэх хариуг хүргүүлэн, улмаар Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 49 дүгээр “Тогтоолын  хэрэгжилт хангах тухай” тогтоолоор “...Б.Ч-ийг Нарийн бичгийн даргын албан тушаалд томилж, 2023 оны 6 дугаар сарын 05-ны дотор хариу ирүүлээгүй тохиолдолд ... эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Я.Т” мэдэгдсэн байна.

4. Хариуцагчаас “...Б.Ч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргаж өгөөгүй, ... шат шатны Төрийн албаны зөвлөл Б.Ч-ийг томилохыг даалгасан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсгийг зөрчиж байгаа төрийн байгууллага, албан тушаалтан, төрийн албан хаагчийн энэхүү хууль бус үйлдэлд шүүх дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй” гэж маргасан.

5. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно”, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.1-т “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ”, 12.3-т “Нэр дэвшсэн албан хаагч, иргэнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Зөвлөл, Салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор томилно”, 12.6-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ”, 12.8-д “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй бол энэ тухай Зөвлөл, Салбар зөвлөл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нэр дэвшүүлсэн шийдвэрийг биелүүлэхийг даалгана” гэж тус тус заасан.

6. Анхан шатны шүүх “...хариуцагч нь сонгон шалгаруулалт явуулсны дүнд Төрийн албаны салбар зөвлөлөөс санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй, хэрэв нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэл нь хуульд нийцээгүй бол тухайн нэр дэвшигчийг уг албан тушаалд томилсон шийдвэр гаргах үүрэгтэй байна” гэж үндэслэлтэй дүгнэжээ.

7. Хариуцагч “...Б.Ч-ийг удирдах албан тушаал хийхэд ёс зүйн хувьд тэнцэхгүй, ажил хийх мэдлэг чадваргүй, нарийн бичгийн даргаар авч ажиллуулах боломжгүй...” гэх татгалзлын үндэслэл нь хуульд үндэслээгүй, өөрөөр хэлбэл ёс зүйн хувьд тэнцэхгүй гэх дүгнэлт өгч, түүний ажил мэргэжлийн хувьд чадваргүй талаар үнэлэлт өгөх эрх бүхий албан тушаалтан биш байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй мөн Б.Ч нь Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөн, аливаа сахилгын шийтгэл хүлээж байсан зэрэг нь нотлогдоогүй байна.

8. Нэхэмжлэгчийн “2023 оны 4 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд авах ёстой байсан цалин хөлс буюу хохирол 27,814,139 төгрөгийг иргэн Я.Т-аас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

9. Нэхэмжлэгч нь тухайн цаг хугацаанд өөр ажил албан тушаал эрхэлж байсан тул цалин хөлсийг хохиролд хамааруулан Я.Т-аас нэхэмжилж байгаа нь  Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасантай нийцэхгүй, үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА