Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батбаяр

Улсын яллагч: Н.Энхтуяа

Шүүгдэгч Ж.Зүчи, Ш.Төмөрбаатар, О.Лхагваням, тэдний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ж.Зүчи, Ш.Төмөрбаатар, О.Лхагваням  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031582 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1997 оны 08 сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 хороо, Согоотын 80-1124 тоотод оршин суух, УП 97083170 регистрийн дугаартай  Отгонтэнгэр овгийн Оюунгэрэлийн Лхагваням,

Монгол улсын иргэн, 1997 оны 05 сарын 26-ны өдөр Увс аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 87-1270 тоотод оршин суух, ОГ97052617 регистрийн дугаартай Цөөхөр овгийн Жанлавын Зүчи,

Монгол улсын иргэн, 1998 оны 05 сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 29-361 тоотод оршин суух, УХ98052430 регистрийн дугаартай Лангандай овгийн Шүрэнбаганын Төмөрбаатар,
           2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Зүчи, Ш.Төмөрбаатар, О.Лхагваням, Г.Гал-Эрдэнэ нар нь хамт архи ууж байхдаа Г.Гал-Эрдэнэ нь М.Дөлгөөнийг зодлоо гэж өмөөрч О.Лхагванямыг цохьсоноос болж О.Лхагваням нь Гал-Эрдэнийн нүүрэн тус газар нь нэг удаа цохьж, нүүр лүү нь өшиглөж, Ж.Зүчи нь толгой руу 1 удаа өшиглөж, 1 удаа өвдөглөж,  Ш.Төмөрбаатар чулуугаар толгойн тус газар нь 1 удаа цохиж, Г.Гал-Эрдэнийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Лхагваням шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Ж.Зүчи шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Ш.Төмөрбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Г.Гар-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 07 сарын 31 нээс 08 сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн үед дүү Тэнгэсийг гэр лүү нь хүргэж өгөх гэж гараад Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хаан банктай буудлын эцэст ирэхэд зүс таньдаг Лхагва, Төмрөө, Дөлгөөнөө, Зүчи, Мөөгий, Чинзориг нартай таарсан юм....бид нар Төвшин Ундаар дэлгүүрээс 0,75 л нэг шил архи, том ундаа аваад буцаад Хаан банктай  эцсээр очиж авсан архийг 6-уулаа уусан юм...Лхагва гэх залуу Дөлгөөнөө гэх найзтайгаа хоорондоо хэрэлдээд зодолдсон тэгээд найзууд нь салгахгүй байхаар нь би очоод салгаад Лхагвааг холдуулж чи яагаад найзыгаа зодоод байгаа юм бэ гэж хэлээд зогсож байхад Лхагва над руу агсраад чи ер нь яах гээд байгаа юм бэ гэж хэлээд намайг нэг удаа нүүр хэсэгт маань цохьсон юм. Тэгээд би зөрүүлээд Лхагвааг нүүр орчимд нь нэг удаа цохьсон юм. Тэр үед Зүчи гэх залуу ирж хавирч унгаагаад чулуугаар миний толгой орчимд 2 удаа цохьсон юм.Тэгээд би  газар унахад Төмөрөө, Зүчи, Лхагва 3, гурван талаас өшиглөж зодсон юм...Дөлгөөн, Мөнх-Эрдэнэ 2 зодоонд оролцоогүй намайг салгасан... гэх мэдүүүлэг,

 Гэрч Ж.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...бид нар архиа ууж дуусчихаад алхаад явж байсан чинь Лхагваням Дөлгөөн хоёр хоорондоо дуу нь чанга чанга гараад яриад явж байхад Гал-Эрдэнэ өөрөө очоод Лхагванямыг цохьж газар унагааж өшиглөсөн юм тэгээд Зүчи салгах гээд очиход шууд цохиод авахаар нь Төмөрбаатар очоод Гал-Эрдэнийг цохьсон юм шиг харагдсан... Тухайн үед би Чинзоригтой алхаж явсан болохоор гүйж очоод салгасан юм... би Чинзоригтой хамт тэд нараас нилээн хол явж байсан болохоор яг яаж зодолдсоныг нь хараагүй юм... сүүлд гүйж очоод салгахад Гал-Эрдэнэ Төмөрбаатартай барилцаж авсан хамраас нь цус гарчихсан зогсож байсан ...гэх мэдүүлэг,

 Насанд хүрээгүй гэрч М.Дөлгөөний мөрдөн байцаалтанд өгсөн: ... архи ууж дуусаад байж байгаад Лхагваням жаахан согтчихоод чи надтай нийлэхгүй байна гээд уурлаад маргалдаад  Лхагваням намайг түлхээд унгаачихсан юм. Тэгээд босоод иртэл миний тохой шалбарчихсан байсан болохоор би тохойгоо бариад доошоо суутал Лхагваням доошоо уруудаад яваад өгсөн. Тэгтэл Галаа ах над дээр ирээд яасан гэчихээд ийм найз байдаг юм уу гэж хэлчихээд Лхагванямын араас явсан... удалгүй доор орилдоод эхэлтэл Зүчи араас нь гүйгээд явчихсан ... би Галаа ахыг хэн нь яаж зодсоныг хараагүй.. тэд нар архи уусан согтуу байсан болохоор бие биенээ өмөөрөөд л Галаа ахыг зодсон гэж байсан... Галаа ах бол бид нартай тааралдахдаа архи уусан халамцуу байсан...гэх мэдүүлэг,

Сэжигтэн О.Лхагваням мөрдөн байцаалтанд өгсөн: ...Дөлгөөн бид хоёр хоорондоо хэрэлдээд би Дөлгөөнийг чи сүүлийн үед надтай уулзахгүй байгаа биз дээ бид хоёр найз байхаа больсон юм шиг байна гэж хэлээд явж байгаад түлхсэн чинь Дөлгөөн газар уначихсан юм. Тэр үед  Дөлгөөн газар уначихаар нь Гал-Эрдэнэ ах намайг найзыгаа  цохьсон болов уу гэж бодсон юм шиг байсан юм. Тэгээд шууд хүрч ирээд намайг цохиод өшиглөхөөр нь би уурлаад нэг удаа цохиод тонгойх үед нь нэг удаа өшиглөсөн юм…

Яллагдагч О.Лхагванямын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Галаа ах өөрөө эхлээд намайг найзтайгаа муудалцлаа гэж хэлээд миний нүүр лүү гараараа цохиод нэг удаа өшиглөхөөр нь түүнд зодуулсандаа уурлаад би Галаа ахыг нэг удаа гараараа нүүр лүү нь цохиод, мөн унасан байх үед нь нүүр лүү нь өшиглөж зодсон... гэх мэдүүлэг,

Сэжигтэн Ж.Зүчи мөрдөн байцаалтанд өгсөн:... Лхагва, Дөлгөөн хоёр хэрэлдээд Дөлгөөн газар унчихаар нь Гал-Эрдэнэ ах цаанаас гүйж ирээд Лхагвааг яагаад та нар зодолдоод байгаа юм гэж хэлээд Лхагвааг цохиод унгачихаар нь би Гал-Эрдэнэ ах одоо боль гэж яваад очтол намайг хавираад унгаасан юм. Тэгээд би уурандаа толгой орчимд нь гараараа нэг цохиод газар унахаар нь толгой руу нь нэг удаа өвдөглөсөн юм. Тэгээд Мөнх-эрдэнийг салгаад аваад явсан...,

Яллагдагч Ж.Зүчи мөрдөн байцаалтанд өгсөн: ... Гал-Эрдэнэ нь эхлээд намайг өөрөө хавирч газар унагаахаар нь уур хүрээд мөн найзыгаа өмөөрөөд түүнийг газар унчихсан байхад нь нэн удаа толгой луу нь өшиглөсөн мөн толгой луу нэг удаа өвдөглөж зодсон. Би хохирогчийг чулуугаар цохиогүй... гэх мэдүүлэг.

Сэжигтэн Ш.Төмөрбаатар мөрдөн байцаалтанд өгсөн: ...архи уугаад дуусчихаад явж байхад Лхагва, Дөлгөөн хоёр хоорондоо маргалдаад Дөлгөөн газар унчихаар нь Гал-Эрдэнэ ах гүйж ирээд та нар найзыгаа зодлоо гэж хэлээд Лхагвааг цохиод унагаасан тэгээд Зүчи гүйж очтол Зүчийг хавираад унагаачихаар нь би газраас чулуу аваад толгой хэсэгт нь нэг удаа цохьсон юм.Тэгээд би зугтаагаад явсан юм... би найз нараа өмөөрөөд газраас гарын алганы тал шиг хэмжээтэй чулуу аваад хохирогчийн араас нь толгой руу нь чулуугаар цохьчихсон юм. Өөрөөр бол цохьж зодоогүй...намайг харахад Зүчи л лав нүүр өвдөглөөд Лхагвагням нэг удаа шанаадаж байсан...гэх мэдүүлэг,

2016 оны 08 сарын 02-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №10726 тоот актын:

-Г.Гал-Эрдэнийн биед дух ясны баруун талын гадна ялтасны хугарал тархи доргилт, зулайн хуйхны шарх, духны язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхины цус хуралт, баруун хацар, дух, дээд уруул, эрүүний зулгаралт, доод уруулын зүүн талын дотор салстын цус хуралт, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ гэх дүгнэлт шинжлэн судлав,

 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Зүчи, Ш.Төмөрбаатар, О.Лхагваням, Г.Гал-Эрдэнэ нар нь хамт архи ууж байхдаа Г.Гал-Эрдэнэ нь М.Дөлгөөнийг зодлоо гэж өмөөрч О.Лхагванямыг цохьсоноос болж О.Лхагваням нь Гал-Эрдэнийн нүүрэн тус газар нь нэг удаа цохьж, нүүр лүү нь өшиглөж, Ж.Зүчи нь толгой руу 1 удаа өшиглөж, 1 удаа өвдөглөж,  Ш.Төмөрбаатар чулуугаар толгойн тус газар нь 1 удаа цохиж, Г.Гал-Эрдэнийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Гар-Эрдэнийн: ...Лхагва гэх залуу Дөлгөөнөө гэх найзтайгаа хоорондоо хэрэлдээд зодолдсон тэгээд найзууд нь салгахгүй байхаар нь би очоод салгаад Лхагвааг холдуулж чи яагаад найзыгаа зодоод байгаа юм бэ гэж хэлээд зогсож байхад Лхагва над руу агсраад чи ер нь яах гээд байгаа юм бэ гэж хэлээд намайг нэг удаа нүүр хэсэгт маань цохьсон юм. Тэгээд би зөрүүлээд Лхагвааг нүүр орчимд нь нэг удаа цохьсон юм. Тэр үед Зүчи гэх залуу ирж хавирч унгаагаад чулуугаар миний толгой орчимд 2 удаа цохьсон юм.Тэгээд би  газар унахад Төмөрөө, Зүчи, Лхагва 3, гурван талаас өшиглөж зодсон юм...Дөлгөөн, Мөнх-Эрдэнэ 2 зодоонд оролцоогүй намайг салгасан... гэх мэдүүүлэг,

 Гэрч Ж.Мөнх-Эрдэнийн …Тухайн үед би Чинзоригтой алхаж явсан болохоор гүйж очоод салгасан юм... би Чинзоригтой хамт тэд нараас нилээн хол явж байсан болохоор яг яаж зодолдсоныг нь хараагүй юм... сүүлд гүйж очоод салгахад Гал-Эрдэнэ Төмөрбаатартай барилцаж авсан хамраас нь цус гарчихсан зогсож байсан ...гэх мэдүүлэг,

 Насанд хүрээгүй гэрч М.Дөлгөөний …Тэгтэл Галаа ах над дээр ирээд яасан гэчихээд ийм найз байдаг юм уу гэж хэлчихээд Лхагванямын араас явсан... удалгүй доор орилдоод эхэлтэл Зүчи араас нь гүйгээд явчихсан ... би Галаа ахыг хэн нь яаж зодсоныг хараагүй.. тэд нар архи уусан согтуу байсан болохоор бие биенээ өмөөрөөд л Галаа ахыг зодсон гэж байсан... Галаа ах бол бид нартай тааралдахдаа архи уусан халамцуу байсан...гэх мэдүүлэг,

Яллагдагч О.Лхагванямын ... Галаа ах өөрөө эхлээд намайг найзтайгаа муудалцлаа гэж хэлээд миний нүүр лүү гараараа цохиод нэг удаа өшиглөхөөр нь түүнд зодуулсандаа уурлаад би Галаа ахыг нэг удаа гараараа нүүр лүү нь цохиод, мөн унасан байх үед нь нүүр лүү нь өшиглөж зодсон... гэх мэдүүлэг,

Яллагдагч Ж.Зүчи ... Гал-Эрдэнэ нь эхлээд намайг өөрөө хавирч газар унагаахаар нь уур хүрээд мөн найзыгаа өмөөрөөд түүнийг газар унчихсан байхад нь нэн удаа толгой луу нь өшиглөсөн мөн толгой луу нэг удаа өвдөглөж зодсон. Би хохирогчийг чулуугаар цохиогүй... гэх мэдүүлэг.

Сэжигтэн Ш.Төмөрбаатар... би найз нараа өмөөрөөд газраас гарын алганы тал шиг хэмжээтэй чулуу аваад хохирогчийн араас нь толгой руу нь чулуугаар цохьчихсон юм. Өөрөөр бол цохьж зодоогүй...намайг харахад Зүчи л лав нүүр өвдөглөөд Лхагвагням нэг удаа шанаадаж байсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохиролд 1.310.000 төгрөг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

          

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Отгонтэнгэр овогт Оюунгэрэлийн Лхагваням, Цөөхөр овогт Жанлавын Зүчи, Лангандай овогт Шүрэнбаганын Төмөрбаатар нар нь согтуугаар бүлэглэж хохирогч Г.Гал-Эрдэнийг зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар шүүгдэгч Л.Лхагваням, Ж.Зүчи, Ш.Төмөрбаатар нарт тус бүр 256 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялыг 8 цагийн ажлыг 1 хоногийн баривчлах ялаар сольдог болохыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ё.ЦОГТЗАНДАН