Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/557

 

 

 

        2022         4            12                                            2022/ШЦТ/557

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,   

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

иргэний нэхэмжлэгч/хариуцагч Д.О,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Мын Мд холбогдох эрүүгийн 2103 00416 0072 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.    

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.М нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ******-ийн зам, “********” хүнсний дэлгүүрийн зүүн талын замд “Тоуоto Рrius” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.”, мөн дүрмийн 13.4.ж-д заасан “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж/ ...үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтыг тус тус зөрчиж, гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдэлгүй, үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас явган зорчигч С.Аийг мөргөж, энэ гэмт хэргийн улмаас С.Аийн амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Юуны өмнө хохирогчийн гэр бүлээс маш ихээр уучлалт гуйж байна. Өөрөө ч гэсэн ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Тэр өдөр би гэртээ хоёр хүүхдээ үлдээсэн. Том банди маань сахрын өвчтэй, бараг нийгмээс тусгаарлагдсан шахуу тийм хүүхэд байдаг. Тэр хүүхдийн бие тэнхээ гайгүй байгаа дээр нь нийгэмшүүлэх санаатай, олны дунд ороод инээж хөөрч яваасай гээд хүний лангуун дээр гарын утас засварлах ажил дээр дадлагажуулдаг байсан юм. Тэгээд хүүгээ орой тэр зах хаахаас өмнө багийг нь үлдээчхээд очиж авах замдаа ********** замд дэлгүүр дөнгөж өнгөртөл, урд явж байсан машин замын хажуу руу зогсох үйлдэл хийгээд зогссон. Тэгээд зогсохоор нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд хажуугаар гартал урдуур хүн ороод ирсэн. Тэгэхээр нь би тоормос гишгээд баруун тийшээ дарсан. Тэгээд би тэр хүнийг зүүн талын гэрлээрээ бөгсөн бие рүү нь мөргөсөн байх гэж бодсон. Би хамгийн түрүүнд түргэн дуудаад, тэнд цуг явж байсан хоёр охин ахаа юу болсон бэ, яасан юм бэ гэхээр би сандраад утсаар ч ярьж чадахгүй байсан. Би ахдаа энэ утсаар түргэн хурдан дуудаад өгөөч, бас цагдаа яаралтай дуудаад өгөөч гэж хэлсэн. Цагдаад дуудчихаад байж байхад түргэн ирэхгүй удаж байгаа юм шиг надад санагдсан. Би түргэн рүү залгаад анхны тусламж яаж үзүүлэх вэ, надад зааж өгөөч гэж хэлсэн. Энэ хүн доошоо хараад хэвтчихсэн байна гэж би хэлсэн. Надад та хажуугаар нь харуулж хэвтүүлээд хурц үнэртэй юм үнэрлүүл гэсэн. Тэр үед надад хурц үнэртэй юм байгаагүй. Тэр хоёр охин цүнхнээсээ үнэртэй ус гаргаж өгсөн. Тэгээд би үнэртэй ус үнэрлүүлээд өөрийнхөө куртикийг тайлаад толгойд нь дэрлүүлсэн. Тэгээд байж байхад түргэн ирсэн. Миний тооцоолж байгаагаар тэр үед сандарсан байсан болохоор хэр их удсаныг сайн мэдэхгүй байна. Түргэн ирээд үзлэг хийгээд энэ хүн чинь амьсгал хураасан байна. Би өөр ямар нэгэн арга байхгүй юм уу гэж асуусан чинь ямар ч арга байхгүй. Та байж байгаарай гэж надад хэлсэн. Би түшээд сууж байхад цагдаа ирээд хэмжилт хийгээд намайг аваад явсан. Миний машиныг ачаад, талийгаачийг шүүх эмнэлгийн машин аваад явсан. Ийм зүйл болсон.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэр бүлийн хувьд маш их гомдолтой, хохиролтой байгаа. Би бол амь хохирогчийн төрсөн ах нь байгаа юм. Манай ээж 80 гарсан настай хөгшин байдаг. Талийгаач хөгшинтэйгөө хоёул байдаг байсан. Манай ээж шүүх хуралд ирнэ гэхээр бид нар та хэрэггүй, хөл муутай байж хэрэггүй гэж хэлсэн. Хэрвээ энд ирсэн бол бөөн юм болох байсан. Бид нарын хувьд үнэхээр харамсалтай байгаа. Хүний амь хорьхон сая төгрөгийн үнэтэй гэж байхгүй биз дээ. Зүгээр машин тэрэг эвдэрсэн байхад өчнөөн зардал гардаг. Би байцаагчид хүний муу үзээд яах вэ, бүх зардлыг нь дуустал гаргаад өг гэж хэлсэн. Өөрөө бол нэг ч удаа ярихгүй байсан. Ямар хүн зодчихсон байгаа биш дээ, хүний амь насыг хохироочхоод хэн ч яах вэ, ирээд уучлалт гуйгаад буруугаа хүлээж болох байсан. Хүргэн гэж хүн залгасан. Тэрнээс бол над руу нэг хүн залгаагүй. Би 20.000.000 төгрөг нэхэмжилсэн. Одоо тэрийгээ увуулж цувуулж өгсөн байдалтай байж байна. Даатгалаас гарсан мөнгө 5.000.000 төгрөг байна. Тэрийг бол энд оруулмааргүй надад санагдах юм...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч/хариуцагч Д.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “... машиныг би өөрөө эзэмшдэг байсан. Эгчийн маань хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй. Та нар харах юм бол 4-5 ангийн хүүхэд шиг харагддаг. Энэ хүүхэд сардаа жилдээ эмнэлгээр их явдаг. Бид нар хүүхдэд нь өөрсдийн цаг заваа зориулдаг. Би машинаа зараад хэдэн төгрөг болгочихдог юм уу гэж бодож байсан. Эгчийгээ хүүхдээ зөөгөөд явж байгаарай гэх үүднээс өгсөн. Боломжтой болохоороо яваандаа мөнгө төгрөг өгөөрэй гэж өгсөн юм...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

                                                                             

Хэргийн үйл баримтын талаар

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн: “Зам тээврийн осол хэрэг үйлдэгдсэн гэх газар нь БЗД-ийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр “********” хүнсний дэлгүүрийн зүүн талын ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлийн замд хар бараан өнгийн куртиктай 40 орчим насны эрэгтэй толгойноос нь их хэмжээний цус гоожиж зам дээр овойж тогтсон байдалтай зам дээр дээшээ харсан байдалтай хэвтэх ба уг хүнээс ертөнцийн зүгээр урагшаа 50 метр орчим зайд хойноос урагшаа чиглэлийн байрлалтай аваарын гэрлээ асааж зогсох ба уг автомашин зүүн урд крыло бага зэрэг ... зүүн талын урд багана хонхойсон байх ба ослын газрын зам орчны байдал нь асфальтан шулуун тэгш, нойтон гадаргуутай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаарын нөхцөл тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвасгүй хоёр эгнээ замтай явган хүний замтай, хашлагатай, хайсгүй байлаа. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн ослын газрын баруун хойно зам дагуу байрлах “********” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг үндэслэн осол үйлдэгдсэн А цэгийг тогтоож, явган зорчигч тээврийн хэрэгслээр мөргүүлж унасан хэсэгт Б цэгийг тогтоож үл хөдлөх В цэгээр хүнсний дэлгүүрийн харалдаа зүүн талаар байрлах дугааргүй гэрэлтүүлгийн шонгоор авч... ослын газрын хэмжилт хийхээр А цэгээс Б цэг хүртэл 8.20 м, А цэгээс үлд хөдлөх В цэг хүртэл 3.20х32.80 м, замын өргөн 9.10 м, А цэгээс урагшаа Тоёото Приус 10 улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүртэл 28.90 м, замын зүүн талын явган замын өргөн 1.50 м, осол гаргасан тээврийн хэрэгслийн баруун урд дугуйнаас баруун тийш замын хашлага хүртэл 1.0 м, баруун хойд дугуйнаас 0.90 м байх ба үзлэгт хяналтын камерын байрлал тусах чигийг харуулж өгсөн ба ослын газраас урагшаа болон хойшоо 200 метр зайд явган хүний гарц байхгүй байлаа, тээврийн хэрэгслийн эвдрэлийг шугам байрлуулж гэрэл зургаар бэхжүүлж... жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгахад 0.00 хувьтай хэрэглээгүй байлаа...” гэх тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-14 дугаар хуудас),

 

            Цогцост гадна үзлэг хийсэн: “... 173 см урт, толгойдоо 9 см хар өнгийн үстэй биеийн ерөнхий хөгжил зөв мах мярай өөхний эд дунд зэрэг 39 настай гэх эрэгтэй хүний цогцос байна... хамар, амнаас шингэн цус урсаж гарна, хоёр чихний дэлбэн бүтэц, чихний сувгаас гарсан зүйлгүй, цээжний хэлбэр зөв, хэвлийн өөрчлөлтгүй... баруун хацрын товгороос шанаа хүртэл 6х4см, босоо зураасан, баруун мөрний ар гарагууд 3х2см, баруун ташаан ар дээд хэсэгт 19х14см талбайд хүрэн улаан өнгийн зулгаралуудтай, зүүн нүдний дээд зовхи овойж хавдсан бүдэг ягаан өнгийн цус хуралттай...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-20 дугаар хуудас),

 

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “... 2021.11.28-ны өдөр 19:50:07 цагт явган зорчигч С.А нь дэлгүүрээс гарч явж байгаа хэсгийг харуулав. 19:50:11 цагт явган зорчигч замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байгаа хэсгийг харуулав. 19:50:12 цагт явган зорчигчийг зам хөндлөн гарч байх үед Тоёото Приус 10 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийж явган зорчигчийг мөргөж байгаа хэсгийг харуулав...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

 

Хууль ёсны төлөөлөгч С.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай бага дүү С.Алтантулга над руу залгаад С.А ах зам тээврийн осолд ороод нас барсан байна гээд замын цагдаагаас ярьж байна гэхээр нь шүүх эмнэлэг дээр очиж уулзахад манай дүү мөн байсан... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас),

           

Иргэний хариуцагч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн төрсөн эгч Д.А болон түүний нөхөр М.М нарт 2021 оны 8 дугаар сард 4.000.000 төгрөгөөр бодож зээлээр өгч мөнгөө шилжүүлж дуусахаар нь нэр шилжүүлж өгье гэж бодож байсан юмаа... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас),

 

Гэрч У.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг 2021 оны 11 дүгээр 28-ны өдөр гэртээ байж байхад 19:49 цагийн үед зам дээр түс хийх чимээ гарахаар нь гараад харахад манай хашааны баруун талын зам дээр ногоон өнгийн тоёота приус 10 маркийн **** улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлийн эгнээнд аваараа асаасан байдалтай зогсож байсан ба замын урдаас хойш чиглэлийн эгнээнд /царай, зүс, нас, хүйсийн мэдээгүй./ эрэгтэй хүн доошоо харсан байдалтай хажууд нь нэг эрэгтэй хүн ирчихсэн айсан. Тэр хүн мөргөсөн автомашины хүн байх. Тэгэхээр нь өөрийн ********** дугаарын утсаар цагдаа болон түргэн тусламжийн байгууллагад дуудлага өгсөн. Манай хашаа замынхаа зүүн талд ойрхон байрладаг манайх монгол гэрт амьдардаг болохоор уу чимээ гарч байгаа нь чанга сонсогдсон. Би өөр зүйлийн талаар бол мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дугаар хуудас),

 

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 299 дүгээр: “... Хариулт-1. Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, ажлын болон зогсоолын тоормос, дуут дохио, дугуйн хээний гүн зэрэг нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангаж байна. Харин урд буфер зүүн урд хэсэгтээ будаг нь халцарсан, урд копут зүүн хэсэгтээ хуниралдаж хонхойсон, зүүн гар талын крыло урд хэсгээрээ дотогш чихэгдсэн, зүүн гар талын хойд хаалга будаг нь халцарч, доод хэсэгтээ хонхойсон, улсын дугаарын баруун гэрэл, зүүн талын урд дохионы гэрэл, чийдэнгүүд асахгүй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Хариулт-2. Уг автотээврийн хэрэгсэл нь урд буфер зүүн урд хэсэгтээ будаг нь халцарсан, копут зүүн хэсэгтээ хуниралдаж хонхойсон, зүүн гар талын крыло урд хэсгээрээ дотогш чихэгдсэн, зүүн гар талын хойд хаалга будаг нь халцарч, доод хэсэгтээ хонхойсон, улсын дугаарын баруун гэрэл, зүүн гар талын урд дохионы гэрэл, чийдэнгүүд асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Хариулт-3. Дээрхи эврэл гэмтлүүд нь тухайн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг, хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Хариулт-4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй бөгөөд урд, хойд тэнхлэгийн дугуйн тоормосын ажиллагаа хэвийн стандартын шаардлага байна. Зогсоолын тоормос зогссон. Хариулт-5. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал, цаг агаар зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 94-100 дугаар хуудас),

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5567 дугаар: “... ДҮГНЭЛТ 1.2. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “М.М” гэж хаягласан цусанд спирт илрээгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 116-118 дугаар хуудас),

 

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2622 дугаартай “... ДҮГНЭЛТ: 1. Талийгаач С.Аийн цогцост зулай, дагз, суурь, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны ургадал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, суурь, бага тархины орой, суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйх, ясны хальсанд цус хуралт, баруун бөөрний хальсанд цус хуралт, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, шанаа, мөр, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шинэ гэмтэл байна. 3. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 122-133 дугаар хуудас),

 

2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 80 дугаар: “...Хоёр: Магадлагаа: 6 .Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар: 1. Тоёота приус 10 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.”, мөн дүрмийн 13.4.ж-д “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно:     ж/ хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтуудыг гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч С.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна. 7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэх мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас),

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудас),

Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 25-67, 69 дүгээр хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Гэрч Ж.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг 1983 онд М.Этэй танилцаж гэр бүл болж байхад М.М нь 2 дугаар ангид сурдаг жаахан хүүхэд байсан. Аав нь нас барчихсан. Ээж, эгчийн хамт амьдардаг байсан... манай дүү зан байдлын хувьд их төлөв төвшин, архи дарс хааяа баяр ёслолоор тааруулаад хэрэглэчихдэг. Элдэв гаж муу зуршилгүй... дөрвөн хүүхэд гаргаад хамгийн том нь бага байхдаа өвчний улмаас нас барсан. Одоо том нь 21 настай. Дарь эхийн тэнд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Эхнэр А нь хувийн боовны цехэд ажилладаг... их ажилч хөдөлмөрч зантай...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 149 дүгээр хуудас),

 

Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нөхөр М.М нь 1973 оны 03 дугаар 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 3 хүүхэдтэй айлын бага хүү юм. Бид хоёр багаасаа бие биенээ зүс мэддэг байж байгаад 2000 оноос гэр бүл болж, 2001 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж 2001 онд том хүү М.Б, 2007 онд охин М.У, 2013 онд бага хүү М.Б төрсөн. Бид ам бүл тавуул Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ганцын задгайд айлын хашаанд 5 ханатай гэрт амьдардаг. Манай том хүү 2010 оноос сахрын диабитын 1 дүгээр хэв шинжтэй гээд эмчилгээ хийлгэж 2016 онд эмчийн буруутай үйлдлийн улмаас олгойн дотроо хагарч 4 удаагийн хагалгаа хийлгэж одоо баруун хөл мэдээгүй болсон байнгын асаргаанд би өөрөө асарч байдаг. Манай нөхөр ажлаасаа гараад 2 жил болж байгаа. Бидний амьдралын боломж бололцоо тааруу хүнд хэцүү байдалтай байна. Манай нөхөр М.М нь зан байдлын хувьд даруу төлөв архи, дарс хааяа хэрэглэдэг ч уухгүйгээ хүрэхээр хэдэн сар жилээр ч хамаагүй уухгүй байж чаддаг, элдэв гаж буруу зуршил байхгүй сайн аав, сайн хань минь байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152 дугаар хуудас),

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 141 дүгээр хуудас),

Жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 143 дугаар хуудас),

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 144 дүгээр хуудас),

Оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 142 дугаар хуудас),

Мын Б, Мын У нарын төрсний гэрчилгээний хуулбар, Мын Бийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 145-147 дугаар хуудас),

Түргэн тусламжийн дуудлагын хуудас (хавтаст хэргийн 155 дугаар хуудас),

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 158 дугаар хуудас),

Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, биопси, мэс заслын сорьцын шинжилгээний илгээлт, компьютер томографикийн оношилгооны хуулбарууд  (хавтаст хэргийн 159-164 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 165 дугаар хуудас), хавтаст хэрэгт дугаарлагдаагүй “Хар хорих зах”, “Дүүхээ” ХХК, нэр бичэгдээгүй Зарлагын баримтууд (8 хуудас), шинээр гаргаж өгсөн ХААН банкны орлогын мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл, хохирол төлбөр өгсөн гэх гар бичмэл зэрэг (7 хуудас) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагчаас: “Шүүгдэгч М.М 2021 оны 11 сарын 28-ны 19 цаг 45 минутад Баянзүрх дүүргийн ** хороо, ********** зам ******** хүнсний дэлгүүрийн зүүн талын зам дээр Т.Пруис маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Аийг мөргөж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоолгох саналтай байна. Хохирол 10.300.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.О, шүүгдэгч М.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналыг гаргаж байна. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.О машинтай холбоотой зардлаа шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд тусгуулах саналыг гаргаж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохиролтой холбоотой зардлаа иргэний журмаар жич нээлтэй нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээх саналыг шүүхэд оруулж байна.” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Хохиролд 10.300.000 төгрөгийг шүүгдэгч, хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналыг мөн дэмжиж байна.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Гэм буруу дээр ямар нэгэн маргах зүйл байхгүй. Хүний амь насыг юутай ч зүйрлэхгүй. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс эмгэнэл илэрхийлж байна. Ер нь хохирол болон гэм буруу дээр маргахгүй. Хохирогчийн хохирлыг өөрийнхөө бололцоогоор төлж ирсэн. Одоо бол баримтаар 9.563.820 төгрөг байгаа. 9.700.000 төгрөгийг төлсөн.  Өөрсдийнхөн нэхэмжилсэн 9.139.055 төгрөг үлдсэн байгаа. Даатгалын компаниас 5.000.000 төгрөг энэ хүний данс руу орсон. Энэ хүнийг төлөөгүй гэх хууль зүйн үндэслэл байхгүй. Албан журмын даатгалаар бүх жолоочид даатгуулж байгаа. Энэ даатгалынхаа төлбөрийг төлсөн. Үүргийг хүлээсэн учраас даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд энэ хүний өмнөөс даатгалын компани хохирлыг төлж байгаа. Даатгалын компани илүү төлсөн мөнгийг нэхэмжлэх эрхтэй байдаг. Энэ даатгалын 5.000.000 төгрөг бодитоор данс руу орсон байгаа. 10.300.000 төгрөг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар гаргаж өгсөн хохирлыг бүгдийг нь төлсөн.  Шүүгдэгчийн хувьд үлдэгдэл төлбөрийг эвлэрлийн гэрээ байгуулаад тодорхой хугацаанд төлөх санал гаргасан нь хэвээрээ байгаа. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаас үлдэгдэл төлбөрийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Тиймээс М.Мын хувьд одоо бол төлөх төлбөргүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч өөрт холбогдох 50 хувиа төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй. Энэ зам тээврийн осол үнэхээр болгоомжгүй үйлдэгдсэн. Харин мөрдөгчийн магадлагаа нь дээр хохирогчийн буруутай үйлдлээс болсон гэж дүгнэлт гарсан байдаг. Өнөөдөр Монгол Улсын замын хөдөлгөөний нөхцөл ямар байгаа билээ, гарц гармаар гарахгүй бол амьд явах аюулгүй байх, осолд өртөхгүй байх үүрэг нь иргэн хүнд өөрт байдаг. Тиймээс аль аль нь хариуцлагагүй үйлдэл гаргаж, ийм гэмт хэрэг гарсанд харамсаж байна. Мөн үлдэгдэл төлбөрийг эвлэрлийн гэрээ байгуулаад төлөх боломж олгох юм бол хэзээ ч гэрээ байгуулахад бэлэн байна. Иймд гэм буруу дээр маргах зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ******-ийн зам, “********” хүнсний дэлгүүрийн зүүн талын замд М.М нь “Тоуоto Рrius” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас явган зорчигч С.Аийг мөргөж, түүний амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримт нь камерын бичлэгт бичигдсэн байх бөгөөд уг камерын бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэгдэж, уг нотлох баримтаар хэргийн үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.

 

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2622 дугаар дүгнэлтээр амь хохирогч С.Аэд “зулай, дагз, суурь, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, суурь, бага тархины орой, суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйх, ясны хальсанд цус хуралт, баруун бөөрний хальсанд цус хуралт, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, шанаа, мөр, ташаанд зулгаралт” гэмтэл тогтоогдсон байх ба “гавал тархины битүү гэмтлийн улмаас нас” улмаас нар барсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн болгоомжгүй болон холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

 

Шүүгдэгч М.М нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.”, мөн дүрмийн 13.4.ж-д заасан “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж/ ...үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч М.М нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монголын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.4.ж-д заасныг тус тус зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч  С.Аийн амь нас хохирсон байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохирол, оршуулгын зардалд нийт 20.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Хэрэгт нийт 9.581.120 төгрөгийн баримт авагдсан байх ба шүүгдэгч М.М, иргэний хариуцагч Д.О нар нь 9.700.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ут хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлсөн байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уын ХААН банкны ********** тоот дансанд Ард даатгал ХХК-аас 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийг “... ****, Toyoto Prius HT тушаал №01” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.

 

Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын албан журмын даатгалын дагуу даатгагчаас заавал гарах зардлын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд шилжүүлсэн байх тул шүүгдэгч М.Маас хохирол барагдуулах төлсөн зардалд оруулах тооцох нь зүйтэй гэж үзэж, төлсөн гэх 9.700.000 төгрөгт дээрх Ард даатгалаас шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг оруулан тооцсон болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уын нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол болон баримтгүй хохирлыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Иргэний нэхэмжлэгчийн хувиар хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдав.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Улсын яллагч: “... Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх саналыг шүүхэд оруулж байна. Уг хорих ялыг нээлттэй эдлүүлэх саналтай байна... ” гэх саналыг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “ ... хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маш их гомдолтой байгаа... Хохирлын тухайд 15.300.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүх 9.581.000 төгрөг төлөх нь зүйтэй гэж үзсэн. Үүнээс 9.700.000 төгрөг төлсөн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яг бодит байдал дээр бол шүүгдэгч 2.000.000 төгрөг төлсөн. 2.500.000 төгрөгийг иргэний хариуцагч О төлсөн. 5.000.000 төгрөгийг даатгалын байгууллагаас аваад өгсөн. Тэгээд 2.000.000 төгрөг төлчхөөд бүхэл бүтэн хүний амь нас хохироочхоод төлсөн гэж шүүх үзэж байна. Энэ дээр гомдол гаргана. Давж заалдах гомдол гаргана гэдгээ урьдчилж хэлж байна... Тийм учраас хохирлын гаргасан хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна... Энэ хоёр жилийн хорих ял бага байна. 2.000.000 төгрөг төлчхөөд 2 жилийн хорих ял бага байна. Энэ хуульд бол 1-5 жил гэж байхад 5 жилийн хорих ялыг өгөх хэрэгтэй.  Тэгээд ийм хэнэггүй, өөрийгөө өмгөөлдөг, өөрийнхөө хүүхдийн төлөө санаа тавьдаг мөртлөө хүн машинаар дайрч алчхаад утсаар ярьдаггүй. Гэм буруугаа хүлээдэггүй хүн цаашид засрахгүй. Тэгээд хүний машин унаад явж байдаг. Гэтэл өмчлөгч нь би боломжоороо өгнө гэж ярьж байна. Бүхэл бүтэн цаана нь хүний амь нас байхад тэгж ярьж байгаад гомдолтой байна. Хорих ялыг 5 жил хүртэл нь өгөх хэрэгтэй гэж үзэж байна... хорих ялын хэмжээ бага байна гэж үзэж байна.” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруутай үйлдэл хийсэн. Гэхдээ анх удаа Эрүүгийн хуульд зохицуулагдсан болгоомжгүй гэмт хэргийг үйлдсэн.Тухайн хэргийн нөхцөл байдлыг харах юм бол хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Мөн шүүгдэгч эрүүгийн хариуцлага урьд хүлээж байгаагүй. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгчийн хувьд хохирлоо төлсөн хохирол төлөхөө цаашдаа илэрхийлээд эвлэрлийн гэрээ байгуулаад төлье гэж байхад хохирогчийн талаас хүлээж авсангүй. Энэ бол өмгөөлөгчийн чинь буруу. Дандаа шүүгдэгчийг бас буруутгаад байх боломжгүй байна. Бүх талын гарц гаргалгааг бодож ийм боломж байна гэдгээ шүүх хуралдаан дээр хэлсэн. Яагаад энэ хүн өөрийнхөө хүүхдийн төлөө явж болдоггүй юм бэ эцэг хүний хувьд үүрэг нь байгаа. Зам тээврийн осол болоод түргэн дуудахад түргэн тусламж 50 минутын дараа ирсэн. Өмнө хохирогч амьд байсан байгаа. Тухайн нөхцөл байдлаас болоод хоёр талд азгүйдэл таарсан болов уу гэж бодож байна. Тухайн осол гаргачхаад шууд энэ хүнд өөрийнхөө боломжоор анхны тусламж дэмжлэг үзүүлэх гэж оролдсон байгаа. Гэтэл хохирогч гэмтлийнхээ шокоос гаргахгүй байж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан. Ийм золгүй зүйл болсныг бас ойлгох хэрэгтэй.  Эрх хасах ялыг хүлээн зөвшөөрч байна. Хорих ялын тухайд бол анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй,  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байгаа тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү.” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Би зам дээр очиж үзэх гээд тэгсэн чинь дөнгөж дайраад толгой нь өндийгөөд тэр дороо нас барсан байсан. Тэр бичлэг дээр өмнөх машин өнгөрөөж байхад өөрөө шууд ирээд дайрсан байна. Олон жил жолоо барьж байсан юм бол ямар нэгэн аргаар зогсоох боломж байсан. Тэгээд өмгөөлөгч юу яриад байгаа юм бэ, хүний амь нас ямар ч үнэ цэнгүй болчихсон байна. Тэр хавьд байсан гэрчүүдийг оролцуулмаар байна. Би утсыг нь авсан. Дайрчхаад толгойг нь өргөсөн гээд байгаа шал худлаа ярьж байна. Тэгээд гэр нь дөнгөж хажууханд нь байдаг байсан. Би очиж асуусан.” гэв.

 

Шүүгдэгч “Ийм байдал болсонд маш их харамсаж гэмшиж байна. Хэрвээ би хоригдоод явах юм бол хүүхдийг минь харах хүнгүй болно. Манай амьдрал бараг сүйрэх байх. Тийм болохоор хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж зааснаар уг гэмт хэрэг “хөнгөн” гэмт хэрэгт хамаарч байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас гомдолтой гэснийг харгалзаж тэнсэх боломжгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугийн хэлбэрийн хувьд болгоомжгүйгээр үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг өөрийн амьдралын бололцооны хүрээнд нөхөн төлсөн, мөн бусад хохирлын талаарх нэхэмжлэлийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, том хүү болох М.Б нь байнгын асаргаа шаардлагатай, бага насны болон насанд хүрээгүй 2 хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Мд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн 457247 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овогт Мын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Мд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн 457247 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М болон иргэний хариуцагч Д.О нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

           

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уын нэхэмжилсэн нь сэтгэл санааны хохирол болон баримтгүй хохирлыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ