Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 6

 

  2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 189/ШШ2018/00006

                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Нугын тал 1 гудамж, 21 тоотод оршин суух Хорол овогт Ёндонгийн Энхээ /РД:ЛЮ67052760/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт холбогдох

Эмчилгээний зардал 200.000 төгрөг, унааны зардал 40.000 төгрөг, нийт 240.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ё.Энхээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Би Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт 1990 оноос хойш тасралтгүй бүлгийн багшаар ажиллаж байна. Гэтэл эрхлэгч Т.Сувдмаа, нягтлан бодогч н.Эрдэнэцэцэг нар миний эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хугацааны төлбөрийг бодож олгохгүй байна. Иймээс эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хугацааны төлбөр 200.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал миний эмчилгээний зардал 200.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Харин одоо Багахангай дүүргийн шүүхэд ирж, очсон унааны зардал 40.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 11.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул миний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Сувдмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Энхээд эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Харин нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 40.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ё.Энхээ нь хариуцагч Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт холбогдуулан эмчилгээний зардал 200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардал 200.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 200.000 төгрөгийг хариуцагч бүрэн төлсөн талаар тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Багахангай дүүргийн шүүхэд ирсэн, буцсан унааны зардал 40.000 төгрөгийг,  улсын тэмдэгтийн хураамж нийт 11.200 төгрөгийн хамт хариуцагчаас нэхэмжилсэн.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Сувдмаа эмчилгээний зардал 200.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, унааны зардал 40.000 төгрөгийг төлөхөөс татгалзсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгээс 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Ё.Энхээгийн Төрийн банкны 330000396209 тоот дансанд 165.933 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ХААН банкны 5750005882 тоот дансанд 34.067 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан  төлбөрийн хүсэлтүүд, цалингийн тооцооны хүснэгт, зохигч талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдоно.

Нэхэмжлэгч Ё.Энхээ нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж, Багануур дүүргээс Багахангай дүүргийн шүүхэд ирж, буцсан унааны зардал 40.000 төгрөгийг нэхэмжилж, орлогын мэдүүлэг, жолооны үнэмлэх болон Э.Сүхболдын өмчлөлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэнд очих баримт зэргийг хавсаргасан байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3.-д заасан “Шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хэргийн оролцогч шүүхийн дуудсанаар шүүхэд хүрэлцэн ирэх үүрэгтэй, энэхүү үүргийг биелүүлээгүй нь өөрийн зарим эрхээс татгалзсантай адил байдлыг үүсгэх,  мөн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлээ дэмжиж оролцох үүрэгтэй байх тул унааны зардалд нэхэмжилсэн 40.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

             Иймд нэхэмжлэгчийн 200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 6.650 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогод үлдээж,  хариуцагчаас 3.325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, унааны зардал 40.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэв.            

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгч Ё.Энхээ өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар, мөн хуулийн 100.3.-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч Т.Сувдмаа  шүүх хуралдаанд оролцохгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн тул тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1., 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч Ё.Энхээгийн хариуцагч Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт холбогдох 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Ё.Энхээгийн хариуцагч Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт холбогдох унааны зардал 40.000 /дөчин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.650 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 3.325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Энхээд олгож, улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах /хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4.-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх/ бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад  болохгүйг мэдэгдсүгэй. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.НАРАНГЭРЭЛ