Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/744

 

 

     2022          5           24                                         2022/ШЦТ/744

           

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч Б.Т,

шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э-ийн  Хт холбогдох эрүүгийн 2106 00000 2565 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын туннелийн орчимд үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” нэртэй баарны гадна хохирогч Б.Ттэй шалтгаангүйгээр маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараар нэг удаа цохиж, биед баруун зүүн үүдэн дээд 1-р шүдний бугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, хамар, дээд уруулд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                     

            Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Тухайн өдөр дуудлагын жолооч дуудах гээд эргүүлийн цагдаа явж байхаар нь тусламж дуудаад тэр цагдаагаас надад дуудлагын жолооч дуудаад өгөөч гээд цагдаагаас асуугаад зогсож байсан. Тэгээд байж байсан чинь араа хүн ирээд цохихоор нь эргэж хараад сандарсандаа нэг цохисон. Тиймээс би танихгүй хүнтэй маргалдсан зүйл байхгүй байгаа.Тэгээд тийм юм болсон юм даа.” гэв.

 

            Хохирогч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Тухайн үед шүдээ хийлгүүлж байх явцад 5.000.000-5.600.000 төгрөг болсон юм. Тэгээд таньдаг хүн дээрээ очиж хийлгүүлсэн байгаа. Тийм учраас надад НӨАТ гэж гаргаж өгөөгүй. Би өөрөө тэр талаар сайн мэдэхгүй байсан учраас энэ хэргийг хаагдсан юм байна гэж бодоод явж байсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар   

 

Хохирогч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Дын хэлснээр бол би үл таних нэг залуугийн араас гараараа цохисон гэсэн тэгсэн тэр залуу эргэж хараад миний нүүр хэсэгт цохисон гэж хэлсэн тэгээд тэр залууг цагдаа нар аваад явсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

 

Гэрч Н.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т нэг ахыг араас нь гараараа цохисон чинь нөгөө ах эргэж хараад шүдийг нь хуга цохичихлоо гэж Н надад хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10953 дугаар: “... хэсэг газрын үзлэгт: Баруун 1, зүүн 1-р үүдэн дээд шүднүүд булгаралт, буйл хонхойж хүрэн өнгийн цус хурсан, дээд уруулын дотор хэсэгт 1.5х1 см хүрэн өнгийн цус хуралттай. Хамрын нуруунд 1х0.5см, дээд уруулын зүүн гадна хэсэгт 1.5х0.5 см, дээд уруулын зүүн гадна хэсэгт 1.5х0.5 см хүрэн өнгийн зулгаралттай. ДҮГНЭЛТ 1. Б.Т-н биед баруун зүүн үүдэн дээд 1-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, хамар, дээд уруулд зулгаралт гэмтэл байна. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг  хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10% нөлөөлнө.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Э.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би эргэж хараад баруун гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. Тэр залууг цохиход газар унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

 

Гэрч Х.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Дэргэд нь 2 залуу зогсож байхад нэг залуугийнх нь араас Т өшиглөчихсөн. Би өөрөө согтуу байсан болохоор биеийнх нь аль хэсэгт өшиглөснийг мэдэхгүй байна. Тэгсэн чинь Тд өшиглүүлсэн залуу эргэж хараад Тг цохиод унагаачихсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94 дүгээр хуудас),

 

Гэрч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... нэг залуу гүйж ирээд надаар машинаа бариулах гээд байсан залууг араас нь толгой руу нь алгадчихсан. Тэгсэн чинь нөгөө залуу эргэж хараад гайхаж байснаа тэр залуугийн нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиод унагаачихсан. ...Тэгэхгүй бол тэр 2 зодолдох гээд байсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дугаар хуудас),

 

Гэрч Г.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг залуу гүйж ирээд надаар машинаа бариулах гээд байсан залууг араас нь толгой руу нь алгадчихсан. Тэгсэн чинь нөгөө залуу эргэж хараад гайхаж байснаа тэр залуугийн нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиод унагаачихсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/3086 тоот “... Б.Т нь шалтгаангүйгээр иргэн Э.Хын толгойн тус газарт цохисон нь нь тогтоогдож байх тул дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгуулж, шийдвэрлүүлэхээр хэргээс холбогдох материалыг хуулбарлан хүргүүлэв.” гэх албан бичиг (хавтаст хэргийн 128 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

           

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

“Аз” денталын тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

                       

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “... Шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Х нь “хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

             

            Үйл баримтын талаарх дүгнэлт

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           

2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын туннелийн орчимд үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” нэртэй баарны гадна шүүгдэгч Э.Х нь хохирогч Б.Ттэй толгойн хэсэгт цохисон гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар нүүр хэсэгт нь гараар нэг удаа цохиж гэмтэл учруулсан байна.

 

Хохирогч Б.Тд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10953 дугаар дүгнэлтээр “баруун зүүн үүдэн дээд 1-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, хамар, дээд уруулд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Э.Х нь хохирогч Б.Тгийн нүүрэн тус газарт цохих үйлдлээр эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

           

Хохирогч Б.Тд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10953 дугаар дүгнэлтээр “баруун зүүн үүдэн дээд 1-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, хамар, дээд уруулд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Х нь хохирогч Б.Тгийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Э.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан.

 

Шүүгдэгч нь хохирогчийн довтолгоон дууссаны дараа цохиж гэмтэл учруулсан байх тул шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй байна.   

                                  

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байснаас болсон байх бөгөөд хохирогч Б.Т шүүгдэгч Э.Хын толгойн ар хэсэгт нь цохиж, түүний Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй эрхэд халдсан зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

            Иймд хохирогч Б.Т нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Хаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

           

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.4 дэх хэсэгт “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Э.Х нь оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Э.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Э-ийн  Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Х нь оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Б.Т нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Хаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ