| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2022/0742/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/745 |
| Огноо | 2022-05-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/745
2022 5 24 2022/ШЦТ/745
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч Я.Амарзаяа,
шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Нын Од холбогдох эрүүгийн 2206 01298 1159 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.О нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "******" кино театрын 4 давхрын шөнийн цэнгээний газарт хохирогч У.Өтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар хохирогч У.Өыг гараараа нүүрэн тус газарт цохих зэргээр биед нь халдаж, эрүүл тэндэд нь зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, таславчийн мурийлт, дух, дагзны хуйх, зүүн нүдний дээд зовхи, эрүүнд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, доод уруулд шарх, цус хуралт, баруун чихэнд шарх, хамар, дээд уруулд зулгаралт, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл үүсгэж хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед өөрийн найз охин болох Б.Отэй хэрэлдсэн байсан. 7 хоногийн өмнө шахуу байсан байх. Манай найз охин тэр өдөр намайг ажлаа тараад гэр лүүгээ орох гэж байхад нь би залгаад хоёулаа эвлэрье гэсэн. Урьд нь би тэр ********эд ажилладаг байж байгаад тэндээсээ гараад ******** шоп пүүзний дэлгүүр худалдааны зөвлөхөөр ажилдаа эргэж орсон. Тэгээд хуучин ажил болох ********ын 4 давхар уулзахаар болсон. Тэр өдөр Ө 3 найзын хамт сууж байсан. Тухайн үед тэр согтуу би найз охинтойгоо нэг нэг пиво ууж байсан. Тэгээд орой 12 цаг өнгөрч байхад тог тасраад 00 орох шаардлага гараад манай найз охин хамт оръё гэхээр нь би хамт орсон. Тэгээд эрэгтэй 00 хамт биеэ засчхаад гараад ирэхэд Ө 00 байхдаа видео калл хийж байсан. Тэгээд электрон тамхины ишээ газарт унагаагаад намайг “ахындаа дүү олоод өгөөч” гэхээр би “хэний дүү гэнээ” гэсэн чинь “ахын дүү чи яаж яриад байгаа юм бэ” гээд ёс бус үг хэллэг хэлсэн. Тэгээд би “хүнээс юм гуйж байгаа бол эвтэйхэн гуйж болно, яаж гуйгаад байгаа юм бэ” гээд би тамхины ишийн олж өгсөн. Тэгээд гарах гэж байхад чи “том болсон байна шүү” гээд намайг хэл амаар доромжилсон. Тухайн үед манай найз охин зодолдоод хэрэггүй, шууд гарья гэхээр гараад явах гэж байхад араас “охины цаагуур ороод арчаагүй банди вэ” гэхээр нь би тоогоогүй. Тэгээд удаагүй манай найз охиныг түлхээд намайг нэг цохихоор би зөрүүлээд цохисон. Тэгээд манай найз охин бид хоёрыг салгасан. Би зүүн гараараа нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиод гарах гэтэл нүүр нь хавдсан хамраас нь нэлээн их цус гарчихсан байсан. Мөн тухайн үед бас тэр газрын хамгаалагч бид хоёрыг салгасан. Би нүүрээ угаагаад тооцоогоо хийгээд гараад Өаас уучлалт гуйгаад гэртээ харьсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч У.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“Би 2022 оны 02 дугаар сарын 21-нийт өдөр найз Згийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********”-ийн 4 давхарт байрлах пабд 22 цагийн орчим ороод ... би 00 өрөө ороод шээж байхад миний электрон тамхины под унаад 00 өрөөнд байсан зүс харж байсан миний өмнө нь сурч байсан 39 дүгээр сургуулийн 3-4 доошоо ангийн дүү байхаар нь ахынхаа подыг аваад өгөөч гэсэн чинь үгүй гэж хэлсэн... тухайн миний ахыг таних уу гэж хэлэхэд би танина гэж хэлэхэд тухайн залуу намайг зодсон... намайг О гэх залуу ганцаараа зодсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3324 дүгээр: “... ДҮГНЭЛТ 1. У.Өын биед зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, дагзны хуйх, зүүн нүдний дээд зовхи, эрүүнд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, доод уруулд шарх, цус хуралт, баруун чихэнд шарх, хамар, дээд уруулд зулгаралт, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
Шүүгдэгч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Ө чи юу мэддэг юм гэж хэлээд найз охиныг түлхэж холдуулаад миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохиод авахаар нь зөрүүлж зүүн гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж хоолойг нь баруун гараараа боож доош дарж мөн зүүн гараараа нүүрэн тус газарт нь 3-4 удаа савж хүчтэй цохиж авахад найз охин Б.О бид хоёрыг салгахад Ө нүүрээ дарж газар суусан. Гаднаас 2 найз нь орж ирээд Өыг авч гарахад хойноос гарч маргалдаж байгаад гэр гэртээ харихаар явсан... У.Өын биед учруулсан болохоор хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87-89 дүгээр хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудас),
Хохирлын баримт (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 38-45 дугаар хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),
Шүүхийн Шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дугаар хуудас),
Н.Оийн ХААН банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 49-81 дүгээр хуудас), “BOZZOLO” бэлэн хувцасны дэлгүүрийн тодорхойлолт (1 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “... Шүүгдэгч Н.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "******" кино театрын 4 давхрын шөнийн цэнгээний газарт шүүгдэгч Н.О хохирогч У.Өтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар хохирогч У.Өыг гараараа нүүрэн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан байна.
Хохирогч У.Өт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3324 дүгээр дүгнэлтээр “зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, дагзны хуйх, зүүн нүдний дээд зовхи, эрүүнд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, доод уруулд шарх, цус хуралт, баруун чихэнд шарх, хамар, дээд уруулд зулгаралт, зүүн дээд 1-р шүдний сулрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Н.О нь хохирогч У.Өын эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч У.Өт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3324 дүгээр дүгнэлтээр “зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, дагзны хуйх, зүүн нүдний дээд зовхи, эрүүнд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, доод уруулд шарх, цус хуралт, баруун чихэнд шарх, хамар, дээд уруулд зулгаралт, зүүн дээд 1-р шүдний сулрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.О нь хохирогч У.Өын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Б.Ө болон шүүгдэгч Н.О нарын хэн аль нь биеэ зөв авч яваагүйгээс болж гарсан гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хохирлын мөнгө болох 130.000 төгрөгийг шүүгдэгч Н.Оээс гаргуулан хохирогч У.Өт олгохоор шийдвэрлэв.
Мөн хохирогч У.Ө нь цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Н.Оээс холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч “хэлэх зүйлгүй” гэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.4 дэх хэсэгт “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.
Шүүгдэгч Н.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Н.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Нын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Оээс 130.000 төгрөгийг гаргуулан хохирогч У.Өт олгосугай.
5. Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч У.Ө нь цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Н.Оээс холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ