Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/747

 

      2022         5            24                                      2022/ШЦТ/747

 

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,     

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт А-ийн Бт холбогдох эрүүгийн 2106 01941 1084 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

           

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч А.Б нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах **-ын автобусны буудал дээр иргэн Б.Хын гар цүнхээс Самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 354.800 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “... 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 цаг 00 минутын бичлэг байх ба Баянзүрх дүүргийн ** дугаар хороонд байрлах Мини маркет дэлгүүрийн хяналтын камерт үл таних залуу 165 см орчим өндөр саарал өнгийн юүдэнтэй цамцтай хар өнгийн бомбер куртиктэй, хар саарал өнгийн женсин өмдтэй, цагаан ултэй цэнхэр өнгийн пүүзтэй, хар үстэй залуу, хүүхдээ тэвэрч буй эмэгтэй рүү дөхөж очиж, араас нь явж халааснаас нь гар утас хулгайлж буй бичлэг, 1** дугаар хорооллын автобусны буудлын ард талын явган хүний зам дээр үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна. Мөн тухайн цагаан өнгийн СиДи нь дээр зураг байх өгөөд тухайн зурган дээр гэмт хэрэг үйлдсэн этгээд 2 залуугийн хамт цэнхэр жинсин өмдтэй цэнхэр жинсин яактай хар саравчтай малгайтай хар өнгийн пүүзтэй, хоёр дах этгээд нь цэнхэр жинсин өнгийн пүүзтэй цэнхэр жинсин яактэй цагаан масктай 170 см орчим өндөр цагаан пүүзтэй, 1** дугаар хорооллын автобусны буудлаас явган хүний замаар явж буй зураг хадгалагдан үлдсэн байна.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

 

Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 06 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Американ дэнжээс эгчийнхээсээ өөрийн хүүхэдтэйгээ гараад явж байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо **-ын автобусны буудал дээр очиход миний үүрч байсан цүнхнээс Самсунг А51 загварын гар утас алдагдсан байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 5 дугаар сард facebook зар үзэж байгаад Samsung A51 маркийн дэлгэц нь хагарсан гар утас хямд үнээр зарна гэсэн зар байхаар нь утас руу нь залгаад... 280.000 төгрөгөөр худалдан авсан... Гомдол, санал байх     гүй. Хулгайн гар утас болохоор авмааргүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас)

 

Шүүгдэгч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 1** дугаар хороолол автобусын буудал дээр явж байгаад миний урд явж байсан хүүхэдтэй эмэгтэй хүний цүнхнээс гар утас нь цухуйж байхаар нь утсыг нь авчихсан юм. Самсунг А51 загварын гар утас байсан. Тэгээд би Емарт хавьцаа явж байсан үл таних эрэгтэй хүнд 280.000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас),

                         

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

“Дамно” ХХК-ын хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

429 дүгээр хорих ангийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаарх ялын тооцоо (хавтаст хэргийн 151 дүгээр хуудас),

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

                                             

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 95 дүгээр хуудас),

Шийтгэх тогтоол, захирамжийн хуулбар (хавтас хэргийн 98-118 дугаар хуудас),

Б.Х, Э.Э нарын “гомдол, саналгүй” гэх гар бичмэл (хавтаст хэргийн 131, 132 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоолгох саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Б нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

                        

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах **-ын автобусны буудал дээр иргэн Б.Хын гар цүнхээс Samsung A51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 354.800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Б.Хын Samsung A51 загварын гар утсыг 354.800 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хохирогч Б.Хд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээлгэн өгчээ. (хавтаст хэргийн 14, 38-39 дүгээр хуудас)

 

Хэргийн үйл баримт нь камерын бичлэгт бичигдсэн байх бөгөөд уг камерын бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэгдэж, уг нотлох баримтаар хэргийн үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

                       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч А.Б нь хохирогч Б.Хын эзэмшлийн гар утсыг авсан байх бөгөөд уг гар утасны үнэлгээ нийт 354.800 төгрөгөөр үнэлэгдсэн, хохирогч Б.Хд 354.800 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч А.Б нь хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч А.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

Хохирогч Б.Х нь өөрийн эзэмшлийн Samsung A51 маркийн гар утсыг буцааж авсан, мөн “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч А.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Мөн иргэний нэхэмжлэгч Э.Эт шүүх хуралдааны тов мэдэгдэхийг нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

           

Шүүгдэгч А.Бт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  2 жил 3 сар 13 хоногийн хугацаагаар тогтоох саналтай байна. Энэ хэрэгтээ цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах, эд мөрийн баримтаар ирсэн СиДи-г хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болохыг  тус тус дурдаж байна.” гэх дүгнэлтийг, шүүгдэгч “миний бие муу байгаа тул хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

Шүүгдэгч А.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

                                    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 03 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

           

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-н өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,

мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж тус тус заасан. 

 

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байх байх боловч Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 хоногийн хорих ял оногдуулж, оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 05 жил 06 сар 01 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэнээс эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 04 хоногийн хорих ялыг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн байх тул шүүгдэгч 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна.

 

Иймд шүүгдэгч А.Б нь 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаас хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй байна.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч А.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт А-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бт 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 03 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Хд төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Э.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ