Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/760

 

 

    2022         5            26                                       2022/ШЦТ/760

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ийн Бд холбогдох эрүүгийн 2206 00000 0557 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 10-13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** байрны гадна байрлуулсан, иргэн Б.Тий эзэмшлийн **** улсын дугаартай Ланд-100 маркийн тээврийн хэрэгслийн онгорхой орхисон багажнаас нь хурган дотортой дээл, булган захтай хүрэм, хагас түрийтэй өвлийн гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Б.Тд нийт 918.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч Б.Тий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** байрны гадна өөрийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд багажны хаалга нь хаагдахгүй байхаар нь автомашины хойд хэсгээр нь шонгын модонд тулгаж тавиад гэртээ орсон. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр автомашинаа үзтэл хойд талын багажинд байсан хурган дээл, булган захтай хүрэм, хагас түрийтэй өвлийн гутал тус бүр 1 ширхэг алдагдсан байсан... Үүний дараа байрны гадна талын камерыг шалгаж үзтэл бараан өнгийн хувцастай, цагаан өнгийн бичиглэл бүхий саравчтай малгайтай, цэнхэр өнгийн маск зүүсэн хүн авч байгаа нь бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би гадуур ажилтай явж байгаад 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, **** тоот гэртээ иртэл хашааны гадаа манай Өвөрхангай аймгийн ****** суманд саахалт айл байдаг байсан Б гэх ах “би хөдөө айл дээр мал маллаж байгаад ирлээ, цалингийнхаа оронд энэ хурган дотортой бор торгох дээлийг авсан юм, үүнийг авчих хүн байна уу” гэхээр нь “хэд гэж байгаа юм” гэхэд 250.000 төгрөг гэхээр нь би “авъя ах” гэж хэлээд бэлэн мөнгөөр худалдан аваад гэртээ далд хийчихсэн байсан. Гэтэл Б ах манайд өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ирээд ах нь “хулгай хийгээд авчихсан юм, чи наад дээлээ буцаагаад өгчих” гэхээр нь би гаргаж өгсөн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “... би тухайн дээлийг 250.000 төгрөгөөр худалдаж аваад гэртээ байлгаж байгаад хураалгасан. Надад одоо 250.000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...04-84 улсын дугаартай Ланд машин зогсож байсан ба тухайн машины ард пивоны лааз байсан. Тэр лаазыг тонгойн авчхаад дээшээ босоод машины хаалгыг нь бүтэн нээгээд үзтэл багажинд нь хурган дотортой хүрэн өнгийн дээл, хагас түрийтэй гутал байхаар нь би тухайн дээл, гутал хоёрыг шууд аваад шуудайндаа хийгээд явсан. ...гутлыг Нарантуул захын ард хэсэгт хуучин бараа зардаг хүмүүс дээр очоод 1 танихгүй эмэгтэй хүнд 25.000 төгрөгт зарсан. Дээлийг танил дүү Б 250.000 төгрөгт худалдаж авсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас),                     

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

           

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 44 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 45 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтас хэргийн 50-53 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 10-13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** байрны гадна байрлуулсан, иргэн Б.Тий эзэмшлийн 04 84 УБП улсын дугаартай. Ланд-100 маркийн тээврийн хэрэгслийн онгорхой орхисон багажнаас нь хурган дотортой дээл, булган захтай хүрэм, хагас түрийтэй өвлийн гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Б.Тд нийт 918.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоолгох саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 10-13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** байрны гадна байрлуулсан, иргэн Б.Тий эзэмшлийн 04 84 УБП улсын дугаартай Ланд-100 маркийн тээврийн хэрэгслийн онгорхой орхисон багажнаас нь хурган дотортой дээл, булган захтай хүрэм, хагас түрийтэй өвлийн гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Б.Тд нийт 918.000 үйл баримт тогтоогдож байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт 918.000 төгрөгийн үнэлгээ гарсан ба хохирогч Б.Тд хурган дотортой бор торгон дээлийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгчээ. (хавтаст хэргийн 27 дугаар хуудас)

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

                       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Тд нийт 918.000 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эзэмшлийн 04 84 УБП улсын дугаартай Ланд-100 маркийн тээврийн хэрэгслийн онгорхой орхисон багажнаас нь хурган дотортой дээл, булган захтай хүрэм, хагас түрийтэй өвлийн гутал хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн хувьд хохирогч Б.Т өөрийн эзэмшлийн эд зүйлийг онгорхой орхиж, хайнга хандсанаас болж тус гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн, мөн шүүгдэгч Б.Б нь ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх зорилгоор бусдын эд хөрөнгийг нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Тд 720.000 төгрөгөөр үнэлэгдсэн хурган дотортой бор торгон дээлийг буцаан өгсөн, мөн хохирогч Б.Тд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд 198.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, шүүх хуралд суухгүй, иргэний нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд 250.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, шүүх хуралд суухгүй гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

           

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх саналтай байна. Уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх.” гэх дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаас сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хуагцаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд өмчийн эсрэг гэмт хэрэгт холбогдож 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх түүний хувийн байдлыг харгалзан үзэхэд түүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна.

           

Харин шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хурган дотортой бор торгон дээлийг буцаан өгсөн, үйлдэх хохирлыг хохирогч нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй гэх хохирогчийн байр суурь, дээрх хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ