Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2024/0321

 

 

 

 

 

 

 

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Д

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/** дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 159/ШШ2024/0008 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 159/2023/0056/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Д нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад холбогдуулж “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/** дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 159/ШШ2024/0008 дугаар шийдвэрээр: “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А давж заалдах гомдолдоо:

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Засаг дарга нараас сумын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийн хэрэгжилтийг 2023 оны эхний хагас жилийн байдлаар дүгнэсэн байх бөгөөд Х баг хангалтгүй үнэлгээгээр үнэлэгдсэн гэж дурдсан байдаг.

Энэхүү хуралдаан хэзээ хэдийд болсон болон болох байсан талаар ямар нэгэн мэдээлэл огтоос байхгүй. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Засаг дарга Лхагвадоржийн нэр дээр гомдол гаргаснаас хойш хэд хэдэн удаагийн албан бичгээр засаг дарга нотлох баримтыг ирүүлэхийг шаардаж байсан боловч гаргаж өгөхгүй байсан нь албан бичгүүдийн хугацаагаар тодорхойлогдоно. Ингээд сүүлд буюу 2024 оны 02 дугаар сард нөхөж нотлох баримт үйлдсэн талаар мэдэж Авлигатай тэмцэх газарт албан тушаалтан нар хуурамч нотлох баримт бүрдүүлсэн талаар Д.Д-ын хувьд гомдол гаргасан байдаг.

Энэ хугацаанд энэ хурлын талаар болон хэрэгт Мандал сумын Засаг дарга болон ажлын албанаас гаргаж өгч байгаа нотлох баримтууд огтоос байгаагүй. 2024 оны 02 сард хууль эрх зүйн мэргэжилтнээр хуурамч нотлох баримт бүрдүүлж, эрх бүхий албан тушаалтан нараар гарын үсэг зуруулах ажлыг хийлгэсэн байдал илэрсэн. Төрийн албан хаагч нар ийм хуурамч нотлох баримтыг гаргаж байгаа нь зохисгүй явдал бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа нь харамсалтай байна.

Шүүхийн шийдвэрт ... хэрэгт авагдсан 72 дугаар тал, сонсох ажиллагаа хийсэн хурлын тэмдэглэл, 77 дугаар талд авагдсан 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот шалгалтын танилцуулга, 79 дүгээр тал улсын байцагчийн шаардлага, 82-86 дугаар талд илтгэх хуудас, 87 дугаар талд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, 102 дугаар тал Ажлаас огцруулсан тухай хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шуух хуралдааны үед нотлох баримтаар шинжлэн судлуулаагүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4 дэх заалтыг зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэрт Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж, түүнийг хагас жилээр дүгнэснийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн байна. Гэтэл хамтран ажиллах гэрээ огтоос байгуулаагүй, хэрэгт уг нотлох баримт авагдаагүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Энэ нь үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. 2023 он, 2024 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулан, төлөвлөгөөг Засаг дарга баталгаажуулсан байдаг. Энэ төлөвлөгөөний дагуу хийсэн ажлыг огтоос дүгнээгүй байдаг. Д.Д-ын хувьд 2023 оны жилийн эцсийн тайланг гаргаж өгсөн байдаг. Хэргийн материалд авагдсан. Харин Засаг даргын зөвлөл нь хэзээ байгуулагдсан, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байдаг талаар нэг ч нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй, зөвлөлийн бүрэлдэхүүн хуралдсан гэж хэрхэн яаж дүгнэж байгаа нь тодорхойгүй байдаг.

Шүүх 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/** дугаартай захирамжийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь өрөөсгөл ойлголт болжээ. Уг захирамжид сумын Засаг даргатай байгуулсан 2023 оны хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэжээ. Гэтэл дээр дурдсанчлан хамтран ажиллах гэрээ огтоос байгуулаагүй. Байгуулах үүрэг нь сумын Засаг даргад хуулиар олгогдсон. Хэрэгт байхгүй нотлох баримтыг шүүх үнэлж байгаа нь ойлгомжгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 58.1.12-т сумын засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27-р зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагтай төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахаар хуульчилсан. Гэрээ байгуулах үүрэг нь сумын Засаг даргад олгогдсон бөгөөд түүний биелэлтэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Энэ хуулийн заалт хэрэгжээгүй байхад шүүх хамтран ажиллах гэрээг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Мөн хуулийн 64.3-т огцруулах тухай шийдвэрийг тухайн хуралд 15 хоногийн дотор мэдэгдэнэ. Хуулийн зохицуулалт хэрэгжээгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлд 27.3-т сонсох ажиллагаа явагдах ёстой.

Шүүхийн шийдвэрт 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/476 тоот албан бичгээр мэдэгдсэн болохыг дурдах нь зүйтэй гэжээ. Энэ хуулийн 27.2.1-т мэдэгдлийг этгээд тус бүрд нь шууд хүргүүлнэ гэж хуульчилсан. Д.Д-т сонсох ажиллагаа явуулах талаар хэрхэн яаж мэдэгдсэн талаар нэг ч нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй болно.

Шүүхийн шийдвэрт: Хариуцагч талаас хог цэвэрлэгээ хийлгэх 2023 оны 5 дугаар сарын 24-ний 01/458 тоот албан бичгийн дагуу Х багийн Засаг дарга эрсдэлт нөхцөлд байгаа хогийн ил задгай хаягдсан малын сэг зэм, хог хаягдлыг ариутган булшлах ажлыг яаралтай зохион байгуулж, тайланг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирүүлэх хугацаатай үүргийг өгчээ.

Энэхүү албан бичгийг хэзээ явуулсныг газар дээр очиж үзлэг хийхэд ажлын албаны 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дотоод чатаар ирсэн байдаг. Үүнийг ажлын өдөр буюу 1 дэх өдөр Д.Д-т албан бичиг ирсэн талаар танилцуулагдаж, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зөвлөлийн хуралдсан гэсэн баримт шүүхэд ирүүлсэн байдаг.

Уг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд Д.Д-ыг оролцуулсан гэх нотлох баримт байхгүй, хуралдааны тэмдэглэлд зөвхөн нэрийг бичсэн гарын үсэг байхгүй байдаг. Энэ албан бичиг ирэхээс өмнө Д-ын хувьд хог цэвэрлэгээг аль хэдий нь цэвэрлээд дууссан байдаг. Урьд нь газар дээр очиж фото зураг авч байсан зургуудыг хавсаргаж, шаардлагад дурдаж, багийн Засаг даргатай уулзаж байсан зургийг шаардлагыг танилцуулж байгаа гэхчилэн зурган хэлбэрт оруулсан нь худал болжээ гэдэг талаар Д.Д тайлбарласан.

Иймд хэргийг хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

   1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж нэхэмжлэгч Д.Д-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/** дугаартай “Д.Д-ыг ажлаас огцруулах тухай” захирамжаар “...Сумын Засаг даргатай 2023 онд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, аймаг, сумын бодлого зорилтыг багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэгжүүлж чадахгүй байгаа тул Д.Д-ыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Х багийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсугай” хэмээн шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч нь 2023 оны хамтран ажиллах гэрээ байгуулаагүй байхад шүүх 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/** дугаартай захирамжийг үндэслэлтэй хэмээн дүгнэж, хэрэгт байхгүй нотлох баримтыг дүгнэсэн нь ойлгомжгүй, огцруулах тухай шийдвэрийг тухайн хуралд 15 хоногийн дотор мэдэгдэнэ гэж заасан байхад уг хуулийн зохицуулалт хэрэгжээгүй хэмээн маргажээ.

4. Анхан шатны шүүх “...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна”, 64 дүгээр зүйлийн 64.2.5-т “энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр”, 65 дугаар зүйлийн 65.1.3-т “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Д нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Х багийн Засаг даргаар ажиллаж байхдаа иргэдийн гомдлын дагуу Мандал сумын Засаг даргын хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй нь дээрх хуульд заасан дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биш огт биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна” хэмээн үндэслэлтэй дүгнэжээ.

5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай “Д.Д-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар “...Сонгогч төлөөлөгчийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар багийн эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх судалгаа явуулах өдөрлөгийн бэлтгэл, бэлэн байдлыг хангалтгүй зохион байгуулж хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй Х багийн Засаг дарга Д.Д-т сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай”, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Мандал сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд “...багийн Засаг дарга нараас сумын Засаг даргатай 2023 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийн хэрэгжилтийг 2023 оны эхний хагас жилийн байдлаар дүгнэсэн байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Х баг нь нийлбэр дүнгээр 2.3 оноотой буюу 50F /хангалтгүй/ гэж үнэлэгдсэн болох нь тогтоогдож байна.

6. Нэхэмжлэгч нь 2023 онд хамтран ажиллах гэрээ байгуулаагүй гэж маргаж байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт зааснаар багийн Засаг дарга нь улс төрийн албан тушаалын ангилалд хамаарах ба багийн Засаг дарга нь дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг биелүүлж ажиллаагүй ажлын хариуцлага алдсан тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах, огцруулах бүрэн эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч өмнө сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон зөрчлийг арилгаагүй, уг үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, нөгөөтээгүүр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.12-т “сумын Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын зүгээс Х багийн Засаг даргатай дээрх үндэслэлээр хамтран ажиллах гэрээ буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Х багийн Засаг дарга Д.Д-ын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж, түүнийг хагас жилээр дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

7. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/*** дугаартай “Ажлын хэсэг томилох тухай” захирамжаар “Өвөлжилтийн хүндрэл болон өвчний улмаас хорогдсон мал, амьтны сэг, зэмийг устгах чиглэлээр багийн Засаг дарга нарт хүргүүлсэн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг шалгах ажлын хэсгийг томилон, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 01/458 тоот албан бичгээр “...эрсдэлт нөхцөлд байгаа хогийн цэгт ил задгай хаягдсан малын сэг зэм, хог хаягдлыг ариутган устгах булшлах ажлыг яаралтай зохион байгуулж тайланг 2023 оны 5 дугаар сарын 29-ний дотор ирүүлнэ үү” хэмээн Хэрх багийн Засаг даргад Д.Д-т үүрэг болгосон.

8. Дээрх хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй болох нь Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Ю.Г-ын “Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай” улсын байцаагчийн албан шаардлага, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Ю.Г, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Б нарын илтгэх хуудас, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01-29-02/277/01 дүгээр улсын байцаагчийн албан шаардлага зэргээр тус тус тогтоогдож байна.

9. Нэхэмжлэгч Д.Д-т сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/476 тоот албан бичгээр мэдэгдэн, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар түүнд сонсох ажиллагаа хийж, багийн Засаг даргаас огцруулсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

10. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-т “бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан.

11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласнаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/** дугаар захирамж илт хууль бус болох хуулийн дээрх шинжийг агуулаагүй байх тул хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.  

12. Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих зарим хуулийн зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 159/ШШ2024/0008 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, 47.1.6, 47.1.7...” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА