Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, 

           улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Ц.Чулуунболд, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч Г.Ганзориг, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш,

шүүгдэгч С.Нэмэх-Отгон, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Ө.Өлзий-Орших, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,

шүүгдэгч Ц.Отгоншагай, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол,

иргэдийн төлөөлөгч Ж.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нэмэх-Отгон, Ц.Чулуунболд, Г.Ганзориг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Өлзий-Орших, Ц.Отгоншагай нарт холбогдох эрүүгийн 201525030775 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Бэсүд овгийн Цогтжавын Чулуунболд, 1989 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 6-259 тоотод оршин суух хаягтай,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 18 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, регистрийн дугаар НД89060372.

2. Цогнууд овгийн Сүхээгийн Нэмэх-Отгон, 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3-39/б тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 32/б-127 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТД86111094.

3. Боржигон овгийн Ганбатын Ганзориг, 1989 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 1-3 тоотод оршин суух хаягтай,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1095 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ЕЮ89033030.

4. Бэрэгчүүд овгийн Цогоогийн Отгоншагай, 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тайёос Ози ХХК-д гэрээт таксины жолоочоор ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршоолол 10 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Шунхлай шатахуун түгээх станцын зүүн хашаанд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ90091558.

5. Боржигон овгийн Өлзийсайханы Өлзий-Орших, 1988 оны 6 дугар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Цахлайн 33-3/г тоотод оршин суух хаягтай,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 205 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 7 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, регистрийн дугаар СБ88061518.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Ө.Өлзий-Орших, С.Нэмэх-Отгон, Ц.Чулуунболд, Г.Ганзориг, Ц.Отгоншагай нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2015 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар дунд сургуулийн автобусны буудлын хажууд байрлах "Вьетнам авто засвар"-ын газарт ажиллаж байсан Вьетнам улсын иргэн Нгуен Хүү Док /NGUYEN HUU DOС/, Фам Мин /PHAM MINH/ нарт зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Нгуен Хүү Док /NGUYEN HUU DOС/-ын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан зөөврийн компьютер, гар цүнх, Самсунг Нөүт 3 загварын цагаан өнгөтэй гар утас, Эл Жи загварын гар утас, Марк Икс машины их гэрэл, тус бүр биет 200.000 болон 270.000 төгрөг зэргийг нь дээрэмдэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Чулуунболд мэдүүлэхдээ: “...2015 оны 6 дугаар сарын 28-ны шөнийн 00 цагийн үед Г.Ганзориг, С.Нэмэх-Отгон, Ө.Өлзий-Орших, Ц.Отгоншагай бид тав Ц.Отгоншагайгийн машины гүприйг засуулах гээд Вьетнам авто засварын газар очсон. Тэгээд үнэ дээрээ тохирохгүй шар үстэй залуутай нь маргалдаад зодоон болсон. С.Нэмэх-Отгон нэг залуутай нь харин би заазуур барьсан залуутай зодолдсон. Гараад явахаар араас заазуур шидэж магадгүй гэж бодоод машины багаажинд хийчхээд зугтаагаад машинд суугаад явсан. Маргааш нь энэ хэд цагдаад баригдсан байна гэхээр нь яваад очтол энгийн хувцас өмссөн цагдаа намайг нэг цаасан дээр гарын үсгээ зур гэхээр нь зурсан. Би бичиг үсэг мэддэггүй учир юун дээр зурснаа мэдэхгүй байна. Тэгээд шууд хорьсон. Миний хувьд тэндээс гар утас болон эд зүйл аваагүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Нэмэх-Отгон мэдүүлэхдээ: “...Уг асуудал 2015 оны 6 дугаар сарын 28-ны 23 цагийн үед болсон. Тухайн засварын газар Ц.Чулуунболд нэг хүнтэй маргалдаад зодолдож байхаар нь би очоод төмөр барьсан залуутай нь зодолдсон. Тэгээд нилээн удаан зодоон болоод буцаад гарч ирэхэд Г.Ганзориг, Ц.Отгоншагай нар машиндаа сууж байсан бөгөөд бүгдээрээ тэндээс явсан. Би хохирогч нартай зодолдсоноо хүлээж байгаа. Гэтэл хохирогч нар намайг дээрэмдсэн гэж мэдүүлэг өгсөн байсан. Анх мөрдөн байцаагч надад хэлэхдээ “чи хүн алчихсан байна,  дахиж эхнэр хүүхдээ хармаар байна уу, чи миний хэлснээр хийж, батлан даалтад гарахаа бод” гэж хэлэхээр нь маш их айсан. Тэгээд мөрдөн байцаагчийн хэлснээр дээрэмдсэн гэж мэдүүлсэн. Ингэхдээ өмгөөлөгчгүй тийм мэдүүлэг өгсөн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганзориг мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Ц.Отгоншагай бид хоёр Ө.Өлзий-Оршихын гэрт очиход Ц.Чулуунболд, С.Нэмэх-Отгон, Ө.Өлзий-Орших нар байж байсан. Тэгээд Ц.Чулуунболд дүүдээ хоол ундны мөнгө аваачиж өгнө гээд Нисэх рүү явсан. Тэр өдрийн өмнөх өдөр нь Ц.Отгоншагай бид хоёр машинтай явж байгаад Сансарын тэнд мөргөлдсөн байсан болохоор 57 дугаар сургуулийн автобусны буудлын тэнд байрлах Вьетнам авто засварын газар очихоор 22 цагийн үед явсан. Нисэхээс гараад Хархорин худалдааны төвийн хойно явж байгаад би харшилтай учраас 2 ширхэг маск авсан. Тэгээд засварын газар очтол онгорхой байсан. С.Нэмэх-Отгон, Ц.Чулуунболд нар түрүүлээд орсон бөгөөд араас нь очтол зодолдож байхаар нь гарах гэтэл цаад талын өрөөнд 2 ширхэг гар утас цэнэглээтэй байхаар нь нөүтбүүк, марк иксийн шинэ гэрэлтэй хамт бүгдийг нь аваад гарсан. Гэтэл Ө.Өлзий-Орших өөдөөс гарч ирээд “явъя, явъя” гэхээр нь машин руу явсан. Машинд сууж байтал энэ хоёр яваад ирсэн. Тэгээд энэ хоёрыг Дамба дээр буулгаад нөгөө 2 ширхэг гар утсыг цэнэглэчих гээд өгсөн. Бусад эд зүйлийг нь гэр рүүгээ аваад явсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Өлзий-Орших мэдүүлэхдээ: “...Би тухайн орой юу болсныг мэдээгүй. Нисэх явчихаад буцаад явж байхдаа машины гупер янзлуулъя гээд 57 дугаар сургуулийн тэнд очсон. Тэгээд С.Нэмэх-Отгон, Ц.Чулуунболд, Г.Ганзориг нар орсон. Би гадаа тамхи татаж байгаад хойноос нь ортол чимээ гараад зодоон болоод байх шиг байсан. Тэгтэл Ц.Отгоншагай гарч ирээд дэлгүүр рүү явсан. Би буцаад оръё гээд ороход Г.Ганзориг урдаас тортой зүйл бариад гарч ирсэн. Дотор юу болсныг мэдэхгүй байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Отгоншагай мэдүүлэхдээ: “...Тухайн орой Г.Ганзориг бид хоёр Ө.Өлзий-Оршихын гэрт очсон. Ц.Чулуунболд хувцсаа солино,  дүүдээ хоол ундны мөнгө өгнө гэхээр нь Нисэх рүү явсан. Тэгээд Нисэх орчихоод буцаад явж байхдаа буюу Баянбүрдийн тойргийн тэнд явж байгаад би “надад 100.000 төгрөг байна, машины гупрыг янзлуулчихъя” гэж хэлэхэд С.Нэмэх-Отгон энд нэг Вьетнам авто засвар байдаг гэхээр нь очсон. Тэгтэл нэг Вьетнам нь гарч ирж үзчихээд 180.000 төгрөгөөр янзална гэж хэлэхэд Ц.Чулуунболд “ямар үнэтэй янзалдаг юм” гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүр яваад тамхи аваад ирэх хооронд зодоон болсон байсан. Намайг гүүрэн дээр ирж явахад Г.Ганзориг  урдаас машины гэрэл, 2 ширхэг гар утас бариад гарч ирсэн...” гэв.

                                                                                           Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

            Хохирогч Фам Мин /РHAM MINH/ мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг 57 дугаар сургуулийн автобусны буудлын хажууд байх “Цэгээн хайрхан” ХХК-ний засварын байран дээрээ найз Хүү Док /Нuu Doс/-ын хамт байж ажлаа хийж байгаад хаах болоод хаалга руугаа очоод хаах гээд явтал өөдөөс нэг хар өнгийн маск зүүсэн залуу орж ирээд өшиглөөд зодсон тэр гартаа уртаараа 50 см орчим төмөр барьсан байсан. Тэгээд би зодуулаад буцаад машинуудын урд талаар яваад зүүн хойд талын буланд очтол нөгөө залуу араас хөөж ирсэн. Тэгтэл тэр залуугийн араас мөн хар маск өмссөн 2 залуу орж ирээд манай найз Хүү Док /Нuu Doс/ бид хоёрыг зодоод эхэлсэн би ганбанз дээр байсан жижиг хутгыг барьж аваад зүүн гартаа бариад ноцолдож эхэлтэл тэр залуу төмөр барьсан байсан учир миний нуруу толгойн дээр цохиод би өөдөөс нь гараараа хаагаад гартаа барьсан байсан хутгаараа зүүн гараа зүссэн байсан. Нөгөө 2 залуу манай найз Хүү Док /Нuu Doс/-ыг зодоод байсан. Тэгж байгаад сүүлдээ миний хоолойг боогоод эхэлсэн тэгтэл нөгөө хоёр залуу намайг тавиад халаасанд байсан 270.000 орчим төгрөгийг аваад намайг босгоод тэнд засвар хийж байсан Марк икс машины багаажийг онгойлгоод намайг ор гэхэд нь би багажинд орсон, тэгээд машины багааж хаасан. Намайг машины багаажинд байж байтал тэд нар өрөөгөөр яваад юм үзэж хараад байгаа бололтой байсан. Тэгээд ойролцоогоор 5 минут орчим болоод байж байтал манай найз Хүү Док /Нuu Doс/ миний байсан машины багаажийг онгойлгож өгсөн. Тэгээд би гараад замын эсрэг талд байдаг найзынхаа гражид очоод тэндээс хүний утсаар өөрийнхөө дарга Дагвадорж руу залгаж ярьсан. Мөн хааяа орой үдэш гадагшаа гарахаар дууддаг таксины жолооч руу залгаж хэлсэн. Тэгээд буцаад граждаа ирээд хажууд байх гражийн хөгшинд хэлээд хамт байж байтал эхлээд манай найз таксины жолооч ирээд бид нар түүнд суугаад эмнэлэг явсан юм. Тэгтэл манай захирал Дагвадорж, цагдаагийн хүмүүс бас ирээд тэд нар уулзсан байсан. Нэг залуу нь намайг зодсон, нөгөө 2 залуу нь надад хүрээгүй. Тэр 2 залуу нь манай найз Хүү Док /Нuu Doс/-ыг зодоод байсан. Тэр залуу гартаа барьсан байсан төмрөөр миний толгойн орой хэсэг, нуруу, бүхий л бие рүү цохиж байсан... Надад байсан мөнгө  20.000 төгрөгийн дэвсгэрт байсан цөөхөн задгай 1.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Жаахан эдэлгээнд орсон мөнгө байсан ба тийм ч их хуучраагүй мөнгө байсан. Миний засвар хийж байсан Марк икс маркийн машины шинэ гэрэл хажууд нь сул аваад тавьсан байсан түүнийг, мөн миний амардаг баруун талын өрөөнд байсан манай хамт ажилладаг монгол залуу Ууганаагийн зөөврийн компьютер, гар цүнх, миний нөүт 3 маркийн цагаан өнгөтэй гар утас зэргийг аваад явсан байсан. Би түүнийг 1 сарын өмнө 450.000 төгрөгөөр нэг найзаасаа авсан юм. Одоо манай найз Вьетнам Явчихсан байгаа. ..Би гомдолтой байна. Би дээрэмдүүлсэн эд зүйлээсээ өөрийнхөө гар утсыг буцааж авсан одоо халаасанд байсан бэлэн 270.000 төгрөг болон эмчилгээнд зарцуулсан 270.000 төгрөг, орчуулагчийн хөлсөнд 100.000 төгрөг өгсөн. Энэ бүгдийг нэхэмжлэх болно. Ингээд нийт 640.000 төгрөг нэхэмжилж байна..., …намайг болон Нгуен Хүү Док бид хоёрыг эмнэлэгт үзүүлэхэд гарсан орчуулагчийн зардал, өмөөлөгчийн зардал зэрэг бүх зардлуудыг “Цэгээн хайрхан” ХХК-ны захирал С.Дагвадорж компаниасаа гаргасан. Надад байсан мөнгө мөн компаний орлого байсан. Алдагдсан мөнгөө захирал хэрэг хийсэн хүмүүсээс гаргуулж авсан, би компаниасаа мөнгөө ажлын хөлс болох цалингаа зохих ёсоор авч байсан. Надад учирсан хохирол байхгүй учраас захирлаас мөнгө аваагүй. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй… ” гэжээ /1хх-52-53, 3хх-52-53/.

Хохирогч Нгуен Хүү Док /NGUYEN НUU DOC/ мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг 57 дугаар сургуулийн автобусны буудлын хажууд байх “Цэгээн хайрхан” ХХК-ны засварын байран дээрээ найз Фам Мин /РHAM MINH/-ний хамт ажлаа хийж байсан буюу би цагаан өнгийн Марк икс машины сэв гаргаад зогсож байтал манай найз Фам Мин /РHAM MINH/-н хаалгаа хаахаар явсан, тэгтэл өөдөөс нь нэг залуу орж ирээд манай найзыг өшиглөөд хөөцөлдөөд ороод ирсэн. Тэгтэл араас нь 2 залуу гартаа төмөр барьчихсан орж ирээд шууд хоёулаа нийлээд толгой руу төмрөөрөө цохиод намайг зодоод эхэлсэн би ухаан балартаад газарт унасан байсан. Тэр үед нэг залуу нь миний дээр суучихсан гараараа намайг багалзуурдаад хоолой шахаад байж байсан. Тэр хооронд нэг залуу манай өрөө рүү ороод юм түжигнүүлээд байсан. Тэгээд гарч ирээд нөгөө намайг багалзуурдсан залуу намайг тавиад цаашаа яваад Марк икс машины хажуу урд байсан Алеон машины 2 гэрэл,  марк икс машины нэг ширхэг шинэ их гэрэл зэрэг 3 гэрлийг аваад гарсан. Тэгээд буцаад нөгөө залуу орж ирсэн ба тэр хооронд нөгөө нэг залуу нь манай найз Фам Мин /РHAM MINH/-ний хоолойг боогоод байж байсан. Гаднаас нөгөө хоёр залуу хамт орж ирээгүй цуварч ганц ганцаараа орж ирсэн. Тэгээд нөгөө миний хоолойг боогоод байсан залуу орж ирээд Алеон машины багаажийг онгойлгоод ийшээ ор гээд би түүн рүү орсон. Тэгтэл багааж хаагаад тэд нар удалгүй гараад явж байгаа чимээ гарсан. Тэгээд би шууд багаажаа онгойлгож гараад Фам Мин /РHAM MINH/-ийг Марк икс машины багаажнаас гаргаад бид хоёр түргэн тусламж дуудсан. Фам Мин /РHAM MINH/ гадагш гарч хүнд мэдэгдээд би тэндээ үлдээд байж байсан. Өмссөн байсан хувцсыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан хар маск нүүрэндээ зүүсэн залуус байсан. Намайг боогоод байсан залуу над шиг нуруутай, туранхай залуу байсан. Тэр хоёр залуу намайг зодсон нэг нь надад хүрээгүй, тэр залуу нь манай найз Фам Мин /РHAM MINH/-ийг зодоод байсан. Миний нүд, толгой болон бие их хавдаж хөхөрсөн байна. Би сүүлдээ өөрөө ухаан алдсан болохоор яг хаана юугаар цохьсныг мэдэхгүй байна. Эхлээд шууд тэр хоёр залуу гартаа барьсан төмрөөрөө зодоод эхэлсэн. Намайг газарт унасан байхад миний баруун халаасанд байсан түрийвчин дотроос бэлэн 200.000 төгрөг, Эл Жи маркийн гар утас зэргийг аваад явсан. Би тэр утсыг одоогоос 3 сарын өмнө 400.000 төгрөгөөр надаар машинаа засуулсан залуугаас худалдаж авсан. ...Би гомдолтой байна. Би дээрэмдүүлсэн эд зүйлсээс өөрийнхөө Эл Жи маркийн гар утсыг буцааж авсан. Oдоо халаасанд байсан бэлэн 200.000 төгрөг болон эмчилгээнд зарцуулсан 120.000 төгрөг, орчуулагчийн хөлсөнд өгсөн 100.000 төгрөг энэ бүгдийг нэхэмжлэх болно. Ингээд нийт 420.000 төгрөг нэхэмжилж байна…” гэжээ /1хх-55-56/.  

Иргэний нэхэмжлэгч С.Дагвадорж мэдүүлэхдээ: “...Би энэ Цэгээн хайрхан ХХК-ны захирал байгаа юм. Ингээд 2015 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 11 хороо, ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн автобусны буудал дээр авто засварын үйл ажиллагаа явуулах байр барьж зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж эхлээд Вьетнам улсын 2 иргэнийг ажиллуулж байсан юм. Тэгтэл 2015 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ байж байтал манай гражийн хойд талд байдаг нэг зүс таньдаг ах танай хоёр Вьетнам иргэнийг хүн зодоод дээрэмдсэн байна. Цагдаагийн хүмүүс ирээд шалгаж байна гэж хэлсэн. Тэгээд би шөнө босоод хүрээд иртэл цагдаагаас хүмүүс ирээд шалгаж байсан. Манай 2 ажилтан гэмтэл рүү явсан байсан ба араас нь очоод эмнэлэгт үзүүлээд толгой тархи нь хагарсан байсныг боолгоод буцаж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуутал манай ажилтан Фам Мин /РHAM MINH/ гэдэг залуу гаднаас хар маск зүүсэн гурван залуу орж ирээд дээрэмдээд гар утас, халаасанд байсан 270.000 төгрөг авсан. Мөн миний эзэмшлийн засвар хийж байсан Марк X машины их гэрлийг аваад явсан байсан. Мөн Хүү Док /Нuu Doс/-ыг дээрэмдээд гар утас, халаасанд нь байсан 200.000 төгрөгийг авсан, амралтын өрөөнд байсан Ууганбаярын зөөврийн компьютерийг аваад бид хоёрыг машины багаажинд хийгээд явсан гэж хэлсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй..” гэжээ /1хх-59/.

Иргэний нэхэмжлэгч П.Ууганбаяр мэдүүлэхдээ: “...Би Цэгээн Хайрхан ХХК-ний авто засварын байранд 2015 оны 6 дугаар сарын 24-нд өөрийн эзэмшлийн зөөврийн компьютерийг авч ирж юм хийж байсан. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажил дээр юм хийж байгаад орой үлдээгээд явсан. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өглөө иртэл надтай хамт ажиллаж байсан хоёр Вьетнам иргэн дээрэмдүүлээд гар утас, бэлэн мөнгө алдсан, мөн миний зөөврийн компьютерийг аваад явчихсан гээд байж байсан. Мөн хамт ажиллаж байсан хоёр Вьетнам иргэн зодуулаад нилээд бэртэж гэмтсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас ирж шалгаад, дээрэм хийсэн хүмүүсийг олж миний компьютерийг хурааж авсан байсан. Би сая эд зүйлээ буцаан хүлээж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /1хх-61/.     

Гэрч Ю.Ганзориг мэдүүлэхдээ: “... 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 18:00 цагийн үед 1 хүүхэн 2 залуугийн хамт хүрч ирээд Бадарчийн Чулуунгэрэл /РД:НУ73100300/ гэх эмэгтэй нь өөрийн бичиг баримтаар хар өнгийн “Hair” нэртэй зөөврийн компьютер, хар өнгийн Эл Жи маркийн гар утас хоёрыг хамтад нь 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэдгээр хүмүүс ямар нэгэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /1хх-62-63/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №9656 дугаар дүгнэлтэд:

“1. Фам Мин /РHAM MINH/-ний биед хүзүү, цээж, баруун өвдгөнд цус хуралт, зүүн гарын алга, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /1хх-74/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №9641 дүгээр дүгнэлтэд:

“1. Нгуен Хүү Док /NGUYEN НUU DOC/-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун хөмсгөнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чих, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /1хх-76/.

                                                                                           Хохирлын мөнгө болох 860.000 төгрөг хүлээлцсэн баримт “иргэний нэхэмжлэгч С.Дагвадорж хүлээн авсан” /2хх-169/, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт.

                                                                                           Эд зүйлийн үнэлгээ /1хх-48/.

                                                                                           Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл “саарал өнгийн, 2003 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн, 56-32 УНП улсын дугаартай, Hyundai Accent Verna маркийн тээврийн хэрэгсэл” /1хх 41-42/.

                                                                                           Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-30, 31, 33/,

                                                                                           Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-32/,

                                                                                           Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-35-36, 38/.

                                                                                           Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-15/,

                                                                                           Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-16-18/, тухайн автомашиныг 5 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ/2хх-55/.

                                                                                           Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-176-185/.

                                                                                           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, өөрөөр хэлбэл хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

                                                                                           Шүүгдэгч Ө.Өлзий-Орших, С.Нэмэх-Отгон, Ц.Чулуунболд, Г.Ганзориг, Ц.Отгоншагай нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2015 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар дунд сургуулийн автобусны буудлын хажууд байрлах "Вьетнам авто засвар"-ын газарт ажиллаж байсан Вьетнам улсын иргэн Нгуен Хүү Док /NGUYEN HUU DOС/, Фам Мин /PHAM MINH/ нарт зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Нгуен Хүү Док /NGUYEN HUU DOС/-ын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, түүний халааснаас бэлэн 200.000 төгрөг, 400.000 төгрөгийн үнэ бүхий Эл Жи загварын гар утас, Фан Миний халааснаас бэлэн 270.000 төгрөг, 400.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Нөүт 3 загварын цагаан өнгөтэй гар утас, иргэний нэхэмжлэгч П.Ууганбаярын 250.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер болон тухайн засварын газарт байсан 350.000 төгрөгийн үнэ бүхий Марк Икс машины их гэрэл зэргийг дээрэмдэж, нийт 1.870.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Иргэний нэхэмжлэгч П.Ууганбаярын зөөврийн компьютерийг загвар үзүүлэлт байхгүй учир үнэлэх боломжгүй гэсэн байх тул хохирогчийн саналыг үндэслэн хохирлыг тооцов.

Түүнчлэн яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарыг тухайн хэрэг болсон газраас гар цүнх дээрэмдсэн гэсэн боловч энэ талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар мэдүүлээгүйгээс гадна тухайн гар цүнхийг үнэлсэн зүйлгүй, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтгүй байх тул учирсан хохирлоос хасч тооцох боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь бүхэлдээ бага бус хэмжээнд хамаарч байгаа бөгөөд тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байх тул үүнийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зөвтгөх боломжтой, энэ үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэх үед шүүгдэгч нарын унаж явсан 56-32 УНП улсын дугаартай, Hyundai Accent Verna/Хьюндай аксент верна/ маркийн тээврийн хэрэгсэл нь  “Тайёос ози” ХХК-ний өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул мөрдөн байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, түүний үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Чулуунболд нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 18 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, мөн шүүгдэгч Ө.Өлзий-Орших нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 7 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан бөгөөд тус бүр тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа дээрмийн гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Г.Ганзориг нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх бөгөөд, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтай байх хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын дээрх гэм буруутай үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул тэдгээрт эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулах хорих ялаас 2 жилийг өршөөн хасах нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүх, шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийг гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж С.Нэмэх-Отгон, Ц.Отгоншагай нарт хуульд зааснаар доогуур ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Түүнчлэн тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо болон урьд шийтгэгдэж байсан буюу ялтай байдлын хугацаа дуусаагүй зэргийг харгалзаж, ял шийтгэлийг ялгамжтай оногдуулав.

Мөн шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрийн хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдаж байна.

                                                                                           Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овгийн Цогтжавын Чулуунболд, Цогнууд овгийн Сүхээгийн Нэмэх-Отгон, Боржигон овгийн Ганбатын Ганзориг, Бэрэгчүүд овгийн Цогоогийн Отгоншагай, Боржигон овгийн Өлзийсайханы Өлзий-Орших нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн дээрэмдэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. -Шүүгдэгч Ц.Чулуунболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих,

-шүүгдэгч С.Нэмэх-Отгонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурван/ жил 9 /есөн/ сарын хугацаагаар хорих,

-шүүгдэгч Г.Ганзоригт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих,

-шүүгдэгч Ц.Отгоншагайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурван/ жил 9 /есөн/ сарын хугацаагаар хорих,

-шүүгдэгч Ө.Өлзий-Оршиход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялаас тус бүр 2 жилийг өршөөн хасч, хорих ялыг Ц.Чулуунболдод 3 жил 6 сар, С.Нэмэх-Отгонд 1 жил 9 сар, Г.Ганзоригт 3 жил 6 сар, Ц.Отгоншагайд 1 жил 9 сар, Ө.Өлзий-Оршиход 3 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан:

-шүүгдэгч Ц.Чулуунболдод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 18 хоногийн зарим болох 6 сарыг нэмж нэгтгээд нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар,

-шүүгдэгч Ө.Өлзий-Оршиход энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 7 хоногийн зарим болох 5 сарыг нэмж нэгтгээд нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.  

                                                                                           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чулуунболд, С.Нэмэх-Отгон, Ө.Өлзий-Орших нарын  тус бүр цагдан хоригдсон 144 хоног, шүүгдэгч Г.Ганзориг, Ц.Отгоншагай нарын тус бүр цагдан хоригдсон 128 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

                                                                                           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чулуунболд, С.Нэмэх-Отгон, Г.Ганзориг, Ц.Отгоншагай, Ө.Өлзий-Орших нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

                                                                                           7. Хэрэгт эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

                                                                                           8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “Тайёос ози” ХХК-ний өмчлөлийн Hyundai Accent Verna/Хьюндай аксент верна/ маркийн, 56-32 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Чулуунболд, С.Нэмэх-Отгон, Г.Ганзориг, Ц.Отгоншагай, Ө.Өлзий-Орших нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1.000.000 төгрөг гаргуулан улсын орлого болгож, мөрдөн байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг” хүчингүй болгосугай.  

  9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Чулуунболд, С.Нэмэх-Отгон, Г.Ганзориг, Ц.Отгоншагай, Ө.Өлзий-Орших нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

                                                                                           10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгчид, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                                                                                           11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Чулуунболд, С.Нэмэх-Отгон, Г.Ганзориг, Ц.Отгоншагай, Ө.Өлзий-Орших нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                                                                                          

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.ХАЛИУН

 

                               ШҮҮГЧИД                                              С.БАТГЭРЭЛ

 

                                                                                    Г.БУЯННЭМЭХ