Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “ОЖ” ХХК

Хариуцагч: ТФТЦ, ТФТЦОТ-д тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ТФТЦ-т холбогдуулан гаргасан ““ТФТЦ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “ОЖ” ХХК-д ирүүлсэн ДҮ-112-12/865 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, ТФТЦ-аас зарласан “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай тендерт “ОЖ” ХХК-ийг шалгаруулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн үндсэн шаардлага;

ТФТЦОТ-д холбогдуулан гаргасан ТФТЦ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-ны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах”;

ТФТЦ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-ны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн “ОЖ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”;

ТФТЦ-аас зарласан “Дээврийн материал" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай ОТ-нд “ОЖ” ХХК-г тендерт шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах”;

ТФТЦ-т холбогдуулан гаргасан “ОЖ” ХХК-тай

“Дээврийн материал” нийлүүлэх гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай 119/2021/0008/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.И, өмгөөлөгч Ө.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Ш.У /онлайн/, Ү.И, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ОЖ” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ТФТЦ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаар нээлттэй тендер зарласан. “ОЖ” ХХК нь захиалагчаас тухайн тендерт зориулан баталсан тендерийн баримт бичгийн дагуу шаардлагатай бүхий л баримт материалыг хууль, журмын дагуу бүрдүүлэн тендерт оролцсон. Гэтэл захиалагч буюу ТФТЦ нь манай компанийн хүргүүлсэн тендерийг Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ны 18 дугаар зүйлийн 18.1 (а) дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу “Үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэлийг ТШМ-4 маягтын дагуу гаргаагүй, итгэмжлэлийг эх хувиас хуулбарлан нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй” гэж үзэн 2021.02.04-ний өдөр Дм-112-12/471 тоот албан бичгээр манай компанийг ЭҮХХК/2020071067 дугаар тендерт шалгараагүй болохыг мэдэгдсэн. Улмаар манай компани ТФТЦ-ын уг шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар Монгол Улсын Сангийн яам /цаашид “Сангийн яам” гэх/-д гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хүлээн авч ТФТЦ нь тендерийн үнэлгээ хийхдээ “ОЖ” ХХК-г ТОӨЗ-ны 18 дугаар зүйлийн 18.1 (а) дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан нь үндэслэлгүй байх тул 2021.02.04-ний өдрийн “ОЖ” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг ТФТЦ-т 2021.02.19-ний өдөр даалгаж шийдвэрлэсэн.

ТФТЦ Сангийн яамны 2021.02.19-ний шийдвэрийн дагуу 2021.03.05-ны өдөр “ОЖ” ХХК-ийн тендерт дахин үнэлгээ хийхдээ өмнө гаргасан үндэслэл болох ТОӨЗ-ны 18 дугаар зүйлийн 18.1 (а) дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтийг дахин гаргасан. Манай компани ТФТЦ-ын 2021.03.05-ны өдрийн шийдвэрт Сангийн яаманд гомдол гаргасан хэдий ч Сангийн яам 2021.03.18-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д “... Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж заасан тул танай гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймд ТФТЦ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “ОЖ” ХХК-д ирүүлсэн Дм-112-12/865 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” хууль бус захиргааны актыг хүчингүй болгож ТФТЦ-аас зарласан “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгуурлах ЭҮХХК/2020071067 дугаартай тендерт “ОЖ” ХХК-ийг шалгаруулахын даалгаж өгнө үү”[1] гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ф шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-д “Үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг”, 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус заасан. Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу ОТ нь захиргааны байгууллага болох бөгөөд түүний гаргасан шийдвэр /хурлын тэмдэглэл/ нь захиргааны актад хамаарахаар байна.

Иймд “ОЖ” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд: ТФТЦ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-ны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар 05 тоот хурлын тэмдэглэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах;

ТФТЦ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-ны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Дугаар 04 тоот хурлын тэмдэглэлийн “ОЖ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”;

ТФТЦ-аас зарласан “Дээврийн материал" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай ОТ-нд “ОЖ” ХХК-г тендерт шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах;

ТФТЦ-т “ОЖ” ХХК-тай “Дээврийн материал нийлүүлэх гэрээ байгуулахыг даалгуулах”[2] гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани ТФТЦ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон. Тухайн тендерт оролцохдоо “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт”-д заасан шаардлагатай бүхий л баримт материалыг хууль, журмын дагуу бүрдүүлэн тендерт оролцсон. Гэтэл захиалагч буюу ТФТЦ-ын Үнэлгээний хороо итгэмжлэлийг нотариатаар батлуулж ирүүлээгүй, итгэмжлэлээ ТШМ-4 маягтын дагуу гаргаагүй гэдэг шалтгаанаар манай компанийн тендерээс татгалзсан. Бид үүнийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хүлээн авч, ТФТЦ-ын Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл ТФТЦ-ын ҮХ 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дахин хуралдаад урьд нь гаргасан шийдвэрээ дахин гаргасан. Үүнийг нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас ҮХ-ны шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.  Нэхэмжлэлийн шаардлага нь ТФТЦ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-ны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай  хурлын тэмдэглэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах, ТФТЦ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-ны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн “ОЖ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ТФТЦ-аас зарласан “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай ОТ-нд “ОЖ” ХХК-ийг тендерт шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг тус тус даалгуулах, ЭҮ ТӨҮГ-т “ОЖ” ХХК-тай “Дээврийн материал” нийлүүлэх гэрээ байгуулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж оролцож байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “ОЖ” ХХК-ийн зүгээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр ҮХ-ны 2 удаагийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, мөн даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг нэмж гаргасан. “Дээврийн материал” нийлүүлэх ОТ-ны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэл гаргахдаа албан бланк буюу хэвлэмэл хуудсан дээр хэвлэх ёстой шаардлагыг хангаагүй гэдэг тайлбар өгсөн. ҮХ-ны 05 дугаартай хуралдааны тэмдэглэл дээр Г-ийн зүгээс “Үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэлийг №ТШМ-4-ийн дагуу бэлтгэж баталгаажуулж ирүүлнэ, үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэлийг эх хувиас хуулбарлаж, баталгаат орчуулгын газраар орчуулж гарын үсэг зуруулж, тамга, тэмдэг дарж, нотариатаар гэрчлүүлснээр хүчинтэй” гэж үзнэ гэсэн. Тендерт оролцогч энэ заавраар үйлдвэрлэгч/гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг бүгдийг бүрдүүлсэн. “ОЖ” ХХК-ийн ирүүлсэн үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэл шаардлагад нийцэхгүй, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 3.4.3-д “Албан бичгийг хэвлэлийн аргаар бэлтгэсэн А4, А5 хэмжээтэй хэвлэмэл хуудсан дээр зохион үйлдэнэ” гэж заасны дагуу хэвлэмэл хуудсан дээр үйлдсэнийг хүчинтэй гэж үзэх ёстой гэж байна. Иймд “ОЖ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал шаардлагад нийцэхгүй гэсэн байна. Маягт №ТШМ-4-ийг хэлбэрийн шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр тендерээс татгалзсан гэж хариуцагч тайлбарладаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая “та нар юу шаардаад байгаа юм бэ” гэж хэлж байна. Материал шаардаад байгаа юм уу, албан бланк шаардаад байгаа юм уу. Яагаад Тендерийн тухай хуульд заасан хүртээмжтэй, ил тод, нээлтэй сонгон шалгаруулалтыг явуулахаас цааргалаад байгаа юм. Албан бичигт тавигдах 29 стандартыг баримтална гэвэл энэ тендерт шалгарах компани Монгол Улсад олдохгүй. Сангийн яамны баталсан маягтад нийцэхгүй байна гэж байгаа. Маягтыг баталсан Сангийн яам нийцнэ гээд шийдсэн байхад өмнөх хуралдаан дээр гаргасан саналтайгаа адилхан саналтай байна гээд шийдээд байгаа. Энэ хүмүүс шударгаар хөдөлмөрлөх, тэгш байх эрхтэй. Яагаад өөр газар ийм шаардлага тавигддаггүй байхад ТФТЦ бланк дээр логотой байна гэдэг шаардлага тавьдаг юм бэ, энэ тэгш байдал мөн юм уу. Монгол Улсад тендерийг зөвхөн ТФТЦ хийгээгүй, бүх төрийн байгууллагууд худалдан авалт хийж, бүгд тендерээр явж байгаа. Гэтэл бланк дээр гэдэг шаардлагыг тавьж байгааг анх удаа сонсож байна. Манай үйлчлүүлэгчийн зүгээс бүх баримтыг тендерийн баримт бичигт зааснаар гаргаж өгсөн байгаа.

Захиргааны хэргийн шүүхэд 4 үндсэн шаардлага гаргаж байгаа. Анх ТФТЦ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Энэ үедээ ҮХ хэрхэн яаж байгуулагдсан, ҮХ-ны шийдвэр тогтоол гарсан юм уу, үгүй юм уу гэдгийг мэдээгүй учраас анх зөрчигдсөн эрхээ хамгаалах зорилгоор эхний 2 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Одоо бол эхний 2 шаардлагыг заавал биелүүлэх шаардлага байхгүй. Яагаад гэвэл мэдэгдэл хүргүүлсэн шинжтэй, эрх бүхий этгээдийн шийдвэрийг уламжилж байгаа хэлбэр учраас энэ бол биелэгдэхгүй шаардлага биш гэдгийг бид нар ойлгосон. Мөн ТФ өөрөө тендер шалгаруулдаггүй учраас эхний 2 шаардлагын тухайн яриад татгалзаагүй ч гэсэн энэ шаардлагад маргаагүй. Маргаж байгаа шаардлагуудыг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан. “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-ны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 05 тоот хурлын тэмдэглэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд ярихад Сангийн яамнаас тогтоож өгсөн зүйлийг авч үзээгүй. Үүнийг хууль бус байна гэдгийг дээд шатны захиргааны байгууллага хүлээж авч шийдвэрлээд байхад дахиж дүгнэлт хийлгүйгээр өмнөх үндэслэлтэйгээ санал нэг байна гэж шийдвэр гаргаснаараа энэ захиргааны акт хүчингүй болох ёстой. Маягт №ТШМ-4-ийг хэрхэн яаж хүлээж авсныг Сангийн яам яаж хүлээж авч ойлгоод байгаа юм, үүн дээр ямар ялгаа зөрүү гараад байгаа юм гэдэг дээр дүгнэлт огт хийгээгүй гэдэг нь Үнэлгээний хорооны хурлын шийдвэрээс харагдаж байгаа.

“Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-ны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Дугаар 04 тоот хурлын тэмдэглэлийн “ОЖ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд маргааны зүйл болоод байгаа нотлох баримтыг шинжлэн судалсан. Энд албан бичиг, албан бланк гэдэг асуудал яригдаж байна. Энэ нь агуулгын хувьд нийцсэн байна гэсэн мөртлөө хэлбэрийн хувьд зөрчсөн, хэлбэр нь хэрхэн зөрчигдсөн бэ? гэхээр бланк нь дээр хэвлээгүй гэж байгаа. ЛК ХХК-ийг бланктай эсэхийг мэдэхгүй, бланк нь ямар байх шаардлагатайг ч хэлсэнгүй. Өөрөө мэдэхгүй байгаа юмаа хүнээс шаардаж болохгүй. Энэ шийдвэрүүд чинь хууль бус байна. “ОЖ” ХХК нь шударгаар оролцсон, төлбөрийг нь төлж материалыг худалдаж авсан, хүч хөдөлмөр цаг заваа зарцуулсан, шаардлагад нийцсэн материалыг өгсөн. Тэгш хүртээмжтэй хандах, хөдөлмөрлөх, ажил үүргээ гүйцэтгэх эрхийг нь хааж байна. Энэ нь зөрчигдсөн эрх мөн, түүнээс биш мөнгөн хөрөнгө юм уу, тодорхой хохирол ярих нь утгагүй.

Нэмэгдүүлэн гаргасан 3 дахь шаардлагын хувьд “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-нд “ОЖ” ХХК-ийг тендерт шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгаж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдөр ҮХ-ны гишүүн шүүх хуралдаанд оролцсон, ҮХ-ны хурлын тэмдэглэл нотлох баримтаар авагдсан байгаа. Маягт №ТШМ-4-ийг хэлбэрээс бусдаар “ОЖ” ХХК-ийн тендерийн баримт бичиг шаардлагад нийцэж байгаа талаар шүүх хуралдаанд оролцож байгаа хариуцагчийн төлөөлөгч сая тайлбар хэлсэн. Маягт №ТШМ-4-өөс бусад асуудлаар татгалзаж байгаа үндэслэл ҮХ-нд байхгүй, өөр үндэслэлийн талаар хурлын тэмдэглэл дээрээ тусгаагүй байсан. Тэгэхээр хэлбэрийн шаардлага зайлшгүй зорилтод зүйл биш, өмнөх 2 хурлын тогтоол хүчингүй болох юм бол “ОЖ” ХХК-ийн сонгон шалгаруулалтад шалгарснаар тооцохоос татгалзах үндэслэл байхгүй. Энэ сонгон шалгаруулалтад оролцсон бусад хуулийн этгээдүүд маргаан гаргаагүй, Сангийн яам, Захиргааны хэргийн шүүхэд ч хандаагүй. Тэгэхээр хэн нэгний эрх ашиг хөндөгдөхгүй. Хуулийн дагуу шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн этгээдийн тендерийг хүлээж авч, ажил гүйцэтгүүлэх нь хуульд нийцэх учраас “ОЖ” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохыг ОТ-нд даалгаж өгөөч.

Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагын хувьд ТФТЦ-т “ОЖ” ХХК-тай “Дээврийн материал” нийлүүлэх гэрээ байгуулахыг даалгуулах гэсэн байгаа. Шууд ТФТЦ-т “Дээврийн материал” нийлүүлэх гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэл гаргах боломжгүй. Яагаад гэхээр тодорхой хэмжээнд ҮХ шийдвэр гаргасан байх хуулийн шаардлага байдаг учраас 4 дэх шаардлагыг ингэж тодорхойлж байгаа. Өмнөх нэхэмжлэлийн шаардлагууд хангагдсанаар зохих ёсоор сонгон шалгаруулалтад оролцож тендерийн баталгаа байршуулж, тендерийн материалыг худалдаж авч, материалыг зохих шаардлагад нийцүүлсэн этгээд тендер гүйцэтгэх ёстой. Шударгаар оролцож, шаардлагад нийцсэн тендерээ авч гүйцэтгэх буюу зөрчигдсөн эрхийг сэргээх үр дагавар бий болж байгаа. Ийм учраас 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн 4 шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Ш.У нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТФТЦ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ДҮ-122-12/865 тоот албан бичгээр “Дээврийн материал” нийлүүлэгчийг шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай тендерт оролцогч “ОЖ” ХХК-д ирүүлсэн тендер нь ТОӨЗ 18.1 /а/ шаардлагыг хангахгүй гэж ҮХ дүгнэснийг мэдэгдсэн. Энэхүү албан бичиг нь ОТ-ны шийдвэрийг “ОЖ” ХХК-д дамжуулан мэдэгдэж буй баримт юм. Тус албан бичгийг ОТ-ны шийдвэр, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан  “захиргааны акт” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс ТФТЦ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ДҮ-122-12/865 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

ОТ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-т зааснаар техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх, 47.2.2-т зааснаар тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх чиг үүрэгтэй.

Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дээрх хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3-т зааснаар худалдан авах ажиллагаатай холбоотой журам, заавар, аргачилал, жишиг баримт бичгийн төсөл, цахим тендер шалгаруулах журам, тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам, цахим худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам, худалдан авах ажиллагааны мэдээллийн технологи, цахим хэрэгслийг нэвтрүүлэх нөхцөл, журмыг батлах бүрэн эрхтэй. Хуулиар олгогдсон энэхүү эрхийнхээ хүрээнд төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалыг баталдаг. ТФТЦ-ын ОТ нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалыг баримтлан ажилласан болно.

ТФТЦ-ын ҮХ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Тендерийн баримт бичиг бэлтгэх” зохицуулалт байх бөгөөд 19 дүгээр зүйлийн 19.1-т “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ”, 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэж тус тус заасан байдаг. ТФТЦ-ын ОТ нь хуулийн дээрх зүйл, заалтын дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан бараа нийлүүлэх, тендерийн жишиг баримт бичгийн хүрээнд тендерийн баримт бичгийг боловсруулж батлуулсан. Сангийн сайдын баталсан тендерийн жишиг баримт бичигт тендерт оролцогчдод өгөх заварчилгаа /ТОӨЗ/, тендер шалгаруулалтын маягтуудыг баталсан байдаг бөгөөд ТФТЦ-ын ОТ нь тендерийн баримт бичигтээ эдгээрийг бүрэн тусгасан.

“ОЖ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн тухайд ТОӨЗ 18.1 /а/ дахь заалт болон Маягт №ТШМ-4-ийн шаардлагыг хангаагүй. Тус компани нь Техноникель брендийн албан ёсны борлуулагч гэх Монгол Улсад бүртгэлтэй ЛК ХХК-иас итгэмжлэл ирүүлэхдээ Сангийн сайдын баталсан тендерийн жишиг баримт бичгийн дагуу боловсруулсан тендерийн баримт бичгийн Маягт № ТШМ-4-ийг бэлтгэн ирүүлээгүй. Тодруулбал, гэрээт борлуулагч болох ЛК ХХК нь итгэмжлэлээ албан бланк дээр бичээгүй. ЛК ХХК нь Монгол Улсын аж ахуйн нэгж болохын хувьд Монгол Улсын хууль, дүрмийн дагуу албан бичгийг хэвлэмэл хуудас ашиглан үйлдэх ёстой бөгөөд Маягт № ТШМ-4-т үүнийг тодорхой заасан.

Монгол Улсын Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Баримт бичиг зохион бүрдүүлэхэд тавигдах шаардлага”-уудыг зааж өгсөн бөгөөд 3.4.2-т “Албан бичгийн боловсруулалт нь энэ журмын 3.1-д заасан шаардлагад нийцсэн байна” гэж, 3.4.3-т “Албан бичгийг хэвлэмэл аргаар бэлтгэсэн А4, А5 хэмжээтэй, хэвлэмэл хуудсан дээр зохион үйлдэнэ” гэж, 38 дугаар зүйлийн 38.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол цаасан суурьтай баримт бичиг стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлүүдээр баталгаажна”, 39 дүгээр зүйлийн 39.1-т “Байгууллагын баримт бичгийг стандартын шаардлагын дагуу хэвлэлийн аргаар бэлтгэсэн хэвлэмэл хуудсан дээр үйлдэх бөгөөд энэ хуулийн 39.3-т заасан журмыг баримтална” гэж, 39.3-т “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмыг Засгийн газар батална” гэж тус тус заасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 3.4.3-т “Албан бичгийг хэвлэмэл аргаар бэлтгэсэн А4, А5 хэмжээтэй, хэвлэмэл хуудсан дээр зохион үйлдэнэ” гэж заасан байдаг. “ОЖ” ХХК-ийн тендерийн материалд байх борлуулагчийн итгэмжлэл нь дээрх хууль тогтоомжоор тогтоосон шаардлагуудыг хангаагүй, тендерийн баримт бичигт заасан Маягт №ТШМ-4-ийн дагуу биш, ТОӨЗ 18.1 /а/-д нийцээгүй гэж ОТ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтад заасан чиг үүргийн хүрээнд хянан үзэж, үнэлж дүгнэж гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд “ОЖ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[3] гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.И шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь худалдан авах ажиллагаатай холбоотой журам, заавар, аргачлал, жишиг баримт бичгийн төсөл, цахим тендер шалгаруулах журам, ...зэргийг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг баталж, төрийн худалдан авах ажиллагааны цахим системэд нийтэд нийтэлсэн байна.

            “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан. Захиалагч ТФТЦ, ОТ нь Төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн баримт бичиг болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай тендерийн баримт бичгийг боловсруулж, баталсан бөгөөд тус тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 18.1 /а/-д  “үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэлийг Маягт ТШМ-4-ийн дагуу бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ” гэх шаардлагыг тусгайлан заасан. Үүнтэй холбоотойгоор тендерийн баримт бичгийн 27-р  хуудсанд тендер шалгаруулалтын маягтыг бөглөх санамжид “Тендерт оролцогч тендерийн баримт бичгийг шаардлагын дагуу тендерийн маягт, үнийн хуваарийг бөглөж, энэ бүлэгт заасан маягтаар гаргасан тендерийн баталгааг хамт ирүүлнэ” гэж урьдчилан сануулж, 34-р хуудас ТШМ-4 маягтад “Тендерт оролцогч энд заасан зааврын дагуу үйлдвэрлэгч/борлуулагчаас энэ маягтыг бөглүүлсэн байна. Энэхүү итгэмжлэлийг үйлдвэрлэгч/гэрээт борлуулагчийн албан бланкан дээр бичиж, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан байна. ТШӨХ-д шаардсан тохиолдолд тендерт оролцогч үүнийг тендерийн хамт ирүүлнэ” гэж тусгайлан заасан.

Тендерт оролцогч “ОЖ” ХХК нь Монгол Улсын аж ахуйн нэгж ЛК ХХК-аас гэрээт борлуулагчийн итгэмжлэл ирүүлсэн гэх боловч ТШӨХ-ийн ТОӨЗ 18.1 /а/үйлдвэрлэгч/ борлуулагчийн итгэмжлэлийг ТШМ-4 маягтад заасан шаардлагын дагуу ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 27.4-т зааснаар шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерээс татгалзсан нь хууль зөрчөөгүй болно. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т зааснаар тендерийг хянан үзэх, үнэлгээний дүгнэлт гаргах чиг үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т зааснаар хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, 27.1.2-т зааснаар техникийн тодорхойлолт, 27.1.3-т зааснаар тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ.

            ҮХ захиалагчийн баталсан “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу бүх тендерийг хянан үзэж, үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэлийг ТОӨЗ 18.1 /а/-д заасан шаардлагын дагуу ирүүлээгүй “ОЖ” ХХК-ийн тендерээс татгалзсан нь худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломж, хариуцлагатай байх зарчимд нийцсэн бөгөөд шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн тендерт оролцогчид давуу байдал олгоогүй болно. Тиймээс ОТ-ны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай хурлын шийдвэр хууль зөрчөөгүй тул түүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь ҮХ-ны шийдвэр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгааг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тодорхойлоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасныг зөрчсөн байна.

            “ОЖ” ХХК-ийн шүүхэд гаргасан ОТ-ны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр хурлын шийдвэр болох бүх тендерээс татгалзсан шийдвэрийн “ОЖ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах нэхэмжлэлийг гаргахаар байна. ТФТЦ, түүний ҮХ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тендерийг хянан үзэж, 30 дугаар зүйлийн 30.1.1-т зааснаар шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй үндэслэлээр бүх тендерээс татгалзснаар хууль бус эс үйлдэхүй гаргаагүй байх тул шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийг шаардлагад нийцсэн хэмээн үзэж, тендерийг үнэлэх, улмаар гэрээ байгуулах эрх олгох үндэслэлгүй байна.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зааснаар ҮХ тендер шалгаруулалтыг тендер хүчинтэй байх хугацаанд зохион байгуулж, захиалагч тендер хүчинтэй байх хугацаанд шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулах шаардлагатай. Нэхэмжлэгч “ОЖ” ХХК-ийн тендер тендерийн баримт бичигт заасан маягт ТШМ-4 шаардлагыг хангаагүй, ТШӨХ-ийн ТОӨЗ 18.1 /а/-д заасныг зөрчсөн тул ҮХ тендер хүчинтэй байх хугацаанд тендерүүдийг хянан үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж тендерээс татгалзсан. Тиймээс шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн “ОЖ” ХХК-ийг шалгаруулж, тендерийн хүчинтэй байх хугацаа дууссаны дараа тендерийг үнэлж, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулахыг ОТ болон ТФТЦ-т даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “ОЖ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[4] гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ОЖ” ХХК нь ТФТЦ-т холбогдуулан ““ТФТЦ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “ОЖ” ХХК-д ирүүлсэн ДҮ-112-12/865 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, ТФТЦ-аас зарласан “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай тендерт “ОЖ” ХХК-ийг шалгаруулахыг даалгах, “ОЖ” ХХК-тай “Дээврийн материал” нийлүүлэх гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг[5];

 ТФТЦОТ-д холбогдуулан ТФТЦ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-ны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах, ТФТЦ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-ны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн “ОЖ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ТФТЦ-аас зарласан “Дээврийн материал" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай ОТ-нд “ОЖ” ХХК-г тендерт шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг[6] тус тус шүүхэд гаргасан.

Дээрх нэхэмжлэлүүдээс ТФТЦ-т холбогдуулан гаргасан ““ТФТЦ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Голдендрийм” ХХК-д ирүүлсэн ДҮ-112-12/865 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн бусад нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэг. “ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-нд холбогдох нэхэмжлэлүүдийн талаар: ТФТЦ-ын захирлын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/411 дугаартай “Үнэлгээний хороод байгуулах тухай” тушаалын 18 дугаар хавсралтаар ““Дээврийн материал” /ЭҮХХК/2020071067/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ҮХ-ны бүрэлдэхүүн”[7]-ийг баталсан байна.

1.1. ТФТЦ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-ны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн “ОЖ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд: ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ҮХ нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, “ТФТЦ-ын хэрэгцээт ““Дээврийн материал” /ЭҮХХК/2020071067/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” асуудлыг хэлэлцсэн болох нь тус өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлээр[8] тогтоогдож байна.

Тус хурлаар тендерт оролцогч “ОЖ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзээд “ТОӨЗ 18.1 /а/ Үйлдвэрлэгч/ борлуулагчийн итгэмжлэлийг Маягт ТШМ №4-ийн дагуу албан бланк дээр ирүүлээгүй. Эх хувиас хуулбарлаж нотариатаар гэрчлүүлээгүй тул шаардлагад нийцэхгүй тендер” гэж хуралдаанд оролцсон ҮХ-ны гишүүдийн 100 хувийн саналаар тендерээс татгалзаж шийдвэрлэжээ.

Мөн тухайн тендерт нийт 6 компани оролцсон бөгөөд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэж ҮХ “...бүх тендерээс татгалзах, тендер шалгаруулалт 2 удаа амжилтгүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулах эрхийг захиалагчид хүргүүлэх”-ээр шийдвэрлэж, ҮХ-ны саналд захиалагчийн зүгээс ҮХ-ны шийдвэрийг “зөвшөөрсөн” гэсэн “Захиалагчийн шийдвэр”[9] гарсан байна.

“ОЖ” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан ҮХ-ны шийдвэрийг ТФТЦ-ын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ДҮ-112-12/471 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр[10] тус компанид мэдэгдсэн.

Тендерт оролцогч “ОЖ” ХХК нь тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/664 дугаартай албан бичгээр “...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “ОЖ” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье”[11] гэсэн шийдвэрийг ТФТЦ-т хүргүүлжээ.

“ОЖ” ХХК-ийн гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар гомдлыг хянах эрх бүхий байгууллага хянан үзэж хүчингүй болгон дахин үнэлгээ хийхийн даалгасны дагуу Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, холбогдох шийдвэрээ дахин гаргасан байна.

Иймд нэхэмжлэгчийн маргаж буй дээрх маргаан бүхий акт нь эрх зүйн үр дагаваргүй болсон, гомдлыг хянах эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүчингүй болж дахин үнэлгээ хийх шийдвэрийг ТФТЦ-ын тендерийн ҮХ биелүүлсэн, энэхүү актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй тул ТФТЦ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-ны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн “ОЖ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 1.2. ТФТЦ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-ны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд: ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ҮХ нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, “ТФТЦ-ын хэрэгцээт ““Дээврийн материал” /ЭҮХХК/2020071067/ нийлүүлэгчийн тендерт гарсан гомдол хянасан тухай болон дахин шалгаруулах тухай” асуудлыг хэлэлцэж, тус өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэл буюу “Үнэлгээний дүгнэлт”-ийг[12] гаргажээ.

Тус хурлын тэмдэглэлээр тендерт оролцогч “ОЖ” ХХК-ийн ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийж, ““ОЖ” ХХК нь “Үйлдвэрлэгч/гэрээт борлуулагчийн итгэмжлэл”-ийг хэвлэмэл хуудсан дээр бичиж ирүүлээгүй нь батлагдсан тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.1 /а/-д заасан шаардлагад нийцэхгүй байгаа тул шаардлагад нийцээгүй тендер” гэж хуралдаанд оролцсон ҮХ-ны гишүүдийн 100 хувийн саналаар тендерээс татгалзаж, ТФТЦ-ын хэрэгцээт “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 тоот нээлттэй тендерт ҮХ-ны гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзах, тендер шалгаруулалт 2 удаа амжилтгүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулах эрхийг захиалагчид хүргүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7/Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна/-д зааснаар Үнэлгээний хорооноос гарсан шийдвэр /”Үнэлгээний дүгнэлт” гэх/ нь захирамжилсан шинжтэй, заавал биелэгдэх, эрх зүйн шууд үр дагавар бүхий бичгээр гаргасан захиргааны акт мөн.

Тодруулбал, ҮХ-ны хурлын тэмдэглэл нь “ОЖ” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж  байгаа шинжээрээ эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1/ Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулна.

ҮХ нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэлээр ““ОЖ” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзах, тендер шалгаруулалт 2 удаа амжилтгүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулах эрхийг захиалагчид олгох” Үнэлгээний дүгнэлтийг захиалагчид хүргүүлж, уг ҮХ-ны шийдвэрийг захиалагчийн зүгээс “зөвшөөрсөн” гэсэн “Захиалагчийн шийдвэр”[13] гаргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр  худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатыг зохицуулсан байх бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх” талаар зохицуулсан ба нэхэмжлэгч “ОЖ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Тендерийг хянан үзэх” шатанд тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр тендерээс татгалзаж шийдвэрлэсэн.

ҮХ-ны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэлд “ОЖ” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан үндэслэл болох “Үйлдвэрлэгч/гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг хэвлэмэл хуудсан дээр хийлгэж ирүүлээгүй нь батлагдсан тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.1 /а/-д заасан шаардлагад нийцэхгүй” гэж тендерээс татгалзсан үндэслэлийн талаар хэргийн оролцогчид маргасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/ болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна. Тендерт оролцогч “ОЖ” ХХК нь энэхүү тендерийн баримт бичгийг бэлтгэхэд өрсөлдөөнийг хязгаарласан гэсэн асуудлаар гомдол гаргаж байгаагүйн дээр уг тендерийн баримт бичгийн талаар захиалагчаас тодруулга авч байгаагүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 /Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана/, 16 дугаар зүйлийн 16.2 /Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана/-т зааснаар ЭҮ ТӨҮГ-ын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр баталсан хүчин төгөлдөр болсон тендерийн баримт бичгийн дагуу ҮХ нь тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзжээ.

Уг “Дээврийн материал” нийлүүлэх тендерийн баримт бичигт[14] хэргийн оролцогч нарын маргаж байгаа нөхцөл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Тендерийн баримт бичгийн “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны “Б.Тендерийн баримт бичиг” гэсэн хэсгийн 7-д “Тендерийн баримт бичгийн агуулга”-ыг зааж өгсөн бөгөөд үүнд “Бүлэг 4-т “Үйлдвэрлэгч/ гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн маягт[15] гэж;

“В.Тендерт бэлтгэх” гэсэн хэсгийн 12.“Тендерийн иж бүрдэл”-ийн “д”-д “Тендерт оролцогч нь тухайн гэрээг хэрэгжүүлэх чадвартай болохыг тогтооход шаардлагатай ТОӨЗ-ны 18 дугаар зүйлд заасан нотлох баримтууд[16] гэж; 18-д “Тендерт оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадварыг нотлох баримт”-ийн 18.1./а/-д “Хэрэв ТШӨХ-д шаардсан бол тендерт оролцогч өөрөө үйлдвэрлээгүй барааг тендерт санал болгох тохиолдолд уг барааг Монгол Улсад нийлүүлэх эрх олгосон тухай үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг 4 дүгээр бүлгийн маягтаас тохирох маягтыг ашиглан ирүүлнэ[17] гэж;

“Д.Тендерийг нээх, үнэлэх” гэсэн хэсгийн 31.“Тендерийг хянан үзэх, шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох”-ийн 31.1-д “Аливаа тендерийг нарийвлан үнэлэхээс өмнө уг тендер нь дараах шаардлагыг хангаж буй эсэхийг хянан үзнэ”, 31.2-т “ТОӨЗ-ны 31.1 дэх заалтын /а/-/д/-д заасан заалт тус бүрийг хангаж буй тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж[18];

Тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт”-д “ТОӨЗ 18.1 /а/-д “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Шаардлагатай. Техникийн тодорхойлолтод зааснаар ирүүлэх. Үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэлийг Маягт № ТШМ 4-ийн дагуу бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ[19] гэж тус тус заасан.

Тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын маягт” гэсэн хэсэгт Маягт №ТШМ-4 буюу “Үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэл”[20] гэсэн маягтын загварыг баталсан бөгөөд уг маягтад тавигдах хэлбэр болоод агуулгын шаардлагыг тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэг “Маягт №ТШМ-4”-д тодорхой заасан. Тодруулбал, уг маягтад хэлбэрийн хувьд “...Энэхүү итгэмжлэлийг үйлдвэрлэгч/борлуулагчийн албан бланкан дээр бичиж, ...” гэж заасан ба уг итгэмжлэлд заавал тусгах “агуулга”-ыг ч мөн тусгайлан заасан байдаг.

Хариуцагч талаас “Итгэмжлэлээ албан бланк буюу борлуулагч байгууллага ЛК ХХК-ийн албан бланк /хэвлэмэл хуудас/-д бэлтгэж ирүүлээгүй” нь тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй тул тендерээс татгалзсан нь үндэслэлтэй гэж, нэхэмжлэгч талаас “Маягт № ТШМ-4-ийг тендерийн баримт бичигт заасны дагуу ирүүлсэн, шаардлагатай бүх мэдээлэл, загварыг бүрэн хангасан. Заавал ЛК ХХК-ийн логотой хэвлэмэл хуудаст бичсэн байх шаардлагагүй” гэж тус тус мэтгэлцсэн.

ТФТӨҮГ-аас зарласан “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй, цахим тендерт “ОЖ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал болон түүнд бүрдүүлэн ирүүлсэн “Маягт № ТШМ-4” буюу “Үйлдэрлэгч/гэрээт борлуулагчийн итгэмжлэл” болох ЛК ХХК-ийн итгэмжлэлийг[21] тендерийн баримт бичигт ирүүлвэл зохих Маягт №ТШМ-4-т тавигдсан шаардлагатай харьцуулан, тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянан нотлох баримтыг судлан үзэхэд тендерийн баримт бичигт тавигдсан дээрх шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон.

Хариуцагчаас “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар байгууллагын баримт бичгийг стандартын дагуу хэвлэмэл аргаар бэлтгэсэн хэвлэмэл хуудас дээр үйлдэх шаардлагыг хангаагүй” гэж, мөн “тендерийн баримт бичигт заасан хэлбэрийг хангасан албан бланк дээр үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэлийг ирүүлээгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон түүнтэй холбогдох бусад хууль тогтоомж, албан хэрэг хөтлөлтийн стандартуудыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага дагаж мөрдөх бөгөөд албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаандаа хуульд заасан шаардлага, стандартын дагуу баримт бичиг үйлдэх, хэвлэмэл хуудсыг ашиглах нь зүйн хэрэг юм.

Албан хэрэг хөтлөлтөд тусгайлан бэлтгэсэн хэвлэмэл хуудас ашиглах нь тухайн албан бичиг нь тухайн байгууллагын нэрийн өмнөөс боловсруулагдаж байгааг гэрчлэх, тухайн албан бичгийг хуулийн хүчинтэй болоход зайлшгүй шаардлагатай хууль тогтоомжид заасан стандартаар тогтоосон мэдээллийг агуулах, аливаа баримт бичгийг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдлыг агуулдаг.

ТФТЦ-аас тендерийн баримт бичиг боловруулж, батлахдаа үйлдвэрлэгч/борлуулагчийн итгэмжлэлийг албан бланк /тухайн албан бичгийг илгээж байгаа байгууллагын стандартын дагуу тусгайлан бэлтгэсэн зохих мэдээллийг агуулсан хэвлэмэл хуудас/ дээр бэлтгэн ирүүлэх шаардлага тавьсан байхад энэхүү шаардлагыг тендерт оролцогч “ОЖ” ХХК хангаж ирүүлээгүй, гэрээт борлуулагч ЛК ХХК-ийн хэвлэмэл хуудас дээр итгэмжлэлийг бичиж ирүүлээгүй байсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь тендерт оролцогч тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй гэх үндэслэлд хамаарна.

Тодруулбал, “ОЖ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Маягт № ТШМ-4” буюу “Үйлдвэрлэгч/гэрээт борлуулагчийн итгэмжлэл” болох ЛК ХХК-ийн итгэмжлэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7/...үйлдвэрлэгчийн итгэмжлэл/-д заасан итгэмжлэл тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд ҮХ нь “ОЖ” ХХК-ийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 /Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана/, 12.3 /Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ/, 27 дугаар зүйлийн 27.1 /Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1. энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.тенхикийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага;/, 27.3 /Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ/, 27.4 /Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзана/-т тус тус заасныг зөрчөөгүй.

Захиалагч тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагын дагуу тендерт оролцогчийн бүрдүүлж ирүүлсэн баримт, материалд тулгуулан дүгнэлтээ гаргасан байх тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой...байх зарчмыг баримтлана” гэсэн зарчмын хүрээнд тухайн тендерт оролцогч компаниудад адил шаардлага тавьж, тэгш өрсөлдөх боломжийг олгосон гэж дүгнэлээ.

1.3. ТФТЦ-аас зарласан “Дээврийн материал" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай ОТ-нд “ОЖ” ХХК-г тендерт шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” нэхэмжлэлийн тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу “Тендерийг хянан үзэх” бөгөөд 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн 28 дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх”, 29 дүгээр зүйлд заасан “Гэрээ байгуулах эрх олгох” ажиллагаанууд хийгдэхээр байна.

Нэхэмжлэгч “ОЖ” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “Тендерийг хянан үзэх” шатанд татгалзаж шийдвэрлэсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 /Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ/-т заасан тендерт үнэлгээ хийх, 29 дүгээр зүйлийн 29.1 /Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ/-т заасан гэрээ байгуулах эрх олгох зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагааг хийхийг хариуцагчаас шаардах эрх үүсэхгүй.

“ОЖ” ХХК-ийн тендерээс татгалзсан ҮХ-ны шийдвэр хууль зөрчөөгүй, тус ҮХ-ны татгалзсан захиргааны акт хууль бус болох нь тогтоогдоогүй, мөн “Дээврийн материал" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай тендерт “ОЖ” ХХК-г шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохоос татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр, мөн эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул энэхүү даалгах нэхэмжлэлээр тус компанийн эрх хамгаалагдах боломжгүй юм.

Хоёр. ТФТЦ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлүүд талаар.

2.1. “ТФТЦ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “ОЖ” ХХК-д ирүүлсэн ДҮ-112-12/865 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд: “ОЖ” ХХК-д хүргүүлсэн ТФТЦ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ДҮ-112-12/865 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт “...танай тендер шалгараагүй гэж ҮХ дүгнэснийг мэдэгдэж байна” гэжээ.

Энэхүү албан бичгийн агуулгаас дүгнэвэл ТФТЦ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ДҮ-112-12/865 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг нь ОТ-ны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн ОТ-ны шийдвэр буюу “ОЖ” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичигт тавигдах нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзэж, тендерээс татгалзсан шийдвэрийг тендерт оролцогч компанид дамжуулан мэдэгдсэн агуулга бүхий албан бичиг байна.

Иймд дээрх албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захиргааны актад хамаарахгүй, өөрөөр хэлбэл, энэхүү албан бичиг нь захиргааны акт биш юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж  үзэж захиалагч тендерээс татгалзана/-т зааснаар захиалагч тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзвэл тендерээс татгалзахаар заасан бөгөөд энэхүү захиалагчийн тендерээс татгалзах шийдвэр нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 /энэ хуульд заасны дагуу Үнэлгээний хороо байгуулах/, 47 дугаар зүйлийн 47.2.2 /тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно/-т зааснаар ҮХ-ны шийдвэрээр дамжин хэрэгжих бөгөөд захиалагч байгууллага, түүнийг удирдах эрх бүхий албан тушаалтан өөрөө тендерийг хянан үзэх, тендерээс татгалзах шийдвэрийг бие даан гаргадаггүй.

Тиймээс ТФТЦ нь ОТ-ны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тендерээс татгалзсан шийдвэрийг тендерт оролцогчид дамжуулан мэдэгдсэнээс бус тендерээс татгалзах шийдвэрийг захиалагч ТФТЦ өөрөө гаргаагүй, иймд уг албан бичиг нь захирамжилсан шинжгүй, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, энэ шинжээрээ захиргааны акт биш юм.

Иймд ТФТЦ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ДҮ-112-12/865 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

2.2.“ТФТЦ-аас зарласан “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай тендерт “ОЖ” ХХК-ийг шалгаруулахыг ТФТЦ-т даалгах” нэхэмжлэлийн тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 /Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно/-т зааснаар тендер сонгон шалгаруулах /тендерийг хянах, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох гэх мэт/ ажиллагааг захиалагчийн байгуулсан ҮХ шийдвэрлэж, шийдвэр /Үнэлгээний дүгнэлт/-ээ захиалагчид хүргүүлдэг.

Захиалагч ТФТЦ нь өөрөө тендер сонгон шалгаруулах эрх хуулиар олгогдоогүй учраас “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай тендерт “ОЖ” ХХК-ийг шалгаруулахыг ТФТЦ-т даалгах үндэслэлгүй болно.

2.3. ТФТЦ-т “ОЖ” ХХК-тай “Дээврийн материал нийлүүлэх гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 27 дугаар зүйлийн дагуу “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх”, 29 дүгээр зүйлд заасан “Гэрээ байгуулах эрх олгох” шийдвэрүүдийг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 /Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно/-т зааснаар ҮХ гаргаж, захиалагчид шийдвэрээ хүргүүлэх зохицуулалттай.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж, ҮХ-ны “Гэрээ байгуулах эрх олгох” шийдвэрийг үндэслэн захиалагч мөн хуулийн 29.2 /Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна/-т зааснаар гэрээ байгуулах эрх үүснэ.

Нэхэмжлэгч “ОЖ” ХХК-ийн ирүүлсэн тендерээс тендерийг хянан үзэх шатанд татгалзсан, тухайн компанитай “Гэрээ байгуулах эрх олгох” ҮХ-ны шийдвэр гараагүй, ТФТЦ нь гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан эсхүл гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул энэхүү даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3 дэх хэсэгт зааснаар тус хуулийн буюу захиргааны хэргийн шүүхийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгддэг.

Иймд нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул дээрх нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4, 109.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ОЖ” ХХК-ийн ТФТЦ-т холбогдуулан гаргасан “ТФТЦ-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “ОЖ” ХХК-д хүргүүлсэн ДҮ-112-12/865 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 16 дугаар зүйлийн 16.1.7, 16.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтуудыг баримтлан “ОЖ” ХХК-ийн гаргасан

-ТФТЦ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-ны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн “ОЖ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”;

-ТФТЦ-аас зарласан ЭҮХХК/2020071067 дугаартай “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОТ-ны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах”;

-ТФТЦ-аас зарласан “Дээврийн материал" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай ОТ-нд “ОЖ” ХХК-г тендерт шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах”;

-“ТФТЦ-аас зарласан “Дээврийн материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020071067 дугаартай тендерт “ОЖ” ХХК-ийг шалгаруулахыг ТФТЦ-т даалгах”;

-“ТФТЦ-т “ОЖ” ХХК-тай “Дээврийн материал нийлүүлэх гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ОЖ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ

 

[1] ХХ-ийн 1-2 дахь тал.

[2] ХХ-ийн 132 дахь тал.

[3] ХХ-ийн 26-28 дахь тал, 162-164 дэх тал.

[4] ХХ-ийн 176-179 дэх тал.

[5] ХХ-ийн1-2 дахь тал, 132 дахь тал.

[6] ХХ-ийн 132 дахь тал.

[7] ХХ-ийн 145-146 дахь тал.

[8] ХХ-ийн 37-40 дэх тал.

[9] ХХ-ийн 35 дахь тал.

[10] ХХ-ийн 36 дахь тал.

[11] ХХ-ийн 12 дахь тал.

[12] ХХ-ийн 32-34 дэх тал.

[13] ХХ-ийн 41 дэх тал

[14] ХХ-ийн 42-106 дахь тал.

[15] ХХ-ийн 47 дахь тал.

[16] ХХ-ийн 49 дэх тал.

[17] ХХ-ийн 53 дахь тал.

[18] ХХ-ийн 60 дахь тал.

[19] ХХ-ийн 66 дахь тал.

[20] ХХ-ийн 77 дахь тал.

[21] Хавтаст хэрэгт CD-ээр ирүүлсэн нотлох баримт: Санал болгож буй материалууд №03 хавтас дотор “ЛК” ХХК-ийн итгэмжлэл.