Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 27

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Сү.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                Д.Сүрэнхор

Шүүгдэгч                                                 Б.Д, Д.О

Шүүгдэгч нарын өмгөөлөгч               Ж.Батзоригт, Э.Алтан-Уяа

Нарийн бичгийн дарга                         Ж.Ариунжаргал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 180 дугаар захирамжтай Б.Д, Д.О нарт холбогдох 1815003960044 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Д.Сүрэнхорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.Д,

Монгол улсын иргэн, Д.О

Шүүгдэгч Б.Д нь Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга албан тушаалд байхдаа 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.О.н ашиг сонирхлын үүднээс улсын байцаагчийн эрхийг хурдан гаргаж өгнө гэж урьдчилан амлаж өөрийн Төрийн банкны ************* тоот дансаар 500000 /таван зуу мянга/ төгрөг хахуульд авсан,

Д.О нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөртөө улсын байцагчийн эрх авах зорилгоор Мэргэжлийн хяналтын газрын Төрийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга албан тушаалтай Б.Д.н төрийн банкны ************* тоот дансанд 500000 /таван зуун мянга/ төгрөг шилжүүлэн хахуул өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 180 дугаар захирамжаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О нарт холбогдох эрүүгийн 1815003960044 дугаартай эрүүгийн хэргийг Прокурорын газарт буцааж,

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Д, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Сүрэнхор эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэх хуулийн шаардлага байхгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл гэм буруугийн хэлбэр, сэдэлт санаа зорилгын хувьд Д.О нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Б.Д.н албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн болох нь хавтаст хэргийн 182 дугаар хуудас Д.О.н яллагдагчаар өгсөн 'Улсын байцаагчийн эрх чинь жоохон уддаг болохоор би хүнд. хэлээд хурдан гаргуулаад өгье, чи 500 000 төгрөг өгчих гэж хэлсэн" гэх мэдүүлэг, гэрч Б.Б.н "...Манай газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр томилогдсон Д.О нь ажлаа аваад удаагүй байхдаа миний өрөөнд орж ирээд ТД  Б.Д нь надаас 2018 оны 06 дугаар сарын сүүлээр ажилд оруулахад чинь туслая, Мэргэжлиин хяналтын ерөнхий газрын хүний нөөцөд таньдаг хүн байгаа ярьж өгнө гэж хэлээд мөнгө нэхсэн..” гэх мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн банкны хуулга зэрэг баримтаар тогтоогддог.

Яллагдагч Б.Д.н хувьд ... аймгийн МГ т Төрийн захиргаа эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга албан тушаалтай нийтийн албан тушаалтан бөгөөд хахууль өгөгч Д.О.н байцаагч болох хүсэл зориг, ашиг сонирхлын үүднээс хахууль өгөхийг шаардсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч С.Б.н “Б манай байгууллага дээр ийм асуудал байна. Манай захиргаа удирдлагын газрын дарга Д  нь шинээр ажилд орсон Д.О.с ажилд орулахаас өмнө буюу 2018 оны 06 дугаар сард байх 500 000 төгрөг ХААН банкны дансаараа дамжуулан авсан байна.

Уг мөнгийг авахдаа ажилд оруулж өгнө гэж хэлж байсан байна лээ..." гэх мэдүүлэг, гэрч Б.Б.н "... Манай газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр томилогдсон Д.О нь ажлаа аваад удаагүй байхдаа миний өрөөнд орж ирээд ТД  Б.Д нь надаас 2018 оны 06 дугаар сарын сүүлээр ажилд оруулахад чинь туслая, Мэргэжлиин хяналтын ерөнхий газрын хүний нөөцөд таньдаг хүн байгаа ярьж өгнө гэж хэлээд мөнгө нэхсэн” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын /байцаагчийн эрхийг хурдан гаргуулах/ үүднээс албаны чиг үүргээ ашиглан Д.О.с 500 000 төгрөгийн хахууль авсан, Мөн Авилгын эсрзг хуулийн хориглох заалгуудыг зөрчих, хахууль авах гэмт хэргийг үйлдсэн.

Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрийнхөө байцаагчийн эрхийг хурдан гаргуулах үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Б.Д.н албан тушаалын байдалтай нь холбогдлуулан 500 000 төгрөгийн хахууль өгсөн болох нь тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн шинж болох "хуурч эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэх шинжийг агуулаагүй Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Хахууль авах / 22.5 дугаар зуйлийн 1 /Хахууль өгөх/ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Иймд шүүгчийн захирамжинд заасан дүгнэлт иь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул Б.Д. Д.О нарт холбогдох Булган аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 сны 06 дугаар сарын 17-ны өдрийн 180 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив ” гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Сүрэнхор дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Б.Д.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хахууль авах гэмт хэрэгт,  Д.О.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр Б.Д, Д.О нарт холбогдох эрүүгийн 1815003960044 дугаартай хэргийг Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Д.Сүрэнхор эсэргүүцэл бичжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл

урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол шүүх хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэх атал анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг Прокурорт буцаахаар шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчсөн байна.

Мөн шүүгч захирамжиндаа “ ... гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийн зөрүүг арилгуулах шаардлагатай...” гэж дүгнэсэн байх боловч гэрч Б.Б.г шүүх хуралдаанд оролцуулан шаардлагатай асуудлуудыг тодруулж, мэдүүлгийн зөрүүг арилгах боломжтой бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүгдэгч Б.Д, Д.О нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 180 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Прокурор Д.Сүрэнхорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Д, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ХҮРЭЛБААТАР

                                           ШҮҮГЧ                                   Сү.УРАНЧИМЭГ

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН