Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00884

 

2021           06            25                                          001/ХТ2021/00884

 

 

 

................... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/01594 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1579 дүгээр магадлалтай,

 

................... ХХК-ийн нэхэмжлэлтэй

...................т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 184/ШШ2018/01012 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон өөрийн байранд байрлах ................... ХК-иас 717,169,164 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Актив хийц ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. ................... Сэлэнгэ эстимэйт ХХК-иар ................... ХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэвэрлэх байгууламжийн хойд талд байрлах ................... нэгж талбарын дугаар бүхий 19,985 м.кв талбайтай газрыг зах зээлийн үнээс хэт багаар буюу 300,000,000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний дагуу ................... нь ажиллагаа хийж үнэлэгдсэн үнийн 70 хувь болох 210,000,000 төгрөгөөр 2020.01.24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулахаар болсон. ................... ХК-ийн эзэмшлийн газрын хувьд зах зээлийн аргыг хэрэглэх үзүүлэлтүүд болох газар зүйн байршил, ижил төсөөтэй газруудтай жиших бүрэн боломжтой бөгөөд зах зээлийн хандлага, өртгийн хандлагыг хослуулан хэрэглэснээр тухайн газрын бодит үнэлгээ тогтоогдох байсан гэж үзэж байна. Гэтэл үнэлгээг хийхдээ тухайн газраас хол зайд байрлах, ижил төсөөтэй биш газрыг сонгон авч харьцуулалт хийсэн нь газрын үнэлгээ хэт багаар үнэлэгдэх шалтгаан болсон. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сэлэнгэ эстимэйт ХХК-иар хийлгүүлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, хэт бага үнээр үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалт, Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан Олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 8 дугаар зүйлийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно гэж заасны дагуу ................... ХК-ийн эзэмшлийн газрыг үнэлүүлж зах зээлийн бодит ханшийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч ................... ХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Цэвэрлэх байгууламжийн хойд талд байрлах нэгж талбарын ................... дугаарт бүртгэгдсэн 19,985 м.кв талбайтай газрыг битүүмжлэн, хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, зах зээлийн үнийг 300,000,000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар талуудад мэдэгдэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ 300,000,000 төгрөгийн 70 хувь болох 210,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааг 2020.01.24-ний өдөр явуулсан боловч худалдан борлогдоогүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгч ................... ХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзолбоогийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/01594 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан ...................т холбогдох Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн ................... ХК-ийн эзэмшлийн ................... тоот дугаартай газар эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ................... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1579 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/01594 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.04.24-ний өдрийн 184/ШШ2018/01012 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон өөрийн байранд байрлах “...................” ХК /.................../-иас 717,169,164 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,080,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Актив хийц” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. ................... “Сэлэнгэ эстимэйт” ХХК-иар “...................” ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэвэрлэх байгууламжийн хойд талд байрлах ................... нэгж талбарын дугаар бүхий 19985 м.кв талбай бүхий газрыг зах зээлийн үнээс хэт багаар буюу 300,000,000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний дагуу ................... нь ажиллагаа хийж албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулахаар болсон. “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэвэрлэх байгууламжийн хойд талд байрлах ................... нэгж талбарын дугаар бүхий 19985 м.кв талбайтай газрыг өнөөдрийн зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн нь бидэнд илт хохиролтой байсан тул “Сэлэнгэ эстимэйт” ХХК-иар хийлгүүлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.12-ны өдрийн 184/ШШ2020/01594 дугаар шийдвэрээр “...................” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Мөн нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.17-ны өдрийн 1579 дугаар магадлалаар “үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийхдээ хөрөнгийн тухай шинж байдал, онцлогийн талаар тайландаа тусгаж, хөрөнгийн орчны судалгаа, зах зээлийн үнэ ханшийг судлан тооцож гаргасан тооцооллоо тайландаа тусгасан байх тул үнэлгээг Хөрөнгийг үнэлгээний тухай хуулийн 9.2.1 “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3 “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх 9.3.8 “хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тодорхой тусгах” зохицуулалтад нийцсэн гэж үзэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.12-ны өдрийн 184/ШШ2020/01594 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-дэх хэсэгт заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иймд магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ................... ХХК, хариуцагч ...................т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан, анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.24-ний өдрийн 184/ШШ2018/01012 дугаар захирамжийн дагуу ................... ХХК 717,169,164 төгрөгийг Актив хийц ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ................... ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэвэрлэх байгууламжийн хойд талд байрлах ................... нэгж талбар бүхий 19,985 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан, талууд үнийн санал ирүүлээгүй тул хариуцагч байгууллага 2019.12.02-ны өдрийн 413 тоот тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүхийн хууль зүйн дүгнэлт, хууль хэрэглээ үндэслэлтэй болсон байна.

 

Төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг 300,000,000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1-д заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-т заасан хөрөнгийн үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх, 9.3.8-т заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тодорхой тусгах зохицуулалтад нийцсэн талаар шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой тусгагдсан, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан журмын дагуу явуулсан байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/01594 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1579 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                          Д.ЦОЛМОН

                      ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Б.УНДРАХ

                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД