Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/759

 

 

 

    2022           5            26                                         2022/ШЦТ/759

 

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Ж.Энхжаргал,   

иргэний нэхэмжлэгч А.Ц,

иргэний нэхэмжлэгч/хариуцагч Д.И,

шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Б-ийн Чид холбогдох эрүүгийн 2206 01258 0216 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:       

 

Шүүгдэгч  Б.Ч нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний 01 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр, ******-ны зам ******шатахуун түгээх газрын хойд талын замд Nissan Vannete маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 10.4 “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас А.Ц жолоочтой Istana маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч П.Гын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, ******ХХК-д 7.930.000 төгрөгийн шууд, нийт 10.660.000 төгрөгийн, Istana маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч А.Цид 3.055.000 төгрөгийг, нийт 3.395.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “3.000.000 төгрөгийг авсан. Журмын хашааны мөнгө 479000 төгрөг, авто тээврийн үнэлгээ гаргаснаас үлдсэн 400.000 төгрөг байгаа. Үлдсэн мөнгө өгчих юм бол хохирол гомдолгүй.” гэв.

           

Иргэний нэхэмжлэгч/хариуцагч Д.И шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай байгууллагад учирсан хохирлыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан байгаа учраас хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Манай ажилтныг хамгийн багаар шийтгэж өгнө үү гэсэн саналтай байгаа. Манай байгууллагаас хохирол төлбөр төлөхөөр хариуцсан зүйл байхгүй.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

                       

Хэргийн газарт үзлэг хийсэн: “... Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Анх мөргөлдсөн цэгийг А үсгээр тэмдэглэж үл хөдлөх цэгийг В үсгээр тэмдэглэж дугааргүй гэрлэн шонгоор авав. Анх мөргөлдсөн А цэгээс үл хөдлөх цэгийг харалдаа тэгш өнцөг тогтоход 17.9м байв. Тэгш өнцгөөс үл хөдлөх цэг хүртэл 3.1м байв.” гэх тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “... камерт бичигдсэнээр цагаан өнгийн бүхээгтэй автомашин замын нэгдүгээр эгнээнээс дохио өгч замын 2 дугаар эгнээ рүү орж ирэх үед замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан автомашин араас нь мөргөж чигээрээ урагш явж зогсож байх ба араасаа мөргүүлсэн цагаан өнгийн бүхээгтэй тээврийн хэрэгсэл нь бүтэн эргэж замын голд буцаж харан зогсож байгаа нь бичигдсэн байв. Дээрх бичлэг нь нийт 26 секундын бичлэг байх ба файлаас харахад осол нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний 01 цаг 44 минут 53 секундэд болсон байх ба камерын бичлэгт цас орж байгаа мэт зүйл харагдаж байв. Бичлэгт хэрэгт өөр ач холбогдолтой зүйл илрээгүй...”

“...Камерт бичигдсэнээр цагаан өнгийн бүхээгтэй автомашин замын нэгдүгээр эгнээнээс дохио өгч замын 2 дугаар эгнээ рүү орж ирэх үед замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан автомашин араас нь мөргөж чигээрээ урагш явж зогсож байх ба араас мөргүүлсэн тээврийн хэрэгсэл нь бүтэн эргэж замын голд зогсож байгаа нь бичигдсэн байв... Дээрх бичлэг нь нийт 14 секундийн бичлэг байх ба файлаас харахад осол нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний 01 цаг 44 минут 53 секундэд болсон байлаа...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

 

Хохирогч П.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би Налайх дүүргийн Тэрэлж гэх газар байрлах Мойлтын тохойн амралт руу ажил хийхээр танил Ч, Б нарын хамтаар **** улсын дугаартай Ваннет маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн машиныг Ч жолоодоод Б хажуу талд нь суугаад би арын суудалд нь суугаад явсан. Бид нар уг газраа очиж ажлаа хийж дуусчхаад орой Улаанбаатар хот руу орж ирэхээр явж байхад буюу 2022 оны 03 дугаар сарын 04-ний 01 цаг 00 минутын үед Баянзүрхийн ******-ны замд зам тээврийн осолд орсон. Тухайн осол болох үед бол би машины арын суудалд унтаж явсан болохоор яг яаж байгаад осол болсныг бол мэдээгүй. Осол болсны дараа машинаас буугаад ирэхэд миний сууж явсан машины араас Истана маркийн автомашин мөргөсөн байсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тэр үедээ бол эмнэлэгт үзүүлээгүй бөгөөд өглөө нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн талын 10, 11 дүгээр хавирга хугарсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

 

Гэрч А.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний 01 цаг өнгөрч байхад би өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээр Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу орж ирэхээр явж байсан юм. Ингээд Баянзүрхийн товчоо дөхөөд явж байхад миний урд талд замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байсан саарал өнгийн Ваннете маркийн автомашин зүүн эргэх дохио өгөнгүүтээ шууд хоёрдугаар эгнээ рүү ороод ирсэн. Миний хувьд зогсоох арга хэмжээ авах ямар ч завдалгүй машиныхаа баруун урд хэсгээр уг машины зүүн хойд хэсэг рүү мөргөчихсөн. Би тэр машиныг дохио өгөөд хоёрдугаар эгнээ рүү шилжихийг харсан даруйдаа гэрлээрээ дохиж, сигнал дарсан. Ингээд уг машиныг мөргөж зогсоод машинаас бууж надтай хамт явж байсан Т гэх залуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч А.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уг автомашиныг 2021 оны худалдаж аваад тэрнээс хойш өөрөө жолоодож Хэнтий аймаг Улаанбаатар хотын хооронд хүнс тээврийн үйлчилгээнд явдаг байсан юм. Миний машинд ослоос үүдэн 3.395.000 төгрөгийн хохирол учирсан. Машины эвдэрлээ нэхэмжилж байна. Мөн осол гарснаас хойших хугацаанд байсан журмын хашааны мөнгийг буруутай жолоочоос гаргуулчихвал гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

 

Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 03 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед би ажлын газрынхаа жолооч болох Ч болон танил Г нарын хамтаар Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлж гэх газарт байрлах Мойлтын тохой сувилал руу ажлын газрын эзэмшлийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Бид гурав Мойлтын тохойн сувилалд очиж сантехник болон цахилгааны ажил хийж байгаад шөнө 00 цагийн үед Улаанбаатар хот руу буцсан. Тухайн үед машиныг Ч жолоодож, би хажууд нь суугаад, арын суудалд Г суугаад явж байсан. Тэгээд бид нар Баянзүрхийн товчоо дөхөж явах үедээ шатахуун хийхээр замын урд талд байрлах колонк руу орохоор ярилцаж зүүн гар тийшээ бүтэн эргэхээр дохиогоо өгсөн. Тухайн үед бид нар нэг чигийн 2 эгнээ замын нэгдүгээр эгнээгээр явж байгаад дохио өгч 2 дугаар эгнээ рүү орох үед уг замын 2 дугаар эгнээгээр бид нарын араас явж байсан Истана маркийн машин араас мөргөсөн. Ингээд машинаас буугаад очиход Истана машинд бол жолоочоос нь гадна нэг зорчигч явж байсан. Ингээд цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

 

Гэрч О.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 01 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо Баянзүрхийн ******-ны замд манай найз Ц нь Истана маркийн **** улсын дугаартай автомашиныг жолоодон би жолоочийн баруун талд сууж явтал зүүнээс баруун тийш 2 дугаар эгнээгээр чигээрээ явж байтал 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээ рүү Ванетте маркийн **** улсын дугаартай автомашин дохио өгөөд шууд орж ирээд Ц тоормос гишгээд мөргөлдсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №3937 дугаар: “... ДҮГНЭЛТ 1 .П.Гын биед зүүн 10, 11 дүгээр хавирганы далд хугарал, толгойн хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),

 

Мөрдөгчийн 407 дугаар: “1.Ниссан Ваннете маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л овогт Б-ийн Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Истана маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М овогт А Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэх магадалгаа (хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас),

            Шүүгдэгч Б.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би тухайн үед 2 эгнээ замын 1 дүгээр эгнээгээр явж байгаад эсрэг урсгал руу орж колонкоос бензин хийх зорилгоор замын 2 дугаар эгнээ рүү дохио өгөөд шилжих үед 2 дугаар эгнээгээр чигээрээ явж байсан машин араас ирж мөргөсөн. Тухайн үед би машиндаа П.Г, Б нарын хамтаар явж байсан. Гын биед хавирганы хугарал гэмтэл учирсан. Б-ын цээж жаахан хөндүүрлэж байсан. Одоо зүгээр болсон. Миний биед тухайн үедээ цээжний зүүн хэсэгт бага зэрэг хөндүүрлээд байсан. Гэхдээ одоо зүгээр болсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас),

           

"Бодит үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 85 дугаар хуудас),

”Хас үнэлгээ” ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 95 дугаар хуудас),

"Хас үнэлгээ” ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 102 дугаар хуудас),

******ХХК-ийн итгэмжлэл (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Ssangyong.Istana ****** тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт (хавтаст хэргийн 142 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СиДи,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 154 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 145 дугаар хуудас),

Байнга оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 149 дүгээр хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 138 дугаар хуудас),

Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 139 дүгээр хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 140 дугаар хуудас),

Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 141 дүгээр хуудас),

Жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 146 дугаар хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 148 дугаар хуудас),

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 150 дугаар хуудас),

******ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 152 дугаар хуудас),

Nissan Vannete **** тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт (хавтаст хэргийн 153 дугаар хуудас), хохирогч П.Гын 200.000 төгрөг авсан, гомдолгүй гэх гар бичмэл (дугаарлагдаагүй), “Их тээвэр” ХХК-ийн ****** Istana журмын хашааны төлбөр төлсөн баримт, А.Цид 3.000.000 төгрөгийг Б.Ч өгсөн гэх ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, ******ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “... Б.Чид гомдол байхгүй” гэх хүсэлт (нийт 3 хуудас) зэрэг болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч: “Шүүгдэгч  Б.Ч нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний 01 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр, ******-ны зам ******шатахуун түгээх газрын хойд талын замд Nissan Vannete маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 10.4 “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас А.Ц жолоочтой Istana маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч П.Гын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, ******ХХК-д 7.930.000 төгрөгийн шууд, нийт 10.660.000 төгрөгийн, Istana маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч А.Цид 3.055.000 төгрөгийг, нийт 3.395.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг, шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нар нь гэм буруугийн дүгнэлтэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2022 оны 3 дугаар сарын 04-ний 01 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр, ******-ны зам ******шатахуун түгээх газрын хойд талын замд шүүгдэгч Б.Ч нь Nissan Vannete маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа иргэн А.Ц жолоочтой Istana маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Nissan Vannete маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Гын эрүүл мэндэд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

           

Хэргийн үйл баримт нь камерын бичлэгт бичигдсэн байх бөгөөд уг камерын бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэгдэж, уг нотлох баримтаар хэргийн үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.

 

Хохирогч П.Гын эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3937 дугаар дүгнэлтээр “зүүн 10,11-р хавирганы далд хугарал, толгойн хуйхны зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг зааж өгчээ.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

 

Шүүгдэгч Б.Ч нь Nissan Vannete маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 10.4 “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч П.Гын эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3937 дугаар дүгнэлтээр “зүүн 10,11-р хавирганы далд хугарал, толгойн хуйхны зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

           

Шүүгдэгч Б.Ч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.4-д заасан заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч П.Гын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Чид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч нь бензин авах гэж яарч хөдөлгөөнд оролцож, орчин нөхцөл байдалд бүрэн гүйцэд анхаараагүй, буруу тооцоолол хийж, анхаарал болгоомжгүй байсны улмаас уг гэмт хэрэг гарсан байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

           

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хохирогч П.Г нь шүүхэд “хохиролд 200.000 төгрөгийг авсан, гомдолгүй” гэх хүсэлтийг, иргэний нэхэмжлэгч ******ХХК-аас “шүүгдэгч Б.Ч тус байгууллагын бүх хохирлыг барагдуулсан” гэх хүсэлтийг тус тус гаргасан шүүгдэгч Б.Чийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

 

Иргэний нэхэмжлэгч А.Ц нь нийт 3.874.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Ч 3.000.000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлсөн байна.

 

Харин шүүгдэгч Б.Чийн жолоодож явсан Nissan Vannete **** тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ******ХХК болох нь хавтаст хэргийн 153 дугаар хуудаст авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд иргэний нэхэмжлэлийг хариуцвал зохих хууль ёсны этгээд мөн байх тул иргэний хариуцагч ******ХХК-аас 874.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.Цид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Б.Чид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал, шүүгдэгчийн өмгөөлөгч “хамгийн багаар торгох ял шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Чийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, хохирогчид хохирол төлж барагдуулсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

           

Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Чид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Чийн В ангиллын 1151434 дугаар жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан олгож шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Л овогт Б-ийн Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Шүүгдэгч Б.Чид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Чид нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч ******ХХК-аас 874.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.Цид олгосугай.

           

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

 

7. Шүүгдэгч Б.Чийн В ангиллын 1151434 дугаар жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Чид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ