| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2018/00630/и |
| Дугаар | 650 |
| Огноо | 2018-08-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 650
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина, С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө-ийн Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-ийн З-д холбогдох,
Гэм хорын хохирол 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н, хариуцагч З, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, иргэдийн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П нь З-ээр зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл авч байнгын эмчийн хяналтад байгаа. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас цаашид учрах хохирол, мөн хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй гэж тогтоолд дурдсаны дагуу танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. П нь одоогийн байдлаар байнгын эмчийн хяналтад, өвчин намдаах эмээр өвчнөө намдааж байгаа ба гэмтлийн улмаас тархины ясыг нь төмрөөр нөхөх шаардлагатай байх тул эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол, мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасан нөхөн төлбөр, нийт 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хаиуцагч З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие найз П-ийн биед гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа ба түүний эмчилгээний зардалд нийт 9.000.000 төгрөгийг өгсөн. Яг хэдэн төгрөг өгснөө сайн хэлж мэдэхгүй, учир нь надаас мөнгө нэхсэн үед нь өөрийн бололцоогоороо 100.000-200.000 төгрөгөөр өгч байсан. Одоо харин нэхэмжилж байгаа 20.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. П-ийн эмчилгээнд яг хэдэн төгрөг гарсан, түүнийг л төлөх хүсэлтэй байна. Би өөрөө ажилгүй, оюутан хүүхэдтэй бөгөөд 20.000.000 төгрөг шууд гаргаад өгөх боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу төл гэсэн мөнгийг төлөх болно” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Бид П-ийн эмчилгээний зардал төлөх үүрэгтэй болохоо ойлгож байгаа. Гэхдээ хуульд зааснаар гэм хорын хохирлыг нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд хуульд заасан шаардлага хангахгүй байгаа ба зөвхөн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр рентген оношлогоо хийлгэсэн 30.000 төгрөг, мөн 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 90.000 төгрөгөөр толгойны томоргафийн шинжилгээ хийлгэсэн 2 баримтыг хүлээн зөвшөөрч, тухайн 120.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх сэтгэл санааны хохирол, нөхөн төлбөрийн хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн бензин шатахууны зардал, утасны төлбөр, эмийн сангаас авсан эмийн баримтуудыг харахад шүүхэд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд авч ирсэн, жишээ нь Б, Э нарын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хот руу автобусаар зорчсон гэх баримтыг эрүүгийн хэргийн шүүх нотлох баримтаар үнэлээд тухайн үедээ шийдвэрлэгдсэн баримт байна. Мөн П-д эмчийн заалтаар яг ямар ямар эм, тариа хийлгэх шаардлагатай талаар түүний эмчлүүлэгсдийн картад тусгаагүй, мөн түүнийг сувилуулах шаардлагатай талаар бичигдээгүй байхад сувилалд хэвтсэн гэх баримтууд гаргаж өгсөн. Эм, тариа авсан гэх баримтуудад хэн тухайн эмийг авсан, ямар байгууллагаас авсан нь тодорхойгүй, тамга тэмдэг дарагдаагүй, зарим эмийн нэр харагдахгүй, огнооны хувьд засвартай. Нотариатаар баримт батлуулсны 21.500 төгрөг нэхсэн нь ойлгомжгүй, эмчилгээнд хамаарахгүй. Бензин шатахууныг хэн, юунд зарцуулсан нь ойлгомжгүй, ийм баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “З согтуугаар танхайрч, П-ийн биед хүнд гэмтэл учруулсан, тэрээр 900.000 төгрөг бэлнээр өгч, дахин 120.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх боловч түүнээс 20.000.000 төгрөг нэхэмжилсэн нь буруу байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н нь хариуцагч З-д холбогдуулан гэм хорын хохиролд 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар “Нэхэмжлэлийн шаардлагаас 120.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 19.880.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Хариуцагч З нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч П-ийг унадаг дугуйны обудаар зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч З нь гэмт хэргийн улмаас иргэн П-ийн биед хүнд гэмтэл учруулсан байх ба П-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэх эрхтэй байна. Мөн П-ээс Н-д 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Итгэмжлэл” олгохдоо “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээхээс гадна түүнийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байх тул Н-ийг “нэхэмжлэгч”-ээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.
Харин Н-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Хавтаст хэргийн 49 дүгээр хуудаст авагдсан П-ийн 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Толгойн КТГ” шинжилгээ хийлгэсэн гэх 90.000 төгрөгийн баримт, хэргийн 52 дугаар хуудаст авагдсан П-ийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Негатив дүрс оношлогоо”-ны газарт нурууны рентген оношлогоо хийлгэсэн 30.000 төгрөгийн баримтууд, хэргийн 54 дүгээр хуудаст авагдсан “Сориг интеграц” эмнэлэгт 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 10 хоногийн сувилалын төлбөр 500.000 төгрөг төлсөн баримтуудыг үнэлж, тухайн төлбөрийг хариуцагч З-ээсс гаргуулж П-д олгох үндэслэлтэй байна.
Хэдийгээр хариуцагчийн өмгөөлөгч “...“Сориг интеграц” эмнэлэг нь сувилалын үйлчилгээ явуулдаг эсэх нь эргэлзээтэй, энэ талаар лавлагаа, мэдээлэл авч өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч http://emneleg.mn/medicals/detail/4091 сайтаас авсан мэдээллээр тухайн эмнэлэг нь “уламжлалт нөхөн сэргээх, эмчилгээний хоолны чиглэлээр эмчилгээ, үйлчилгээ явуулдаг, 2 ортой өрөөний үнэ 50.000 төгрөг” гэсэн мэдээлэл тавигдсан, мөн хэргийн 4 дүгээр хуудаст авгдсан хүний их эмч А-ийн “... Байнгын физик эмчилгээ шаардлагатай” гэсэн дүгнэлтийг үндэслэн П-ийн сувилалын төлбөр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
2. Харин хэргийн 53 дугаар хуудаст авагдсан “Сориг интеграц” эмнэлэгт 14 хоног сувилуулсны зардал 700.000 төгрөг төлсөн баримтын огноо засвартай, хэргийн 55 дугаар хуудаст авагдсан сувилалын төлбөр төлсөн баримтад мөнгө төлсөн “тушаагч”-ийн гарын үсэг зурагдаагүй, хэргийн 40-48 дугаар хуудаст авагдсан эм, тариа авсан гэх НӨАТ-ийн баримтуудын бичилт бүдэг, гаргацгүй, хэн тухайн эмийг авч хэрэглэсэн нь тодорхойгүй, ямар нэгэн тамга, тэмдэг дарагдаагүй, хэргийн 50-51 дүгээр хуудаст авагдсан нотариатын төлбөр төлсөн баримт нь П-ийн эмчилгээний зардалд хамаарахгүй байгаагаас гадна хэн мөнгө тушааж, ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй, хэргийн 56-60 дугаар хуудаст авагдсан “Барьцаат зээлийн гэрээ”-нээс үзэхэд А, Э гэх хүмүүс өөрийн үнэт эдлэлийг барьцаанд тавьж, зээл авсан боловч тухайн мөнгөө хаана, хэнд зориулсан нь тодорхой бус, хэргийн 61-62 дугаар хуудаст авагдсан Б, Э нарын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хот руу зорчсон гэх автобусны зардлын баримт нь шийтгэх тогтоол гарахаас өмнөх баримт байгаагаас гадна П-ийн эмчилгээний зардалд хамаарахгүй, хэргийн 63 дугаар хуудаст авагдсан “Зарлагын баримт”-ын огноо засвартай, нөгөө талаар, тухайн эмчилгээг хийлгэх шаардлагатай талаар дурдсан П-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт хэрэгт авагдаагүй, “хүлээн авагч”-ийн гарын үсэг зурагдаагүй, мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргаж ирүүлсэн 2018 оны 2 дугаар сарын 25, 2018 оны 2 дугаар сарын 28, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус тус АИ-92 бензин авсан гэх баримтуудад тамга, тэмдэг дарагдаагүй, тухайн бензинийг хэн, юунд зарцуулсан нь ойлгомжгүй, “Скайтел” ХХК-иас 91208039, 96016419 дугаарын утасны нэгж авсан гэх боловч уг утасны дугаарыг хэн эзэмшдэг, хэн тухайн үйлчилгээг авч, юунд зарцуулсан болох нь тодорхой бус, эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангагдаагүй байх тул уг нотлох баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
3. Нэхэмжлэгч Н “Баримтаар 3.677.460 төгрөг нотлогдож байгаа. Үлдэх 16.322.540 төгрөгийн шаардлагад П гэмт хэргийн хохирогч болох үедээ ажилгүй, орлогогүй байсан тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар “нөхөн төлбөр”, мөн “сэтгэл санааны хохирлын төлбөр” байгаа. Одоо цаашид П-ийн толгойд титан төмрөөр нөхөх эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэсэн боловч П гэмт хэргийн хохирогч болох үедээ “цалин хөлс, орлогогүй байсан” болохыг нотлох ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, нөгөө талаар, нэхэмжлэгч нь “сэтгэл санааны хохиролд хэдэн төгрөг, нөхөн төлбөрт хэдэн төгрөг” нэхэмжлээд байгаагаа тодорхой тайлбарлаж, баримтаар нотолж чадаагүй тул уг төлбөр, хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т зааснаар хариуцагч З-ээс гэм хорын хохиролд 620.000 төгрөгийг гаргуулж П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.380.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 620.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19.250 төгрөгийг хариуцагч З-ээсс гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т зааснаар хариуцагч З-ээс гэм хорын хохиролд 620.000 /зургаан зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.380.000 /арван есөн сая гурван зуун наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч З-ээс 19.250 /арван есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Б.МАРИНА
С.ОЮУНЖАРГАЛ