Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 651

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина, С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн дугаар 1570001123, регистрийн дугаар 9064281, Увс аймгийн Улаангом сумын Тавдугаар цэцэрлэгийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн дугаар 1511001027, регистрийн дугаар 2002094, “Амарсанаа” ХХК-нд холбогдох,

      Гэм хорын хохирол 6.229.624 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Пагма, иргэдийн төлөөлөгч Д.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

     Нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Пагма шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “Амарсанаа” ХХК нь Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт тус цэцэрлэгийн баруун талд 48 айлын орон сууц барьсан бөгөөд 2016 онд эхний 24 айлын орон сууц барьж ашиглалтад оруулахдаа манай цэцэрлэгийн жимсний талбайн хашаа дундуур бохирын шугам холбосон. Бохирын шугам холбох явцад жимсний модны хашаа хайс жимсний мод, зүлэгжүүлэлт бүрэн эвдэрч устсан. Дараагийн 24 айлын орон сууцаа 2017 онд ашиглалтад оруулахдаа мөн л манай жимсний талбай дундуур холбож, 2 жил дарааллан бохирын шугам татах ажил хийгдэж нийт 735 м.кв талбайны ногоон байгууламж устаж үгүй боллоо. Цэцэрлэгийн захиргаанаас бохирын шугам татах бүрт хамтран ажиллах гэрээ байгуулан, манай талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, тус компанийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Тус “Амарсанаа” ХХК нь өөрийн үйл ажиллагаагаа дуусангуут гэрээнд заагдсаны дагуу жимсний талбай, ногоон байгууламжийг эргэж хэвийн болгох ажлаа хийхгүй 2 жил өнгөрч, бага насны хүүхдийн сурч амьдах эрхийг зөрчиж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчны стандартад зааснаар эзэмшил газрын 50 хүртэл хувь нь ногоон байгууламж байдаг ба хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч амьдрах эрхтэй. Гэтэл ногоон байгууламж устаж үгүй болсноор маш их тоосонцор бий болж, анги танхимын цонх нээж, агаар солилцоо байнга явуулах боломжгүй болгож, бидний үйл ажиллагааны хэвийн байдал алдагдахад хүрээд байна. Ногоон байгууламжийг сэргээж засах талаар тус компанид албан тоот өгөх, гүйцэтгэх захирал Ө.Бат-Очирт удаа дараа утсаар мэдэгдсэн боловч “илүү ажил нэхлээ” гэх мэтээр хэл амаар доромжилж, өдий хүртэл хийхгүй байна. Бохирын шугам холбох нөхцөл байдлын тодорхойлолтыг “Чандмань Увс” ХХК-иас өгсөн ба уг тэмдэглэлд мөн л жимсний талбай, ногоон байгууламжийг ажлаа хийж дуусгаад хэвийн байдалд оруулах, уг ажлыг хийж гүйцэтгэхэд гарах зардлыг “Амарсанаа” ХХК бүрэн хариуцахыг үүрэг болгосон. Уг талбайд 60 ширхэг 4 настай үрхийн нүдний суулгац, /энэ жил өндөр ургац өгөх жил байсан/ чацарганы 10 ширхэг бут, нохойн хошуу бусад бутлаг ургамал, зүлэгжүүлсэн талбай байсан. Ийнхүү “Амарсанаа” ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлаа хийхгүй, бага насны хүүхдийн сурч хүмүүжих эрхийг зөрчиж байна. Энэ хичээлийн жил дуусаад ирэх намар дахин хүүхдийн эрх зөрчигдөх, байгууллагын өнгө үзэмжид сөрөг нөлөө үүсээд байгаа учраас өөрсдийн хүчээр ногоон байгууламжаа хийж эхлээд байна. Ногоон байгууламжийг нөхөн сэргээж хийхэд гарч байгаа бодит зардлыг тооцон нэхэмжилж байна. Иймд тус компаниас хөрс бэлдэхэд зарцуулсан 25 тонн шар шороо – 120.000 төгрөг, хар шороо 4 портер 4х190.000 - 760.000 төгрөг, 25 кг зүлэгний үр – 625.000 төгрөг, 3 портер элс 3х60.000 – 180.000 төгрөг, усны зардал 544.792 төгрөг, урьд байсан жимс, жимсний модны үнэ - 708.000 төгрөг, хашаа будахад зарсан 18 кг хар будаг, багс – 75.000 төгрөг, ажилчдын цалин хөлс 3.216.832 төгрөг, нийт 6.229.624 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч “Амарсанаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Бат-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар цэцэрлэгээс гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-нд заагдсан ажлыг манай компани хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

     Иргэдийн төлөөлөгч Д.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хүүхдийн орчинд хохирол учруулсан бол засаж, тохижуулж өгөх ёстой. Гарсан бодит зардлыг нь гаргуулж өгөх нь зөв. Цэцэрлэг нийтийн эзэмшлийн газар дээр ногоон байгууламж байгуулсан нь буруу. Цаашид дахин засвар үйлчилгээ хийхэд дахиад л ийм маргаан гарна. Иймд энэ асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын Тавдугаар цэцэрлэг нь хариуцагч “Амарсанаа” ХХК-нд холбогдуулан гэм хорын хохиролд 6.229.624 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

       Хариуцагч “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

      Хэрэгт авагдсан 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр болон 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №01, №02 тоот “Хамтран ажиллах гэрээ”-нээс үзэхэд “Амарсанаа” ХХК нь өөрийн барьсан 48 айлын орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа Улаангом сумын Тавдугаар цэцэрлэгийн арын хэсгийн газарт байрлах худгаас цэвэр, бохир усны холболт хийхээс гадна уг газрыг ашиглан барилгын ажлыг явуулсан тул уг асуудлаар талууд зөвшилцөн гэрээ байгуулж, “цэцэрлэгийн худгаас холболт хийх, уг газар дээр байсан хашааг хуучин байдалд оруулах, будаж засах, бүх талбайн шороог тэгшилж, хар шороо асган зүлэгжүүлэх, хүүхэд, том хүн явахыг хориглосон тэмдэглэгээ хийх, шугам, шуудуу, нүх ухсан газарт хашлага хийх, төмөр хашааг будах, 2 худагт хаалт шинээр хийх, цэцэрлэгийн халаалтын шугам хэвийн ажиллагаанд оруулахад хамтран ажиллах, гарах бүх зардлыг гүйцэтгэгч компани “Амарсанаа” ХХК хариуцах”-аар тус тус тохиролцжээ.

    Өөрөөр хэлбэл, “Амарсанаа” ХХК-нд барилгын ажлаа хэвийн явуулахад Тавдугаар цэцэрлэгийн зүгээс ямар нэгэн саад учруулахгүй байх, харин тус компани нь цэцэрлэгийн арын хэсэгт байрлах газрыг урьдны хэвийн байдалд оруулахаар талууд тохиролцсон байна.

    Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь “Хамтран ажиллах” нэртэй байгаа боловч гэрээний зорилго нь хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих, хүүхдийн сурах орчин нөхцөлийг бохирдуулахгүй байх, газар, хашааны байдлыг урьд байсан хэмжээнд нөхөн сэргээж өгөх зорилготой байх тул шүүх “бусдын эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан” гэж үзэж Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.

   Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг нотолсон баримтыг хуульд заасан шаардлага хангаж ирүүлээгүй, өөрөөр хэлбэл, тухайн газар нь Тавдугаар цэцэрлэгийн эзэмшилийнх мөн эсэх, уг газарт байсан жимсний мод, ногоон байгууламж нь цэцэрлэгийн өмч хөрөнгөд бүртгэлтэй байсан эсэх, цаашлаад ногоон байгууламжийг сэргээн засахад гарсан зардлын баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангуулж ирүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

     Тухайлбал, нэхэмжлэлд “хөрс бэлдэхэд зориулж 25 тонн шар шороог 120.000 төгрөгөөр, 4 портер хар шороог 760.000 төгрөгөөр, 3 портер элсийг 180.000 төгрөгөөр, зүлэгний үр 25 килограммыг 625.000 төгрөгөөр, мөн хашаа хайс будахад зориулагдсан зүлгүүр, гипс, өнхрүүш, будаг, замаск, багс ... зэргийг тус тус худалдан авсан, мөн усалгааны зардал 544.792 төгрөгийг төлсөн” гэж дурдсан байх ба уг тайлбарын үндэслэл болсон иргэн Н.Олонбаяр, Б.Гансүх нарт урсгал засварын зардлаас нийт 1.800.400 төгрөгийг шилжүүлсэн тухай “Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл”, “Төлбөрийн хүсэлт” гэх баримтууд, зүлэг услахад гарсан усны төлбөр нийт 1.040.283 төгрөг шилжүүлсэн тухай “Төлбөрийн хүсэлт” гэх баримтууд нь “хуулбар”-аар хэрэгт авагдсан байна.

      Түүнчлэн нэхэмжлэлд “урьд байсан жимс, жимсний модны тооцоо 708.000 төгрөг, хашаа будах будаг авахад 75.000 төгрөг гарсан” хэмээн дурдсан байх боловч урьд байсан жимсний мод нь тухайн цэцэрлэгийн өмч хөрөнгөд бүртгэлтэй байсан гэх баримт хэрэгт авагдаагүй, нөгөө талаар, ямар нотлох баримтыг үндэслэж 708.000 төгрөгийн үнэ бүхий жимсний мод байсныг тогтоосон нь тодорхойгүй, будаг, багсыг хаанаас, хэнээс, хэдэн төгрөгөөр худалдан авсныг нотлох “нэхэмжлэх”, баримт авагдаагүй, “ажилчдын хөлс 3.216.832 төгрөг зарцуулсан” гэх боловч цалин хөлсийг ямар үндэслэлээр олгосон, хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй, цэцэрлэгийн нягтлан бодогчийн гаргаж өгсөн цалингийн тооцооны баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлэх боломжгүй байна.

     Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч “Амарсанаа” ХХК-нд холбогдуулан гаргасан, гэм хорын хохиролд 6.229.624 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын Тавдугаар цэцэрлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын Тавдугаар цэцэрлэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч “Амарсанаа” ХХК-нд холбогдуулан гаргасан, гэм хорын хохиролд 6.229.624 /зургаан сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын Тавдугаар цэцэрлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын Тавдугаар цэцэрлэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА

ШҮҮГЧИД                                            Б.МАРИНА

                                                                                                             С.ОЮУНЖАРГАЛ