Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
Хэргийн индекс | 105/2022/0804/Э |
Дугаар | 2022/ШЦТ/809 |
Огноо | 2022-06-02 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.Оюунбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/809
2022 6 02 2022/ШЦТ/809
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч М.Оюунбат,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн У овогт Э-ын Б-д холбогдох 2206 00000 1884 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ** дүгээр сургуулийн урьд талд баригдаж буй карказан барилгын 12 давхарт тус барилгын мужааны бригадын ахлахаар ажилладаг иргэн Х.Аийг “ажлын шаардлага тавьж хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь гараараа 3-4 удаа цохисны улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал, баруун чихэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Энэ хэрэг 4 дүгээр сарын 20-ны өдөр ****т баригдаж байгаа “****” апартмент дээр болсон. Иргэн Атэй 12 давхарт маргалдсан. Ямар шалтгаанаар маргалдсан бэ гэвэл тэр өдөр салхитай байхад дээрээс хучилтын панер тавиад унагаачих гээд байсан болохоор би уурлаад “болиоч” гэхэд намайг “чи ажлаа хийж чадахгүй бол зайл” гэж хэлсэн. Бид хоёрын хооронд маргаан үүсэж, бид хоёр цохилцсон. Аөд учирсан гэмтэл миний үйлдлээс болж учирсан. Гэм буруу дээр маргах зүйлгүй байхгүй. Эмчилгээний зардал 690.000 төгрөг, 10 хоног ажиллаагүй хөлс буюу нэг өрийн ажлын хөлс 130.000 төгрөг гээд нийт 1.300.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Би Аөд 1.500.000 төгрөгийг 3 хувааж өгөхөөр тохиролцсон. Одоо хамт ажиллаж байгаа. Ямар нэгэн маргаан байхгүй, жирийн ажиллаж байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед хамт ажилладаг Б гэдэг залууд зодуулсан... хучилтын панелийг буруу хийсэн байхаар нь хэлсэн чинь доод давхраас дээш гарч ирээд намайг зодсон. ... тархи хөдөлсөн, баруун нүд хөхөрч нүүр хавдсан, дагзны дээд хэсэгт 2 газар овойсон, зүүн гарын эрхий хуруу тулсан. ... Намайг гараараа цохиод байсан. Тухайлбал нүүрэн тус газарт 3 удаа, дагз руу 2 цохиод баруун талын чихийг базаж чимхэж татсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
Хохирогч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Бид хоёрын дээрх үйлдэл нь үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар хороондоо зодолдож нэгнийхээ биед гэмтэл учруулсан асуудал байсан тул цаашид Б нь миний эмчилгээний зардлыг гарган өгч хохиролгүй болгосон. Миний биед одоо ямар ч өвчин зовиур байхгүй. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6148 дугаар: “... ДҮГНЭЛТ 1. Х.Аийн биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн эрхий хуруу, баруун зулайн хуйханд цус хуралт, баруун чихэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Х.Аийн биед үүссэн хамар ясны хугарал, зовхины цус хуралт нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад цус хуралт, зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),
Шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Намайг Аийг зодож биед гэмтэл учруулахад хажуугаас нөлөөлсөн, уриалсан, өдөөн хатгасан хүчин зүйл байхгүй. Миний өөрийн тухайн үеийн уур бухимдлаа барьж чадаагүйгээс дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Х.Аөөс Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2, 3 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 67, 68, 72, 73 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 35 хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 40 дугаар хуудас),
Э.Бийн нэр дээрх ХААН банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 41-55 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “...Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Э.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ** дүгээр сургуулийн урьд талд баригдаж буй карказан барилгын 12 давхарт тус барилгын мужааны бригадын ахлахаар ажилладаг иргэн Х.Атэй шүүгдэгч Э.Б нь “ажлын шаардлага тавьж хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, Х.Аийн толгойн тус газарт нь гараараа 3-4 удаа цохиж гэмтэл учруулсан байна.
Хохирогч Х.Ат Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6148 дугаар дүгнэлтээр “хамар ясны хугарал, зовхины цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан
Шүүгдэгч Э.Б нь хохирогч Х.Аийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Х.Ат Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6148 дугаар дүгнэлтээр “хамар ясны хугарал, зовхины цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч Х.Аийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Х.А нь “эмчилгээний зардал болон хохирлыг төлж барагдуулахаар тохирсон. Иймд Э.Бийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн байх тул шүүгдэгч Э.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Э.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Э.Б уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Э.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Э-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ