Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2018/01477

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******************* оршин суух, С овогт Ш.Г-ийн нэхэмжпэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****************** тоотод оршин суух, Ц овогт Д.Б-д холбогдох

2.200.000 / хоёр сая хоёр зуун мянга / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2018/01351/и индекстэй иргэний хэрэгүүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхамдолгор, нэхэмжпэгч Ш.Г, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Миний бие нь Д.Б-тай зээлийн гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 50 хоногийн хугацаатайгаар зээлүүлж гэрээ байгуулсан. Үүнээс хэтэрвэл хоног тутамд 0,5%-ийн хүү төлнө гэж тохирсон ба 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш цувуулан 1.000.000 төгрөгийг төлсөн. 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 90 хоногийн хүү болох 2.900.000 төгрөг, нийт мөнгө 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1.000.000 төгрөгийн хүү 1.300.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөгөөс авсан 1.000.000 төгрөгийг хасуулаад 2.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Соёлмаа гэх найздаа ямар нэгэн гэрээний нөхцөлгүйгээр 2.000.000 төгрөг зээлдүүлсэн байсан. Соёлмаа Солонгос явж намайг Д.Б-аас мөнгөө аваарай гэж зээлийн асуудлыг шилжүүлэн хэлсэн. Б Соёлмаагаас 1.600.000 төгрөгийн үнэтэй түүхий эд авсан юм билээ. Удаасан гэх үндэслэлээр 2.000.000 төгрөг болгож төлөхөөр тохиролцож тэр мөнгөө надад өгөхөөр тохиролцсон гэсний үндсэн дээр би Б-тай гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан. Б тэр үед өөрөө зөвшөөрч Соёлмаагийн өрийг шилжүүлж өөрөө төлнө гэдгээ хэлж байсан. Тухайн үед цаг орой болсон байсан учир гэрээг нотариатаар гэрчлүүлж чадаагүй. Одоо энэ хүнтэй эвлэрэн хэлэлцэх зүйлгүй 2.200.000 төгрөгөө гаргуулна. Тухайн үед Соёлоо надаас хүүтэй мөнгө зээлж авсан байсан юм. Эргүүлж авах болтол Б-аас авах асуудал яригдаж Б-д хэлтэл өөрөө ч зөвшөөрч гэрээний нөхцөл буюу 0.5 хувийн хүү болох зэргийг бүгдийг уншиж танилцаад гарын үсэг зурж гэрээ байгуулсан боловч өдийг хүртэл худал тайлбар тавьсаар өдий хүрсэн. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаад байгаа тайлбараа тэр үед гаргасан бол би Соёлоо болон түүний гэр бүлийн хүнээс авч болох байсан. Одоо ийм зүйл ярьж байгаа нь зохимжгүй байна гэв. Би 50 хоногийн хүү бодохгүй байгаа. Одоо мөнгөө авах хүсэлтэй байна. 300.000 төгрөг, 200.000 төгрөг,100.000 төгрөг тус тус миний дансаар орж ирсэн. Бэлэн 400.000 төгрөг Дэлгүүрээс нь 200.000 төгрөгийн үнэ бүхий бараа авч байсан. нийт 1.200.000 төгрөг өгч байсан. Соёлоотой найз нөхдийн харилцаатай учир аман хэлцлээр шууд өгсөн. Д.Б-аас 300.000 төгрөг, 200.000 төгрөг, 100.000 төгрөг тус тус миний дансаар орж ирсэн. Бэлэн 400.000 төгрөг Дэлгүүрээс нь 200.000 төгрөгийн үнэ бүхий бараа авч байсан. нийт 1.200.000 төгрөг өгч байсан. Соёлоод мөнгө зээлсэн боловч Солонгос явах гэж байна. Б-аас мөнгөө авчих гэсэн. Тэгээд би Буянд 50 хоногийн хугацаа өгч байсан. Үндсэн мөнгө 2.000.000 төгрөг, хүү нь 1.200.000 төгрөг болж нийт мөнгөн дүн 3.200.000 төгрөг болж байгаа юм. Үүнээс Буян 1.200.000 төгрөгийг өгсөн. Одоо төлбөл зохих 2.000.000 төгрөг үлдэж энэ мөнгөө гаргуулах гэж шүүхэд хандсан юм. Соёлоог Солонгос явсны дараа түүний нөхөр болон Б бид гурав уулзсан юм. Уулзалтаар Соёлоогийн өрийг шилжүүлж Б-аас авах юм гэдэг талаар тохиролцоод 2.000.000 төгрөгийг 03 дугаар 10-ны өдөр өгч авалцахаар болсон. Харин тухайн хугацаа хэтрэх тохиолдолд 0.5 хувийн хүү бодно гэсэн нөхцөл тавьсан юм. Тэр үед Соёлоо утсаар ярьж 2.000.000 төгрөг Б-аас аваарай гэж шилжүүлсэн. Энэ тухайд Б өөрөө байлцаж зөвшөөрч байсан. Соёлоогийн нөхөр Б ч байлцсан. Тухайн үед Буян зөвшөөрч 2.000.000 төгрөг өгнө гэж байсан боловч сүүлд худал хэлээд зугтаад байх болсон. Соёлоотой шүүх хуралдааны өмнө ч ярьсан гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц овогт Д.Б би 2017 онд Соёлмаа гэдэг эмэгтэйгээс 10 тонн ноос авсан. 10.000.000 төгрөгийн үлдэгдэл болох 1.600.000 төгрөгийг өгөхөөс Г-д дансаар 600.000 төгрөг, бэлнээр 500.000 төгрөг, архи, пиво 200.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийг өгсөн юм. Одоо 300.000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн байгаа. Гэвч Г нь 2.200.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүүтэй мөнгө зээлж аваагүй, харин бараа материалыг борлуулж өгсөн тул хүү болох 2.200.000 төгрөгийг өгөхөөс татгалзаж байна. Мөн Соёлмаагаас ноос авсан, Г-ээс би бэлэн мөнгө аваагүй юм. Одоо үлдэгдэл 300.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Г-ээс хүүтэй, хугацаатай мөнгө аваагүй нь үнэн болно гэжээ.

      Хариуцагч Д.Б шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2 жилийн өмнө Соёлмаагаас 1.600.000 төгрөгийн үнэ бүхий ноос түүхий эд авсан буцааж өгөх болтол боломжгүй болчихоод явж байтал 2018 оны 01 дүгээр сард нэг орой Г машинтай ирээд цаас гаргаж ирээд энэ дээр гарын үсгээ зур гэхээр нь сайн ойлгоогүй зурсан. С-д өгөх мөнгөө надад өгөхөөр болсон шүү гээд 03 дугаар сарын 10-ны үед өгч авалцахаар болсон боловч бөөн өгөх боломжгүй хувааж төлсөөр 1.300.000 төгрөгийг нэхэмжпэгчид өгсөн. Үлдэгдэл 300.000 төгрөгийг өгч чадаагүй байтал шүүх цагдаа болоод явж байна. Уг нь Г гэх энэ хүнээс би мөнгө аваагүй. Соёлмаад л 1.600.000 төгрөгийн үнэ бүхий ноос түүний үлдэгдэл төлбөр төлөх ёстой байсан юм. Соёлоо удаасан юм чинь 2.000.000 төгрөг болгож төлөөрэй гэж байсан. Би зөвшөөрч төлнө гэж байсан юм. Гэтэл Г Соёлоо чамаас 2.000.000 төгрөг аваарай гэсэн чамаас авна гээд гэрээ юм хийгээд гарын үсэг зуруулаад байсан. Миний зүгээс шүүх цагдаагаар яваагүй байсан бол 2.000.000 төгрөгөөр нь төлөх байсан. Одоо ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд өгөх ёстой 300.000 төгрөгийг өгөөд өөр мөнгө өгөхгүй гэв. Би Гансүхээс ч бэлэн мөнгө тоолж авсан зүйлгүй. Би энэ хүнээс мөнгө аваагүй байхад авсан юм шиг л яриад байх юм. Хэлж ойлгуулах гэтэл луйварчин, түүлгэчин гэж хэл амаар доромжилдог. Ажлаа хийж байсан бол төлж барагдуулах байсан. Одоо энэ хүний нэхэмжпээд байгаа мөнгөн дүнг зөвшөөрч төлж чадахгүй. Өгсөн мөнгө 1.200.000 төгрөг нь зөв байх гэв.

         Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжпэгч Ш.Гансүх нь хариуцагч Д.Буянгаас зээл, зээлийн хүүний төлбөр 2.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Хариуцагч Д.Буян нь "... нэхэмжпэгч Ш.Гансүхээс хүүтэй, хугацаатай бэлэн мөнгө аваагүй ... Соёлмаад өгөх ёстой байсан 10.000.000 төгрөгийн үлдэгдэл болох 1.600.000 төгрөгөөс Гансүхэд дансаар 600.000 төгрөг, бэлнээр 500.000 төгрөг, архи,
пиво 200.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийг өгсөн одоо 300.000 төгрөг өгөхийг
зөвшөөрч байна. Харин 2.200.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. ...”
гэж маргажээ.

          Нэхэмжлэгч Ш.Г нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

        Хэрэгт авагдсан баримт болоод шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Ш.Г-ийн "... Би анх Соёлмаа гэх найздаа ямар нэгэн гэрээний нөхцөлгүйгээр 2.000.000 төгрөг зээлдүүлсэн байсан. Соёлмаа Солонгос улс руу явж намайг Д.Б-аас мөнгөө аваарай гэж зээлийн асуудлыг шилжүүлэн хэлсэн. Соёлоог Солонгос явсны дараа түүний нөхөр болон Б бид гурав уулзсан юм. Уулзалтаар Соёлоогийн өрийг шилжүүлж Б-аас авах юм гэдэг талаар тохиролцсон. 2.000.000 төгрөгийг 03 дугаар 10-ны өдөр өгч авалцахаар болсон. Харин тухайн хугацаа хэтрэх тохиолдолд 0.5 хувийн хүү бодно гэсэн нөхцөл тавьсан юм. Тэр үед Соёлоо утсаар ярьж 2.000.000 төгрөг Б-аас аваарай гэж шилжүүлсэн. Энэ тухайд Б өөрөө байлцаж зөвшөөрч байсан ...” гэх тайлбар, хариуцагч Д.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан “... Соёлоо удаасан юм чинь 2.000.000 төгрөг болгож төлөөрэй гэж байсан. Би зөвшөөрч төлнө гэж байсан юм. Гэтэл Г Соёлоо чамаас 2.000.000 төгрөг аваарай гэсэн чамаас авна гээд гэрээ юм хийгээд гарын үсэг зуруулаад байсан. Миний зүгээс шүүх цагдаагаар яваагүй байсан бол 2.000.000 төгрөгөөр нь төлөх байсан ...” гэх тайлбар зэргээр Соёлмаа нь Ш.Г-ээс 2.000.000 төгрөгийг аман хэлцэл хийж зээлсэн бөгөөд хариуцагч Д.Буянгаас авах ёстой мөнгийг нэхэмжпэгч Ш.Г-д шилжүүлэн өгөхөөр нэхэмжлэгч Ш.Г, хариуцагч Д.Б болон Соёлмаа нар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Ш.Гх, хариуцагч Д.Б нар хооронд Соёлоогийн өр шилжсэн талаархи, нэхэмжпэгч Ш.Г, хариуцагч Д.Б-аас 1.200.000 төгрөгийг шүүх хуралдаанаас өмнө авсан бөгөөд энэ үйл баримтад талууд маргаагүй ба нэхэмжпэгч Ш.Г нь нэхэмжпэлийнхээ шаардлагыг 2.000.000 төгрөг болгон багасгасан болно.

Нэхэмжлэгч Ш.Г нь нэхэмжпэгч Д.Б-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Мөнгө  арьцаалан зээлдүүлэх” зээлийн гэрээг нотлох баримтаар хавсарган ирүүлсэн ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг гэрээгээр хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,5%-ийн хүү төлнө гэж тохирсон ба 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш цувуулан 1.000.000 төгрөгийгтөлсөн. 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 90 хоногийн хүү болох 2.900.000 төгрөг, нийт мөнгө 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1.000.000 төгрөгийн хүү 1.300.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөг авахаас авсан 1.200.000 төгрөгийг хасаад одоо 2.000.000 төгрөгийг авна..." гэж тайлбарласан ба Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан Барьцаалан зээлэх гэрээний үндсэн болоод хэлбэрийн шаардлагыг хангаагүй, талууд гэрээний гол нөхцөл болох эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцох учиртай байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар хариуцагч Ш.Г, нэхэмжлэгч Д.Б нарыг хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлээ.

         Учир нь: Нэхэмждэгч Ш.Г болон Соёлмаа нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан 2.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан ба Соёлмаа нь өөрийн өрийг гуравдагч этгээд Д.Б-д шилжүүлснээр нэхэмжлэгч Ш.Г-д Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан байх тул хариуцагч Д.Б-аас 2.000.000 төгрөгийг шаардах эрхтэй үүсжээ гэж үзлээ.

        Түүнчлэн нэхэмжпэгч Ш.Г нь Соёлмаад зээлсэн 2.000.000 төгрөгөнд хүү, алданги тооцох талаар тохиролцоогүй, энэ талаар ямар нэгэн баримтгүй, хариуцагч Д.Б нь Соёлмаад 1.600.000 төгрөгний өртэй түүнийгээ л өгөх учиртай гэж маргах боловч нэхэмжпэгч Ш.Г, хариуцагч Д.Б, Соёлмаа нар амаар 2.000.000 төгрөгийг Д.Б, Ш.Г-д төлөхийг зөвшөөрсөн байхтул хариуцагч Д.Б-ийн нэхэмжлэгч Ш.Г-д төлсөн 1.200.000 төгрөгийгтооцоод үлдэх 800.000 төгрөгийг хариуцагч Д.Б-аас гаргуулж нэхэмжлэгч Ш.Г-д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

        Иймд хариуцагч Д.Б-аас 800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2.200.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 50150 төгрөгийг төлөх ёстой боловч нэхэмжлэгч Ш.Гансүх нь 50.200 төгрөгийг урьдчилсан төлсөн байх ба нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.200 төгрөгөөс 50.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Буянгаас 800.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 23.750 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Ш.Гансүхэд олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 115.1 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

               1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хариуцагч Д.Б-аас 800.000 /найман зуун мянга / төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч Ш.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.200 / тавин мянга хоёр зуу/ төгрөгөөс 50.150 /тавин мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 /тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б-аас 23.750 / хорин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч Ш.Г-д тус тус олгосугай.

               3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА