Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0342

 

 

 

 

 

 

 

 

З ББН нөхөрлөлийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч З ББН нөхөрлөл

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга

Гуравдагч этгээд К ЗБН нөхөрлөл

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/**, А/8* дугаартай “Газар ашиглуулах” захирамжуудыг, Толбо сумын Засаг дарга Н.Е, “К” ББН нөхөрлөлийн дарга Х.Х, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Б.Ц нарын хооронд байгуулсан 2023 оны 8 дугаар сарын 24, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-үүдийг тус тус хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Е-ы “З” ББНөхөрлөлд газар ашиглуулах тухай захирамжуудыг гаргаагүй болон тус нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, З ББНөхөрлөлд газар ашиглуулах эрхийн актыг болон “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулахыг хариуцагчид даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 110/ШШ2024/0003 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

Гуравдагч этгээд Х.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 110/2023/0055/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “З” ББН нөхөрлөл нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргад холбогдуулж “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/**, А/8* дугаартай “Газар ашиглуулах” захирамжуудыг, Толбо сумын Засаг дарга Н.Е, “К” ББН нөхөрлөлийн дарга Х.Х, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Б.Ц нарын хооронд байгуулсан 2023 оны 8 дугаар сарын 24, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-үүдийг тус тус хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Е-ы “З” ББНөхөрлөлд газар ашиглуулах тухай захирамжуудыг гаргаагүй болон тус нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, З ББНөхөрлөлд газар ашиглуулах эрхийн актыг болон “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 110/ШШ2024/0003 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 11 дүгээр зүйлийн 11.1.23 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С давж заалдах гомдолдоо:

“...Тус нөхөрлөл нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Журам шинэчлэлт батлах тухай” 296 дугаар тогтоолоор баталсан журмаар заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргад бичил уурхайгаар ашигт малтмал олборлох утгатай өргөдөл өгсөн байна. Энэхүү өргөдөл нь Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын 2.1-д заасантай нийцэж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Үүний дараа “З” ББНөхөрлөлөөс Толбо сумын Засаг дарга Н.Еркежанд 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Ашигт малтмалын тосны газрын 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11\3710 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргад Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-т “сум, дүүргийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргах ...” гэж заасан чиг үүрэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 296 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 9.1.6-д “энэ журмын 8.1.2-т заасан талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-т заасан тодорхойлолттой нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах”, 4.1-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нэгж талбайн хэмжээ 5 га-аас ихгүй байна” гэж заасантай нийцэж байгаа тул Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт доор дурдсан солбицол бүхий талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай дүгнэлтийг гаргав” гэсэн албан бичиг болон бусад холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн өгөх гэсэн боловч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Еркежанаас “Манайх 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “К” ХХК-тай гэрээ байгуулсан учир танай нөхөрлөлтэй гэрээ байгуулахгүй, танай  нөхөрлөлийн материалын авахгүй гэсэн хариуг амаар өгсөн байна.

Ингээд “З” ББНөхөрлөлөөс Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Еркежаны гэрээ байгуулахаас татгалзсан аман шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Засаг даргад 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 8-03\849 дугаартай албан бичгээр уг асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх зүйтэй гэсэн хариу өгчээ. Гэтэл Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Е нь “К” ХХК-тай 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дахин гэрээ байгуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 296 дугаартай тогтоолоор баталсан журамд зааснаар эхний ээлжид өргөдөл өгсөн “З” ББНхөрлөлтэй сумын Засаг дарга гэрээ байгуулах үүрэгтэй гэж зохицуулсан байна.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Еркежан нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Бичил уурхай ашигт малтмал олборлох” журмын 1.3, 2.5 дахь заалтуудыг ноцтой зөрчиж тус суманд үйл ажиллагаа явуулдаг гэх “К” нөхөрлөлд илт давуу байдал үүсгэж, хуурамч буюу хууль бус гэрээ байгуулсан гэж үзэж байна. Учир нь Толбо сумын Засаг дарга Н.Е нь зөвхөн “К” нөхөрлөлтэй гэрээ байгуулсан байхад шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргаж өгсөн баримтад “К” нөхөрлөл нь уг гэрээг байгуулахад Толбо суманд үйл ажиллагаа явуулдаг “С”, “Т”, “Х” нөхөрлөлүүдтэй хамтран ажиллах тухай бичиг баримт үйлдсэнийг анхаарч анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Засгийн газраас баталсан журам ёсоор гэрээ байгуулаагүй нөхөрлөлүүд уг бичил уурхайн объектод ажиллах үндэслэлгүй гэж үзэж байна.

“З” ББНөхөрлөлийн өмгөөлөгч Я.С би “З” ББНөхөрлөлийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 74 дугаартай тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01\667 дугаартай албан бичгийг үндэслэн дараах ажиллагааг шүүхээр бүрдүүлбэр болгохоор хүсэлтийг гаргасан юм. Уг хүсэлтэд: Захиргааны хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 74 дугаартай “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолтой холбогдуулан уг тогтоол хууль ёсны дагуу үйлдэгдсэн эсэхийг тогтоолгох үүднээс дараах ажиллагааг шалгаж өгөхийг хүсье, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Е-аас “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” саналыг Толбо сумын ИТХ-д хэзээ, ямар журмаар хүргүүлсэн байдал, Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ-ын хуралдааныг хэзээ зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн, Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ-ын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалт, Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ-ын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ-ын ажлын албанаас гаргуулах тухай дурдсан юм.

Нэхэмжлэгч “З” ББНөхөрлөлийн өмгөөлөгчийн зүгээс гарган өгч буй Цагдаагийн Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01\667 дугаартай Монгол улсын Их хурлын гишүүн Ш.А-д хаягласан “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг гаргаж өглөө. Уг албан бичигт “... Мөн тус сумын “Замтын ам” гэх газарт эвдэгдсэн 0,0347 талбайд тус сумын Засаг дарга Н.Еркежан, байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Б нар нь Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолын 1.6-д заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн газар ашиглуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, “К” нөхөрлөлд 3 га, “Мухар төмөр нөхөрлөлд 0.6 га, “Тэвчээрийн хүч” нөхөрлөлд 0.6 га талбайд гэрээ байгуулж, дүгнэлт гаргуулсан нь болох нь тогтоогдсон. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжтэй байх тул Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А\33 дугаартай тушаалын дагуу Авлигатай тэмцэх газарт шалгах харьяаллыг тогтоолгуулахаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн болно” гэжээ.

Одоо нэхэмжлэгч “З" ББНөхөрлөлийн өмгөөлөгчийн зүгээс гарган өгч буй Цагдаагийн Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01\667 дугаартай Монгол улсын Их хурлын гишүүн Ш.А-д хаягласан “Хариу хүргүүлэх тухай” албан бичигтэй холбогдуулан дараах ажиллагааг шалгаж өгөхийг хүсье.

Цагдаагийн Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01\667 дугаартай албан бичгийн эх хувийг Цагдаагийн Ерөнхий газраас, Уг албан бичигт дурдсан “Мухар төмөр” нөхөрлөлд 0.6 га, “Тэвчээрийн хүч” нөхөрлөлд 0.6 га талбайд байгуулсан гэрээнүүдийг хариуцагчаас, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Еркежан, байгаль орчин хяналтын улсын байцаагч Х.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т зааснаар яллагдагчаар татсан эсэхийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас тус тус гаргуулах шаардлагатай байна.

Гэтэл анхан шатны шүүх зөвхөн хариуцагчийн эрх ашгийг илт хамгаалж тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоохгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзан уг шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 110\ШШ2024\0003 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэлтэй тайлбарлаж, нэхэмжлэгч “З” ББН нөхөрлөлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Съезд нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 296 дугаартай тогтоолоор баталсан журамд зааснаар эхний ээлжид өргөдөл өгсөн “З” ББН нөхөрлөлтэй Засаг дарга гэрээ байгуулах үүрэгтэй гэж зохицуулсан байхад Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 1.3, 2.5 дахь заалтыг зөрчиж К нөхөрлөлд илт давуу байдал олгож, хууль бус гэрээ байгуулсан хэмээн маргажээ.

3. Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11/3710 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт байх Хашаатын ам нэртэй газрын 4.76 гектар талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай дүгнэлтийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлэн, Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 74 дүгээр “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” хуралдааны тогтоолыг гаргажээ.

4. Гуравдагч этгээд К ЗБН нөхөрлөлд Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/** дугаартай “Газар ашиглуулах тухай” захирамжаар “...Толбо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хашаатын ам” гэх газрын “К” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 1000 м.кв газрыг кемп барих зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар”, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/8* дугаартай “Газар ашиглуулах тухай” А/8* дүгээр захирамжаар “...Толбо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хашаатын ам” гэх газрын “К” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 3 га газрыг бичил уурхайн олборлолтын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар” тус тус захирамж гаргажээ.

5. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга нь “К” ЗБН нөхөрлөлтэй 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ...Хашаатын ам нэртэй газарт орших 3 га гектар талбайд ... 1 жилийн хугацаагаар алт олборлох “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-г, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ...Хашаатын ам нэртэй газарт орших 3 га гектар талбайд ... 1 жилийн хугацаагаар алт олборлох “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-г тус тус байгуулсан.

6. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална”, 11 дүгээр зүйлийн 11.2.23-т “энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох” гэж тус тус заасан.

7. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолын хавсралт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.1-т “Бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийг тухайн сум, дүүргийн Засаг даргад энэ журмын 1 дүгээр хавсралтад заасны дагуу гаргана”, 2.2-т “Өргөдөлд бичил уурхайгаар ашигт малтмал олборлоход ашиглах техник хэрэгслийн гэрэл зураг, техникийн үзүүлэлтийг хавсаргасан байна”, 2.3-т “Бичил уурхай эрхлэгч этгээд нь дараах шаардлагыг хангасан иргэнийг бичил уурхайд ажиллуулна” 2.3.1-т “18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, 2.3.2-т “тухайн аймаг, нийслэлд оршин суугчаар бүртгүүлсэн”, 2.3.3-т “нөхөрлөл, хоршооны гишүүн”,  2.3.4-т “бичил уурхайн мэргэжлийн холбооны зохион байгуулсан бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нөхөн сэргээлтийн болон бичил уурхайгаар олборлох бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох сургалтад хамрагдан гэрчилгээ авсан”, 2.3.5-д “харьяалах аймаг, нийслэлийн татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн”, 2.4-т “Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаагүй иргэнийг гишүүнээр авсан бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг хүлээн авахгүй” гэж тус тус заасан.

8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “З” ББН нөхөрлөл нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт байршилтай Замтын амын Алтан толгой нэртэй талбайд алт олборлох өргөдлийг, өргөдөлд улсын бүртгэлийн гэрчилгээ хавсарган өгсөн баримт, гуравдагч этгээд К ЗБН нөхөрлөл нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдлийг, өргөдөлд 57 хуудас бүхий бичиг баримт, мөн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 88 хуудас бүхий бичиг баримтыг нэмэлтээр өгсөн болох нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

9. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь цаг хугацааны хувьд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдлөө сумын Засаг даргад гуравдагч этгээдээс дэс дарааллын хувьд түрүүлж өгсөн боловч журмын дээрх заалтуудад заасан бичиг баримтуудаа гүйцэд бүрдүүлээгүй, тодруулбал 1 дүгээр хавсралтад заасан бүрдүүлэх шаардлагатай 1.Үүсгэн байгуулсан гэрээ, дүрмийн хуулбар, 2.Бичил уурхайчдын үнэмлэхийн хуулбар, 3.Нөхөрлөл буюу хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 4.Олборлолт явуулах талбайн байршлын зураг, 5.Бичил уурхайчдын албан татвар төлөгчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, 6.Бичил уурхайчдын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 7.Тухайн талбайг сонгосон үндэслэл, тайлбар, 8.Бичил уурхайн нөхөрлөлийн гишүүдийн “Бичил уурхайн үндсэн сургалтад хамрагдсан гэрчилгээ” зэргийг хавсаргаагүй байх тул нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авалгүй, буцаасан хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэх боломжгүй” хэмээн үндэслэлтэй дүгнэжээ.

10. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актуудын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 110/ШШ2024/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Съездийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д. БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА