Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,  

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч У.Батмягмар, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Уртнасангийн Батмягмарт холбогдох эрүүгийн 201625030937 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол овгийн Уртнасангийн Батмягмар, 1985 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюуш 8 дугаар гудамжны 266 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 437 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1, 131 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2004 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 101 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 01 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэж, хянан харгалзаж суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуульд нийцүүлэн Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 68 дугаар захирамжаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр эдлээгүй үлдсэн 7 жил 7 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаас чөлөөлөгдсөн,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 207 тоот магадлалаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 5 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзаж суллагдсан, регистрийн дугаар ЧЛ85071670.    

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч У.Батмягмар нь давтан үйлдлээр 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 14:20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилэн торго дэлгүүрийн үүдэнд Р.Халиунаагийн халааснаас нь Ай фоне-5 эс маркийн гар утсыг нь хулгайлж, 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн зүүн урд замд 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр АНУ-ын иргэн Аорэн Блаакманы халааснаас Ай фоне-6 плас загварын гар утас хулгайлж, 1.000.000 төгрөгийн  буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Батмягмар: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.     

Хохирогч Р.Халиун мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 14:20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилмэл торго нэртэй дэлгүүрийн үүдээр 7 сартай хүүгээр тэврээд орох үедээ өөрийн өмсөж явсан савхин куртикний зүүн талын халааснаас өөрийн эзэмшлийн Ай фоне 5 эс маркийн шаргал “gоld” өнгийн гар утсаа хулгайд алдсан. Гар утсаа хулгайд алдсанаа дэлгүүрт ороод 2-3 минут болсны дараа мэдсэн. Тэгээд дэлгүүрийн хяналтын камер шүүж үзэхэд дэлгүүрийн гадна үүдэнд 30 орчим насны эрэгтэй миний араас дагаж орох гэж байгаад миний утсыг авч байгаа бичлэг байсан тул Цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний гар утасны Имэй код нь 352022060768726 гэж байгаа ба 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Тедигээс 728.000 төгрөгөөр худалдан авч байсан. Онцлог содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй. ...Би хулгайд алдсан гар утсаа олоод авчихсан тул одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-6-7/.

Хохирогч АНУ-ын иргэн Аорэн Блаакманы итгэмжлэгдсэн төлөөглөгч А.Болдоо мэдүүлэхдээ: “...Аорэн Блаакман нь одоо Америк улсад байгаа юм. Аорэн Блаакман нь Америк улсаас төслийн ажлаар ирээд хамтран ажиллаж байсан юм. Энэ үедээ Улсын Их Дэлгүүрийн урд явж байгаад халааснаасаа ай фоне 6 РLUS маркийн гар утсаа алдсан байсан. Гэхдээ тухайн хулгайд алдсан гар утсаа буцаагаад эргүүлэн авсан байгаа. Аорэн Блаакман нутаг руугаа явах болоод надад итгэмжлэл хийж өгсөн юм...” гэжээ /хх-44/.

2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Сидиг компьютерт хийхэд яг хаана, хэдэн цагт, хэдний өдөр үйл явдал болж байгаа нь харагдахгүй байх ба 00:07 секундэд гадаад улсын иргэн цүнх үүрээд өнгөрөх үед У.Батмягмар өөдөөс нь гарч ирээд, түүнтэй тулж мөргөлдөөд түүний зүүн гарын хажуугаар зөрж өнгөрөх үедээ тонгойгоод халааснаас нь эд зүйлийг нь авч байгаа бичлэгээс  харахад У.Батмягмар нь ганцаараа үйлдсэн болох нь бичлэгээр харагдаж байна...” гэжээ /хх-42/.

Мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52, 53, 63/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-16, 35/, эд зүйлийн үнэлгээ /хх-33, 55/, хохирогч Р.Халиун нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлэн Цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт /хх-98/, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болдоогийн мөрдөн байцаалтын шатанд хэргийг материал танилцсан баримт /хх-99/ зэргийг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч У.Батмягмар нь давтан үйлдлээр 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 14:20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилэн торго дэлгүүрийн үүдэнд Р.Халиунаагийн халааснаас нь Ай фоне-5 эс маркийн гар утсыг нь хулгайлж, 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Р.Халиуны “...өөрийн өмсөж явсан савхин куртикний зүүн талын халааснаас өөрийн эзэмшлийн Ай фоне 5 эс маркийн шаргал “gоld” өнгийн гар утсаа хулгайд алдсан. Гар утсаа хулгайд алдсанаа дэлгүүрт ороод 2-3 минут болсны дараа мэдсэн. Тэгээд дэлгүүрийн хяналтын камер шүүж үзэхэд дэлгүүрийн гадна үүдэнд 30 орчим насны эрэгтэй миний араас дагаж орох гэж байгаад миний утсыг авч байгаа бичлэг байсан тул Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон сэжигтэн, яллагдагчаар У.Батмягмарын үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг,

Мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн зүүн урд замд 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр АНУ-ын иргэн Аорэн Блаакманы халааснаас Ай фоне-6 плас загварын гар утас хулгайлж, 1.000.000 төгрөгийн  буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч АНУ-ын иргэн Аорэн Блаакманы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болдоогийн “...Улсын Их Дэлгүүрийн урд явж байгаад халааснаасаа ай фоне 6 РLUS маркийн гар утсаа алдсан байсан. Гэхдээ тухайн хулгайд алдсан гар утсаа буцаагаад авсан байгаа...” гэх мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон сэжигтэн, яллагдагчаар У.Батмягмарын үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч У.Батмягмарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Р.Халиун, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болдоо нар нь шүүгдэгч У.Батмягмараас “...нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч У.Батмягмар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 90 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 207 тоот магадлалаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 5 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзаж суллагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүнийг ялгүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэхдээ түүнийг хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүгдэгч У.Батмягмар, түүний эхнэр М.Цэнд-Оюун нар нь хоёулаа ял эдэлж байгаа болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Батмягмарын төрсөн хүү Б.Ганжаргалыг эцэг У.Батмягмарын төрсөн эгч У.Батцэцэгийн асрамжид тэдгээрийн хүсэлтийн дагуу байлгаж, цаашид хүүхдийн асрамжийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Баянгол дүүргийн засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овгийн Уртнасангийн Батмягмарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч У.Батмягмарыг 3 /гурван/ сар 10 /арван/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Батмягмарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

6.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Батмягмарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.     

7. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Батмягмарын 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр төрсөн хүү Б.Ганжаргалыг/регистрийн дугаар УП12230751/ эцэг У.Батмягмарын төрсөн эгч У.Батцэцэгийн асран хамгаалалтад байлгаж, цаашид хүүхдийн асрамжийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Баянгол дүүргийн засаг даргад даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХАЛИУН