Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 24

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

                   Прокурор                                               Г.Баяраа

                    Шүүгдэгч                                               Б.Б, Л.Д,

                                                                                  С.Ч

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Д.Оюунчимэг, Д.Оюун-Эрдэнэ,

                                                                                  Р.Цэрэнханд                         

         Нарийн бичгийн дарга                         Ж.Ариунжаргал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолтой Б.Б, Л.Д, С.Ч нарт холбогдох 1815001440182 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.Б.

Монгол Улсын иргэн, Л.Д.

Монгол Улсын иргэн, С.Ч.

Шүүгдэгч Б.Б нь Л.Д.тай бүлэглэж Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.О.г согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулан Toyota Corolla маркийн **-** УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Л.Д нь Б.Б.тай бүлэглэж Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.О.г согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулан Toyota Corolla маркийн **-** УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч С.Ч нь Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.О.г согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулан Toyota Corolla маркийн **-** УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Б.Б., Л.Д нар нь бүлэглэж түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дүгээр сарын 03-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор:

Аймгийн прокурорын газрын ахлах прокурор хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраагийн шүүгдэгч С.Ч.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Ч.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 

 Шүүгдэгч Б.Б, Л.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэж үйлдэн хүчиндэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэхь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,    

Шүүгдэгч Б.Б, Л.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар  хорих,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Б, Л.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялын хорих ялыг 1 хоногийг 15000 төгрөгөөр тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн тэдгээрийн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Л.Д нарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,    

Б.Б, Л.Д, С.Ч нар энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,иргэний  бичиг баримтгүй болохыг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Р.О.н өмсөж явсан ягаан өнгийн дотуур хувцас, улаан өнгийн хөхөвч, хар хөх өнгийн даавуун өмд, цамц, цагаан өнгийн ариун цэврийн хэрэглэл, цагаан өнгийн өрөөсөн оймс, шүүгдэгч Б.Б.н саарал өнгийн дотуур хувцас, Л.Д.н хөх эрээн өнгийн дотуур хувцас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөрдөгчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Тoyota Corolla маркийн **-** УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тoyota Corolla маркийн **-** УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн хөх өнгийн оруулгатай, саарал өнгийн хойд суудлын бүрээс, хар өнгийн хойд 2 шалавч зэргийг тус тус өмчлөгч эзэмшигч Х.М.т олгож, хохирогч Р.О нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдаж,      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Л.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч С.Ч.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж даалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж даалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолдоо: “.... Эрүүгийн 1815001440182 дугаартай хэргийн холбогдогч Б.Б-н өмгөөлөгчийн зүгээс хохирогчийг хүчиндээгүй, бэлгийн харьцаанд ороогүй гэсэн байдлаар өмгөөллөө явуулаагүй тул ингэж ярьсан мэтээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдсанд гомдолтой байна. Өмгөөлөгчийн байр суурь бол Б.Б.г хохирогч О.г согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдалд байгаа байдлыг нь далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин Л.Д.тай бүлэглэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийгээгүй тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах хүсэлтийг илэрхийлсэн билээ.

Шүүхээс бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын хурал дээр шүүгдэгч Б.Б.г 21 насанд хүрээгүй тул өсвөр насны хүн гэж тооцоод ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх хүсэлт гаргасан юм. Анхан шатны шүүх энэ талаар боломжгүй гэсэн дүгнэлт хийгээгүй юм. Мөн ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгааг харгалзан үзээгүйд гомдолтой байгаа юм. Одоо давж заалдах шатны шүүхэд гаргах хүсэлт бол: Б.Б, Л.Д нарыг бүлэглэж бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл байхгүй байгааг анхаарч үзнэ үү. Шүүгдэгч Б.Б нь бэлгийн ажил хийхээр оролдсон ч архины үнэрээс болоод бөөлжих гээд мөн хохирогч эсэргүүцээд байхаар нь больсон гэдэг бөгөөд энэ нь гэм буруугүй гэсэн үг биш тул бэлгийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа болно.

Хохирогчоос авсан шинжилгээгээр түүний үтрээнээс эр бэлгийн эс илрээгүй гэсэн шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгчийн мэдүүлгийг нотолж байгаа юм. Нөгөө талаар хохирогч О ухаан алдсан, мөн гар хөл барьсан гэж мэдүүлдэг тул энэ мэдүүлэг нь Б.Б.г Л.Д.тай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэхэд эргэлзээ бий болгож байгаа юм. Тогтоогдсон нөхцөл байдал бол ээлжилж дээр нь гарч бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн явдал. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1. “Хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санатай нэгдсэнийг гэми хэрэгт хамтран оролцох гэнэ”, З.Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг эсхүл урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэжээ. Гэтэл тэд хүчингийн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон нь тогтоогдоогүй. Мөн үйлдлээрээ нэгдсэн гэдэг нь ч тогтоогдоогүй.

 Тийм учраас хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байгаа юм. Ийнхүү хөнгөрүүлэн зүйлчлэх хүсэлтийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэж байгаа болно. Шүүгдэгч Б.Б нь шүүхийн шатанд бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн гэдгээ хүлээж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн байцаалтын явцад хүчиндээгүй гээд байсан явдал нь бэлгийн харьцаанд орж дур тавиагүй болохоороо хүчиндээгүй гэж бодоод явсантай нь холбоотой болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон юм. Ийм байж болох үндэслэлтэй. Яагаад гэвэл дөнгөж 20 нас хүрч байсан, бэлгийн харьцаанд тогтмол орж байгаагүй, найз эмэгтэй ч байхгүй залуу хүүхэд ийнхүү өрөөсгөл ойлгох магадлалтай юм. Гэвч энэ байдлаа ээждээ хэлснээр ээж нь өмгөөлөгчид хэлж өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн туслалцаа үзүүлж ойлгуулсан тул гэм буруугаа хүлээсэн билээ. Тийм учраас Б.Б.г Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Ийнхүү хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргаж байгаа нь хохирогчид эмчилгээний болон сэтгэл санааны хохирол төлсөн байдал, хохирогчийн гомдолгүй гэсэн мэдүүлэг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлалт гуйсан зэрэг нөхцөл байдлуудад үндэслэсэн болно...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо “... 1.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Л.Д ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бүлэглэж үйлдсэн гэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн нотлох баримтууд нь харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй ба бүрэн нотлогдохгүй байхад хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

2. Шүүгдэгч нарын мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэдгийг хохирогчийн дан ганц мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй, харин шүүгдэгч тус тусдаа бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэж хүлээн мэдүүлсэн нь үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухай нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй гэсэн байна. Гэтэл шүүгдэгч нарыг бүлэглэж хүчиндсэн гэж үзэх нотлох баримт байхгүй, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж эргэлзээтэй байхад шүүх бүлэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-г зөрчиж хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

3. Шүүгдэгч Л.Д.н анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, энэ хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирогч Р.О шүүх хурлын хэлэлцүүлэгт гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байдлыг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэмт үйлдэлд нь тохирсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар ял оногдуулахаар зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэсэн заалтыг давхар баримталж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “... Б.Б би О.тэй хурьцал үйлдэх гэж оролдсон нь үнэн. Надад тийм бодол байгаагүй боловч намайг налаад нуруу илээд байхаар нь болох юм байна гэж бодсон. Би буруу зүйл хийсэн, энэ хэрэгт маш их харамсаж, ичиж байна. Намайг О.н дээр гараад өмдийг нь тайлахад Л.Д оролцоогүй, урд суудал дээр сууж байсан. Харин би яг хийх гэж байхад бөөлжих гээд байсан тул босоод машинаас гарсан хойгуур Л.Д орсон юм байна билээ. Би хараагүй. Би буруугаа хүлээж, гэмшиж байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Л.Д давж заалдах гомдолдоо: “... Би Б.тай бүлэглэж О эгчийг хүчиндсэн зүйл болоогүй. О эгчтэй бэлгийн харьцаанд орох гэсэн боловч машинд зай бага гар, хөлөөрөө цохиод болохгүй байсан. Энэ үед машинд О эгч бид хоёроос өөр хэн ч байгаагүй, намайг О эгчийн дээр гарсан гэдгийг хэн ч мэдээгүй, хараагүй. Би өмдөө тайлаад дээр нь гарах гэсэн боловч Ч ах ирж байсан болохоор санаа зовоод машинаас буусан. Би маш их гэмшиж байна, хорих ялыг тэнсэж өгнө үү... гэжээ.

             Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Баяраа дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хохирогч удаа дараа болсон үйл явдлын талаар тогтвортой мэдүүлэг өгсөн, анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл

шүүгдэгч Б.Б, Л.Д нар нь 2018 оны 05 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө бүлэглэж Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.О.г согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулан иргэн Х.М.н эзэмшлийн Toyota Corolla маркийн **-** УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүх С.Ч.г Б.Б, Л.Д нарын үйлдэлд яаж оролцож, ямар үйлдлээр дэмжлэг үзүүлсэн нь тодорхойгүй, түүний гэм буруутай эсэх нь эргэлзээтэй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Б, Л.Д нарыг бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэж хүчиндэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь “... гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй...” гэх давж заалдах гомдлыг гаргасан байх боловч хохирогч Р.О  нь тухайн үйл баримтын талаар “...намайг үл таних залуу цагаан өнгийн суудлын автомашины ард түлхэж суулгаад явсан... гэнэт миний хоёр талд сууж байсан хоёр залуу машиныхаа арын хоёр хаалгыг онгойлгоод нэг залуу нь миний хоёр гарыг барьж байгаад нөгөө залуу нь миний хувцсыг тайлаад хүчирхийлсэн... эхлээд намайг хүчирхийлсэн залуу миний гарыг барьж байгаад нөгөө залуу нь мөн намайг машин дотор хүчирхийлсэн...” гэж удаа дараа тогтвортой мэдүүлснээс гадна

хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6679 дугаартай дүгнэлтээр Р.О.н мөчдөд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.

Мөн дээрхи гэмт хэрэг нь нэг цаг үед, нэг орчинд үйлдэгдсэн байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар Б.Б, Л.Д нарыг хохирогчид хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Б, Л.Д, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин дээрх гэмт хэрэг нь 2018 оны 05 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд Б.Б, Л.Д нарын бүлэглэн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэг нь ангиллын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн ангилалд хамаарч байна.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох бөгөөд хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх явцад дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч Б.Б, Л.Д нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Р.О.д учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан үзэж тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар  сарын 03-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан  Б.Б, Л.Д нар холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Б.Б, Л.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...2 жил 1 сарын...” гэснийг “1 жилийн” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Б, Л.Д, тэдгээрийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Д.Оюун-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Б, Л.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С.Ч.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ХҮРЭЛБААТАР                          

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 З.ХОСБАЯР

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН