Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/849

 

 

     2022          6           07                                         2022/ШЦТ/849

                       

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

хохирогч Т.Б,

шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ийн Уд холбогдох эрүүгийн 2206 00892 0820 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.У нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ****-д байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр н.Дын дүү Т.Бтой маргалдаж, улмаар гэрийн униар толгойн тус газарт нь цохиж духанд шарх бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч А.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хэрэг гарахад би гэртээ байсан. Манай нөхөр 15 хоноод гэртээ ирдэг. Нөхрийн дүү ирсэн байсан. Би Налайх орж идэж уух юм бэлдсэн. Идэж уусан. Ийм юм болсон.” гэв.

 

            Хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Ахыг авах гээд очиход энэ хоёр хоол ундаа бэлдээд ирье гээд явсан. Энэ хоорондоо уугаад эхлэхээр нь илүү гэрт унтъя гэж бодоод сар гаруй хүүхдээ аваад орсон. Унтах гээд байж байтал учиргүй хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгээд унь аваад цохисон. Өшөө хонзон байхгүй, тэр үеийн л гай байх. Нөхөртэйгөө янз бүрийн юм болох вий гэж орж ирээд л уусан байсан болохоор маргаан үүссэн. Нээх маргалдаад байсан юм байхгүй. Томографикт харуулсан. Баримтаа олохгүй байгаа. Унааны зардал, хохирлоо өөрсдөө гаргасан. Гомдол, санал гээд байх юм байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар   

 

Хохирогч Т.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ахын эхнэр болох У араас орж ирээд надтай хэрүүл өдөөд байхаар нь би хэрэлдээд байж байтал У гэрийн унийг сугалж аваад миний дух хэсэг рүү 1 удаа цохиж миний биед гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2237 дугаар:“... ДҮГНЭЛТ Т.Б биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

 

Шүүгдэгч А.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Б манай хажуу айлын хоосон гэрт байхаар нь би араас нь ороод Бт хандаж чи манай гэрт хэрүүл маргаан хийлээ, архи дарс уулаа гэж хэлтэл Б надтай хэрэлдээд байхаар нь би гэрийн унийг сугалаад дух хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгтэл духнаас нь цус гараад байсан... би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст Т.Боос хандаж гаргасан өргөдөл хуудас (хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

           

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

Байнга оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

                       

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “... Шүүгдэгч А.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

             

            Үйл баримтын талаарх дүгнэлт

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ****-д байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.У нөхөр н.Дын дүү Т.Бтой маргалдаж, улмаар гэрийн униар толгойн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан байна.

           

Хохирогч Т.Бт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2237 дугаар дүгнэлтээр “духанд шарх” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч А.У нь хохирогч Т.Быг гэрийн униар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

           

Хохирогч Т.Бт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2237 дугаар дүгнэлтээр “духанд шарх” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч А.У нь хохирогч Т.Бын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч А.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч А.У нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, маргаан үүсгэснээс болж гэмт хэрэг гарчээ.

           

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

            Хохирогч Т.Б өөрт учирсан гэм хорын хохиролд 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж мэдүүлж байх боловч хэрэгт хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт байхгүй байх тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Уаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.    

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

                       

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, хэлбэрийг өөрийн оршин суух хороогоор нь хязгаарлах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч “хэлэх зүйлгүй” гэсэн болно.

                                   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

 

Хэрэгт шүүгдэгч А.У нь ажил, хөдөлмөр эрхэлдэг талаар баримт авагдаагүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Уыг бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Уд торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байна.

 

Шүүгдэгч А.Уд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, бага насны 2 хүүхэдтэй амьдардаг гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уыг оршин суух Баянзүрх дүүргийн ** дугаар хорооноос явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч А.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А-ийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Шүүгдэгч А.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уыг оршин суух Баянзүрх дүүргийн ** дугаар хорооноос явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Т.Б өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Уаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

           

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ