| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2018/00593/и |
| Дугаар | 654 |
| Огноо | 2018-08-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 654
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б-ийн Ц-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1995 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч, сувилагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд 1995 оны 8 дугаар сараас эхлэн Э төвд эх баригч, бага эмчээр ажилд орж түүнээс хойш 22 дахь жилдээ ажиллаж байгаа юм. 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 07 тоот тушаалаар миний биеийг ээлжийн сувилагчийн ажлаас чөлөөлж, тус Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагчаар томилж ажиллуулсан. Ажиллах хугацаандаа би хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн ба ямар нэгэн арга хэмжээ авахуулж байгаагүй. Гэтэл тус Э төвийн дарга Ц нь намайг Улаанбаатар хотод сургалтад сууж байхад 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажлаа дур мэдэн орхин явж, сургалтад суусан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Уг тушаалыг миний бие эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ахлах сувилагчийн ажилд эгүүлэн томилсон. Ажилд эгүүлэн томилогдсон үеэс ажил олгогч З нь намайг дарамталж “Би тушаалаа буруу гаргасан байсан. Одоо хууль, шүүхийн хүнээс зөвлөгөө авсан учраас чамайг удахгүй ажлаас хална” гэж хэлсэн. Өмнөх ажилгүй байсан хугацааны цалингаа би одоо хүртэл нэг ч төгрөг аваагүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа боловч олигтой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Ингээд би мөн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн В/24 тоот тушаалаар намайг ахлах сувилагчийн үүрэгт ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалдаа 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Э төвийн ахлах сувилагчийн орон тоо хасагдсан гэж бичсэн байгаа боловч 2018 оны бүтэц орон тоогоор ахлах сувилагчийн орон тоог вакцинатортой хавсарч хийлгэхээр баталсан байгаа юм. Иймд намайг Э төвийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц нь хариуцагч Э төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Э төвийн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/24 тоот тушаалаар Ц-г “Э төвийн ахлах сувилагчийн орон тоо 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хасагдсан” гэх үндэслэлээр, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажлаас чөлөөлсөн байна.
Хариуцагч Э төвийн дарга Ц-д 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн боловч тэрээр хуульд заасны дагуу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд зөвхөн Ц-д өгсөн “Мэдэгдэл” гэх баримтыг эх хувиар ирүүлсэн.
Уг мэдэгдэлд “... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 40.1.1, Э газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/02 тоот тушаалыг үндэслэн, сумын Э төвийн ахлах сувилагчийн орон тоо хасагдсан тул Ц таныг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлнө” гэжээ.
Өөрөөр хэлбэл, мэдэгдэлд “Э газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/02 тоот тушаалаар ахлах сувилагчийн орон тоо хасагдсан” гэх атлаа Ц-г ажлаас чөлөөлсөн тушаалдаа “Э төвийн ахлах сувилагчийн орон тоо 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хасагдсан” гэж дурдсан нь агуулгын хувьд ойлгомжгүй, огноо зөрүүтэй байна.
Нөгөө талаар, тус сумын Э төвийн “Ахлах сувлагч”-ийн орон тоо хасагдсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч өөрийн гаргасан тушаалын үндэслэлээ нотолж чадаагүй ба улмаар хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзнэ.
Харин хариуцагч талаас тус төвийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/01 тоот “Э төвийн бүтэц, орон тоо, цалин тогтоох тухай” тушаал, уг тушаалын хавсралт, мөн даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот “Ц-ыг ажилд томилох тухай” тушаал, мөн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/24 тоот “Ц-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг тус тус шүүхэд ирүүлсэн боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй буюу хариуцагч мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч нь “тус сумын Э төвд Ахлах сувилагчийн орон тоо хасагдсан” гэх үндэслэлээ нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан үүргээ биелүүлж, тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц-г Э төвийн Ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Э төвөөс 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц-г Э төвийн Ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Э төвөөс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА