Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/866

 

 

 

 

 

      2022          6           10                                         2022/ШЦТ/866

           

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч В.А нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б овогт В-ийн Ад холбогдох эрүүгийн 2206 00000 1598 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч В.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ******-ны **** тоотод хохирогч Д.Гтэй надаар ус хийлгэх гэлээ гэж маргалдаж, улмаар баруун гуяа хэсэгт 1 удаа, зүүн гарын шуу хэсэгт 1 удаа хутгаар хутгалж баруун гуяа, зүүн шуу, зулайн хуйханд шарх, баруун хацар, шуунд зулгаралт бүхий гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “онц харгис хэрцгийгээр” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч В.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр 0.5 литр архи авч зах дээрээс найзындаа очсон. Тэгээд авсан архиа хувааж уугаад намайг нэг танихгүй, урьд харж байгаагүй залуу цохиод авахаар нь би цүнхээ ухаж байгаад нэг хутга гараад ирэхээр нь далайгаад хойш түлхсэн чинь арагшаа унахдаа өөрийнхөө гарыг зүсүүлээд тэгээд санаандгүй гуя нь хүрчихсэн байсан. Тэгээд цагдаад дуудаад хүлээж байгаад эрүүлжүүлэх рүү явсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар   

 

            Хэрийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ******-ныы 2-7 тоот байх ба ... хашааны хаалганы гадна талд газарт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба ... хашаан дотогш газраар цус мэт зүйл дуссан байдалтай байх ба хашаан дотор талд цус мэт зүйлээр бохирлогдож газарт шингэсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас),

 

            Хэрийн газарт нөхөн үзлэг хийсэн: “... гэрийн зүүн талын орны доороос нийт 23 см урт, ажлын хэсэг 13 см, бариул хэсэг нь 10 см урттай цагаан өнгийн үзүүр болон ажлын хэсэг нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас),

 

Хохирогч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 05 дугаар 03-ны өдөр 21 цагийн орчимд хуурай ах Т ахынд очтол Т ах найз Нтайгаа архи уугаад сууж байхаар нь би хамт архи уусан. Бид хэдийг сууж байтал гаднаас үл таних 50 орчим насны ах орж ирээд бид нартай архи уусан. Би архи ууж байгаад гаднаас орж ирсэн үл таних ах руу “та надад ус хийгээд өгөөч” гэж хэлтэл тухайн ах “чи надаар ус хийлгэдэг хэн бэ” гээд шууд хутга аваад миний баруун гуя руу 1 удаа, зүүн гарын тохой хэсэгт 1 удаа хутгалаад намайг алах гээд байхаар нь би айгаад гэрээс гараад зугтаасан. Тухайн үед байсан хүмүүс тасраад унтаж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6071 дугаар: “... ДҮГНЭЛТ 1. Д.Гийн биед баруун гуя, зүүн шуү, зулайн хуйханд шарх, баруун хацар, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

 

Шүүгдэгч В.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Г над руу надад ус хийгээд өг гээд над руу дайраад байхаар нь би ус хийж өгтөл миний нүүр лүү гараараа цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд өөрийн авч явдаг хар цүнхнээс цагаан өнгийн дээрээ ягаан өнгийн цэцгийн зурагтай хутгийг гаргаж ирээд баруун гуя болон зүүн тохойд нь дүрсэн. ...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

 

2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2206000001598 дугаар прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 45 дугаар хуудас),

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 61-63, 72-73 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

           

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

                       

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “... Шүүгдэгч В.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч В.А нь “хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

             

            Үйл баримтын талаарх дүгнэлт

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           

2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ******-ны **** тоотод шүүгдэгч В.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Гтэй “надаар ус хийлгэх гэлээ” гэж маргалдаж, улмаар баруун гуяа хэсэгт 1 удаа, зүүн гарын шуу хэсэгт 1 удаа хутгаар хутгалж гэмтэл учруулсан байна.

 

Хохирогч Д.Гд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 6071 дугаар дүгнэлтээр “баруун гуя, зүүн шуу, зулайн хуйханд шарх, баруун хацар, шуунд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

           

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос В.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “онц харгис хэрцгийгээр” гэж заасан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч В.А нь хутгаар хохирогчийн баруун гуяа хэсэгт 1 удаа, зүүн гарын шуу хэсэгт 1 удаа хатгаж эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

           

Хохирогч Д.Гд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 6071 дугаар дүгнэлтээр “баруун гуя, зүүн шуу, зулайн хуйханд шарх, баруун хацар, шуунд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч В.А нь хохирогч Д.Гийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

“Онц харгис хэрцгийгээр” гэж олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгодог.

 

Шүүгдэгч В.А нь хохирогч Д.Гийн эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “онц харгис хэрцгийгээр” гэж заасан хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч В.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх зуршилтай, өөрийн уур бухимдлыг хянах чадваргүйгээс болж гарчээ.

           

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх ба хохирогч Д.Г нь өөрт учирсан гэм хорын хохиролд хохирол, төлбөр нэхэмжлээгүй байна.

 

            Хохирогч Д.Г өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутайд этгээд болох шүүгдэгч В.Ааас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

           

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 296 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 37 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 296 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцуулах” гэх дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч “хэлэх зүйлгүй” гэсэн болно.

                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч В.Аын эрхэлсэн тодорхой ажилтай, тодорхой оршин суух газартай гэх баримт хэрэгт авагдаагүй, мөн шүүгдэгч В.А нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “би сүүлийн 7 жил гэр оронгүй гадуур хог түүж амьдарч байгаа.” гэж мэдүүлсэн, гэмт хэрэгт нь ахуйн хүрээнд архидан согтуурснаас болж гарсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчид торгох болон зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцэхгүй гэж үзэв.

           

Шүүгдэгч В.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж 288 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  В.Ад нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.Аын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс нийт 36 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан эдлэх ялаас хасаж, ялыг эдэлсэн тооцов.

 

Бусад асуудлаар:

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 23 см урттай, ногоон эрээн өнгийн бариултай нэг ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.

 

Шүүгдэгч В.А нь 36 хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч В.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт В-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Шүүгдэгч В.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 288 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.Аын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс нийт 36 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан эдлэх ялаас хасаж, ялыг эдэлсэн тооцсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 23 см урттай, ногоон эрээн өнгийн бариултай нэг ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч В.А нь 36 хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Д.Г хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Хохирогч Д.Г өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутайд этгээд болох шүүгдэгч В.Ааас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч В.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл В.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ