Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/904

 

 

 

 

   2022           6            16                                         2022/ШЦТ/904

           

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч М.Отгонжаргал,   

шүүгдэгч Х.Л,

шүүгдэгч Н.Э,

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Х-ийн Л, Б овогт Н-ын Э, Б овогт Т-ын Б нарт холбогдох 2206 01193 1153 дугаар хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нар бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” зочид буудлын урд тал байдаг каргоны хашаанд иргэн С.Гын тээврийн хэрэгслийн ачаанаас унаж гээгдсэн 5 ширхэг комьпютерийн дэлгэцийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж иргэн Э.Бд 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Г нь тус газраас 34 боодол ачаа явуулсан боловч буулгах үед нэг боодол дотроо 5 ширхэг компьютерын дэлгэц байдаг ачаа дутаж 33 боодол ачаа ирсэн. Тэгээд Гын хамт тус каргоны газар очиж хяналтын камер шүүж үзэхэд Гыг хөдлөх үед ачаан дээрээс нь 1 боодол ачаа унаж, түүний номин ногоон өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс машиндаа ачаад авч явж байгаа нь харагдсан. ...Тус гээсэн 1 боодол ачаан дотор компьютерын 5 ширхэг дэлгэц байсан. Тус дэлгэцүүдийг 2021 оны 09 сарын 20-ны өдөр Эрээн хотоос нэгийг нь монгол мөнгөөр 450.000 төгрөгөөр захиалсан байсан. Нийт 2.250.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дүгээр хуудас),

 

Гэрч С.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** зочид буудлын урд хэсэгт Замын-Үүд-Улаанбаатар каргогоос Б гэх хүний ачаа болох 34 баглаа боодолтой ачааг авсан. Би тухайн үед ачаан тоолоод тоо ёсоор нь аваад ачаан дээрээ баглаад явсан ба яг ****ын хашаанаас гарах гэхэд ачаа дайвалзахаар нь би жолооч талын толиндоо хараад ямар нэгэн зүйл болоогүй байхаар нь буугаад ачааны бэхэлгээ суларсан байхаар нь чангалаад Б гэх хүнд барааг нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах компьютер ландын тэнд буулгаж өгөхөд 33 хайрцаг ачаа буулгасан. ...тэгээд ачаагаа хаана алдсан болохоо мэдэхгүй байсан тул ****ын тэр хавьд очоод камер шүүж үзэхэд би хашаанаас гарах гээд явж байхад машины хойноос нэг хайрцагтай бараа контейнерын хажууд унасан байсан. Тухайн ачааг өөр нэг үл таних монгол дээлтэй хазгай гишгэдэлтэй хүн контейнерын ард хийж байгаад **** улсын дугаартай цайвар ногоон өнгийн Приус загварын тээврийн хэрэгсэлд ачаад явсан. Тухайн хайрцаг дээр уг нь ******** гэх дугаар бичигдсэн байгаа боловч ямар нэгэн байдлаар бид нартай холбогдсон асуудал байхгүй тул цагдаагийн байгууллагад хандах болсон. Тухайн хайрцагт 5 ширхэг 24 инчийн Делл брэндийн компьютерын дэлгэц байсан. Тухайн эд зүйлс Б гэх хүний эд зүйлс байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

 

Гэрч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би өөрийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн найз болох Мд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хавьцаа түр унуулахаар өгсөн. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр авсан. Манай найз надад хэлэхдээ 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн хадам дүү Э, Б нарт өгч унуулсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “каргоны хаалгаар цэнхэр өнгийн, цаасан хайрцагтай ачаа ачсан портер маркийн тээврийн хэрэгсэл гарч ирэх ба бичлэгийн цагаар 12 цаг 44 минут тухай тээврийн хэрэгсэл хоёр ширхэг контейнерын хойд талаар зүүн эргэх ба тухайн мөчид машин гуйвж харагдах ба тээврийн хэрэгсэл явж өнгөрсний дараа 1 ширхэг хайрцагтай ачаа унасан байв. ...тээврийн хэрэгслээс унасан ачаан дээр ногоон өнгийн дээлтэй, шар өнгийн бүстэй эрэгтэй очих ба тухайн үед тээврийн хэрэгслийн жолооч ачаагаа янзалж байв. Тухайн эрэгтэй жолоочийг харчхаад унагасан ачааг нь тойрч харах ба каргоны зүүн хаалга руу яваад хаалга руу орохгүйгээр гадна зогсох ба бичлэгийн цагаар 12 цаг 48 минутад жолооч машиндаа сууж явах ба жолоочийг явсан даруйд тухайн эрэгтэй буцаж унагасан ачаан дээр ирж тухайн ачааг түрж 2 ширхэг контейнерын араар хийж байгаа дүрс бичлэг байна. ...бичлэгийн цагаар 13 цаг 07 минутад усан цэнхэр өнгийн Тоёото Приус -10, 11 тээврийн хэрэгсэл хойноос урагшаа чиглэлтэй явж байх ба контейнерын зүүн талд очиж зогсоод зүүн гар талаас нь нэг хүн буугаад контейнерын ар руу орох ба дээлтэй эрэгтэй мөн адил машинд суугаад буцаад явж байгаа дүрс бичлэг байв.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Х.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ****ын зүүн урд талд явж байхад нэг хөх өнгийн портер машин ачаа ачиж байсан юм. ...тэгсэн нөгөө машин ачаагаа дутуу ачаад нэг хайрцагтай ачаа үлдсэн. Тэр хайрцагтай барааг би харчхаад цаана байсан контейнерын хажууд түлхэж тавчихад таньдаг Дийнх руу ороод 2 ачийг нь гуйгаад тэнд жолооч бараагаа хаячихлаа очоод гурвуулаа авъя гэж хэлээд гурвуулаа тийшээ очоод барааг аваад Дийнд ирээд үлдээсэн. Тэгээд би цагаан сарын дараа Дийнд ирэхэд нөгөө бараа яасан гэж асуусан чинь 2 ширхгийг нь ломбардад тавьсан. Нэг ширхэг бараа айлд байгаа гэхээр нь ... 2 ширхэг барааг аваад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),

 

Шүүгдэгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Намайг гэртээ байж байхад өвөөгийн найз Л гэх эрэгтэй 2022 оны 01 дүгээр сарын 25, 26-ны өдөр ирээд ах нь хайрцагтай зүйл оллоо. Би өөрөө өргөж дийлэхгүй байна гэхээр нь би, дүү Эийн хамт **** зочид буудлын урд талын хогийн цэг дээр хүргэн ах Мын машиныг унаж бид гурав цуг очсон. Бид нарыг очиход нэг хайрцагтай юм байхаар нь машиндаа хийгээд гэртээ ирсэн. Гэртээ ирээд задалж үзэхэд компьютерын 5 ширхэг дэлгэц байсан. Мөн хайрцгийн дээд талд холбоо барих дугаар гэж бичээтэй байсан. Би тухайн үед энэ үнэтэй зүйл байна гэж хэлээд гэрийнхээ хойд талд байх сул амбаарт хийлгэсэн. Хүн нь сураад ирнэ байх гэж бодсон. Би Дорноговь аймгийн ****** суманд үйл ажиллагаа явуулдаг ****-дд ажилдаа 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн байх хойгуур Л 2 дэлгэцийг нь харин дүү Э 2 дэлгэцийг нь тус тусдаа авсан байсан. Дүү надад хэлэхдээ мөнгөний хэрэг гараад ломбардсан гэж хэлж байсан. Л нь хүнд зарсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас),

 

Шүүгдэгч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байхад өвөөгийн найз Л орж ирээд ****ын зүүн урд талд явж байхад нэг хөх өнгийн портер машин ачаа ачиж байгаад хайрцагтай эд зүйлс орхиод явсан. Тэрийг цуг очоод аваадахъя ах нь дийлэхгүй байна гэхээр нь Л, манайх ах Б бид 3 очиж аваад гэртээ авчирсан. Тэгээд гэрт хэд хонуулж байгаад эзэн нь гарч ирэхгүй болохоор компьютерын 5 ширхэг дэлгэц байснаас 2 ширхгийг нь Сансарт ломбарданд нийт 500.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Хоёр дэлгэцийг Л ахыг авч яваад нэг дэлгэц манай байшинд байсан. Тэгээд цагдаагаас ярихаар нь 2 дэлгэцийг нь ломбардаас авч нөгөө 3 дэлгэцийг нь авчирч өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дүгээр хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

Н.Э, Х.Л, Н.Энхбилгүүн нараас эд зүйлс хураан авч, хохирогчид өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 26-41 дүгээр хуудас),

 “Дамно” ХХК-ын хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 42-43, 113-115 дугаар хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 132, 133, 134, 140-141, 142-143 дугаар хуудас),

           

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд

           

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 68-74, 102-104 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75, 76,  дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 91, 122, 126 дугаар хуудас),

Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 92, 124, 127 дугаар хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

           

Улсын яллагч “...шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” зочид буудлын урд тал байдаг каргоны хашаанд иргэн С.Гын тээврийн хэрэгслийн ачаанаас унаж гээгдсэн 5 ширхэг компьютерын дэлгэцийг шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нар авсан байна.

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Э.Бын эзэмшлийн “Dell брендийн 24 инчийн 60.7*13.5*41.0 хэмжээтэй 50/60 Hz 0.8A үзүүлэлттэй шинэ 5 ширхэг дэлгэцийг 2.250.000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х.Л, Н.Э, Т.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан.

 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ”, 1.1 дэх заалтад “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж иргэний үндсэн үүргийг хуульчилж өгсөн.

           

“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн эзэмшлээс хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг (эд хөрөнгө) хэлдэг.

 

“Завших” гэмт хэргийн үндсэн шинж нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Э.Бын эзэмшлийн “Dell” брендийн 24 инчийн 60.7*13.5*41.0 хэмжээтэй 50/60 Hz 0.8A үзүүлэлттэй шинэ 5 ширхэг дэлгэцийг 2.250.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нар нь хохирогч Э.Бын эзэмшлийн “Dell” брендийн 24 инчийн 60.7*13.5*41.0 хэмжээтэй 50/60 Hz 0.8A үзүүлэлттэй шинэ 5 ширхэг дэлгэц буюу гээгдэл эд хөрөнгийг завшсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба “Завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

            Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан.

 

            Улсын яллагчаас Х.Л, Н.Э, Т.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нар нь С.Гын тээврийн хэрэгслийн ачаанаас унаж гээгдсэн хохирогч Э.Бын 5 ширхэг компьютерын дэлгэцийн авсан байх тул бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэв. 

 

Иймд шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Э.Б нь “гээгдүүлсэн эд зүйлээ бүгдийг бүрэн бүтэн хүлээж авсан. Цаашид ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэсэн байх тул шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Х.Л, Н.Э, Т.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Х.Л, Н.Э, Т.Б нар уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар

 

            Хохирогч Э.Бын эзэмшлийн “Dell брендийн 24 инчийн 60.7*13.5*41.0 хэмжээтэй 50/60 Hz 0.8A үзүүлэлттэй шинэ 5 ширхэг дэлгэцийг зөөсөн гэх Тоёото Приус 10 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2.088.992 төгрөгөөр үнэлсэн байх ба гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нараас хувь тэнцүүлэн 696.330 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Б овогт Х-ийн Л, Б овогт Н-ын Э, Б овогт Т-ын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Л, Н.Э, Т.Б нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нараас хувь тэнцүүлэн 696.330 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Л, Н.Э, Т.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.Л, Н.Э, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

 ШҮҮГЧ                          М.ТҮМЭННАСТ