| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00215/И |
| Дугаар | 424 |
| Огноо | 2018-08-31 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 424
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг, Цаг уурын *-** тоотод оршин суух, ******* овогт Баттулгын ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн С сумын * дүгээр баг, Хонгор морьт * дугаар хэсэг ** тоотод оршин суух, ******* овогт Дэмбэрлийн ******* /*******/-т холбогдох
“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие 2013 онд Д.*******тай танилцаж 2017 онд ихэр охид болох , нарыг төрүүлсэн. Жирэмсэн болсноос хойш ерөөсөө уулзалдаагүй. Утсаар хааяа л холбогддог байсан. Намайг 3 сартай байхад “самранд явчихаад ирье” гэж хэлээд явснаас хойш зан харилцаа нь өөрчлөгдөөд, ахиж холбоо барих нь багассаар хариуцлагаас зугтан холбоо тасарсан. Ар гэрийнхэн нь дургүйцэж байсан нь том шалтаг болсон. Өнөөдрийг хүртэл нэг ч уулзаагүй бөгөөд утсаар ч яриагүй. Утас, фейсбүүкийг минь блок хийгээд таг болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргахад “нэхэмжлэлээ татаж аваач” гэж ярьсан. Өөр байдлаар нэг ч холбоо бариагүй. Охид маань одоо 1 ой 1 сартай эрүүл саруул бойжиж байгаа. Иймд охин Анар, Болор нарын төрсөн эцэг нь Д.******* мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Д.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
... Миний бие Б.******* ийн бичиж байгаа шиг түүнтэй дотно, байнга уулздаг хамт амьдрах хариуцлага хүлээх хэмжээний харьцаа байгаагүй. Нөгөөтэйгээр бидний танилцсан болон бидний нэг хоёр удаа уулзаж байсан цаг хугацааг маш зөрүүтэй бичсэн байна. Мөн ******* нь надтай уулзаж байхдаа нэг хоёроор тогтохгүй залуучуудтай явдаг гэж ярьдаг, заримыг нь би мэддэг байсан. Тийм учраас надаас жирэмсэн болох боломжгүй, мөн цаг хугацааны хувьд тохирохгүй байна.
Ийм учраас нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагаа нотлох хэрэгтэй. Надад ******* нь нэг удаа “энэ чиний хүүхэд юм шиг байна гэсэн”би тийм байх боломжгүй гэж хэлснээс өөр бидний хооронд дахиж харицсан зүйл болоогүй би хариуцлагаас зугтаасан зүйл огт байхгүй, шүүхэд ирж нэхэмжлэл гардаж аваад хоёр ихэр хүүхэд гэдгийг мэдэж улмаар бүүр итгэл үнэмшилгүй болж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.******* нь ... миний бие түүнтэй дотно, байнга уулздаг хамт амьдрах хариуцлага хүлээх хэмжээний харьцаа байгаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргасан ба түүний хүсэлтийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1178 тоот шүүгчийн захирамж гарч, эцэг тогтоох шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсон.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 7160 тоот шинжээчийн дүгнэлтээр “...Д.******* нь , нарын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай...” тухай хариуг шүүхэд ирүүлжээ.
Шинжээчийн дүгнэлт шүүхэд ирсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн ба шүүх хуралдааныг товлон зарлахад 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд хариуцагч Д.******* “...ДНК-ийн шинжилгээний хариутай танилцлаа, шинжээчийн дүгнэлтийн талаар тусгайлан дахин гаргах санал хүсэлт байхгүй. Тийм учраас хэргийг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү, миний биеийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татагалзах зүйлгүй .... гэх тайлбарыг ирүүлсэн байна.
Д.******* нь 2017 оны 03 сарын 21-ний өдөр төрсөн охин , нарын эцэг мөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 1178 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.******* нь , нарын эцэг болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хариуцагч Д.******* нь Миний бие Говь алтай аймгийн Бургастайн боомтоор хүдрийн тээврийн томилолтоор ажиллаж байгаа бөгөөд шүүх хуралдаан болох өдөр БНХАУ-руу гарах хуваарь таарсан тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйл байхгүй. Уг хуралдаанд миний эрхийг хамгаалж өмгөөлөгч оролцоно гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин О.А, О.Б нарын эцэг нь ******* овогт Д. М мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар охин , нарыг 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.*******гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Д.*******гаас 70.200 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т заасныг баримтлан хариуцагч Д.*******гийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 29836 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ