Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/902

 

 

 

 

 

 

      2022        6           16                                           2022/ШЦТ/902

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч/хохирогч Д.О, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч/хохирогч Р.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Д-ийн О, З овогт Р-ын Г нарт холбогдох 2206 00886 1701 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө 03 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн Приус 20 загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж, Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ** дугаар байрны гадна Р.Гыг хүргэж өгөхдөө таксины төлбөрөөс болж маргалдан, улмаар түүний гарын хурууг хазаж баруун эрхий хурууны хумсны хууларсан шарх, зүүн эрхий, ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Р.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө 03 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ** дугаар байрны гадна Д.Оын Приус 20 загварын тээврийн хэрэгслээр хүргүүлэхдээ таксины төлбөр их гарлаа гэдгээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.О, Р.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Р.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Р.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Миний бие тус өдөр найз нартайгаа уулзаж хороололд Өргөө кино театрын хажууд нэг паб-д сууж байгаад гарсан. Тэгээд ганцаараа шөнө дунд явах гэж байгаад нэг такси авсан. Тэр таксигаар гэрт хүргэгдэж ирсний дараа таксины жолооч бид хоёр таксины зардалд гарсан мөнгөнөөс болж маргалдсан. Тэр үед уг жолооч түрүүлж намайг хэл амаар доромжилж, улмаар алгадсан Тэр үед би зөрүүлж түүнииг цохисон. Тэр үед тэр залуу миний баруун гарын эрхий хурууг амаараа хазаад тавихгүй байхаар нь хуруугаа түүний амнаас нь авах гэж байгаад зүүн гараараа түүний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. Өөрөөр хэлбэл тухайн таксины жолооч бид хоёр таксины зардлаас болж хоорондоо маргалдаж, харилцан зодолдсон нь үнэн. Түүний нүүр нь гайгүй. Харин миний баруун гарын эрхий хурууны хумс нь унасан ба дахин ургахгүй байгаа. Тийм учраас би маш их гомдолтой байгаа. ... Би тэр үед пиво уусан нь үнэн. Гэхдээ болсон асуудлыг бүгдийг сайн мэдэж байгаа, өөрийгөө удирдах чадвартай байсан. ... Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Хохирлын талаар гаргаж өгөх баримт, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ гэмт хэргийн улмаас надад эдийн засгийн хохирол учраагүй ч би гоо сайхнаараа хохирч байна. ...Тухайн үед тэр таксины жолооч өөрөө зодооныг эхэлсэн. Мөн миний гарыг хазаж гэмтэл учруулсны дараа би өөрийгөө хамгаалах зорилгоор түүнийг цохисон нь үнэн” гэх мэдүулэг (хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас),

 

Хохирогч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие тухайн шөнө 03 цагийн үед өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Баянгол дүүргийн Өргөө кинотеатрын зогсоол дээр таксинд явах гээд зогсож байхад үл таних хүн ирж надад таксинд явах уу” гэж асуухаар нь би тэр залууд “км нь 1500 төгрөгөөр явна шүү” гэж хэлсэн. Би түүнийг гэрийнх гадна авч ирээд 15.000 төгрөг гарсан талаар хэлэхэд тэр залуу надад “битгий шаа" гэж хэлээд миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. Мөн хамгаалах бүс бүсэлж сууж байсан үед хамгаалах бүсээр намайг боох гэж оролдсон ба би түүний зүүн гарны эрхий хуруу нь миний аманд орсон үед би өөрийгөө хамгаалах зорилгоор тухайн хурууг хазаж гэмтээсэн. Мөн өөрийгөө хамгаалах зорилгоор түүний биед гэмтэл учруулсан үйлдэл гаргаснаа ч хүлээн зөвшөөрч байгаа. ... Би тэр үед эрүүл байсан. Харин миний машинд суусан залуу согтуу байсан. ... Би өөрийгөө хамгаалах зорилгоор намайг боосон үед миний ам руу орсон хурууг хазсан нь үнэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-26 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан 2111 дугаар: “ ДҮГНЭЛТ Д.Оын биед зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан 2114 дугаар: ...ДҮГНЭЛТ Р.Гын биед баруун эрхий хурууны хумсны хууларсан шарх, зүүн эрхий, ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмглийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ …таксины төлбөрөөс болж маргалдсан. Энэ үед тэр залуу намайг цохиж зодсон үед би түүний гарыг нь хазаж биед нь гэмтэл учруулсан үйлдэл гаргаснаа сайн дураараа хүлээн зевшөөрсөн. Уг залуутай эвлэрч, уучлалт гуйсан. Өөрийн гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Р.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "... Бид хоёр таксины төлбөрөөс болж маргалдсан. Жолооч түрүүлж намайг хэл амаар доромжилж, алгадсан. Тэр үед би зөрүүлж түүнийг цохисон ба миний баруун гарын эрхий хурууг амаараа хазаад тавихгүй байхаар нь хуруугаа амнаас нь авах гэж байгаад зүүн гараараа түүний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. Харилцан зодолдсон. Үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч бид хоёр эвлэрсэн. Хохирлын талаар маргаан байхгүй. Иймд хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас),   

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4, 6 дугаар хуудас),

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг  хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 97-98, 99-100 дугаар хуудас)

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61, 73 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 62, 74 дүгээр хуудас),

            Шүүгдэгч Д.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 63-68 дугаар хуудас)

Шүүгдэгч Р.Гын хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 75-89 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

           

Улсын яллагч “...Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

                                           

2022 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө 03 цаг 30 минутын үед шүүгдэгч өөрийн эзэмшлийн Приус 20 загварын тээврийн хэрэгслээр дотор Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ** дугаар байрны гадна Р.Гтой таксины төлбөрөөс болж маргалдан, улмаар түүний гарын хурууг хазаж,  шүүгдэгч Р.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө 03 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ** дугаар байрны гадна Д.Оын Приус 20 загварын тээврийн хэрэгслээр хүргүүлэхдээ таксины төлбөр их гарлаа гэдгээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж гэмтэл тус тус учруулсан байна.

 

Хохирогч Д.От Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2111 дугаар дүгнэлтээр “зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруулын дотор салстад цус хуралт” гэмтэл,

хохирогч Р.Год Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2114 дугаар дүгнэлтээр “баруун эрхий хурууны хумсны хууларсан шарх, зүүн эрхий, ядам хуруунд зулгаралт” гэмтэл тус тус тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Р.Г, Д.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Р.Г, Д.О нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдаж Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Д.От Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2111 дугаар дүгнэлтээр “зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруулын дотор салстад цус хуралт” гэмтэл,

хохирогч Р.Год Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2114 дугаар дүгнэлтээр “баруун эрхий хурууны хумсны хууларсан шарх, зүүн эрхий, ядам хуруунд зулгаралт” гэмтэл тус тус тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.О, Р.Г нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд гэм буруутай санаатай үйлдэл болон хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.О, Р.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Р.Г нар нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус заасан.

 

Д.О, Р.Г нар нь хохирогчийн хувиар “бие биеээсээ нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Д.О, Р.Г нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Д.О, Р.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Д.О, Р.Г нар нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Д.О, Р.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Д.О, Р.Г нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О, Р.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.О, Р.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д-ийн О, З овогт Р-ын Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Р.Г нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.О, Р.Г нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О, Р.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, Р.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ

         ШҮҮГЧ                     М.ТҮМЭННАСТ