Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 18

 

           

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Болормаа даргалж   хийсэн  шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Э” ХХК

Хариуцагч: ОАТХ-ын ТУБ О.У, З.М, Л.Т нар

Нэхэмжлэлийн шаардлага: “ОАТХ-ын ТУБ О.У, З.М нарын хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж, хяналт шалгалтын тасгийн даргаар хянуулан баталгаажуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 0305014 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З, хариуцагч татварын улсын байцаагч О.У, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдол гаргагч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.У  шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: “Нэхэмжлэлийн шаардлага: "ОАТХ-ын ТУБ О.У, З.М нарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 035014 дугаар шийтгэлийн хуудас, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж улмаар хяналт шалгалтын тасгийн даргаар хянуулан баталгаажуулж шийтгэл хүлээлгэхээр шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар: Манай компани нь маргаан бүхий хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ОАТХ-ийн хяналт шалгалтын тасгийн УБ нарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 035014 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар ОАТХ-ийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хуульд заасны дагуу хандаж, улмаар тус зөвлөлөөс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шийдвэрлэж, уг 01 дугаартай тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гардан аваад хуульд заасан 30 хоногийн дотор дараах нэмэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл: Нэг. Манай компани нь ОАТХ-т татвар төлөгчөөр бүртгүүлж, улмаар хуульд заасны дагуу татвар төлөх үүргээ шударгаар, хуульд заасан хугацаа, хувь хэмжээгээр төлж ирсэн. Үүнийг ОАТХ-ээс үнэлж, 2014-2015 онд шилдэг татвар төлөгчөөр шалгарч байсан. Гэтэл 2020 оны 10 дугаар сард ТБ гэнэт шалгалт явуулж, улмаар манай барилгын материал худалдан авч байсан “ОЗ” ХХК-ийн татвар төлөхтэй холбоотой шалгалтын явцад манай компанид нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийсэн гэх шалтгаанаар манай компанийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэх үндэслэлээр татварын улсын байцаагч нар 2020 оны 10 дугаар сард татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж Орхон аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн. Үүнийг орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шалгаад  ...татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан ... гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байдаг. Үүнийг эс зөвшөөрч манай компани Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээд шатны прокурорт гомдол гаргаж, улмаар Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор тус хяналтын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах ажиллагаа явуулахыг мөрдөгчид даалгасан байдаг. Үүний дагуу Орхон аймгийн Цагдаагийн газраас тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж улмаар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133 дугаартай тогтоолооор ...гэмт хэргийн шинжгүй ... үндэслэлээр тус хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай хяналтын прокурорын тогтоол гарсан болно. Гэтэл ОАТХ-ийн хяналт шалгалтын тасгийн УБ З.М, О.У нар нь зөрчлийн хэрэг нээхгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчлийн шийтгэлийн хуудас, тэмдэглэл үйлдэж, улмаар хяналт шалгалтын тасгийн даргаар баталгаажуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн төдийгүй, Татварын ерөнхий хуульд  нийцээгүй үндэслэлгүй байна.

Хоёр: Татварын ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад ОАТХ-ийн ТУБ нар нь шийтгэл оногдуулахаар шийдвэрлэж, түүнийг ТД баталгаажуулсан нь Татварын ерөнхий хуульд нийцээгүй байна. Үүнийг маргаан таслах зөвлөл анхаарч УБ нарын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гурав: ОЗ ХХК нь 2014, 2015 онд НӨАТ падаан хий бичилт хийж манай компанид өгсөн тухай ямар ч нотлох баримт байхгүй, тодруулбал уг нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, шалгах ажиллагааг явуулаагүй байдаг. Харин тус компанийг 2016-2018 онд хий бичилттэй падаан үйлдэж байсныг шүүх болон хууль хяналтын байгууллагаас шалгасан байдаг. Мөн тус компанийн санхүүгийн тайлан болон борлуулалтын тайлангаас үзвэл 2014-2015 онд хийсэн борлуулалтаа тайландаа тусгаж байсан. Гэтэл уг нөхцөл байдлыг шалган тогтоохгүйгээр манай компанийг буруутгаж, нөхөн акт тавьж, улмаар хялбаршуулсан журмаар зөрчлийн шийтгэвэр оногдуулж, хохирол, нөхөн төлбөр, торгууль гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймээс ОАТХ-ийн хяналт шалгалтын тасгийн ТУБ О.У, З.М, ТД нарын 2020 оны  12 дугаар сарын 31-ний өдрийн 035014 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.  

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З шүүх худалдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

 Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан процесс ажиллагааг хуульчилсан. Тус процесс ажиллагаанд зөрчлийг үйлдсэн нь илт тодорхой байх, үүнийг өөр техник хэрэгслээр тогтоогдсон байх ийм нөхцөл байдлыг зааж байгаа. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болсон буюу 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 0305014 дугаартай шийтгэлийн хуудас байна. Энэ шийтгэлийн хуудасны 1 дүгээр үндэслэл болсон асуудал нь 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 5/207 дугаартай прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд үндэслэсэн байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл болсон прокурорын шийтгэх тогтоол нь өөрөө 2019 оны 11 сарын 28-ны өдөр гарснаараа энэ зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болгож гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэгч прокурорын тогтоолд үндэслэсэн ийм шийдвэр  хүчинтэй юу, үгүй юу гэдэгт маргаж байгаа юм. Дээрх прокурорын тогтоолыг Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын зүгээс хүчингүй болгоод хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байгаа юм. Тэгэхээр эрх зүйн үндэслэлийн хувьд хүчингүй болсон прокурорын шийдвэрт үндэслэж гарсан хялбаршуулсан журмаар гарч байгаа шийтгэлийн хуудас  хүчингүй болох ёстой. Үүнийг хүчингүй болсны дараа 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр  Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дахиад нэг шийдвэр гардаг. Энэ тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад гэмт хэргийн шинжгүй байна гэж хаасан юм. Гэмт хэргийн шинжгүй гэж хааснаараа татвараас зайлсхийх, татварыг тайлагнахгүй байх, нуух асуудал бол өөрөө санаатайгаар үйлдэгддэг зөрчлийн тухайд зөрчлийн болон гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болж байгаа. Гэмт хэрэг болон зөрчлийн шинжгүй ийм асуудалд шийтгэл оногдуулж байгаа нь эхнээсээ үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Эхнээсээ үндэслэлгүй учраас энэ зөрчлийн шийтгэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа нь мөн буруу болсон байна гэж үзсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзээд ажиллагаа хийгдсэн. Үүний үндсэн дээр цугларсан нотлох баримт юу бэ гэхээр “OЗ” ХХК бол 2014 онд борлуулалт хийсэн. Уг борлуулалтаа холбогдох татварыг тайлагнасан гэдгээ тодорхой хэлсэн байна. Мөн энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнө зөрчлийн хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд ч үзэхэд энэ компанийн захирал үйл ажиллагаа явуулж байсан, “Э” ХХК-д борлуулалт хийсэн борлуулалтынхаа тайланг холбогдох татварын хэлтэстээ гаргаж байсан гэдэг нь мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Ийм учраас “Э” ХХК-ийг зөрчил гаргасан мэтээр үзэж дүгнэх боломжгүй.  Хэрэв “Э” ХХК-ийг зөрчил гаргаж зөрчил үйлдсэн байна гэж үзвэл 2014 онд гарсан зөрчлийг  Татварын Ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Яагаад татварын хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг юм  гэхээр тухайн татварын нуусан эсэхийг илрүүлэн шалгах мөн Зөрчлийн болон Эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдлыг энэ хууль хуульчилсан. Гэтэл үүнийг эрх бүхий албан тушаалтан болох ТУБ, ХШТД нар тухайн үедээ огт анхаарахгүйгээр энэ шийтгэлийн хуудсыг гаргасан. Яг адилхан 2015 онд “ОЗ” ХХК-аас борлуулалт хийсэн гэдэг “ГЗ” ХХК-д мөн холбогдуулж зөрчлийн шийтгэл оногдуулсан. Энэ нь 2015 онд байсан, энэ талаар хариуцагч  тухайн үед хэлж байсан. Харин “Э” ХХК-ийнх бол түүнээс 1 жилийн өмнө буюу 2014 онд хийсэн борлуулалтын асуудал яригддаг юм. Үнэхээр зөрчлийн шинжтэй байна гэж үзсэн юм бол яагаад Татварын Ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байгаа талаар Улсын байцаагч нар мөн тайлбар хийдэггүй. Маргаан таслах зөвлөлд миний бие “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орсон. Ингэхэд энэ асуудлаар тайлбар гаргаж мэтгэлцэж чаддаггүй. Татварын Ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шийтгэл оногдуулсан асуудал  дээр үгүйсгэсэн, няцаасан дүгнэлтийг хийдэггүй юм. Тэгэхээр энэ шийтгэлийн хуудсыг гаргах үндэслэл болсон бичиг баримт, прокурорын тогтоол нь хүчингүй болсон байна. Дээр нь энэ зөрчил мөн байлаа ч гэсэн тухайн зөрчлийг Татварын Ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Үүнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтуудыг цуглуулах, бүрдүүлэх асуудлаар хүсэлт гаргасан. Үүний үндсэн дээр шүүхэд нэлээн хэдэн материал цугласан байгаа. Ийм учраас үүнтэй холбогдуулж зарим тайлбарыг нотлох баримт судлах шатанд нэмж гаргая. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. Тиймээс энэ шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.”  гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОАТХ-ын ТУБ нар нь “Э” ХХК-ийн татварын тайлан бланс, Татварын Ерөнхий газраас ирүүлсэн удирдамж, Төв аймгийн Татварын хэлтсийн албан бичиг мөн хяналт шалгалтын даргын олгосон томилолтын дагуу татварын хяналт шалгалтыг хийж дуусгасан байдаг. 2008 оны Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6 дугаар зүйлд зааснаар Татварын алба нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн эсхүл их хэмжээний татвар ногдох орлогоо нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд Эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичдэг. Ингэж заасны дагуу ТУБ нар нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хяналт шалгалт хийх томилолт болон Төв аймгийн Татварын хэлтсийн 05/424 дугаартай албан бичиг, “Э” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж дүгнэлтийг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийг шалгуулахаар шилжүүлсэн боловч 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 5/207 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдож байгаа. Төв аймгийн прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4 дугаартай прокурорын тогтоол байна. “ОЗ” ХХК-ийн захирал Д-ыг Эрүүгийн хуульд зааснаар татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан байдаг. Тухайн хуулийн этгээд нь зөрчил үйлдсэн нь  “ОЗ” ХХК-аас хий бичүүлж авсан НӨАТ-ын падаануудаар нотлогдож байгаа бөгөөд учруулсан хохирол нь төсөвт төлөх НӨАТ болон аж ахуй нэгжийн орлогын албан татварыг бууруулсан байдаг. Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолд татвар төлөхөөс зайлсхийх, татвар ногдох орлогоо нуусан гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдож байна гэж үзсэн. Үүнийг прокурорын тогтоол дээр дурдаж өгсөн байдаг. Эдгээр байдлыг үндэслэн хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэж шийтгэлийн хуудас бичсэн нь хууль тогоомжийг зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан байна гэж үзэж байна. Прокурорын тогтоолд “Э” ХХК-д гомдол гаргасан гэж үзвэл прокурорын тогтоол хүчингүй болоод дахиж хэрэг нээж шалгасан гэж нэхэмжлэгч талаас тайлбарласан. Энэ прокурорын тогтоолд гомдол гаргасан талаар хэргийн материалд байхгүй байна гэж үзэж байна. “Э” ХХК нь санхүү, татварын тайлангаа Татварын тухай хууль болон 2001 оны Нягтлан бодох бүртгэлийн тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 7.7 дахь хэсэгт зааснаар анхан шатны баримтаа зөв бүртгэж тайланд тусгах ёстой, санхүүгийн тайлан нь үнэн зөв бараа, баримт материал, бодит тоо мэдээнд үндэслэсэн байх ёстой. Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хуурамч баримт бүрдүүлэн гүйлгээнд дансны бичилт хийхийг хориглосон заалтууд байгаа. Эдгээр хуулиудыг зөрчсөн гэж үзсэн. Мөн НӨАТ-ын анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн тайланд тусгах Сангийн сайдын стандарт журам баталагдсан. Энэхүү стандартыг хангаагүй тайлан ирүүлсэн. Үүнийг хяналт шалгалтаар тогтоосон байгаа. Тухайн борлуулагч компаниас худалдан авсан гэж тайлбарласан. Үүнийг тухайн 14 ширхэг падаанаас өөр нотлох баримт хэргийн материалд байхгүй. Бараа материалыг худалдаж авсан л гээд байгаа болохоос биш тухайн бараа материал ямар хэмжээний материал, яаж тээвэрлэсэн, хэрхэн тооцоо нийлсэн, төлбөр тооцоогоо хэрхэн хийсэн, бэлнээр болон дансаар тооцоо хийсэн гүйлгээ байдаггүй. Зөрчлийн мөнгөн дүн нь 1 тэрбум 156 000 000 төгрөгний зөрчил илрүүлсэн. Энэ бол хэдэн зуун мянга, 5, 10 сая төгрөгний худалдан авалт биш, хэдэн зуун сая төгрөгний худалдан авалт хийсэн мөртлөө тооцоо нийлсэн баримт, төлбөр тооцоогоо хэрхэн хийсэн, хүлээлцсэн акт хэргийн материалд огт байхгүй. "ОЗ” ХХК тухайн бараа материалыг өөр ААН-ээс худалдаж авсан эсхүл импортоор оруулж ирсэн бол тэр талаар хил гаалийн оруулж ирсэн бараа материалын тэмдэглэл байх ёстой. Ингээд ямар ч баримт байхгүй их хэмжээний худалдан авалт хийгээгүй байж худалдсан, худалдан авсан гэж яриад байгаа нь бодит бус худалдан авалт хийсэн болох нь үүгээр нотлогдож байна гэж үзэж байна. Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр энэхүү шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ нь хуульд нийцэж гэж үзсэн байна. Нэхэмжлэгч талаас “ОЗ” ХХК-ийн НӨАТ-ын падааныг хуурамч гэдгийг нь нэхэмжлэлдээ бичсэн байсан. Хуурамч гэдгийг нь бид мэдэх боломжгүй, худалдан авалт хийгээд тухайн компаниас ирүүлсэн баримтыг тайландаа тусгаж байгаа, олсон ашгаасаа ихэнхийг нь татварт төлөх боломжгүй гэж тайлбарласан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

            Хариуцагч АОТХ-ын ТУБ О.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““ОЗ” ХХК-ийн өмнөөс “Э” ХХК татвар төлөх гэж байгаа гэж үзэж байгаа үндэслэл буруу юм. Учир нь “ОЗ” ХХК өөрөө падаан бичээд борлуулалт хийснийхээ төлөө тухайн орон нутгийнхаа төсөвт борлуулалтынхаа орлогоос татвараа төлөх ёстой. “Э” ХХК бол манай орон нутгийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулаад, орон нутгийн орлогоос санхүүжигдээд үйл ажиллагаа явагдаад ажил үйлчилгээ явуулж байхын хувьд татвараа төлж байх ёстой. Тийм учраас “ОЗ” ХХК-ийн татварыг “Э” ХХК-д давхар төлүүлэх гээд байгаа гэдэг утга бол биш юм.  “Э” ХХК бол орон нутгийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулаад түүнээсээ санхүүжиж борлуулалтын орлогоо олж байгаа учраас тэр орлогоосоо холбогдох баримтаар нотлогдож байгаа зардлуудаа хасаад ашгаасаа татвар төлөх ёстой юм. Тийм учраас энэ орлогоос хасагдаж байгаа худалдан авалт нь хий бичилттэй гэж үзэж байгаа учраас үүнд зөвхөн “Э” ХХК-д холбогдуулан татварын нөхөн төлбөр тавьж байгаа. Тэрнээс “ОЗ” ХХК-ийн татварыг манай компаниас авах гэж байна гэж ярьж байгаа нь буруу.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд санхүүгийн жил гэдэг бол тухайн оныхоо 1 дүгээр сарын 01-нээс тухайн оныхоо 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацааг хамаарч байдаг. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, татвар төлөгч нар санхүүгийнхээ жилд тайлангаа өссөн дүнгээр багцалж санхүүгийн тайланг жилийн эцэст гаргадаг байгаа. Аж ахуйн нэгжийн тайланг өссөн дүнгээр борлуулалтын орлого нь НӨАТ-ынхаа тайлантайгаа, орлогоо уялдуулж өссөн дүнгээр гаргадаг. Тийм учраас жилийн эцсийн ААН-ийн тайлан болон санхүүгийн тайлангийн жилийн эцсийн тайлан өгөх хугацаа бол дараа оныхоо 2 дугаар сарын 10 байдаг учраас хөөн хэлэцэх хугацаа дуусаагүй.” гэв.

                       ҮНДЭСЛЭХ нь:

Татварын Ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаартай “татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай тогтоол, Төв аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05/424 дугаартай албан бичгийн дагуу ОАТХ-ын ТУБ нар “Э ” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305014 дугаартай шийтгэлийн хуудсаар 1.156.877.822.10 төгрөгийн зөрчилд 115.687.782.20 төгрөгийн нөхөн татвар, 34.706.334.70 төгрөгийн торгууль, 23.137.556.40 төгрөгийн алданги, нийт 173.531.673.30 төгрөгийн төлбөр тогтоосныг тус компани эс зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан тухай 0305014 дугаартай шийтгэлийн хуудас, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, түүнийг хянан баталгаажуулсан актыг тус тус хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна. 

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд нэмэгдсэн өртгийн албан татвараар 2014 онд “ОЗ” ХХК-иас 14 ширхэг падаанаар 1.156.877.822.10 төгрөгийн бараа материалыг хий падаан бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн мэтээр НӨАТ тайлагнасан зөрчил гаргасан гэж үзжээ. 

Гомдол гаргагч “Э” ХХК нь зөрчил үйлдсэн гэмт хэргийн болон зөрчлийн шинжгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй”,  “ОЗ ХХК нь 2014, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хий бичсэн нотлох баримт байхгүй, нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй атлаа “Э” ХХК-ийг буруутгасан нь үндэслэлгүй, НӨАТ-тай бараа материал худалдан авсан ”, “ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтуудыг хэрэглээгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон болно.

1. “Э” ХХК нь зөрчил үйлдсэн гэмт хэргийн болон зөрчлийн шинжгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэх гомдлын үндэслэлийн тухайд:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1.1-д зааснаар татварын улсын байцаагч нь хуулиар хүлээсэн татварын хяналт шалгалт хийх чиг үүргээ хэрэгжүүлж зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааг явуулж, 6.6 дугаар зүйлийн 1.1-д зааснаар зөрчлийг татварын хяналт шалгалтын явцад санхүүгийн анхан шатны баримтууд, нягтлан бодох бүртгэлийн баримтууд, татварын тайлангаар тогтоогдсон гэж үзсэн бол 6.1 дүгээр зүйлийн 2.2.3-т зааснаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж шийтгэлийн хуудас үйлдсэн нь хуульд нийцсэн байна.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З хүчингүй болсон прокурорын тогтоолыг үндэслэж шийтгэлийн хуудсыг гаргасан учраас шийтгэлийн хуудас хүчингүй гэж тайлбарласан болно.

ОАТХ 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01/959 дугаартай албан бичгээр татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, их хэмжээний татвар ногдох орлогоо нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр “Э” ХХК-д хэрэг бүртгэлт хийлгэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар хүсэлт явуулжээ.

 Орхон аймгийн прокурорын газрын Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/207 дугаар тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. Уг тогтоолыг Орхон аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 202500020 дугаар Прокурорын тогтоолоор “гэмт хэрэг үйлдсэн эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй” гэдэг үндэслэлээр хүчингүй болгож хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

 “Э” ХХК-ийг шалгаад Орхон аймгийн Прокурорын газрын  2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133 дугаар прокурорын тогтоолоор “Э” ХХК нь 2014 онд 14 удаагийн падаанаар “ОЗ” ХХК-аас 1.156.877.822 төгрөгийн барилгын материал худалдан авсан гэж татварын тайландаа тусгасан бөгөөд “ОЗ” ХХК нь хий бичилттэй падаан өгсөн болохыг “Э” ХХК-ийн захирал Ө.У нь мэдэх боломжгүй байсан нь татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжгүй” гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан болох нь  хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Орхон аймгийн прокурорын газрын Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/207 дугаар тогтоолыг  2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 202500020 дугаар Прокурорын тогтоолоор хүчингүй болгосон хэдий ч энэ нь “Э” ХХК-ийг зөрчил үйлдээгүй гэж үзэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох  үндэслэл болохгүй  гэж шүүх үзлээ.

2. “ОЗ ХХК нь 2014, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хий бичсэн нотлох баримт байхгүй, нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй атлаа “Э ХХК-ийг буруутгасан нь үндэслэлгүй, НӨАТ-тай бараа материал худалдан авсан гэх гомдлын үндэслэлийн тухайд:  

            Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “ “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойш хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурьдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно:”, 141.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.3-д “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг  нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог” гэж тус  тус заасан.

            Гомдол гаргагч “Э” ХХК нь “ОЗ” ХХК-иас бараа, материалыг худалдан аваагүй, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй атлаа хий падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, НӨАТ-ын төлөх дүнгээс хасаж татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гаргасан нь зөрчлийн хэрэгт авагдсан 2014 оны 1.156.877.822.10 төгрөгийн бараа материалыг худалдан авсан падаан болон “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.У-ы болон гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдсон тул дээрхи хуулийн заалтуудыг гомдол гаргагч зөрчсөн гэж шүүх үзлээ.

Мөн “Э” ХХК нь”ОЗ” ХХК-иас бараа материал худалдан авсан гэх боловч хий бичилттэй падаан бичүүлж авсан  нь Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” 1834004800144 дугаартай Прокурорын толгоол, Орхон аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” 134 дугаартай Прокурорын тогтоолоор тус тус  нотлогдлоо.

Иймээс ТУБ нар “Э” ХХК-ийг  Татварын ерөнхий хуулийн /2008 он/  18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 74 дүгээр зүйлийн  74.1.4 “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэн  Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3 “... нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ...” гэж заасны дагуу  зөрчсөн зөрчилд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна  гэж  шүүх үзлээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ОЗ” ХХК үйл ажиллагаагаа явуулж, тайлангаа гаргаж байсан ба татвар төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан байхад давхар “Э ” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татвар авах гэж байгаа нь илт үндэслэлгүй гэж тайлбарласан боловч “Э ” ХХК нь “ОЗ” ХХК-иас худалдан авалт хийгээгүй, НӨАТ-ын падаан хий бичүүлж авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулан ногдуулж байна гэж үзэх үндэслэлгүй болно.

3. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтуудыг хэрэглээгүй, торгууль, алдангийг хасч тооцох” гомдлын үндэслэлийн тухайд:

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.”, 10 дугаар зүйлийн 10.2-д “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна.” гэж хуульчилжээ. 

ОАТХ-ын ТУБ нар Татварын Ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаартай татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу “Э” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, маргаан бүхий 0305014 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.

Дээрхи хуулийн дагуу гомдол гаргагчийн зөрчил нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гарсан тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс торгууль, алданги, хүүг зохих журмын дагуу тооцож өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

4. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд маргаж буй Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь 2015 оны 06 дугаар сард олгогдсон учраас 2015 онд үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 11 дүгээр зүйлийн 11.1-д “ Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.” гэж заасан учраас хөөн хэлэлцэх хугацааг 5 жилээр тооцон, хугацаа хэтрээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Хэрэгт хуулбарлан хавсаргасан нотлох баримтуудыг эх хувиараа нотлох баримтаар ирсэн баримтуудаас шинжлэн судалсан болохыг, “Э” ХХК-ийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг  дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 1.1.1, 2.2.3, 6.6 дугаар зүйлийн 1.1.1,  Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.1, 1.1.2,  Татварын ерөнхий хуулийн / 2008  он/ 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан “ОАТХ-ын ТУБ О.У, З.М нарын хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж, хяналт шалгалтын тасгийн даргаар хянуулан баталгаажуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305014 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай “Э” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-д заасныг тус тус баримтлан “ОАТХ-ийн ТУБ нарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305014 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 34.706.334.70 төгрөгийн торгууль, 23.137.556.40 төгрөгийн алданги, нийт 57.843.891.10 төгрөг төлөх хариуцлагаас “Э” ХХК-ийг өршөөн хэлтрүүлсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.БОЛОРМАА