Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0365

 

 

 

 

 

 

 

 

Д.Ц, Д.Ц, Ү.Ү нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Ц, Д.Ц, Ү.Ү

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Гуравдагч этгээд Х ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/*** дүгээр тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0193 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, С.Э

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ё.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2023/0624/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ц, Д.Ц, Ү.Ү нар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/*** дүгээр тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0193 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г давж заалдах гомдолдоо:

“...Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй: Нэхэмжлэгч иргэдийн эрх нь зөрчигдөж эрх ашиг нь хохирчхоод байхад, эрүүл орчинд амьдрах нөхцөл нь алдагдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулахад хүрчхээд байхад түүнийг огтхон ч анхаараагүй, ач холбогдол өгч авч үзэлгүй орхисон.

Нэхэмжлэгчид БОАЖ-ын сайдын дээрх хууль бус шийдвэрээс болж малынхаа бэлчээрийг “Х” ХХК-д булаалгаад эрх, хууль ёсны ашиг сонирхлоороо хохироход хүрээд байхад, мөн төрөөс хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулахыг эрүүл ахуйн тухай хуулиар хориглосоор байтал БОАЖ-ын сайдын дээрх тушаал нь уг хуулийн дээрх заалтыг зөрчиж нэхэмжлэгч иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулахад хүргэчхээд байхад гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ё.Э-ийн шүүх хурал дээр “Энэ асуудалд Үндсэн Хууль, Байгаль хамгаалах хууль, Эрүүл мэндийн хууль хамаагүй” гэж хэлсэн үгийг шүүгч хүлээн зөвшөөрч, уг асуудалд хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхисон. Өмгөөлөгч Ё.Э-ийн хэлсэн үг хурлын тэмдэглэлд байгаа.

Бодит үйл баримтыг шалгаагүй: Нэхэмжлэгч Д.Ц, Д.Ц, Ү.Ү нарыг гэрээ хийгээгүй, газар эзэмших өргөдлийг хугацаанд нь өгөөгүй гэж гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн үндэслэлгүй тайлбараар бодит байдлыг үгүйсгэж хууль бус шийдвэр гаргасан. Энэ талаар урьд нь дэлгэрэнгүй тайлбарласан болно. Тэр ч бүү хэл шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын энэ асуудлаарх тайлбарыг огтхон ч авч үзээгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтад бүрэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй: БОАЖ-ын сайдын “Х” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 2,0 га олгосон 2022 оны А/*** тоот тушаалын хууль бус болох талаар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяагаас шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 01/185 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбар, нотлох баримт, мөн дүүргийн Засаг дарга Ч.Р-аас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 01/2458 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг огтхон ч авч үзэлгүй хэрэггүй гэж хэлээд орхисон.

Газар дээрх үзлэгийг нэхэмжлэгчийг оролцуулалгүйгээр хагас дутуу хийж, худал тодорхойлолт гаргасан: Нэхэмжлэгчийг үзлэгт оролцуулалгүй, зөвхөн гэр бүлийн хоёр гуравдагч этгээдийг байлцуулж, хагас дутуу үзлэг хийсэн болж, тэдний амаар тодорхойлолт үйлдсэн. Газар дээрх үзлэгийг хийх талаар шүүгч урьд нь 2 ч удаа өдөр, цаг тогтоосон боловч очоогүй. Харин шүүх хурал 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр болохын урьд өдөр буюу 02 дугаар сарын 16-ны өдрийн 1000 цагийн үед шүүгчийн туслах үзлэгийг одоо очиж хийнэ, бид Зайсанд явж байна гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганхуяг над руу утасдсан. Тэр өглөө би хотод ажлаар ирээд байсан тул одоо очих боломжгүй, эрт урьд өдөр нь хэлэхгүй яасан юм бэ гэхэд хамаагүй, тэнд байгаа хэн нэгэн хүнийг оролцуулчих гэж хэлээд утсаа тавьсан.

Би арга буюу манай тэнд амьдардаг Д.Б-д шүүхээс хүн очиход нь “Х” ХХК-д олгосон газрыг заагаад өгөөрэй гэсэн. Шүүгч Д.Эрдэнэчимэг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэг гэр бүлийн хоёр Ц, О нарын хамт очиж, манай гэрийн баруун талын жалганы дэнж дээр зогсож байгаад “Х” ХХК-ийн авсан газрыг очиж ч үзэлгүй алсаас харсан болоод гуравдагч этгээдүүдийн тайлбарыг сонсож байгаад буцсан гэсэн. Тэр ч бүү хэл уг амны баруун салаанд амьдарч байгаа Нэхэмжлэгч Ү.Ү-ийнд очиж үзэлгүйгээр буцсан байна билээ. Д.Б нь нэхэмжлэгчийг төлөөлөх этгээд биш, түүнд олгосон итгэмжлэл байхгүй. 2024 оны 03 дугаар сарын 04-ны шүүх хурал эхлэх үед гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цэрэнням шүүгчид хандаж, үзлэгийн тайлбарт Ү.Ү-г тэнд амьдардаггүй гэсэн зүйл алга гэхэд шүүгч Д.Эрдэнэчимэг одоо нэмээд оруулчихъя гээд тайлбараа өөрийн гараар зассан. Үзлэгийн материалыг надад танилцуулаагүй, үзлэгийн тэмдэглэлд надаар гарын үсэг зуруулаагүй. Ингэж үзлэгийг нэхэмжлэгчийг оролцуулаагүйгээр хагас дутуу хийж, үзээгүй зүйлээ үзсэн болгож, гуравдагч этгээдийн амаар тодорхойлолт гаргасан.

Шүүх хурал дээр миний хэлэх үгийг бүрэн хэлүүлээгүй: 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шүүх хурал болж, шүүх хурлын хэлэлцүүлгийн төгсгөлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г намайг санал дүгнэлтээ хэлж эхлэнгүүт урьд нь ярьсан зүйлээ ярих хэрэггүй шүү гээд гүйцэд хэлүүлээгүй зогсоолгосон. Ингэж миний үг хэлэх эрхэнд шууд халдсан, шүүх хурал дээрээ үгээ бүрэн хэлэх боломжийг олгоогүй. Тэгсэн мөртлөө гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ё.Э-г урьд нь ярьсан зүйлээ дахин давтан ярьж чилээсээр байхад түүнд ямар ч шаардлага тавилгүй яриулсаар байгаад дуусгасан. Энэ нь хурлын тэмдэглэлээс харагдана. Ө.Г-ийн хэлсэн үг 1 хуудас, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ё.Э-ийн хэлсэн үг 5 хуудас байгаа болно. Хурлын тэмдэглэлд байгаа болно. Ер нь шүүгч гуравдагч этгээдэд газар дээрх үзлэгээс хийхээс авхуулаад шүүх хурлуудын бүхий л процесст тэдэнд давуу байдал олгож, асуудалд хэт нэг талыг барьж байсан нь илт байсан. Тэр нь ч хурлын шийдвэрт тусгалаа олсон гэж үзэж байна.

Гол нотлох баримтыг авч үзэлгүй орхисон: Нэхэмжлэгчийн зүгээс Д.Ц, Д.Ц, Ү.Ү нар урьд нь 2015 онд шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлтэй яг ижил асуудлаараа 2023 онд шүүхэд одоогийн энэ нэхэмжлэлийг гаргасан. Шүүхээс урьд нь 2015 онд гаргасан нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхийн тулд анхан шатны шүүхээс бэлчээрийн даац, хүрэлцээний талаар Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээр 2018 онд хийлгэсэн шинжээчийн дүгнэлт нь 2023 онд гаргасан одоогийн энэ нэхэмжлэлтэй шууд хамааралтай дүгнэлт учир түүнийг нотлох баримт болгон, урьд нь захиргааны хэргийн шүүхээр 2022 онд эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн материалаас татан авч нотлох баримт болгоход гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ё.Э өмнөх хэргийн шинжээчийн дүгнэлт энэ хэрэгт хамааралгүй гэхэд шүүгч Д.Эрдэнэчимэг түүний саналыг дэмжиж уг нотлох баримтыг авч үзээгүй. Шинжээчийн энэ дүгнэлт бол одоогийн хэргийг шийдвэрлэхэд шууд хамааралтай чухал нотлох баримт байлаа. Учир нь 2015 онд нэхэмжлэлийг Д.Ц, Д.Ц, Ү.Ү нарын хүмүүс гаргасан, тэд бидний малын бэлчээр дээр БОАЖЯам ажилтнуудаа газар олгосноос малаа бэлчээх газаргүй болж, эрх, хууль ёсны ашиг хохирч байна гэж нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн захиргааны хяналтын танхимын шүүх 2022 онд тэдний гомдлыг хянан үзээд Д.Ц, Д.Ц, Ү.Ү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, БОНХ-ийн сайдын 2014 оны А/230, А/*** дугаар тогтоолуудыг хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн. Тэгвэл 2023 онд мөн л нэхэмжлэгч Д.Ц, Д.Ц, Ү.Ү нар дээрхтэй ажил асуудлаар нэхэмжлэл гаргасан. Тэд бидний амьдарч байгаа малын бэлчээр дээр БОАЖ-ын сайд 2022 онд А/*** дугаар тушаал гаргаж “Х" ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 2,0 га газар олгож, малын бэлчээрийг буцааж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохирооход хүргэж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгуулахаар 2015 онд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай ижил асуудлаар нэхэмжлэл гаргаад байгаа билээ 2018 онд шинжээчийн дүгнэлт гаргах үед “Өртөө өвөлжөө” гэдэг газарт одоогийн амьдарч байгаа 12 айл өрх хонин толгойд шилжүүлснээр 1523 толгой малтай байсан бол 2023 оны жилийн эцсийн малын тооллогоор уг 12 айл өрхийн мал хонин толгойд шилжүүлснээр 1588 толгой болж тоологдсон нь 2018 оныхоос бага зэрэг өссөн. Иймд мал аж ахуйн хүрээлэнгээс 2018 онд хийсэн шинжээчийн дүгнэлт энэ хэрэгт нотлох баримт болох бүрэн үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч Ү.Ү-г “Өртөө өвөлжөө”-ний амны зүүн салаанд амьдардаггүй гэж буруутгасан: Монгол мал хаана ч хүрч бэлчээрлэдэг болохыг Мал аж ахуйн хүрээлэнгээс 2018 онд хийсэн шинжээчийн дүгнэлт нотолж байгаа болно. Шинжээчийн уг дүгнэлтэд “Монгол мал өвс тэжээлээ өөрөө сонгон эдлэх чадалтай тул хэсэгхэн газарт бус тодорхой бүс нутагт хүрч бэлчээрлэдэг болохыг онцгойлон анхаарвал зохино” гэжээ. (Тайлбар: “Өртөө өвөлжөө” гэдэг газрын нийт талбай 714 га). Иймээс “Өртөө өвөлжөө” гэдэг амны баруун салаа нь хоорондоо зүүн салаагаас 700-800 метрийн зайтай, хамрын цаана наана байдаг. Иймд Ү.Ү-н малыг зүүн салаанд хүрч бэлчээрлэж чаддаггүй мэтээр ямар ч амьдралгүй хийсвэр дүгнэлт хийж, түүнийгээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон. Монгол мал өдөрт хэдэн ч км хол явж бэлчээрлэдэг.

Д.Ц-ыг “Өртөө өвөлжөө” гэдэг газарт амьдардаггүй гэж гүтгэсэн: Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бас нэг үндэслэл нь Д.Ц-ыг “Өртөө өвөлжөө” гэдэг газарт амьдардаггүй гэж гүтгэж байгаа явдал юм. Д.Ц-ын 2012 онд авсан гэрчилгээтэй газрыг БОАЖЯ-ны хэн нэгэн эрх мэдэлтэн булаан авч өөрийн болгож хашаа барьсан. Иймд Д.Цэрэндулам газраа бусдад булаалгаад арга ядаад Ө.Ганхуяг манай хашаанд гэр бариад амьдарч байгаа. Харин 2022 онд газрын гэрчилгээгээ сунгуулахаар өргөдөл өгөхдөө нэгэнт авсан газраа бусдад булаалгачихсан учир тэндээ өөр газрыг сонгож өргөдлөө гаргасан болно. Гэтэл шүүгч Д.Эрдэнэчимэг иргэн Д.Ц-ыг “Өртөө өвөлжөө” гэдэг газар амьдарсаар байхад амьдардаггүй гэж улайм цайм гүтгэж байгаа. Ер нь монгол хүн монгол орныхоо хаана ч газар эзэмших, ашиглах эрхтэй. Тэгэхдээ заавал эзэмших, ашиглахаар авсан газар дээрээ амьдрах ёстой гэсэн хууль хаана ч байхгүй. Эндээс үзэхэд Ү.Ү, Д.Цэрэндулам хоёрыг буруутгах гэсэн шалтаг хайж, зохиомлоор буруутгаж, түүнийгээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгож байгаа нь шүүгч Д.Эрдэнэчимэгийн хууль ёсыг санаатайгаар гажуудуулсан, үнэхээр шударга бус үйлдэл гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн зарим нотлох баримтыг үнэлж, дүгнэлгүй, шууд буруутгасан: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчид нотлох баримтаа шүүхэд гаргаж өгнө гэж заасны дагуу нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн зарим нотлох баримтыг буруутгасан. Тухайлбал 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хурал дээр мөн л гуравдагч этгээдийн хүсэлтээр Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газраар хийлгэсэн Д.Ц, Д.Ц, Ү.Үн амьдарч байгаа газрын байршлын гэрчилгээ дээр бичигдсэн кадастрын солбицол, газрын гэрчилгээгээ солиулахаар өгсөн кадастрын солбицол хоорондоо хоёр зөрүүтэй, нэхэмжлэгчдийн амьдарч байгаа газар нэг цэг дээр биш хаа хамаагүй хол цэгт буусан байсан тул түүний учрыг олох шаардлагатай байна гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хурлыг 7 хоногийн хугацаатайгаар хойшлуулсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс кадастрын зураг хийдэг эрх бүхий “Лэнд Луужин” ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн. (2-р хавтас, 221-223-р хуудас) Энэ компаниар хийлгэсэн зургаас үзэхэд шүүгч Д.Эрдэнэчимэгийн өөрийнх нь Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газарт гаргаж өгсөн дээрх 3 иргэний гэрчилгээ дээр бичигдсэн солбицол, газрын гэрчилгээгээ сунгуулахаар өгсөн кадастрын зургийн солбицол хоорондоо зөрүүтэй болохыг тогтоосон, улмаар тус компаниар хуучин ITRP-97 системээр хийлгэсэн зургийг шинэ UMWGS-84 гэдэг системээр хийлгэхэд хоёр зургийн солбицол нэг цэг дээр давхцаж байгаа болохыг тогтоосон байсан. Гэтэл нэхэмжлэгчийн “Лэнд Луужин” ХХК-аар хийлгэсэн энэ зургийг 2021 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн хурал дээр гуравдагч этгээдийн өмгөөлөгч эрс эсэргүүцэж, Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын зураг зөв, та нар таньдаг хүнээрээ өөртөө ашигтай зураг хийлгэлээ гэж бидэн лүү давшилхад нь шүүгч та нар надад хэлэлгүй яагаад дураараа ийм зураг хийлгэв гэж буруутгахад нь манай өмгөөлөгч Т.Цэрэндагва шүүгчээ бид хуульд заасны дагуу нотлох баримт шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлж, уг зургийг хийлгэсэн гэж тайлбарласан боловч хүлээж авалгүйгээр барахгүй, та нарын энэ зурагтай би дөнгөж одоо л энэ хурал дээр танилцаж байна, эрт өгч байхгүй яасан юм бэ гэж буруутгасан. Т.Цэрэндагва өмгөөлөгч энэ зургийг шүүхэд өнөөдөр өгөөгүй, 3 хоногийн өмнө 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгснийг тайлбарласан. Эндээс юу харагдаж байна гэвэл шүүгч Д.Эрдэнэчимэгийн хуралдаа урьдчилан бэлтгээгүй, хурлын материалтай бүрэн гүйцэд танилцалгүйгээр хурал хийлгэж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч юу л гэнэ, түүнийг хүлээн зөвшөөрдөг байдлаараа дээр дурдсанчлан энэ хэрэгт анхнаасаа өрөөсгөл, хариуцлагагүй хайнга хандаж ирсний бодит нотолгоо юм.

...Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0193 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Ц, Д.Ц, Ү.Ү нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/*** дүгээр “Газар ашиглах эрх олгох тухай” тушаалаар “...Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны саналын дагуу газар ашиглах хүсэлт гаргасан хавсралтад дурдсан 5 аж ахуй нэгж байгууллагад аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосугай” хэмээн шийдвэрлэжээ.

          3. Гуравдагч этгээд “Х” ХХК-д Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн БЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Өртөө өвөлжөө нэртэй 20060 м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар 02222323 дугаартай гэрчилгээ олгосон байна.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/*** дүгээр “Газар ашиглах эрх олгох тухай” тушаалаар “Х” ХХК-д Өртөө өвөлжөө газарт 2 га газар олгосон, Налайх дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт Засаг даргын зөвшөөрөлгүйгээр аялал жуулчлалын зориулалтаар газар олгосон нь хууль бус хэмээн маргажээ.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгч Д.Ц-д 2012 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хан Хэнтий тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт эрхийн 06 дугаартай гэрчилгээ, нэхэмжлэгч Д.Ц-д 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 00074 дугаартай гэрчилгээ, Ү.Үд 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус тус Өртөө өвөлжөө газарт газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд уг эрхийн гэрчилгээний хугацаа нь 2017 онд дуусгавар болжээ.

7. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Тусгай хамгаалалттай газар нутгийн Байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд оршдог “Өртөө өвөлжөө” газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь олон жил уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэн 18-52 жил амьдарч байна гэж тайлбарладаг.

8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ц нь Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 31 дүгээр байр, ** тоотод байнга оршин суух хаягтай, нэхэмжлэгч Д.Ц нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 87 дугаар байр, ** тоотод байнга оршин суух хаягтай, ...мөн шүүхийн хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Ү.Ү нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Өртөө өвөлжөө гэх газарт амьдардаг гэх боловч баруун талын уулын аманд байгаа нь тус тус тогтоогдсон байна.

9. Нэхэмжлэгч нар нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасан ба Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 403, 404, 405 дугаар албан бичгээр “...шүүхийн шийдвэрийг үндэслэн цаашид авах арга хэмжээ санал боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлнэ” гэжээ.

10. Шүүхийн маргаантай гэх Ө.Г нарын нэр бүхий 11 иргэдийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 434 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 401 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн.

11. Анхан шатны шүүх “...эцэслэн шийдвэрлээд 8 сар гаруй хугацаа, энэхүү хэргийг шийдвэрлэх өдрийг хүртэл 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч нараас газар ашиглах эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулах хүсэлтээ дахин гаргаагүй, өмнө Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 403, 404, 405 дугаар албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан, эсхүл шийдвэрлээгүй эс үйлдэхүйг зөвшөөрөөгүй бол дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхад гаргаагүй байх бөгөөд одоог хүртэл газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгаагүй байхад шүүх тэдгээрийн гэрчилгээг сунгагдана гэж үзэж, нэхэмжлэгч нарыг газар ашиглах эрхтэй гэж дүгнэх нь хууль зүйн боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

12. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Налайх дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Б/21 дүгээр тогтоолоор Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өртөө өвөлжөө гэх газрыг бэлчээр нутгаар тогтоон, уг газрын хилийн заагийг координатаар баталгаажуулан, нэхэмжлэгч Д.Ц, Д.Ц нарын газар гуравдагч этгээд “Х” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн газар нь 669 м.кв давхцалтай, үлдэх 19391 м.кв газар давхцалгүй байна.

13. Нэхэмжлэгч нар гэрээ, гэрчилгээ байхгүй Өртөө өвөлжөө гэх газарт амьдарч байгаа, нэхэмжлэгч нарын бэлчээрийн даац хэтэрсэн, хууль бус шийдвэрээс болж малынхаа бэлчээрийг тус компанид булаалгаж, эрхээ зөрчүүлж, хууль ёсны ашиг сонирхлоороо хохироход хүрсэн гэх тайлбар нь няцаагдаж байна.

14. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ”, 17 дугаар зүйлийн 2-т “уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх”, 17 дугаар зүйлийн 3-т “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих” гэж тус тус заасан.

15. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нар нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс болох Өртөө өвөлжөө нэртэй газарт газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээгүй буюу хуульд зааснаар уг газрыг ашиглах эрхгүй этгээдүүд байгаа тул тэдгээрийн шүүхээр хамгаалуулах хууль ёсны эрх, ашиг сонирхол байхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

16. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актуудын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА