Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 163

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор, 

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч Э.Анхбаатар /шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн Энхтайваны Анхбаатарт холбогдох эрүүгийн 201625031632 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сартуул овгийн Энхтайваны Анхбаатар, 1996 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын Политехникийн коллежид суралцдаг, ам бүл 3, аав, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 371  тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 70  дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 долоон сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар УХ96022330.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/;

Шүүгдэгч Э.Анхбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 19.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монос эмийн сангийн үүдээр БНХАУ-ын иргэн Ю.Алтантогорууг орох үед цүнхнээс нь бор өнгийн LV гэсэн бичигтэй түрийвч, дотор нь 5.100 юань буюу /1.625.013 төгрөг/, банкны виза карт зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад нийт 2.075.013 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Анхбаатар: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд хийсэн хэргээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хулгайлсан мөнгөө аавынхаа эмчилгээнд зарцуулсан..” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Хохирогч Ю.Алтантогоруу мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 19 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Монос” эмийн сан руу орж явах үедээ цүнхнээсээ бор өнгийн түрийвчээ хулгайд алдсан. Миний хулгайд алдсан түрийвчин дотор 5.100 юань, банкны 5-6 ширхэг виза карт, LV тэмдэгтэй бор өнгийн, хэрэглэж байсан болохоор хуучин түүнээс содон тэмдэг байхгүй түрийвч байгаа юм. Миний хулгайд алдсан түрийвч нь дотор 5.100 юань байсан. Би хулгайд алдсан банкны виза картаа үнэлэхгүй. Миний хулгайд алдсан түрийвчийг үнэлгээний комисс 450.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна. Надад Монгол Улсын мөнгөн дэвсгэртээр 2.075.013 төгрөгийн хохирол учирсан. Учирсан хохирол болох 2.075.013 төгрөгийг нэхэмжилж байна. Би өнөөдөр БНХАУ-руу буцаж байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгондорж энэ хэрэгт намайг төлөөлж оролцоно...” гэжээ /хх-15/.

Хохирогч Ю.Алтантогоруугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгондорж мэдүүлэхдээ: “...Ю.Алтантогоруу БНХАУ-ын Хөх хотод ажиллаж амьдарч байгаа. Монгол улсад байх визний хугацаа нь дуусаж, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 19:00 цагийн үед онгоцоор Хятад улс руу ниссэн. Ю.Алтантогоруугийн хулгайд алдсан түрийвч болон банкны 2 ширхэг картыг нь өгсөн. Бас хохирлын мөнгө гэж 450.000 төгрөгийг өгсөн байгаа. Одоо 1.175.013 төгрөгийн хохирол үлдсэн байгаа. Одоо үлдэгдэл 1.175.013 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ /хх-16/.

Гэрч У.Анужин мэдүүлэхдээ: “...Э.Анхбаатар нь манай найз залуу байгаа юм. Бид 2 хоорондоо сууна гэсэн бодолтой байгаа бөгөөд бид хоёр хамтдаа амьдарч байгаа. Би Э.Энхбаатартай 1 жил гаруй хугацаанд хамт амьдарч байна. Томоотой гэхдээ шартай, илүү дутуу зан байхгүй, хүнтэй учир зүйгээ амархан олдог, хүний арга эвийг олж чаддаг, хүнтэй хурдан дотносож чадна, архи дарс уудаггүй, хүнд тусархуу, өрөвчхөн сэтгэлтэй хүн байгаа. Би Э.Анхбаатарыг хулгайн гэмт хэрэг үйлддэг талаар мэддэггүй байсан. 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Э.Анхбаатарыг цагдаагийн байгууллагаас очиж батлан даалтанд авах үедээ мэдсэн…” гэжээ /хх-17/.

Гэрч А.Энх-Амгалан мэдүүлэхдээ: “...Би УБХЦГ-ийн Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн төлөөлөгч ажил хийдэг. Э.Анхбаатар нь манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг хүн байгаа юм. Өөрөөр танихгүй. 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 19:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Монос эмийн сангийн үүдэнд Гадаадын иргэн түрийвчтэй мөнгөө алдсаныг шалгахад манайд бүртгэлтэй халаасны хулгай үйлддэг Э.Анхбаатар нь явж байхаар нь уулзахад хулгай хийсэн талаараа өөрөө ярьсан юм…” гэжээ /хх-18/.

Мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30-32/, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-9/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Анхбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 19.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монос эмийн сангийн үүдээр БНХАУ-ын иргэн Ю.Алтантогорууг орох үед цүнхнээс нь бор өнгийн LV гэсэн бичигтэй түрийвч, дотор нь 5.100 юань буюу /1.625.013 төгрөг/, банкны виза карт зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад нийт 2.075.013 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ю.Алтантогоруу, хохирогчийн төлөөлөгч Л.Отгондорж, гэрч У.Анужин, А.Энх-Амгалан нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч Э.Анхбаатарын үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Анхбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчийн төлөөлөгч Л.Отгондорж нь “...Э.Анхбаатараас нийт 950.000 төгрөг авсан бөгөөд үлдэгдэл 675.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор авахаар “Итгэлцэлийн гэрээ” байгуулсан тул гомдол саналгүй...” гэжээ.

Иймд дээрх 675.000 төгрөгийг шүүгдэгчээс гаруулан хохирогчийн төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Анхбаатар нь 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 долоон сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан бөгөөд хуульд заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэхдээ түүнийг хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч гомдол, саналгүй гэснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурьдав.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овгийн Энхтайваны Анхбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Анхбаатарыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Анхбаатарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Анхбаатараас 675.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Л.Отгондорж /РД: ОР85032017/-д олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Анхбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХАЛИУН