Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    П.Цэрэндашийн  нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00456/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

                             Шүүгчид                          Л.Амарсанаа

                                                                     Г.Давааренчин

                     Оролцогчид

                                 Хариуцагчийн өмгөөлөгч  А.Мөнхбат

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан  2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 594 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор П.Цэрэндашийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Соёлын төвд холбогдох  “2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот Арга хэмжээ авах тухай тушаал, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр арга хэмжээ авч, ажлаас халах тухай тушаал гаргасан Соёлын төвийн эрхлэгч Ф.Болормаад арга хэмжээ авч ажлын хариуцлага тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай гомдолтой хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч П.Цэрэндаш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №11 тоот тушаалын дагуу соёлын төвийн дэргэдэх спорт цогцолборын арга зүйчээр мэргэжлийн дагуу ажилд орсон болно. Байгууллагын дотоод журамд заагдсан ажлын чиглэл тодорхой тусгагдаагүй боловч өгсөн үүрэг даалгаврын дагуу тус суманд зохиогдсон төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж, үндэсний бөхийн секцийг тогтмол чанартай явуулж ирсэн. Мөн залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх зорилгоор цогцолборын дэргэдэх фитнесс төв, спорт заалны засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийсэн. Энэ хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлж, сар болгон хийсэн ажлаа тайлагнан дүгнүүлж байсан. Тус сумын нутаг дэвсгэрт гарсан гал түймрийг унтраах ажиллагаанд 06 дугаар сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийг дуустал дайчлагдан ажилласан. Үүний дараа биеийн байдал муудаж сумын эмнэлэгт үзүүлж өвчний улмаас 06 дугаар сарын 15-ны өдрөөс 24-ний өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар хотод нарийн шинжилгээнд яваад ирсэн. Ирэхдээ акт болон тэр хугацааны листийг байгууллагаасаа авчирч өгсөн. Листийг өгөөгүй 6 дугаар сарын цалин буухад цалинг 10 хувиар хассан байсныг мэдсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, байгууллагын дотоод журмын 9.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. 8 дугаар сарын 11-ний өдөр уг тушаалыг хуулбарлан авахаар очиход гарын үсэг тамга тэмдэггүй, спорт цогцолборын даргын тушаалын бланк дээр Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч тушаал гаргасан байсныг утсаар баримтжуулж авсан. Ийм учраас энэ тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, сум байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын сурын комисст ажиллаж үүрэгт ажлаа биелүүлж байсан боловч цагийн бүртгэл дээрээ хөтлөгдөөгүй байсан. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 9 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг одоо хүртэл албан ёсоор мэдэгдээгүй байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 43.1, 43.2, 43.3 дахь хэсэгт заасан заалтыг тус тус зөрчсөн байна. Ажлаас чөлөөлөх тухай Ерөө сумын спорт цогцолборын даргын тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 7,8,9 дэх заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлаас халсан талаар Соёлын төвийн нягтлан Р.Даариймаагаас 8 дугаар сарын 11-ний өдөр эрхлэгч Ф.Болормаагаас тодруулахад 07 дугаар сарын 28-ны өдөр Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатар ажлаас хал гэж хэлсэний дагуу тушаал гаргасан гэсэн. Учир иймд үндэслэлгүй уг тушаалыг хүчингүйд тооцуулах тамга тэмдэггүй, арга хэмжээ авах тушаал, цагийн бүртгэлийн хангалтгүй хөтлөлт, үндэслэлгүй ажлаас халах тушаал гарган түүнийгээ албан ёсоор мэдэгдээгүй байгаа хариуцлагагүй эрхлэгч Ф.Болормаад арга хэмжээ авахуулж ажлын хариуцлага тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрдлэж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ф.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажлаас халсан тушаалын хувьд П.Цэрэндаш нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, хөдөлмөрийн хууль баримтлан ажлаас нь чөлөөлсөн. Иймд П.Цэрэндашийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Цэрэндаш нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 28-ны өдрүүдэд шалтгаангүй ажил тасалж хөдөлмөрийн сахилга зөрчсөн асуудалд зохих хариуцлага тооцсон учир хариуцагч болсон ба ажил тасалсныг зөвтгөх үндэслэл байхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалыг хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журмыг үндэслэж гаргасан.

Учир нь: П.Цэрэндаш маш олон хоног ажил тасалсан. Ажил тасалсан шалтгаанаа баяр наадмын комисст ажилласан гэж тайлбарласан. П.Цэрэндашийг наадмын комисст орж ажиллах тухай ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хамт олны хурал хийсэн. Энэ хурлын үеэр хамт олны зүгээс П.Цэрэндашийг байгууллагын ажилд ерөөсөө идэвхи санаачлага гаргахгүй байна гэж хэлж байсан. Мөн П.Цэрэндашийг олон хоног ажил тасалсан тул ажлаас чөлөөлөх тухай асуудал яригдахад бүх албан хаагч нар хүлээн зөвшөөрсөн.

 Би П.Цэрэндашийг дуудаад яагаад ийм үйлдэл гаргаад байгаа талаар асуухад эхэндээ шүүмжлэл хүлээж авч байсан бол дараагаас нь уурлаад хаалга саваад гардаг болсон. Нэхэмжлэгчийг хуулийн дагуу л ажлаас нь чөлөөлсөн тиймээс түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 594 дугаартай шийдвэрээр:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар П.Цэрэндашийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот Арга хэмжээ авах тухай тушаал, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр арга хэмжээ авч, ажлаас халах тухай тушаал гаргасан Соёлын төвийн эрхлэгч Ф.Болормаад арга хэмжээ авч ажлын хариуцлага тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадсангүй гэж үзлээ.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэсэн хийсвэр дүгнэлт хийсэн болно. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх асүудал орхигдож илтэд нэг талыг барьсан зөвхөн хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэн. нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтыг хэрхэн яаж үнэлж байгаа, үнэлэхгүй байгаа нөхцөл байдал нь юу болох талаар нэг ч дүгнэлт хийсэнгүй орхигдуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийг зөрчсөн гэж үзлээ. Нэхэмжлэгч П.Цэрэндаш нь 2015 оны 05 сарын 11-ний өдөр Соёлын төвийн дарга Ф.Болормаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч П.Цэрэндаш нь 2017 оны 06 сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Спорт цогцолборын даргын 06 тоот тушаалаар сахилгын цалин бууруулах арга хэмжээ авагдсан: Уг арга хэмжээг авсан хүн Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Г.Зулбадрах арга хэмжээ тооцсон.

Нэхэмжлэгч П. Цэрэндаш нь 2017 оны 07 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Спорт цогцолборын даргын 09 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн нотлох баримт хэргийн материалд авагдсан байгаа.

Арга хэмжээ тооцсон албан тушаалтан Г.Зулбадрах нь соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч гээд гарын үсэг зурж, тамга дарагдсан байгаа. Энэ гарын үсэг зурах тамга дарах асуудал ажлаас халсны дараа яригдаж гэрээс нь дуудаж тамга ,гарын үсэг зурсан гэдэг нь тогтоогдсон. Тухайн үед Зулбадрах нь Соёлын төвийн эрхлэгчийн ажлыг түр хавсран ажиллаж байгаа тухай Засаг даргын захирамж байдаг бөгөөд спорт цогцолборын даргын үүргийг хуулиар эдлэх эрхгүй хүн тушаал гаргаж П.Цэрэндашид хариуцлага тооцсон нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч П.Цэрэндаш нь 2017 оны 6 сарын 06-наас 13 өдөр ажил тасалсан түхай нэхэмжлэгч, хариуцагч талын аль аль нь энэ цаг хугацаагаар маргаагүй байхад өөрийн санаачилгаар ийм асуудлыг гаргаж ирж байгаа нь зохимжгүй юм. Харин хариуцагч тал тушаал дээрээ хэднээс хэд хоног ажил тасалсан талаар огт бичээгүй, энэ талаар тайлбар ч гаргадаггүй . Энэ хугацаанд П.Цэрэндаш сумын хэмжээнд зохиогдох аливаа ажил тэмдэглэлт үйл явдалд оролцож байсаныг гэрч гэрчилсэн. Тэгээд улсын наадам, сумын наадмыг зохион байгуулах ажлын хэсэгг арга зүйч П.Цэрэндаш болон соёлын төвийн эрхлэгч нарт сумын засаг даргын захирамж танилцуулан байгуулгуудад тараагдсан байхад үүнийг мэдээгүй хараагүй гэж ажил олгогч хэлж байгаа нь үндсэлэлгүй юм. Энэ захирамжаар сумын ажилд оролцож байгаа нь нотлогдсоор байхад дан ганц хариуцагчийн надад наадмын үйл ажиллагаанд оролцож байгаа талаараа мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгааг иш үндэс болгож ажил тасалсан нь үндэслэлтэй гэсэн өрөөсгөл дүгнэлт хийж нэхэжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь бодит байдалтай огт нийцэхгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд голмдолтой байгаа тул уг гомдлыг гаргаж байна. Шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх заалт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлаас чөлөөлөх болсон гол үндэслэл нь П.Цэрэндаш олон хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байдаг. Түүнээс биш удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж чөлөөлөөгүй. Ажил тасалсан талаараа нэхэмжлэгч анхан шатны шүүхэд няцаагаагүй, зөвхөн арга хэмжээ авагдсан тушаалаа л яриад байдаг. П.Цэрэндаш 6 сард 7 хоног, 7 сард 9 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байдаг. Энэ үндэслэлээр нь ажлаас чөлөөлсөн.

Иймд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Үндэслэх нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч П.Цэрэндаш нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Соёлын төвд холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот “Арга хэмжээ авах тухай” тушаал, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр арга хэмжээ авч, ажлаас халах тухай тушаал гаргасан Соёлын төвийн эрхлэгч Ф.Болормаад арга хэмжээ авч ажлын хариуцлага тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч  шүүх хэрэгт авагдсан нотолх баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн шаардлага тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хэргийг судлан үзвэл: Ажилтан П.Цэрэндаш нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Соёлын төвийн дэргэдэх Спорт цогцолборт арга зүйчээр ажиллаж байгаад Ерөө сумын Соёлын төвийн дэргэдэх Спорт цогцолборын даргын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгджээ.

Ажил олгогчоос П.Цэрэндашийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, шалтгаангүйгээр ажил таслаж, байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр түүнд  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар  үндсэн цалинг 10 хувиар бууруулах арга хэмжээг 2017 оны 06 сарын        19-ний өдрийн 05 дугаартай тушаалаар  сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Нэхэмжлэгч П.Цэрэндаш нь тус тушаалыг Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Г.Зулбадрах нь тушаал гаргах эрх бүхий этгээд биш, миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлж, сар болгон хийсэн ажлаа тайлагнан дүгнүүлж байсан, өвчний улмаас Улаанбаатар хотод нарийн шинжилгээнд явсан байхад ажил тасалсан гэдэг нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч  нэхэмжлэлтэйгээ холбоотой Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид үзүүлж тодорхой эмчилгээ хийлгэсэн талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 89 дугаартай тушаалаар  Соёлын төвийн эрхлэгчийн ажлыг Г.Зулбадрахаар гүйцэтгүүлэхээр  томилсон байх тул түүнийг тушаал гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй тул сахилгын шийтгэлийг  эрх бүхий этгээд гаргасан байна гэж үзлээ.

  

Нэхэмжлэгч П.Цэрэндашийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Спорт цогцолборын даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийг тус тус баримтлан олон хоног ажил тасалсан гэсэн  үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Соёлын төвийн хөдөлмөрийн харилцааг зохицуулах дотоод журамын 9 дүгээр зүйлийн 11-т “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 өдрийн ажил тасалсан тохиолдолд ажлаас халах”  шийтгэл ногдуулах, Ажил олгогчийн П.Цэрэндаштай байгуулсан хөдөлмөрийн гэрээний  2 дугаар бүлгийн 9 дүгээр хэсгийн З-д” хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг дараалан 2 ба түүнээс дээш хоног тасалсан” нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохоор тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч П.Цэрэндаш нь 2017 оны 07 сард үндэсний байр наадам, сургуулийн ойн баярын арга хэмжээний бэлтгэл ажилд оролцож,  энэ өдрүүдэд сурын талбайд комиссоор ажиллаж байсан тул ажил таслаагүй гэж маргажээ.

 

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл: Сэлэнгэ аймгийн Ерөө сум Ардын хувьсгалын ойн баяр наадмыг  2017 оны 07 сарын 10-11 өдрүүдэд, Ерөө сумын  Сургуулийн 90 жилийн ойн баярыг  2017 оны 07 сарын 16-18-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдсан бөгөөд энэхүү баярын үйл ажиллагаанд зохион байгуулах комиссд П.Цэрэндаш нь  оролцож байсан нь тогтоогдож байна.

 

Гэвч П.Цэрэнпаш нь 2017 оны 07 сарын 18-аас хойш 7 хоног  ажилласан эсэх нь тодорхойгүй, ажил олгогчийн цагийн бүртгэлд ажилд ирсэн эсэх талаар ямар нэгэн тэмдэглэл хийгдээгүй бөгөөд энэ талаар цаг бүртгэгч нь ажилдаа ирээгүй тул бүртгээгүй гэсэн мэдүүлгийг  шүүхэд өгсөн, 2017 оны 07 сарын 18-ны өрдөөс хойш нэхэмжлэгч нь цагаа яагаад бүртгүүлээгүй болон хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгааны улмаас ажилдаа ирээгүй талаар  шүүхэд  нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Иймд ажил олгогчийн ажилтан шалтгаангүйгээр олон хоног ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцласан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй,  анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Сэлэнгэ аймаг  дахь  Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 594 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдол гаргахдаа  тэмдэгтийн хураамж 19.550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

   3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                  Л.АМАРСАНАА

                                                                         Г.ДАВААРЕНЧИН