Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 25

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                  М.Сайнзаяа

Шүүгдэгч                                                   М.Ч

Шүүгдэгчийн өмгөөлөгч                     Э.Алтан-Уяа

Нарийн бичгийн дарга                          Ж.Ариунжаргал нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 173 дугаар захирамжтай М.Ч.д холбогдох 19150017101052 дугаартай эрүүгийн хэргийг прокурор М.Сайнзаяагийн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Булган аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, М.Ч.

 

Шүүгдэгч М.Ч нь 2018 оны 05 дугаар сараас эхлэн 4 удаагийн үйлдлээр Булган аймгийн Булган сумын нутагт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох ахмад настан, аав Ц.М.тэй харгис хэрцгий харьцаж агсам тавьж, хэл амаар доромжилж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 06 дугаар сарын 04-ний өдрийн 173 дугаар захирамжаар:

  Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ч.д холбогдох хэргийг Прокурорын газарт буцааж,

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч М.Ч.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж,

Эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Сайнзаяа эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж байна. Үндэслэл нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмаар зохицуулагдаж байгаа бөгөөд прокуророос хэргийг хянаад шүүгдэгч М.Ч нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсны дараа дахин мэдүүлэг авахад гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэхэд эргэлзээ төрж тухайлбал “өөрийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлөө аавын харилцаа хандлагаас болдог, энэ байдал нь ээжид хүртэл хэцүү байдаг” талаар мэдүүлэг өгсөн нь хэргийг хянах явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэхэд эргэлзээ төрсөн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийг үндэслэн ердийн журмаар шийдвэрлэх тогтоолыг гаргасан. Гэтэл прокуророос хэрэг хянах явцад яллагдагч М.Ч нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол үйлдэж яллах дүгнэлт үйлдэн ялын талаарх саналаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гаргаж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Мөн хохирогч Ц.М нь таньд гомдол, санал нэхэмжлэх зүйл байна уу? гэсэн асуултанд хариулахдаа “гомдоод байх юу байх вэ? болдог бол хүүг маань нийгэмшүүлж архинаас нь салгаад хүнтэй харьцах харьцаанд нь өөрчлөлт оруулаад өгөөсэй л гэж хүсэх юм. Түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй” талаар мэдүүлсэн нь хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар нэхэмжпэл гаргаагүйг гэдгийг илэрхийлэхийн зэрэгцээ хэрэгт Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар нэхэмжпэл гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдсэн зэрэг нь хохирогч, шүүгдэгчтэй гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар маргаагүй, эвлэрсэн гэж үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал нь ойлгомжгүй. Учир нь хавтаст хэргийн 9 дүгээр талд 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн орчим гэж гомдол гаргасан байх ба шүүхийн "хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн орчим гэж цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлж байх тул гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэнийг тодруулах гэж буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Яллагдагч М.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах дэлгүүрт согтуу орж ирээд “та нар намайг цагдаа дуудаж өгч баривчлууллаа алнаа гэж ярьж, хашигараад орж ирээд над руу ухасхийхээр нь би лангууны жижиг хаалгыг хаачихсан чинь онгойлгож чадахгүй болохоор уурандаа лангууны жижиг шилийг хагалаад авахаар нь цагдаагийн байгууллагад хандаж мэдээлэл өгсөн болох нь хх-н 9 дүгээр талд авагдсан цагдаагийн байгууллагад зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл болон, С.Ч 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эрүүлжүүлсэн талаарх бүртгэлийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Харин хохирогч Ц.М, яллагдагч М.Ч нар нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг андуурч 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэж мэдүүлснийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зөвтгөх боломжтой төдийгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад хугацааг 3 хоногоор зөрүүтэй мэдүүлсэн нь хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй /хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн/ зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Гомдол мэдээлэл анх гаргасан Ц.Л.г уг гэмт хэрэгт мөн хохирогчоор тогтоож дэлгүүрийн лангууны хоёр шил хагалсаны хохирол төлбөрийг нэхэмжилэх эсэх, эд зүйлийн үнэлгээ гаргуулах эсэхийг нь тодруулах нь зүйтэй, мөн хохирогч нарын зүй бус харьцаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэхийг нь шалган тодруулах нь зүйтэй гэж буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж байна. Нөгөөтэйгүүр Ц.Л нь энэ хэрэгт хохирогчоор тогтоолгохгүй гэсэн тул дэлгүүрийн лангуу хагалсан асуудлаар гомдол санал, нэхэмжлэх зүйл байгаа эсэхийг тодруулахдаа гэрчээр мэдүүлэг авсан. Шүүгчийн захирамжид зааснаар Ц.Л.г хохирогчоор тогтоож, хагалсан лангууны шилний үнэлгээг зохих байгууллагаар үнэлүүлж, хохирлоо нэхэмжлэх эсэхийг тодруулах нь нэгэнт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Мөн хохирогч нарын зуй бус харьцаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэхийг нь шалган тодруулах нь зуйтэй гэжээ. Хохирогч Ц.М.н “...Хүү Ч архи уусан үедээ намайг бол ална, лалар, пизда гэх мэтээр элдэв үгээр харааж зүхэж орилж хашигарч амьдардаг” гэж, гэрч Ц.Л.н “согтчихоороо ааш авир нь өөрчилөгдөөд их догшин ширүүн зан авиртай болдог, манай нөхөртэй буюу аавтайгаа таарамжгүй болдог. Аав нь өөрөө тал харавчихсан хүн байдаг... гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд баривчилгаанд удаа дараа орж байсан. Өнгөрсөн оны 03 дугаар сард мөн л иймэрхүү асуудлаас болж энэ 2 маргалдаад аавдаа гар хүрсэн гээд эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаад шүүхээр орж торгуулийн ял авч байсан юм” гэх мэдүүлэг, гэрч Д.Н.н "... аавтайгаа жаахан таарамж муутай л байдаг билээ. Ээж нь л архи дарс уучихаараа аавтайгаа таарахгүй хэцүү юм л гэж ярьдаг юм... аав нь өвчтэй гэртээ хэвтэрт байдаг болохоор согтуу ирэхээр нь л хэцүү байдаг болоод л хэрүүл маргаан үүсдэг байх гэж бодож байна” гэх мэдүүлэг, гэрч Б.М.н “...М.Ч нь үүнээс өмнө нэлээд олон удаагийн дуудлагаар Шинэ хороонд байх гэрээс нь очиж авч ирж эрүүлжүүлж байсан. Аавдаа агсам тавьсан гэх дуудлагаар очдог байсан” гэх мэдүүлэг, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих гэсэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3 удаа баривчлах шийтгэл хүлээсэн талаар шийтгэвэрүүд, болон 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоол, /хх-н 39-45/, М.Ч.г 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр албадан эрүүлжүүлсэн бүртгэл зэргээр яллагдагч М.Ч.н гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлддэг болох нь тогтоогдож байх ба гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн үйлдэл, болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байтал шүүгч захирамжиндаа дурьдсан нь шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Иймд тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 173 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийг баримтлан Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь М.Ч.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр М.Ч.д холбогдох эрүүгийн 1915001710105 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Аймгийн прокурорын газарт буцаасныг эс зөвшөөрч прокурор М.Сайнзаяа эсэргүүцэл бичсэн байна.

 

Шүүгдэгч М.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хохирогч нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн,

 

 Мөн Ц.Л.с гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд “лангууныхаа шилийг янзлаад бүтэн болгосон, ямар нэг санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул хохирогчоор тогтоох шаардлагагүй байна.

 

Үүнийг шүүгдэгчийн эрх зүйн байдалд ашигтайгаар ойлгож, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 173 дугаар захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Прокурор М.Сайнзаяагийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ХҮРЭЛБААТАР

                                      ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ё.БЯМБАЦЭРЭН