Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 456

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Б.*******гийн нэхэмжлэлтэй С.*******д холбогдох “Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 385.242 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            ... 2018.06.10-ны өдрийн 11 цагийн үед Б.******* миний бие ажлаасаа буугаад гэр лүүгээ харихаар Сүхбаатар сумын 3-р багийн нутаг Шунхлай ШТС урд талын уулзвар дээр Тоуоtа harrier маркийн машинд мөргүүлэн зам тээврийн осолд өртсөн. Би Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар луу залгаж дуудлага өгсөн, замийн цагдаагийн бие бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн, тэгээд намайг болон мөргөсөн машин дотор байсан 2 хүүхдийг 103 ийн тусламжийн машин ирж аваад намайг мэс заслын тасагт шууд хэвтүүлсэн. Ингээд миний бие 12 хоног мэс заслын тасагт хэвтэж байгаад эмнэлгээс гараад Улаанбаатар хот руу нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зураг авхуулад ирсэн, Одоо тухайн хүүхдүүдийн асрам хамгаалагч болох хүмүүс миний хохирлыг барагдуулж өгөхгүй намайг хохироож байна. Иймд миний нэхэмжпэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

            Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: 

            ... Миний бие Б.*******гаас нэхэмжилсэн 385.242 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй, төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг нэхэмжилсэн мөнгийг 2018 оны 10 дугаар сарын 20-нд 128.414 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 20-нд 128.414 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-нд 128.414 төгрөгийг бүрэн төлж барагдуулна ... гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан “385.242 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 385.242 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

          Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11.270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 11.270 төгрөгний тал хувь болох 5.635 төгрөгийг хариуцагч С.*******гээс, үлдэх тал хувь болох 5.635 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.*******гийн нэхэмжлэлтэй С.*******д холбогдох “385.242 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11.270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 11.270 төгрөгний тал хувь болох 5.635 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 5.635 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Б.*******д тус тус олгосугай.

                   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

                                      

                                                 ШҮҮГЧ                         Б.МӨНХЗУЛ