Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/944

 

 

 

      2022          6           21                                         2022/ШЦТ/944

           

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Я.Амарзаяа,

шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын Хд холбогдох эрүүгийн 2206 00000 1911 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Х нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” зочид буудлын ** тоотод хохирогч Т.Нтэй "хараалын үг хэлсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар шар айргийн шилээр хохирогч Т.Нийн толгойн тус газар цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь дух, хүзүү, эрүүний шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи хамрын нурууны зулгаралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар   

 

Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **** зочид буудлын В** тоот өрөө байх... 2 ор байх ба баруун талын орон дээр байсан хагархай шилийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, хураан авав. Цагаан өнгийн даавуун дээр цус мэт улаан өнгийн зүйл байх ба ... гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас),

 

Хохирогч Т.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би босоод  захиалсан хоолоо идэж байгаад хараалын үг хэлсэн чинь Х өөр дээрээ тусгаж аваад миний аягатай хоолыг өшиглөхөөр нь би сууж байгаад босоод Хтай барьцалдаж аваад ... хоорондоо зодолдсон. Тэгээд салаад би орон дээрээ дээшээ хараад унтах гээд хэвтэж байсан чинь Х толгой руу пивоны шилээр цохисон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 6393 дугаар: “... ДҮГНЭЛТ 1. Т.Нийн биед дух, хүзүү, эрүүний шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи хамрын нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэх шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),

 

            Шүүгдэгч Э.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... би толины өмнө очоод уйлж байгаад толины хажууд хоосон пивоны шил байхаар нь Н орон дээр хэвтэж байхад нь толгой руу нь шилээр нэг удаа цохиход Нийн толгойноос их хэмжээний цус гарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэрийн 2, 3 дугаар хуудас),

Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас),

                                                                                 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

           

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), Э.Хгийн нэр дээрх ХААН банкны депозит дансны хуулга, хохирол төлсөн баримт гэх дансны хуулга (нийт 20 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

                       

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “... Шүүгдэгч Э.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Х нь “хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

             

            Үйл баримтын талаарх дүгнэлт

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           

2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” зочид буудлын ** тоотод шүүгдэгч Э.Х нь хохирогч Т.Нтэй "хараалын үг хэлсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар шар айргийн шилээр хохирогч Т.Нийн толгойн тус газар цохиж гэмтэл учруулсан байна.

 

Хохирогч Т.Нт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 6393 дугаар дүгнэлтээр “дух, хүзүү, эрүүний шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи хамрын нурууны зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Э.Х нь хохирогч Т.Нийн толгойн тус газарт шилээр цохих үйлдлээр эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

           

Хохирогч Т.Нт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 6393 дугаар дүгнэлтээр “дух, хүзүү, эрүүний шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи хамрын нурууны зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Х нь хохирогч Т.Нийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Э.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд архин согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бие биедээ хүндэтгэлгүй хандаж, маргалдсаны улмаас гэмт хэрэг үйлдэгджээ.

                                          

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

            Хохирогч Т.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар 784.399 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Э.Х нь хохирогч Т.Нт 1.950.000 төгрөгийг төлсөн болохыг дурдав.

                                      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

           

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг гаргасан.

                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1, 1.2 дахь хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч Э.Х нь оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Э.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Шүүгдэгч Э.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Х нь оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Т.Нт 1.950.000 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

                           

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ