Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 461

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б Мөнхзул би ******* банк ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ нэхэмжлэлтэй *******д холбогдох “Зээл, зээлийн хүүний төлбөр 8.345.368.75 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

                  ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч ******* банк ХХК нь /Сэлэнгэ салбар/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           ... Зээлдэгч *******, ******* нар нь 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдөр *******-20180705 тоот гэрээ байгуулан 10.385.870 төгрөгийн тэтгэврийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан зээлсэн юм.

           Гэтэл зээлдэгч ******* нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас нас барсан тул тэтгэврийн зээлийн гэрээний 2.3.1 дэхь хэсэгт зааснаар “Хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг бүрэн хүлээнэ” гэсэн заалтын дагуу, сар бүрийн зээлийн төлбөрийн санхүүжилт зогссон тул хариуцагч *******гээс үндсэн зээл 8.244.618.05 төгрөг, хүү 100.751 төгрөг нийт 8.345.369.05 төгрөгийг гаргуулж манай банкыг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

            Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: 

            ... Миний бие нь ******* банкны нэхэмжилсэн 8.345.369.05 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг нэхэмжилсэн 8.345.369.05 төгрөгийг графикийн дагуу 2018 оны 12 дугаар сараас эхлэн төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамж 74.238 төгрөгийг төлнө! гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

******* банк ХХК нь /Сэлэнгэ салбар/ хариуцагч *******д холбогдуулан “Зээл, зээлийн хүүний төлбөр 8.345.368.75 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

            Хариуцагч нарын энэхүү зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч *******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148.476 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 74.238 төгрөгийг хариуцагч *******гээс, үлдэх 74.238 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д /Сэлэнгэ салбар/ олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* банк ХХК-ийн /Сэлэнгэ салбар/  “Зээл, зээлийн хүүний төлбөр 8.345.368.75 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 148.476 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 74.238 төгрөгийг, үлдэх 74.238 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д /Сэлэнгэ салбар/ олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

      

 

 

    ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ