Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/970

 

 

    2022          6           23                                         2022/ШЦТ/970

           

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Б.Цэцэгмаа,

шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Д-ын Ут холбогдох эрүүгийн 2206 00000 1727 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.У нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** үйлчилгээний төв дээр үйл ажиллагаа явуулах “****” караокед 2005 оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн 16 нас ** сар ** хоногтой Б овогт Б-ийн Н-ыг “бусадтай зодолдлоо” гэх шалтгааны улмаас зодож биед нь духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би ******-гийн салбарт худалдааны зөвлөхийн ажил хийж байгаа. Би одоо эхнэр, бага насны хоёр хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар   

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Б овогтой Н нь 2005 оны 11 сарын 02-ны өдөр төрсөн одоогоор сургуульд сурдаггүй ямар нэгэн тодорхой эрхэлсэн ажилгүй. Харин 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажил олж хийхээр гэрээсээ гараад автобусны буудал руу явж байхад манай найз У-тай тааралдаад уулзаад юм ярьж байгаад хамт шар айраг уухаар болоод Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо ****** байрлах караокед байрлах караокед ороод нийлэн хэдэн шар айраг уусан. Харин би хэдэн шилийг ууснаа санахгүй байна. Харин уг караокенаас гарахдаа би үл таних хөгшин ахтай маргалдаад, хоорондоо зодолдох гэж байхад манай найз гэх У нь миний урдуур ороод маргааныг болиулсан юм. Тэгсэн чинь миний уур хүрээд У-тай маргалдаад хэл амаа олохгүй байсан. Тухайн үед би болон У их хэмжээний согтолтой байсан. Уг маргааны дундуур хогийн саванд байсан пивоны шил аваад хагалаад надтай маргалдсан гэх ах руу дайрсан чинь У урдуур ороод намайг тэр ахаас салгаад У тэр танихгүй ахыг явуулсан. Тэгээд би Утай маргалдаад үлдэхэд У нь миний зүүн чих хэсэгт гараараа 2 удаа цохисон. Харин тэнд явж байсан 10 жилийн хүүхдүүд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 6039 дугаар: “... ДҮГНЭЛТ Б.Нын биед духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би тухайн өдөр өөрийн найз болон Б.Н-тай хамт Баянзүрх дүүргийн туннель дээр байрлах караоке ороод хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хоорондоо маргалдаж Нын нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон. Өөр зүйл байхгүй. Өмнөх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлыг нэг бүрчлэн мэдүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудас),

Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

           

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 30-55 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                       

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

             

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

                       

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Д.У нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** үйлчилгээний төв дээр үйл ажиллагаа явуулах “****” караокед 2005 оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн 16 нас 05 сар 18 хоногтой Б овогт Б-ийн Ныг “бусадтай зодолдлоо” гэх шалтгааны улмаас зодож биед нь духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

             

            Үйл баримтын талаарх дүгнэлт

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           

2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** үйлчилгээний төв дээр үйл ажиллагаа явуулах “****” караокед шүүгдэгч Д.У нь насанд хүрээгүй хохирогч Б.Ныг “бусадтай зодолдлоо” гэх шалтгааны улмаас зодож гэмтэл учруулсан байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Над Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээч 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6039 дугаар дүгнэлтээр “духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Д.У нь насан хүрээгүй хохирогч Б.Ныг зодож эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

           

Насанд хүрээгүй хохирогч Б.Над Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээч 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6039 дугаар дүгнэлтээр “духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.У нь насанд хүрээгүй хохирогч Б.Нын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч, хохирогч нар нь нэг нэгэндээ хүндэтгэлгүй хүлээцгүй хандсаны улмаас хоорондоо маргалдан улмаас гэмт хэрэг үйлдэгджээ.

           

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

            мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

            Насанд хүрээгүй хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Д.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

           

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

 

Шүүгдэгч Д.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэв.

 

Шүүгдэгч Д.У нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 834 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,  өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэсэн байх ба 1 жил 2 сар 13 хоногийн үлдэгдэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 834 дүгээр шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 13 хоногийн зорчих эрх хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 13 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоов.

 

Шүүгдэгч Д.Ут оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Баянгол дүүргээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Д-ын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Шүүгдэгч Д.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 834 дүгээр шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 13 хоногийн зорчих эрх хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 13 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Ут оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Баянгол дүүргээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ