Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1030

 

 

 

      2022        7           01                                          2022/ШЦТ/1030

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Б.Эрдэнэбаяр,

хохирогч Б.Н,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Дт холбогдох 2206 00000 1040 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, ** дугаар байрны гадна талд өөрийн төрсөн ах Б.Нгийн нүүрэн тус газарт алгадах, гараараа толгой руу нь цохих, цээж рүү нь өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас биед нь гавлын ясны цөмөрсөн хугарал, баруун зулай чамархайн хатуу хальсан доорх, дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн духны хэсгийн няцрал, голын бүрдэл зүүн тийш шилжилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 03 сарын 18-нд ахын найз Т “Master shoes” компанитай гэрээгээр ажилладаг ба тэр өдөр гэртээ байж байсан чинь намайг дуудаад хоёулаа ганц нэг пиво ууя гэхээр нь хамт Сансарт байдаг Single бааранд ороод 200-300 грамм цагаан архи аваад уугаад сууж байсан. Тэгээд ахын найз Тийн утас нь дуугараад Нэргүй гэх найз нь яриад одоо очлоо танай ахыг чинь дагуулаад очлоо гэсэн. Тэгээд Т ах хоёр найз эмэгтэй дуудсан. Тавуулаа өнөөдөр жоохон сууя гэсэн. Тэгээд удалгүй цагийн дараа ах, тэр хоёр эмэгтэй, ахын найз ирээд тавуулаа суугаад Аураг гэдэг 0.5 литрийн архи уусан. Тэгээд тэндээ цаг гаруй бүжиглэсэн. Тэгээд дахиад 0.5 литрийн архи аваад уучхаад дараагийнхан нь талд хүргэчхээд байж байсан чинь намайг 00 ороод нүүр гараа угаахын хооронд тэр гурав хаяад явчихсан байсан. Ах бас нэлээн муудсан тасрах шахуу би бас муудсан байсан. Тэгээд Т ах бид хоёрыг гаргаж өгөөд 23-р байрны урд хүргэж өгөөд эндээс харьчих гээд явсан. Тэгээд ахыг дийлэхгүй хөл рүү хоёр гурав нудраад, бас чихийг нь үрээд сэрээх гэж оролдсон болохгүй болохоор гэрээс хүн дуудъя гээд гэртээ харьсан чинь ээж байсан. Тэгээд удалгүй 10-15 минутын дараа эргээд нөгөө газраа очсон чинь ах байхгүй байсан. Тэгээд би куртик байхаар нь аваад ахыг хайгаад олдохгүй байхаар гэртээ ороод амарсан. Тэгээд өглөө манай нагац эгчийн дүү Гэмтлээс залгаад танай том хүү чинь хүнд зодуулсан байна. Одоо яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна гэсэн.Тэгээд би гэртээ үлдээд байж байхад 2022 оны 03 сарын 20-нд байцаагч залгаад цагдаагийн хэлтэс дээр ир гэхээр нь би очоод мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгсөн. Үнэхээр гэм буруугаа ойлгож байна. Надаас болоод ах минь гэмтсэн. 2007-2008 онд сантехник гагнуурчнаар төгсөөд 2008-2013 онд ТЭЦ-4 засвар угсралтын “Мэйз” гэх компанид гагнуурчнаар ажиллаж байсан. Одоо 2013 оноос өдийг хүртэл хуваариа нам даралтын зуух болон байрны цете гадар болон дотор сангийн гагнуурын ажил хийдэг.” гэв.

 

Хохирогч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Сая бараг бүгдийн ярьчихлаа. Би тэр газарт очихдоо нэлээн согтуу очсон. Би ямар ч байсан унасан гэдгээ мэдээд байгаа юм. Би тухайн үед бодохдоо байрны хажуу талын грашин дээрээс унасан юм болов уу гээд байцаалтаа өгсөн. Одоогийн байдлаар биеийн байдал хэвийн байна. Эмчилгээ дууссан. Ажилдаа орчихсон байна. Хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол, санал байхгүй. Ийм байдалд хүрэхэд миний буруу бас байгаа.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... би оройн 22-23 цагийн орчимд байх би найз Т рүү ярьсан чинь Баян цээлийн энд хүрээд ир гэж хэлсэн. Урьд нь бид хоёр 2006 онд Зиг Заг дизайн гээд компанид хамт ажиллаж байсан. Тэгээд намайг дуудаад Баян цээлийн хажууд хүрээд ир гэхээр нь би таксигаар Баян цээлийн хажууд ирээд таксины жолоочийн утсаар Т лүү залгасан би өөрөө утасгүй утсаа алдчихсан байсан. Тэгээд гарч ирээд тооцоогоо хийгээд тэр доошоо ордог баар луу л дагаж орсон. Нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд орсон чинь манай найз Т манай төрсөн дүү Дтэй хамт байсан. Т очих газар байхгүй гээд манай ээжийн гэрт цуг амьдарч байсан. Би бааранд очихдоо нэлээн согтолттой очсон. Ямар ч байсан гарч 2 удаа тамхи татсан. Тэгээд бүжиглэж байх шиг байсан. Тэгээд л ер нь сайн мэдэхгүй байна. Байрны голын граж дээрээс доошоо унаж байх шиг санагдаж байна. Тэгээд л байхгүй. Нэг сэрсэн чинь Гэмтэл дээр сэрсэн. Хагалгаад орчихсон 5-6 хоногийн дараа сэрсэн. Тэнд би ганцаараа явж байсан граж нь болохоор налуу, дээшээсээ байсан. Би зааж чадна. Гэмтэлд сэрсэн. Голд нь бол юу ч болсон санахгүй байна. ...би нэг цэнхэр куртиктэй байсан гэдгээ санаж байна. Бөгсөө дарсан өвдөгний дээгүүр. Дотуураа одоо өмсөж яваа энэ саарал цамцтай байсан." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

 

Гэрч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 сарын 19-ний өдрийн 11 цагийн үед манай дүү охин Түмэндаваа залгаад “эгч хүү чинь гэмтлийн эмнэлэг дээр байна, хүнд цохиулаад дуудлагаар ирсэн гэхээр нь ГССҮТ ирэхэд эмчтэй уулзаад маш хүнд байнга таталт өгөөд байна. Яаралтай хагалгаанд орууллаа гээд хагалгаанд өчигдөр орой орсон. Одоо сэхээнд байгаа. ...Н нь эмнэлэгт ирэхдээ нилээн их архи хэрэглэсэн хүнд зодуулж тархиндаа гэмтэл авсан байна гэж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 9 дүгээр хуудас),

 

Гэрч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр миний зөөгч хийдэг “Сингл” нэртэй шөнийн клубт 23 цагийн үед эхлээд 2 залуу орж ирээд 0.5 литрийн савлагаатай Аураг нэртэй архи, 1 литрийн ундаа авсан. Тэгээд байж байтал 1 цагийн дараа буюу 00 цагийн үед хоёр эмэгтэй нэг залуутай орж ирээд тухайн 2 залуу дээр очсон. Би зааланд бохир бөглөрөөд завгүй байж байгаад нэг анзаартал сүүлд орж ирсэн 2 эмэгтэй болон өмнө нь орж ирсэн 1 залуу нь гараад явсан байсан. ...Хоёр залуу үлдсэний нэг нь тасраад сууж байсан ширээн дээрээ унасан байсан. Нөгөө залуу нь талбай дээ бүжиглээд байнга гарч ороод байсан. Хүмүүс их орж ирээд байхаар нь тэр хоёр дээр очоод ширээгээ сулла гэхэд нэг залуу нь тасарсан байсан хүнээ сэрээгээд авч явах гэтэл дийлэхгүй байхаар нь би туслаад цуг гаргаж өгсөн. Гадаа гарсан чинь нөгөө согтсон залуу юм түшиж байгаад газар унасан. Газар унасан чинь нөгөө залуу нь 2 удаа хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд би буцаад клуб рүүгээ яваад орсон. Унасан газар нь манай шөнийн клубийн ордог шатны эсрэг талд байгаа. Тэгээд 1 цагийн дараа нөгөө тасраад унасан хүнийг түшиж явж байсан залуу орж ирсэн байсан. Нэг харсан чинь байхгүй болсон байсан. ...согтсон байсан хүн нь цэнхэр өнгийн сорочкон цамц өмссөн, гадуур хувцсыг нь нөгөө хүн нь барьсан байсан. Нөгөө хүн нь бор хүрэн өнгийн савхи шиг зүйл гадуураа өмссөн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

 

Гэрч О.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Хамгийн сүүлд бааранд Д, Н хоёр үлдсэн. Намайг явснаас хойш юу болсон гэдгийг мэдэхгүй. Нгийн биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Согтуу унтаж л байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

 

Гэрч М.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 02 цагийн орчимд саарал өнгийн юүдэнтэй цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, 170 орчим см өндөртэй, 30 орчим насны эрэгтэй залуу энд ** дугаар байрны урд талд автомашины зам дээр согтуу хүн зодуулсан байдалтай ам нь цус болсон байдалтай байна гэж дуудсан бөгөөд яваад очтол ** дугаар байрны аркаар ороод хамгийн эхний орцны харалдаа, автомашины зам дээр цагаан өнгийн Аванте загварын тээврийн хэрэгслийн доор дээгүүрээ саарал өнгийн ноосон цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цэнхэр пүүзтэй, 30 гарын насны эрэгтэй хүн цааш харсан байдалтай, согтуу биеэ авч явах чадваргүй, хүний яриа ойлгохгүй, идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй, ам хамраас нь цус гарсан байдалтай, хувцас нь шороо тоос болсон ухаангүй газарт цааш хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би болсон явдлыг баримтжуул энгэрийн камерын бичлэг хийсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн утсанд холбогдож мэдэгдэн, түргэн тусламжийн 103 дуудсан. 103-ийг ойролцоогоор 30 орчим минутын хүлээхэд ирээгүй тул Сүлд 62 буюу цагдаагийн ахлах дэслэгч Баяраад хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4789 дугаар: “... ДҮГНЭЛТ 1. Б.Нгийн биед гавлын ясны цөмөрсөн хугарал, баруун зулай чамархайн хатуу хальсан доорх, дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн духны хэсгийн няцрал, голын бүрдэл зүүн тийш шилжилт, тархины мэс засал хийлгэсний дараах байдал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно. 4. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас),

 

Дүрс бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийсэн: “Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Баянцээлийн гудамжны хяналтын камерын бичлэгт ... баарнаас гараад явж байгаа гэсэн нэртэй хавтсыг нээж үзэхэд ... Singles нэртэй баарны орох хаалганы урд талаас шаргал өнгийн бомбер куртиктэй, цэнхэн жинсэн өмдтэй эрэгтэй хүн дээгүүрээ цагаан саарал өнгийн ноосон цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй цэнхэр өнгийн пүүзтэй гуйвсан эрэгтэй хүнийг баруун гараараа зүүн гараас нь сугадаж бариад ертөнцийн зүгээр урд зүгт Баянцээлийн гудамжаар явган хүний зам дээгүүр алхаж явж байгаа нь харагдаж байна. ... ** дугаар байр луу орж гарч байгаа гэсэн нэртэй фолдерийг нээж үзэхэд ... өмнөх бичлэг дээр гарсан хоёр сугдалцсан эрэгтэй хүн явган хүний замаар алхаж өөдөөс ирж байх ба Баянцээлийн аркаар бичлэгийн цагаар 12 секундэд Сансарын Баянцээлийн аркаар ертөнцийн зүгээр зүүн тийш эргээд хоёулаа сугадалцан чигээрээ орж байгаа нь харагдаж байна. ... дараагийн бичлэгийг тоглуулахад эхний бичлэг дээр гарч байсан хоёр сугадалцсан эрэгтэй хүний хүрэн шаргал өнгийн бомбер куртиктай эрэгтэй хүн ганцаараа Сансарын аркаас гараад ертөнцийн зүгээр урд зүгт ганцаараа хоёр тийш дайвалзан алхаж байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 26-36 дугаар хуудас),

 

Шинжээч эмч Д.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б.Нгийн биед учирсан дээрх гэмтлүүдээс гавлын ясны цөмөрсөн хугарал, баруун зулайн чамархайн хатуу хальсан дээрх доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн няцрал, голын бүрдэл зүүн тийш шилжилт гэмтлүүд нь бүрдлээрээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 цаг жаахан өнгөрч байхад ах бид хоёр баарнаас гарсан. Бас уух юм нь ч дуусч байсан. Дөнгөж баарнаас гарч байхад би Н ахын зүүн хөл рүү өөрийн хөлөөрөө нударсан. Ах бас жаахан уучихсан ирсэн. Тэгээд бид хоёр баарнаас гараад Баян цээлийн тэр хавьд аркны тэр хавьд би ахыг дийлэхгүй газарт уначихсан. Салхинд цохиулсан юм уу хөл нь бүр гуйвчаад байсан. Тэгэнгүүт нь би өвдөг сөхөрч унангуутаа хоёр гурав зөөлхөн алгадсан. Хоёр чихийг нь үрээд сэрэх гэж оролдсон. Тэгээд хүн дуудъя гэхээр тэнд баяр болж байсан. Баахан согтуу хүмүүс байсан. ...ахыг Баян цээлийн аркаар дөнгөж гараад машины замын хажууд явган хүний замын бродюр дээр үлдээсэн. ...би гэртээ 15-20 минут болсон бөгөөд манай ээж надад миний хүү тайвшир, ахыгаа одоо ямар нэгэн байдлаар аваад хүрээд ир гээд тэгээд би гэрээсээ гараад ахыг үлдээсэн газартаа очоод, буцаад нөгөө баарандаа очсон чинь ах байхгүй байсан. ...намайг буцаж ирэхэд ах байхгүй байсан. Би тэр хавиар хайж байгаад 3:20 гэж гэр лүүгээ ороод өө ах байхгүй байна гээд гэртээ амарсан. Би ахыг босоод явчихсан юм байх гэж бодсон... ер нь бол ярих чадвар, хэл ам нь ээдрээд байсан, 60 хувьтай, өөрөө биеэ дийлэхгүй босч явж чадахааргүй нилээн согтолттой байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дугаар хуудас),

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1, 2 дугаар хуудас),

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

            Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хохирогч Б.Нгээс хандаж гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 100 дугаар хуудас),

            Хохирогч Б.Нд хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 132 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 77 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 70-93 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), Б.Дийн нэр дээрх ХААН банкин дахь депозит дансны хуулга, МСҮТ-ийн захирлын “Мэргэжлийн үнэмлэх олгох тухай” тушаал, хавсралт, гэрэл зураг, иргэний үнэмлэхийн лавлагаа, “Плумбэр сервис” ХХК-ийн “Гэрээт ажилтнаар ажиллуулах тухай”, “Тодорхойлолт” (нийт 29 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

           

Улсын яллагч “...Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгчөөс нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2022 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Б.Д нь Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, ** дугаар байрны гадна талд өөрийн төрсөн ах Б.Нгийн нүүрэн тус газарт алгадах, гараараа толгой руу нь цохих, цээж рүү нь өшиглөх зэргээр гэмтэл учруулсан байна.

 

Хохирогч Б.Нд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4789 дугаар дүгнэлтээр “гавлын ясны цөмөрсөн хугарал, баруун зулай чамархайн хатуу хальсан доорх, дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн няцрал, голын бүрдэл зүүн тийш, тархины мэс засал хийлгэсний дараах байдал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Б.Нд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4789 дугаар дүгнэлтээр “гавлын ясны цөмөрсөн хугарал, баруун зулай чамархайн хатуу хальсан доорх, дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн няцрал, голын бүрдэл зүүн тийш, тархины мэс засал хийлгэсний дараах байдал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус заасан.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Н нь “би өөрийн төрсөн дүү Бямбаа овогтой Б.Дд гомдол, саналгүй...” гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан байх тул шүүгдэгч Б.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Д гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.300 нэгж буюу 10.300.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна. Уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Учир шүүгдэгч маань ажил хийдэг орлого олдог учраас тэр ял тохирно гэж үзсэн.” гэх саналыг гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

           

Шүүгдэгч Б.Дийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу өөрийн төрсөн ахын эсрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж хэрэг гарлаа гэх байр суурь, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгч Б.Дт 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Дийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн цагдан хоригдсон 93 хоногийн нэг хоногийг торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас 1.395.000 төгрөгийг хасаж, ялын хэмжээг 8.605.000 төгрөгөөр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи, эд мөрийн баримтаар тогтоогдоогүй 2 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргав.

 

Шүүгдэгч Б.Д нь 93 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

             

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Б-ын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дт 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн цагдан хоригдсон 93 хоногийн нэг хоногийг торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас 1.395.000 төгрөгийг хасаж, ялын хэмжээг 8.605.000 төгрөгөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи, эд мөрийн баримтаар тогтоогдоогүй 2 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

7. Шүүгдэгч Б.Д нь 93 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болох хүртэл Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

                                                          ШҮҮГЧ                    М.ТҮМЭННАСТ