Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Ч.Отгонбаатар

         Хохирогч Д.Алтанхүү

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

          Шүүгдэгч Д.Батбаатар нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батбаатарт холбогдох эрүүгийн 2222000000132 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 08 сарын 20-ны өдөр төрсөн, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 6-14 тоотод оршин суух, Халх овогтой Дамбадаржаагийн Батбаатар //

 

          Шүүгдэгч Д.Батбаатар нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Өндөр ээж зоогийн газрын урд иргэн Б.Алтанхүүг нүүрэн тус газар нь нэг удаа цохиж зүүн дээд 1-р шүдний булгарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          - Шүүгдэгч Д.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өндөр ээжийн зоогийн газарт би ажилладаг. Би мах шулдаг ба гараад иртэл дарга ирсэн.   машинд нь шороо ачиж байсан бөгөөд шороог нь асгах гэж машин жолоодож байтал  намайг “чадахгүй бол болихгүй юу, хөгшин дух минь” гэхээр нь би уурандаа цохисон. Тэгээд өдөр цайндаа яваад иртэл цагдаа ирсэн байсан. Тэгээд би ахыгаа уучлаарай гэж хэлсэн, надад 100.000 төгрөг өгчих гэхээр нь би өгсөн” гэв.

          - Хохирогч Д.Алтанхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би Өндөр ээж дээр ажил хийж байсан юм.  бид хэд хашаанаас шороо ачиж, дэлгүүрийн довжоо цутгах гэж байхад босс нь машинаа унаж ирсэн. Тэгээд Тулгатай шороо ачиж байтал энэ ах ирсэн. Тэгээд машинд нь суугаад хөдөлтөл архи үнэртээд байсан. Тэгээд машин унаад буулгах газраас хол очиж зогсоод байсан. Тэгэхээр нь “хол очоод болохгүй байна, та буу, би уная, түрүүнд дарга чинь зүгээр тулгаж зогсож болоод байсан” гэж хэлсэн. Тэгээд би ус уугаад зогсож байсан чинь машинаасаа бууж байгаа харагдсан. Тэгтэл ирээд нүүр рүү цохисон. Тэгээд яаж байгаа юм гээд барилцаад автал  болиулсан. Тэгээд өөрөө босс руугаа “ намайг загнаж зодоод байна” гэж ярьтал дарга нь гарч ирээд аваад явсан. Тэгээд би цагдаа дуудна гэж хэлээд явсан. Цагдаа ирэхэд босс нь гарч ирээд цайндаа явсан, удахгүй ирнэ гэсэн. Шүүгдэгч 150.000 төгрөг өгье гэж хэлснээ 100.000 төгрөг авчирч өгсөн. Тэгээд орой нь өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлтэл мэргэжлийн эмчид үзүүл, хугарсан байж магадгүй байна гэхээр нь маргааш нь Өндөр ээж дээр очиж хэлсэн. Тэгсэн ээж билүү эгч өвдөөд байна хөдөө яваад ирье гэсэн. Эмчид үзүүлтэл наад шүдээ авхуул хугарсан байна гэж хэлэхээр нь шүүх эмнэлэг дээр үзүүлж, шүдээ авхуулсан. Батбаатартай уулзаад “та 300.000 төгрөг өгчихвөл шүдээ хийлгүүлье” гэж хэлэхэд “цагдаадаа өгөхгүй” юу гэсэн. Тэгээд би цагдаад өргөдлөө бичиж өгсөн. Шүд хийлгэхэд 300.000 төгрөг орчим болно гэсэн. Бүрдүүлсэн баримт байхгүй. Надад 100.000 төгрөг өгсөн, одоо 200.000 төгрөг нэхэмжилж байна” гэв

     - Гэрч  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өндөр ээжийн цайны газарт барилгын ажил хийж байсан. Тэгээд хашаан дотроос хогтой шороо ачаад, гадаа шатны доор хийхээр болоход “Өндөр ээж” цайны газарт ажилдаг ажилтан, хөгшин ах портер маркийн машин бариад ухарч чадахгүй байсан. Тэгсэн Д.Алтанхүү “ойрхон ухраад зогсчихооч, чадахгүй бол боль, би ухаръя” гээд уурласан. Тэгээд нөгөө ах машинаа ухраагаад зогсоосноо машинаас буугаад, Д.Алтанхүүг машины урд талд байхад нь цохиод авах шиг харагдсан. Тэгсэн Д.Алтанхүү доош тонгойгоод шүд цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд нөгөө ах яваад өгсөн. Д.Алтанхүү нөгөө ахыг цохиж зодсон зүйл байхгүй. Алтанхүүгийн амнаас цус гарч байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/

     - Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 218 тоот “зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад 5 хувь нөлөөлнө. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 13-14/ 

          - Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 238 тоот “ биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 21-22/ 

     - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

     - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16-17/

     - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/

     - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

           Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:                                                                             Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Д.Алтанхүү нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Өндөр ээж зоогийн газрын урд бусдад зодуулж, бие махбодидоо гэмтэл авсан үйл баримт тогтоогдож байна.

            Дээрхи үйл явдлын улмаас хохирогч Д.Алтанхүүгийн эрүүл мэндэд “зүүн дээд 1-р шүдний булгарал” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 218 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

            Хохирогч Д.Алтанхүүгийн биед учирсан “зүүн дээд 1-р шүдний булгарал” гэмтлийг шүүгдэгч Д.Батбаатар  нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр цохих байдлаар учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч Ч.Баттулга нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Батбаатарын хохирогч Д.Алтанхүүг цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн дээд 1-р шүдний булгарал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн асуудал, оногдуулах ял шийтгэлийн талаар:

          Дээрхи баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Батбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь хохирогчид 100.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

          Иймд эрүүгийн харуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид   Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, уг ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь Өндөр ээж зоогийн газарт туслах ажилтнаар ажилладаг болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул үүний цалин орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.

          Хохирол төлбөр бусад асуудлын талаар:

          Хохирогч нь “хиймэл шүд хийлгэхэд 300.000 төгрөгийн зардал гарна гэсэн, 100.000 төгрөг авсан, одоо 200.000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлж байх боловч энэ талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул  эрүүгийн хэргийн  хамт хохирлын асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Д.Алтанхүүгийн нэхэмжлэлээс 200.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг заах нь зүйтэй.

           Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 100.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.3, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халх овгийн Дамбадаржаагийн Батбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Халх овгийн Дамбадаржаагийн Батбаатарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Д.Батбаатар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 100.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Алтанхүүгийн нэхэмжлэлээс 200.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг заасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ