Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0368

 

 

 

 

 

 

 

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.А

Хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын ахлах байцаагч Ц.А

Хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын ахлах байцаагч З.Г

Хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Т

Хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Т.М

Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Д

Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын салбарын хяналтын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А

Хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар

Гуравдагч этгээд Б.Т

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр бүхий улсын ахлах болон улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Барилга байгууламжийн тухай” 02-07-11/**** дугаар дүгнэлтийг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ түдгэлзүүлэх тухай” 08/**** дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0145 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.А

Хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын ахлах байцаагч Ц.А

Хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын ахлах байцаагч З.Г

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2022/0110/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.А нь нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар,  Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч нарт холбогдуулж “Нэр бүхий улсын ахлах болон улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Барилга байгууламжийн тухай” 02-07-11/**** дугаар дүгнэлтийг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ түдгэлзүүлэх тухай” 08/**** дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0145 дугаар шийдвэрээр: “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 10 дугаар зүйлийн 10.4, 10.9.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.6, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц давж заалдах гомдолдоо:

“...Маргаан бүхий акт болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02-07-911/1180 тоот дүгнэлтээр 2 үндэслэлээр заасан. Үүнд:Д.А-ын барилгад Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсээс хийсэн барилгын төлөв байдалд хийсэн хэмжилт судалгааны дүгнэлтэд давхар нэмэх боломжтой эсэх, анхны бүтээцтэй ижил материалаар эсвэл хөнгөн хийц бүтээцээр давхарлаж болох эсэх талаар дүгнэсэн дүгнэлт байхгүй, ачаалал хэдэн хувиар нэмэх боломжтой зэргийг дүгнэж тусгаагүй нь Барилгын тухай хуулийн 14.1.2-т заасныг зөрчсөн, Д.А-ын барилга, тухайн барилгын хажууд байрлах Б.Өсөхжаргалын барилгын хоорондын зай 3.32 м байгаа нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд заасан гал тусгаарлах хамгаалалтын зай 6м байх гэсэн хэсгийг болон тайлбар хэсгийн 3-т заасныг зөрчсөн, энэ нь Барилгын тухай хуулийн 11.1.2-т заасантай нийцэхгүй талаар тусгаж, тухайн зөрчлийг хэрхэн арилгах, арилгах боломжтой эсэх талаар дурдсан зүйл огт байдаггүй.

Эхний үндэслэлийн тухайд: Барилгын тухай хуулийн 12.1, 12.1.1, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т зааснаар барилгын зураг төсөл нь норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар зэрэгт үндэслэн боловсруулагдсан байх бөгөөд зураг төсөл зохиогч нь зураг төслийг хууль тогтоомж, норм нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавьж, баталгаажуулан хариуцлага хүлээх үүрэгтэй. Энэ ч үүднээс барилгын давхар нэмэх ажлын зураг төслийг хийж гүйцэтгэсэн “Г” ХХК нь Барилгын тухай хуулийн 14.1.2-т заасан шаардлагыг хангуулж, ийнхүү хангуулсантай холбоотой хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Тодруулбал, барилгад давхар нэмэх, анхны бүтээцтэй адил материалаар эсвэл хөнгөн хийцтэй материалаар давхар нэмэх боломжтой эсэх асуудлыг шийдвэрлэх эрх үүрэг нь Барилгын тухай хуулийн 38.1.3, 38.1.6-д зааснаар зураг төсөл зохиогчийн чиг үүрэгт хамаарна. “Г” ХХК нь 2020 онд Шифр ГХ-01/2020 дугаартай Д.А-ын сервис, үйлчилгээний барилгын өргөтгөлийн “Барилгын бүтээцийн тооцооны тайлан”-г гүйцэтгэж, Ерөнхий тайлбарт хэсэгт “барилгад 2 давхар нэмэх” талаар, 2.4, 3.1, 4.1, 4.2 дахь хэсэгт дээрх “шаардлагыг хангаж байгаа” талаар дурдсан бөгөөд Барилгын хөгжлийн төв 2020 оны 6 дугаар сарын 18-нд Барилгын нэгдсэн дүгнэлтийн хавсралтаар “...өргөтгөлийн барилгын угсралтын ажил гүйцэтгэх боломжтой” гэж дүгнэсэн. Гэтэл мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь зураг төсөл зохиогчийн чиг үүрэгт хамаарах асуудлыг төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамааруулан хэрэглэсэн буюу хуулийг буруу хэрэглэснээс үүдэн нэхэмжлэгч Д.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хүрсэн.

2 дахь үндэслэлийн тухайд: Галын аюулгүй байдлын талаар, Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Х 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан х/06 дугаар дүгнэлтдээ зураг төсөл төлөвлөхдөө БНбД 30-01-04-д заасан хэмжээг баримтлах үүрэгтэй бөгөөд барилгын ажлын зураг нь галын аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа талаар тодорхой дүгнэсэн. Нэгэнт Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6.1, 6.1.2-т зааснаар барилгын зураг төсөл галын аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд хяналт хийж шийдвэр гаргах буюу галын аюулгүйн норм дүрэмд хяналт шалгалт хийх эрх Онцгой байдлын ерөнхий газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчид олгогдсон учир Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч дээрх асуудлаар хяналт шалгалтыг давхардуулан хийх нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасантай нийцэхгүй. Энэ ч утгаараа хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн буюу өөрт олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй учир маргаан бүхий актын энэ хэсэг үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.А-ын барилгын зураг төсөл 2010 онд үйлдэгдсэн буюу 2010 онд Д.А-ын барилга баригдсан, зэргэлдээ орших Б.Ө-ын барилгын зураг төсөл 2011 онд үйлдэгдсэн буюу баригдсанаас үзэхэд сүүлд баригдсан барилгад нийцүүлэн өмнө баригдсан барилгыг буруутгах, сүүлд баригдсан барилгад нийцүүлэн өмнө баригдсан барилгыг өөрчлөх буюу зураг төслийг өөрчлөх шаардлагатай мэтээр дүгнэж буй нь буруу. Өөрөөр хэлбэл Д.А-ын ч тэр, Б.Ө-ын ч тэр аль аль барилга нь аль хэдийнээ баригдаад дууссан. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтэд дурдагдаад буй зөрчил үнэхээр үүссэн гэж үзвэл энэ зөрчил үүсээд хэдийнээ 12 жил болсон. БНбД-д заасан зөрчил байсаар л байна. Зөвхөн Д.А-ын барилгад 2 давхар нэмснээр энэ зөрчил шинээр үүсэж буй буюу үүсэх боломжтой болж буй зүйл биш. Нэхэмжлэгч Д.А нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол гаргасан. Гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалтыг явуулж, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн азрын нэр бүхий улсын байцаагч нар (Ц.А, З.Г)-ыг хууль юу тэдний гаргасан дүгнэлт хуульд нийцээгүй талаар танилцуулга үйлдэж, улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 13/855 дугаартай албан бичгээр “улсын ахлах байцаагчийн хүчингүй болгох”-ыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосон. Төрийн хяналтын шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлд энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж заасан.

Анхан шатны шүүх Төрийн хяналт шалгалтын тухай болон Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон, үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор аймаг, нийслэл дэх мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан гэж дүгнэсэн бөгөөд Төрийн хяналтын шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байхад Засгийн газрын тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нөгөөтэйгөөр нэхэмжлэгч Д.А Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.А, З.Г нарт холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02-07-911\1180 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, нэмэлт, өөрчлөлт орсон хуулийн үйлчлэх хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр. Үүнээс харахад хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөөс өмнө буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн танилцуулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэгч Д.А-д хүргүүлсэн 13/856 дугаартай хариу мэдэгдэх тухай албан бичгүүдээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.А, З.Г, Т.М, Б.Т, Д.Д, А.А нарын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02-07-911\1180 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосон. Тэгэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт дүгнэлт хүчингүй болгох талаар үүрэг өгснийг хэрэгжүүлээгүй, санаатай эс үйлдэхгүй гаргасан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанаас нэхэмжлэгч Д.А хохирохгүй ёсгүйг шүүх анхаарч үзнэ үү хэмээн хүсэж байна.

Төлөвлөгөөт бус шалгалт явуулахаар ажлыг хэсэг томилон багаар дүгнэлт гаргах байтал “...гарын үсэг л зурсан, би оролцоогүй...” гэх бусад улсын байцаагч нарын хариу тайлбар нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02-07-911\1180 дугаартай дүгнэлтийг гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэснийг зөрчсөн. Ихэсгэсэн шаардлагын тухайд шүүхийн хүчин төгөлдөр болоогүй магадлалыг хүчин төгөлдөр болсон гэж шүүх үзэж шийдвэртээ тусгасан бол хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзах байсан. Анхан шатны шүүх Д.А-ын хэргийг хянан хэлэлцэх үед шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128\ШШ2024\0145 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Д.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Барилгын тухай хуулийг үндэслэлтэй тайлбарлаж, нэхэмжлэгч Д.А-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нь “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн танилцуулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэгч Д.А-д хүргүүлсэн 13/856 дугаартай хариу мэдэгдэх тухай албан бичгүүдээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.А, З.Г, Т.М, Б.Т, Д.Д, А.А нарын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02-07-911\**** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосон байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт дүгнэлт хүчингүй болгох талаар үүрэг өгснийг хэрэгжүүлээгүй, санаатай эс үйлдэхгүй гаргасан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанаас нэхэмжлэгч Д.А хохирохгүй ёсгүй” хэмээн маргажээ.

3. Гуравдагч этгээд Б.Т нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14230/, Нарны зам гудамж, ** тоот хаягт байрлах 4 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах 70 м.кв агуулах, 4 дүгээр давхарт байрлах 300 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг Д.А-оос худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 0003935777 дугаарт бүртгэгдсэн байна.

4. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02-02/322 дугаар “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын удирдамжаар “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 89 дүгээр байр, Ворлд маркет /World market/ оффис үйлчилгээний төвийн барилга дээр давхар нэмж барих, авто, засвар үйлчилгээний барилгын өргөтгөлийн зөвшөөрлийг олгосон нь Барилгын тухай хуул болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх..”-д дүгнэлт гаргуулахаар хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

5. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 08/**** дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” албан бичгээр “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто засвар, үйлчилгээний зориулалттай барилгад давхар нэмэхээр барилгын ажил гүйцэтгэх буй талаар барилгын өмчлөгч иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа байдал, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх эсэх асуудлаар ... Барилгын ажлын зөвшөөрлийн 2021 оны 050/2021 дугаартай гэрчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс түдгэлзүүлсэн”-ийг мэдэгджээ.

6. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02-07-111/180 дугаар “Барилга байгууламжийн тухай” дүгнэлтээр “...Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, ... Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т “галын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн ашиглалтын явцад галын аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулаас хамгаалах, хор хөнөөлийг хязгаарлах нөхцөлийг зураг төсөлд тусгах”, ...Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд заасан гал тэсвэршилтийн I, II зэрэгтэй барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай 6 метр, тайлбар хэсгийн 3 дугаарт заасан /Гадна ханандаа цонхгүй барилгын гал тусгаарлах хамгаалалтын зайг гал тэсвэршилтийн III-IV зэрэгтэй барилгаас бусад барилгад 20 хувь хүртэл бууруулахыг зөвшөөрнө гэсэн заалт, “...дүгнэлтэд хэмжилтээр баганан суурийн бетоны марк шаардлага хангаж байгаа тухай дурдсан боловч давхар нэмж өргөтгөл хийхэд ачаалал авах боломжтой эсэх анхны бүтээцтэй адил материалаар эсвэл хөнгөн хийцтэй материалаар давхар нэмэх боломжтой эсэх талаар дүгнэлтэд тусгаагүй”, “...Барилгын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Барилгын ажлыг долоон сараас дээш хугацаагаар түр зогсоосон бол захиалагч барилга байгууламжийг хамгаалалтын горимд оруулж, энэ талаар барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох шийдвэрийг гаргуулна. Барилга байгууламжийг хамгаалалтын горимд оруулах шийдвэрт хамгаалалтын горимын хугацаа, нөхцөлийг тусгана” гэж заасны дагуу хамгаалалтын горимд оруулах, Хамгаалалтын горимыг Барилгын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу хэрэгжүүлэн ажиллах нь зүйтэй” хэмээн дүгнэлт гаргажээ.

7. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, 10 дугаар зүйлийн 10.4-т “Хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.9.1-т “Хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих”,

8. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “Барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх” гэж барилга байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөл, шинэчлэлт хийх үйл ажиллагааг”, 7 дугаар зүйлийн 7.1.1-т “Барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол”, 11 дүгээр зүйлийн 11.1.2-т “галын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн ашиглалтын явцад галын аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулаас хамгаалах, хор хөнөөлийг хязгаарлах нөхцөлийг зураг төсөлд тусгах”, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 34 дүгээр зүйлийн 34.1.1-т “барилгын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах”, 34 дүгээр зүйлийн 34.1.6-д “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг сурталчлах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргээс гадна дараах хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ”, 47.2.1-т “барилга байгууламжийг барих, тэдгээрийн шинэчлэл, их засварын ажлын чанарт” гэж тус тус заасан.

9. Анхан шатны шүүх “...хуульд заасны дагуу бүрэн эрхийн хүрээнд хариуцагч улсын ахлах байцаагч нарын хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагааг үгүйсгэж, Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Барилгын үйл ажиллагаанд хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлага болон иргэний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа талаар хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад санал, хүсэлт, гомдол гаргах эрх”-ээ хангуулсан гуравдагч этгээдийн эрхийг зөрчих байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй байна” гэж үндэслэлтэй дүгнэжээ.

10. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актуудын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                              Н.ХОНИНХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА