Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/130

 

        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Ч.Отгонбаатар

          Шүүгдэгч Э.Булганбат нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Булганбатад холбогдох 2222000000127 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар  сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 сарын 28-ны өдөр төрсөн, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дэнж 109 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигин овогт Эрдэнэбатын Булганбат //

 

          Шүүгдэгч Э.Булганбат нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар баг, Яшил гэх газар нутаглаж байгаа иргэн Д.Шүрэнцэцэгийн зөөврийн сууцны 18 см өндөр, 77 см урт давхар шилтэй вакум цонхыг хагалсан, жижиг малчин зурагт эвдсэн, аргелитан хана, таазыг 3 хэсэг газар цөмлөн эд зүйлүүдийг гэмтээж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Шүүгдэгч Э.Булганбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Тухайн өдөр 3 машинтай, арван хоёроос арван гурвуулаа уурхайд ажиллах гээд явсан. Гурвансайхан сумаас гараад 2 лааз пиво уусан. Замдаа манай машин төөрөөд айлаас зам асуух гэж очиход Шүрэнцэцэг гуай дүүтэйгээ пиво ууж байсан. Манай найз хоол унд хийлгэх гээд байхаар нь “ажил руугаа явъя, яараад байна, хэрэггүй” гээд уурлаад тэр ахтай муудсан. Тэр ах намайг цохихоор нь би толгой руу нь цохиж, өшиглөсөн. Би уурандаа контейнерынх нь цонхыг хагалсан. Хохирогчид учирсан хохирлыг төлнө” гэв.

          - Хохирогч Д.Шүрэнцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би нарийн харж чадаагүй. Гэхдээ Булганбат гэх залуу манай зөөврийн сууцны гадна талаас чулуу шидэж байхыг нь харсан юм. Тэр залуугийн шидсэн чулуу манай гэрийн эд зүйлийг устгаж гэмтээсэн. Би Гурвансайхан сумын үнэлгээний комиссын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээтэй танилцсан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Одоо болтол би сумын бариач эмчид тархи толгойгоо бариулж байгаа. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байсан. 1.200.000 төгрөгөн дээр нааш цааш явсан замын зардлаа нэмж гаргуулмаар байна. Гомдолтой байна. Бороо ороод гэртээ байхад хэцүү хүндрэлтэй байна. Манай ач хүү Азжаргалыг хонинд яваад ирэхэд нь тэр залуучууд “ээжийг чинь амьд үлдээсэнд баярлаарай” гэж хэлсэн байсан. Тухайн үед тэр залуучууд согтуу машинаа жолоодоод явж байсан. Үүн дээр нь хариуцлага тооцуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 17/

          -Гэрч Б.Баянмөнхийн  “Би өөрийн найз нар болох Булганбат, Энхтөр нарын хамтаар Чойроос 2022 оны 06 дугаар сарын 23-ны орой гараад Дундговь аймгийн Гурвансайхан суманд ирж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Гурвансайхан сумын төвөөс баруун урагшаа Өлзийт сумын Лаг гэх жоншны уурхайд очиж ажиллахаар явж байсан. Би найз нартайгаа хамт машинд явж байхдаа унтаж байсан. Тэгтэл гадаа хүмүүс хашгиралдах сонсогдоод Булганбат намайг ирж сэрээсэн. Тэр үед Булганбат миний толгойг хагалчихлаа гэж хэлсэн. Би Булганбатыг “машиндаа сууж бай” гээд нөгөө хэдэн хүмүүс дээр очтол тэр айлын ах гаднаа нум төмөр бариад зогсож байсан. Би тэр ах руу ойртоод очтол Булганбат тэр ах руу дайраад ирэхээр нь болиултал миний баруун дал хэсэгт нөгөө ах төмрөөрөө нэг удаа цохисон. Би Булганбатыг холдуулчихаад гэрт нь ортол Энхтөр, нөгөө ах хоёр сууж байсан. Тэгтэл Булганбат зөөврийн сууц руу чулуу шидэж цонхыг нь хагалсан. Тэгсэн гэрийн эзэн ах гэрээсээ хутга барьж гарч ирсэн. Тэгээд машиндаа суугаад явж байтал нэг түлхүүр гарч ирээд, түлхүүрийг нь буцааж аваачиж өгчихөөд эргээд явж байтал дугуй хагарсан. Тэгээд дугуйгаа янзалж байхад цагдаа нар ирсэн. Тухайн үед би унтаж байсан. Манай найз нар гал авах гэж айлд орсон гэж хэлсэн. Сумаас хөдлөөд явж байхад Булганбат, Энхтөр нар машины асаагуураас болоод маргалдаад байсан. Булганбат надад хэлэхдээ машины нум төмрөөр цохисон гэж хэлсэн. Намайг харахад тэр ах нум төмөр бариад зогсож байсан. Намайг машинаасаа бууж ирэхэд эмээ утсаар яриад уйлаад байсан. Миний ар нурууны баруун дал хэсэгт жоохон хөндүүрлэж байна. Зөөврийн сууцанд ороход гэрийн эд зүйл эвдэрсэн эсэхийг нь анзаараагүй. Айлын ахын нүүр цус болсон харагдсан. Би тэр айлын хүнд огт гар хүрээгүй, харин тэр ах намайг төмрөөр цохисон. Булганбат Гурвансайхан сумын эмнэлэгт үзүүлэхэд духны дээд хэсэгт хагарч 3 оёдол тавина гэсэн чинь Булганбат оёдол тавиулаагүй. Энхтөрийн баруун өвдөг дээр нь төмрөөр цохисон гэж байсан. Тэр нь одоо хөхрөөд хавдсан байдалтай болсон байсан. Бид нар тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Шүрэнцэцэгт хэн гар хүрсэн эсэхийг нь би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

          -Гэрч Д.Бэхбатын “2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр намайг өөрийн эгч болох Шүрэнцэцэгийн гэрт байж байхад үл таних 3 залуу ирсэн. Тэгсэн нэг өндөр шар царайтай залуу гэрт орж ирээд “мөнгөөр хоол хийгээд өгөөч, хол газарт явж байна” гэж хэлсэн. Тэгээд манай эгч Шүрэнцэцэг “6000-7000 орчимд хоол гарна” гэсэн. Тэдгээр залуучууд жоншин дээр очиж ажиллахаар явж байна гэж байсан. Тэгээд хоол хийж өгөх гээд байж байтал нөгөө гэрт орж ирсэн залуу “ахад 100 грамм татуулъя, надад 0.75 литрийн архи байгаа” гэж хэлсэн. Нөгөө залуу архиа авчрах гээд гэрээс гартал гадаа нэг залуу “мөнгөөр авдаг юм биш” гээд зөөврийн сууцны цонхыг хагалсан. Тэр залуу гэрт орж ирээд бурханы урд надтай нэлээд зууралдсан. Би тэр хоёр залуутай ноцолдож байхдаа баруун нүдний дээд хэсэгтээ цохиулж мөн цээжин тус газартаа хэд хэдэн удаа цохиулсан. Гэрийн гадна гартал манай эгч газарт унасан байсан. Тэгсэн нөгөө залуус дунд байсан нэг залуу “эмээ бос бос” гээд зогсож байсан. Гэрийн гадна байсан машиныг нөгөө залуус эвдэлнэ гээд байхаар нь эгч гуйгаад эвдлүүлээгүй. Тэгээд залуус явцгаасан. Булганбат гэх залуу миний баруун нүдэнд цохисон. Энхтөр нь намайг өшиглөсөн. Баруун нүдний дээд талд хавдаж шалбарсан, зүүн гуянд жижиг хөхөрсөн толбо тогтсон байдалтай байна. Зөөврийн сууцанд байхад хутга мэс болон ямар нэгэн зүйл гартаа барьсан хүн харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/

          -Гэрч Б.Энхтөрийн “Би 2 найзын хамтаар Говьсүмбэр аймгаас Дундговь аймгийн Өлзийт сумын Лаг гэх нэртэй жоншны уурхайд ажиллахаар 2022 оны 06 дугаар сарын 23-ны орой гараад Дундговь аймгийн Гурвансайхан суманд ирж хоноцгоосон. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Гурвансайхан сумаас урагшаа ажиллах гэж байсан уурхай дээрээ очих гээд явж байх замдаа замаас холгүйхэн айлын гадаа очсон. Тухайн айл нь 2 зөөврийн сууцтай байсан. Тэр үед 1 зөөврийн сууцанд нь ямар нэгэн хүн байгаагүй, харин нөгөө сууцанд нь бид нарыг орох үед эрэгтэй, эмэгтэй ахимаг насны 2 хүн байсан. Тэр үед би түрүүлж ороод гал асуусан бөгөөд тэгээд тэдгээр хүмүүстэй юм ярьж байгаад тэр айлын эгчгээр хоол хийлгэхээр тохиролцоод байж байтал манай найз Булганбат араас орж ирсэн. Тухайн айлын ахтай манай найз маргалдсан. Тэгээд тухайн зөөврийн сууцан дотор маргалдахад айлын ах машины нумны тасархай барьж аваад манай найз Булганбатын толгойн тус газарт нь цохисон. Тэрнээс болж маргаан эхэлсэн. Манай найз Булганбат тэр үед цохиулчихаад уурандаа нөгөө ахыг цохиж зодсон. Бид нарыг нэлээд удаж байхад гадаа машинд унтаж байсан Баянмөнхийг Булганбат сэрээгээд, Булганбат буцаж зөөврийн сууцанд гүйж орж ирээд гарахдаа зөөврийн сууцны цонхыг чулуу шидэж хагалсан. Тэр үед дотор байсан гэрийн эзэн ах машины нумны тасархай гартаа барьж гарч ирээд, миний баруун хөлийн өвдөгний дээд хэсэгт тэр нумаараа цохисон. Тэгээд нөгөө ах эргээд гэртээ ороод буцаж гарч ирэхдээ хутга бариад гарч ирсэн. Би тэр үед нь газарт байсан богино труба төмрийг аваад айлгаад тэр төмрөө эргүүлээд газарт хаясан. Тэгтэл нөгөө ах “би та нарыг буудна” гэх зэргээр хэлээд байхаар нь бид нар машиндаа суугаад гэрээс нь холдоод явж байтал өөрийн машины түлхүүртэй андуураад өөр машины түлхүүр авсан байхаар нь эргээд гэрийнх нь гадаа ирсэн чинь мотоцикльтой хүүхэд ирсэн байсан. Би тэр үед машинаас буухынхаа өмнө түлхүүрийг нь шидсэн чинь хаана унасан нь харагдаагүй байхаар нь машинаас буутал нөгөө хүүхэд миний баруун нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд түлхүүрийг нь өгчихөөд эргээд явж байтал машины дугуй хагараад бид нар тэндээ дугуйгаа солиод хөдлөх гэтэл цагдаа нар ирсэн. Өөр зүйл болоогүй юм. Би найз болох Баянмөнх, Булганбат нарын хамтаар 3 уулаа явж байсан. Бид нар замд явж байхдаа галгүй болсон байсан. Тэгээд гал асуух санаатай ороод ах эгч нартай юм ярьж сууж байхдаа хоол хийлгэх талаар тохиролцоод байж байсан юм. Тэгээд маргаан үүсэх болсон. Тухайн үед манай найз орж ирээд хоол хийх гэж байсан усыг нь гарахдаа асгасан. Тэгээд нөгөө айлын хүн уурласан. Мөн тухайн үед хэн хэн нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор маргалдах болсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

         

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 212 тоот “ биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 38-39/

-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 213 тоот “ биед баруун хөмсөг, цээжинд зулгаралт, цээж, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 46-47, 48/

-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 214 тоот “Б.Энхтөрийн биед баруун нүдний алимны салст, дээд зовхи, цээж, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 56-57/

-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 215 тоот “Д.Шүрэнцэцэгийн биед баруун зүүн бугалга, зүүн шуу, баруун өгзөг, баруун шилбэ, зүүн гуя, баруун шагайд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 64-66/

        -  Гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан  тэмдэглэл /хх-н 1/

          -  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 2-8/

          - Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, үнэлгээ /хх-ийн 71-73/

          - Хохирогчийн гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 94-97/

          - Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон бусад баримтуудыг шинжлэн судлав.

            Дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

          Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар баг, Яшил гэх газар нутаглах иргэн Д.Шүрэнцэцэгийн зөөврийн сууцны 18 см өндөр, 77 см урт давхар шилтэй вакум цонхыг хагалсан, зөөврийн сууцанд байсан жижиг малчин зурагтыг нь эвдсэн, аргелитан хана, таазыг 3 хэсэг газар цөмлөж эд зүйлүүдийг нь гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.

             Шүүгдэгч Э.Булганбат нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар баг, Яшил гэх газар нутаглаж байсан хохирогч Д.Шүрэнцэцэгийн өмчлөлийн зөөврийн сууцны 18 см өндөр, 77 см урт давхар шилтэй вакум цонхыг чулуугаар хагалсан, жижиг малчин зурагтыг эвдсэн, зөөврийн сууцны аргелитан хана, таазыг 3 хэсэг газар цөмлөн эд зүйлүүдийг нь гэмтээж,  1200000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч Б.Энхтөр, Д.Бэтбах, Б.Баянмөнх нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

          Шүүгдэгч Э.Булганбатын бусадтай маргалдан улмаас хохирогч Д.Шүрэнцэцэгийн зөөврийн сууцных нь цонхыг чулуугаар цохиж, хагалсан, маргааны явцад зөөврийн сууцанд байсан жижиг малчин нэртэй зурагтыг эвдэлсэн, зөөврийн сууцны дотор талын хана, таазыг 3 хэсэг газар цөмөлсөн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

 

          Гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Булганбатыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

          Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Говьсүмбэр аймгийн  Сүмбэр сумын 2-р баг, Чойр дэнж 109 тоотод оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Булганбатыг зорчих эрхийг хязгаарласан 2 сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн  Сүмбэр сумын төвөөс гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоолоо.

         

          Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар:

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Э.Булганбатын үйлдлийн улмаас хохирогч Д.Шүрэнцэцэгийн эд хөрөнгөнд 1.200.000 төгрөгийн хохирол учирсан  болох нь Гурвансайхан сумын үнэлгээний комиссын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр, Д.Шүрэнцэцэгийн бие махбодид гэмтлийн зэрэгт хамаарахгүй боловч цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсон болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 215 тоот дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч Д.Шүрэнцэцэг нь өөрийн эд хөрөнгөнд учирсан 1200.000 төгрөгийн, эмчилгээтэй холбогдон гарсан 158.950 буюу нийт 1.358.950 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "бусдын...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Э.Булганбатаас нийт 1.358.950 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Шүрэнцэцэгт олгохоор шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.3, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овгийн Эрдэнэбатын Булганбатыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Эрдэнэбатын Булганбатад 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Булганбатыг зорчих эрхийг хязгаарласан 2 сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын төвөөс гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Шүүгдэгч Э.Булганбат нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт хэрэгт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Булганбатаас 1.358.950 төгрөгийг гаргуулан хохирогч Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р багийн малчин Дамбажанцангийн Шүрэнцэцэгт олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Булганбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Г.МӨНХБАТ