| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2022/0084/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/87 |
| Огноо | 2022-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/87
2022 09 30 2022/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Л.С
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б.Т холбогдох холбогдох эрүүгийн 2220000000110 тоот хэргийг 2022 оны 09-р сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ..., мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, ...гэх газарт нутаглах, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, С овогт Б.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 08 сарын 22-ны өдрийн 14 цагийн үед ... гэх газарт хохирогч Ж.М адуу хөлөргөсөн гэх шалтгаанаар толгойн хэсэгт нь 4 удаа цохиж, зүүн тохойг нь чулуугаар онож биед нь тархи доргилт, зүүн тохойн хэсгийн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...бид хэд юм ярьж сууж байтал М явлаа гээд босоод явсан. Би тэр үед хадан дээр сууж байхдаа чулуу шидээд сууж байгаад М гар хэсэгт оночихсон. Тэгтэл М над руу ална гээд дайраад байсан. Тэгэхээр нь гарын мөр хэсэгт 1 удаа, зүүн талын шанаа хэсэгт 1 удаа цохьсон. Би эмчилгээний мөнгө гэж 2022 оны 08 сарын 31-ний өдөр 500,000 төгрөгийг 5094102064 гэх Ө гэх хүний данс руу шилжүүлсэн, дараа нь 320,000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын нэхэмжилсэн 1,445,000 төгрөгийг төлж барагдуулна. Мал мах борлуулж төлнө. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, миний буруу” гэжээ.
Насанд хүрээгүй хохирогч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т ахаа би одоо явлаа гэсэн чинь яах гээд байгаа юм, жаахан байж байгаад яв гэхээр нь би цаг орой боллоо хол газар явна гээд үгнээс нь зөрөөд доошоо бууж байтал араас чулуу шидсэн. Тэгээд гар янгинаж өвдөөд тэгээд би эргэж хараад та дандаа намайг ална гэх юм одоо алчих гээд хэлсэн чинь босч ирээд намайг нүүр нүдгүй зодоод байсан. Би хуулийн дагуу арга хэмжээг нь авхуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
Иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Ж.М эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Ж.М нь 2022 оны 08 сарын 23-ны өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,445,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Т гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/
Насанд хүрээгүй гэрч Э.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 сарын 22-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Үдээс хойш Мөнхдалай найзтайгаа хамт адуугаа туугаад явж байтал Т ганцаараа ирээд юу байна миний дүү, М чи яагаад надаас зугтаагаад байна гэж хэлээд нэг удаа толгойн гар хэсэг рүү алгадсан. ...М миний хойноос бууж ирж байхад Т М руу чулуу шидээд байсан. Чулуу шидэж байгаад М тохойн хэсэгт чулуугаар оночихсон. Тэгтэл М уурлаад намайг алвал ал гээд яваад очтол Ттолгой руу нь гараа атгаж байгаад дөрвөн удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Гэрч А.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т тоглож байгаад М гар луу чулуугаар оночихсон... Т 2 удаа толгойн хэсэгт цохих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 31/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
2022 оны 09-р сарын 06-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 04/198 дугаартай шинжээчийн
- Ж.М биед гэмтэл тогтоогдлоо.
- Ж.М биед тархи доргилт, зүүн тохойд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
-Дээрх гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба зүүн гарын тохойн цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/
Дүрс оношилгооны шилжилгээний хариу /хх-ийн 35/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36-39/
Шүүгдэгч Б.Т нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-65/
Хаан банкны 820,000 төгрөгийн орлогын баримт /хх-ийн 67,88/
Хохирогч Ж.М Эрүүл мэндийн байгууллагаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 70/
2022 оны 01 сарын 28-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 1 дугаартай “Жагсаал,төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” тогтоол, хавсралт /хх-ийн 71-76/
Хохирлын тооцоо /хх-ийн 77-78/
Хохирогч Ж.М Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “Б.Т 817,120 төгрөгийг авсан. Нэхэмжлэх зүйл, гомдолгүй” гэх тайлбар /хх-ийн 87/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 08 сарын 22-ны өдрийн 14 цагийн үед ... гэх газарт Ж.М адуу хөлөргөсөн гэх шалтгаанаар толгойн хэсэгт нь 4 удаа цохиж, зүүн тохойг нь чулуугаар цохиж биед нь тархи доргилт, зүүн тохойн хэсгийн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Шүүгдэгч Б.Т энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т ахаа би одоо явлаа гэсэн чинь яах гээд байгаа юм, жаахан байж байгаад яв гэхээр нь би цаг орой боллоо хол газар явна гээд үгнээс нь зөрөөд доошоо бууж байтал араас чулуу шидсэн. Тэгээд гар янгинаж өвдөөд тэгээд би эргэж хараад та дандаа намайг ална гэх юм одоо алчих гээд хэлсэн чинь босч ирээд намайг нүүр нүдгүй зодоод байсан. Би хуулийн дагуу арга хэмжээг нь авхуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/, иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Ж.М эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Ж.М нь 2022 оны 08 сарын 23-ны өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,445,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Т гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/, насанд хүрээгүй гэрч Э.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 сарын 22-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Үдээс хойш Мөнхдалай найзтайгаа хамт адуугаа туугаад явж байтал Т ганцаараа ирээд юу байна миний дүү, М чи яагаад надаас зугтаагаад байна гэж хэлээд нэг удаа толгойн гар хэсэг рүү алгадсан. ...М миний хойноос бууж ирж байхад Т М руу чулуу шидээд байсан. Чулуу шидэж байгаад М тохойн хэсэгт чулуугаар оночихсон. Тэгтэл М уурлаад намайг алвал ал гээд яваад очтол Т толгой руу нь гараа атгаж байгаад дөрвөн удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч А.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т тоглож байгаад М гар луу чулуугаар оночихсон... Т 2 удаа толгойн хэсэгт цохих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 31/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, 2022 оны 09-р сарын 06-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 04/198 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/, дүрс оношилгооны шилжилгээний хариу /хх-ийн 35/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36-39/, Хаан банкны 820,000 төгрөгийн орлогын баримт /хх-ийн 67,88/, хохирогч Ж.М Эрүүл мэндийн байгууллагаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 70/, 2022 оны 01 сарын 28-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 1 дугаартай “Жагсаал,төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” тогтоол, хавсралт /хх-ийн 71-76/, хохирлын тооцоо /хх-ийн 77-78/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Т нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Т нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирлын хувьд:
Насанд хүрээгүй хохирогч Ж.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт 817,1440 төгрөгийг нэхэмжилсэн ба, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Т насанд хүрээгүй хохирогч Ж.М төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн болно.
Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,445,000 төгрөгийг шүүгдэгч Б.Т гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,445,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор Э.Б “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Ж.М эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Ж.М нь 2022 оны 08 сарын 23-ны өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,445,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Т гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө” гэх мэдүүлэг, хохирогч Ж.М Эрүүл мэндийн байгууллагаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 70/, 2022 оны 01 сарын 28-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 1 дугаартай “Жагсаал,төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” тогтоол, хавсралт /хх-ийн 71-76/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Т нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,445,000 төгрөгийг төлж барагдуулахаар илэрхийлсэн болно.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч Б.Т ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан торгуулийн ялыг сайн дураар төлөх хугацаанд төлөх боломжтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Т хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 1,445,000 /нэг сая дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд оруулсугай.
5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц