Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1154

 

 

 

 

       2022             09             20                                                     

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,

хохирогч: У.С,

шүүгдэгч: А.Б, түүний өмгөөлөгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, А.Б-нд холбогдох эрүүгийн 0000000000000 тоот хэргийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

И Д овогт А-ийн Б /РД:000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын ***-ний өдөр ******* аймгийн *******суманд төрсөн,**** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хархорин захад хамгаалагчийн ажилтай, ам бүл 3, ээж дүүгийн хамт Баянхонгор аймгийн Баянлиг сумын 0 дугаар баг, Баян-Аарагт оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Монос задгай тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, 

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Б нь ***** оны **** дугаар сарын****-ны өдөр ******* дүүргийн 0 дугаар хороо, ***** орчим хохирогч У.С-г бусадтай хардаж толгой, нуруу хэсэг рүү хөлөөрөө өшиглөн зодож, түүний биед “баруун талын 9, 10, зүүн талын 3, 4, 7, 8, 9-р хавирга зөрөөтэй хугарал, баруун зулайн хуйх, дээд уруулын салстад няцарсан шарх, доод үүдэн баруун 1 дүгээр шүдний хөдөлгөөн, зүүн дээд, доод зовхи, гуя, өвдөг, зүүн гуянд цус хуралт” бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Нуурын орчим хохирогч У.С-г бусадтай хардаж толгой, нуруу хэсэг рүү хөлөөрөө өшиглөн зодож, түүний биед “баруун талын 9, 10, зүүн талын 3, 4, 7, 8, 9-р хавирга зөрөөтэй хугарал, баруун зулайн хуйх, дээд уруулын салстад няцарсан шарх, доод үүдэн баруун 1 дүгээр шүдний хөдөлгөөн, зүүн дээд, доод зовхи, гуя, өвдөг, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

-Хохирогч У.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...16 цаг өнгөрч байхад Н болон нөхөр Б-гийн хамт гэрийнх нь ойролцоо байх нуурын хажууд салхилаад сууж байтал манай найз залуу Б гэнэт хүрээд ирсэн. Ойрд би найз залуутайгаа маргалдчихсан уулзахгүй байсан юм. Тэгтэл манай найз залуу ирээд надад хандан чи надтай уулзахгүй гадуур, дотуур явж шоудаж байх шив гээд намайг шууд зодож эхэлсэн. Чулуу бариад миний хөл, гар цээж рүү цохисон, нүүр лүү өшиглөсөн. Миний уруул сэтрээд хөхөрсөн учир зүггүй зодоод байсан...нүүр хэсэг рүү 8, 9 удаа цохисон, өшиглөсөн, цээж рүү 8, 9 удаа өшиглөсөн, уруул сэтэрсэн. Миний нүд хөхөрсөн, толгой хагарсан байх цус гараад, энэ тэндээ бондойчихсон... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ц-нгийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай:

“...1. У.С-ийн биед баруун талын 9, 10, зүүн талын 3, 4. 7 8 9-р хавирга зөрөөтэй хугарал, баруун зулайн хуйх, дээд уруулын салстад няцарсан шарх, доод үүдэн баруун 1-р шүдний хөдөлгөөн, зүүн дээд, доод зовхи, гуя, өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэн байна.

3. Шинэ гэмтлүүд байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 2022.06.29-ний өдөр үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-р хуудас/,

-Шинжээч эмч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хохирогч С-д учирсан олон хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад хэсгийн шарх нь тусдаа зулгаралт болон цус хуралтууд нийт хэмжээгээрээ, шүдний хөдөлгөөн тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун 1 дүгээр шүдний хөдөлгөөн нь эмчлүүлсэн тохиолдолд эдгэрэх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

-Шүүгдэгч А.Б-ны яллагдагчаар өгсөн: “миний найз охин болох У.С надтай холбоо бариагүй 4 хоносон юм. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 269-ний өдөр 11 цагийн үед У.С-гийн найз охин болох Баянжаргал надруу залгаад найз охин чинь нэг танихгүй залуутай, манай эхнэр бид хоёртой хуучин 22-ын товчооны баруун талд байдаг нууран дээр байна, хүрээд ирээч гэж хэлсэн. Би тэр өдрийн 13 цагийн үед заасан гэрт нь очиход миний найз охин У.С, У.С-гийн найз Нандинцэцэг, Нандинцэцэгийн нөхөр Баянжаргал мөн нэг танихгүй залуу нар архи, пиво ууцгааж байсан. Тэгээд 14 цагийн үед би цуг архи пивоноос нь ууж сууж байгаад тэнд байсан танихгүй залуутай У.С-г хардаж маргалдсан, зодоон цохион бололгүй тэр залуу яваад өгсөн. Үүний дараа тэр залуу У.С тэр залууг дагаад явах гээд байхаар нь би У.С-тай маргалдаж, түлхэж унагаад цээж хэсэг рүү нь хэд хэд өшиглөсөн, өөр яаж цохисноо согтуу байсан болохоор санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн шөнө болчихсон Баянжаргалынд хэвтэж байсан, намайг сэрэхэд У.С байхгүй байсан...” гэж /хавтаст хэргийн 35-36-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.  

Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39-р хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 42-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 43-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хавтаст хэргийн 44-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 45-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 46-53-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ц-гийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000дугаартай дүгнэлтээр хохирогч У.С-гийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах буюу хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч А.Б нь хохирогч У.С-гийн эрүүл мэндэд халдаж зодсон нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Б-ныг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч У.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Б-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Б-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Миний бие А.Б-ны хууль ёсны эрх, ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгчийн зүгээс А.Б гэм буруу дээр маргаагүй. Энэ нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар өмнө ял шийтгэлгүй нь харагдаж байна. Энэ хүн ажил төрлийн хувьд хөдөөнөөс ирээд ажилд орсон. Алдаж эндэх зүйл бий. Шүүгдэгчид торгуулийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Торгуулийн ялыг төлөх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч А.Б-ныг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байнагэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч А.Б-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн 6.6 дугаар зүйлийн 1.1 “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал /олон удаа цохиж, өшиглөж хохирогчийн биед 7 хавирга хугарсан/ тогтоогдож байна.       

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-нд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч И Д овогт А-гийн Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-нд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар А.Б-нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА